| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0285/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/288 |
| Огноо | 2019-11-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ч.Мөнхзул |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 01 өдөр
Дугаар 2019/ШЦТ/288
2019 11 01 2019/ШЦТ/288
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Ч.Мөнхзул
Шүүгдэгч Б.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржгон овогт Б.Г-д холбогдох эрүүгийн 1921…………. дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, эрэгтэй, 31 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, “...............” ХХК-д ..............ажилтай, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дугаар баг ...........тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагнал, ял шийтгэл үгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл гэх, Боржгон овогт Б.Г /РД:ЖЭ................/
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” баарны гадна Э.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж биед нь “хамрын хянга ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөгний дотор төгсгөл орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи,баруун хацар, зүүн нүдний зовхи, зүүн хөмсөгний дотор төгсгөл, хамрын нурууны цус хуралт, баруун болон зүүн нүдний салстын цус харвалт, баруун, зүүн шуу, баруун зүүн тохой, баруун зүүн өвдөгний зулгаралт...” гэмтэл буюу эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” баарны гадна Э.Э хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Дорнод аймгийн прокурорын газрын хяналтын Прокурор Ч.Мөнхзулаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, эрүүгийн 1921................. дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Б.Г............нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” баарны гадна ...тамхи татахаар болж найз Х хамтаар гарч үүдэнд тамхины цэг дээр тамхи татаад зогсож байхад Э.Э нэлээд согтуу гартаа шар айраг барьчихсан ирээд “Чи намайг таних уу” гэж асухад нь би өөдөөс нь “танихгүй” гэж хэлэхэд “би яагаан байрных, яагаад танихгүй байгаа юм, мөн Хасааг таних уу гэх зэргээр хэрүүл маргаан үүсгээд байхаар нь би уурлаад Э.Э дагуулаад “Ханан булаг” баарны баруун талд гаргаад нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиход Э.Э нүүрээ бариад газарт хэвтсэн бөгөөд миний хувьд ахин ямар нэгэн байдлаар гар хүрсэн зүйл байхгүй тэндээсээ шууд “Ханан булаг” баарлуу буцаад орсон. ...иргэн Э.Э эмчилгээний зардал гэж 2.500.000 төгрөг өгсөн. ...Э.Э биед гэмтэл учруулсан өөрийн гэм буруугаа сайн ойлгож байна. ... үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 26-27 дугаар хуудас/,
Хохирогч Э.Э мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...би ганцаараа 22 цагийн орчимд байх Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” бааранд ороход миний гэр бүлийн найзууд болох Х эхнэр Б хамтаар өөр хэдэн хүмүүстэй хамт явж байсан юм. ...би ганцаараа гараад гадаа тамхи татаад зогсож байхад манай 10 жилийн доод төгсөлтийн Б.Г нь мөн гадаа тамхи татаад зогсож байсан юм. Энэ үед би Б.Г хандан “чи намайг танихгүй байна уу, манай хорооны бацаан мөн биздээ? Х, Х нарыг мэднэ биздээ гэж хэлээд хоорондоо хальт маргалдсан бөгөөд энэ үед Б.Г намайг дагуулаад “Ханан булаг” баарны баруун талаар дагуулж гараад харанхуй газарт аваачин шууд миний нүүрэн тус газарт гараараа цохиод газарт унагаасан юм. Харин миний хувьд газарт манараад хэвтэж байхад дээрээс мөн цохиж, өшиглөөд “чи муу бараан дотор том байсан биз дээ” гээд газарт хэвтэж байсан миний хөл гарнаас чирээд байсан юм. ...Б.Г надад тодорхой хэмжээгээр эмчилгээний зардал өгсөн. Харин миний хувьд одоо Б.Г нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй гэх мэдүүлэг /хх-ийн 9-10 дугаар хуудас/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...орой 23 цаг 07 минутын орчимд манай нөхөр Э.Э залгаад Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” ресторанд байна намайг ирж ав гэхээр нь 10 минутын дараа очиход ресторан дотор болон гадуур хайж үзэхэд байхгүй байсан. Тэгтэл удалгүй манай нөхөр таксины жолоочийн утаснаас ярьж байна эрүүлжүүлхийн гадаа байна, хүнд зодуулчихсан байна гэхээр нь би очиход бүх хувцас нь цус болсон, зодуулсан байдалтай байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж 2019 оны .... дугаар сарын ....-ний өдрийн .... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Э.Э...... биед хамрын хянга ясны хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, зүүн хөмсөгний дотор төгсгөл орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн нүдний дээд зовхи, зүүн хөмсөгний дотор төгсгөл, хамрын нурууны цус хуралт, баруун болон зүүн нүдний салстын цус харвалт, баруун, зүүн шуу, баруун зүүн тохой, баруун зүүн өвдөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтлийн хамрын хянга ясны хугарал нь дангаараа, баруун нүдний дээд доод зовхи, зүүн хөмсөгний дотор төгсгөл орчмын зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хацар, зүүн нүдний салстын цус харвалт нь дангаараа Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарагүй. Дээрхи гэмтэл нь бүрдэл байдлаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт, шүүгдэгчийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 28- 31 дүгээр хуудас/,
Хохирогч Э.Э........... нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай Дорнод аймаг дахь Цагдаагийн газарт гаргасан хүсэлт /хх-ийн 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921.............. дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Г......... нь 2019 оны 09 дүгээр сарын 30-ны орой 23 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Ханан булаг” баарны гадна Э.Э............... хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Г.............. мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Э.Э............. /хх-ийн 9-10 дугаар хуудас/, гэрч Б.Б.............. /хх-ийн 17 дугаар хуудас/ нарын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж.............. 2019 оны .... дугаар сарын ....-ний өдрийн ........ дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Г............... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах, хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Шүүгдэгч Б.Г. нь хохирогч Э.Э эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Б.Ганхөлөгийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Б.Г нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна гэж үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Г........... ЖЭ........... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхний лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржгон овогт Б.Г-г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г –г 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Б.Г /РД:ЖЭ.........../ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Г авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН