Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1742

 

 

 

 

 

 

 

 

 

Ү.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04891 дүгээр шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Ү.Оюунчимэгийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Т.Лайлаад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Г.Хишигсүрэн,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Л.Золзаяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Казакстан Улсын иргэн Т.Лайлаа нь 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Англи Улсын виз мэдүүлэхэд 10 000 000 төгрөгийн хэрэг байна, удахгүй виз мэдүүлсний дараа буцаагаад өгнө гэж туслахыг хүссэн. Олон удаа гуйсан учир би итгээд 10 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Т.Лайлаагийн Хаан банкны 5064222322 тоот дансанд ХХБ-наас шилжүүлэн өгсөн. Гэтэл Т.Лайлаа надаас авсан мөнгөө өгөлгүй өнөөдрийг хүрсэн. Тухайн үед миний хадгаламжид мөнгө байгаа боловч хугацаатай хийчихсэн учраас хугацаанаас нь өмнө авч болохгүй байна гэж Т.Лайлаад хэлэхэд надад хадгаламж барьцаалсан зээл авч болдог гэсэн бөгөөд би түүнийг нь зөвшөөрөөд банкнаас 30 000 000 төгрөг авч өгсөн. Үүнээс 20 000 000 төгрөгийг нь Т.Лайлаагийн хадгаламжийн данс руу шилжүүлж, үлдсэн 10 000 000 төгрөгийг харилцах данс руу нь шилжүүлсэн. Т.Лайлаа надаас зээлсэн мөнгөнөөс 20 000 000 төгрөгийг буцааж өгсөн учир би шүүхэд өгөөгүй үлдсэн 10 000 000 төгрөгийг түүнээс гаргуулахаар нэхэмжилж байгаа. Миний хадгаламжид байсан мөнгийг барьцаалж, надаас Т.Лайлаа мөнгө зээлсэн атлаа Т.Эрмек гэдэг хүнд мөнгө өгөх учиргүй. Т.Эрмек бид хоёрын гэр бүл салалтын асуудал энд ямар ч хамаагүй. Ү.Оюунчимэг гэдэг хүнээс мөнгө зээлсэн бол Ү.Оюунчимэгт л зээлээ төлөх ёстой. Тийм учраас Т.Лайлаагаас зээлийн үлдэгдэл төлбөр 10 000 000 төгрөгийг гаргуулан надад олгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ү.Оюунчимэгээс 2015 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 10 000 000 төгрөг биш 30 000 000 төгрөг авсан гэдэг нь үнэн. Надаас нэхэмжлээд байгаа 10 000 000 төгрөгийг 2015 оны 10 дугаар сарын 13-ны өдөр төрсөн ах Т.Эрмект гаргаж өгсөн. Ү.Оюунчимэгт 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр 20 000 000 төгрөгийг буцаан өгч, хамт Худалдаа хөгжлийн банкинд тушаасан болно. Би Ү.Оюунчимэгээс зээлсэн мөнгийг өөрт нь өгч болох эсэхийг ахаасаа асуухад “Ү.Оюунчимэгийн дансанд байгаа бүх мөнгө миний мөнгө, зүгээр түүний хадгаламжинд байдаг юм” гэж хэлсэн. Тиймээс би Т.Эрмек ахад 11 000 000 төгрөг өгсөн. Т.Эрмек бол одоогоор Ү.Оюунчимэгийн албан ёсны нөхөр нь бөгөөд энэ бол цэвэр гэр бүлийн маргаан юм. Ү.Оюунчимэг амьдралдаа ажил хийж үзээгүй хүн. Бүх гэр бүлийнх нь мөнгө бол миний ах Т.Эрмек олдог байсан, зөвхөн Ү.Оюунчимэгийн дансанд байсан мөнгө учраас би Т.Эрмек ахад мөнгийг өгсөн болно. Тэгэхээр Ү.Оюунчимэг хадгаламжид байгаа мөнгөө хаанаас яаж бий болгосон мөнгө вэ гэдгээ нотлох баримтаар гаргаж өгөхийг шаардаж байна. Т.Эрмек ахын данснаас 90 000 000 төгрөг шилжсэн гэдгийг би баттай хэлж чадна. Одоо тэдний гэр бүл салах шатандаа Хан-Уул дүүргийн шүүхэд явж байгаа болохоор Ү.Оюунчимэгийн гаргасан нэхэмжлэл үндэслэлгүй юм. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Бүгд Найрамдах Казакстан Улсын иргэн /ИҮД:0190379/ Тажбекед овогтой Лайлаагаас 10 000 000 /арван сая/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хатигин овогт Үнэнбаярын Оюунчимэгт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 174 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгуулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Золзаяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад бүрэн дүүрэн дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг бүрэн үнэлээгүй байх тул дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. Хариуцагч Т.Лайлаа нь төрсөн ах Т.Эрмекээс 30 000 000 төгрөгийг авсан. Уг мөнгө нь эхнэр Ү.Оюунчимэгийн дансанд байсан. Дээрх 30 000 000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан. Зээлийн гэрээний харилцаа дууссан бөгөөд тухайн зээлтэй холбоотой ямар ч маргаан байхгүй байсан. Тухайн үед 11 000 000 төгрөг өгөхөд буцааж аваад өөрсдийн гэр бүлдээ хэрэглэсэн атлаа одоо ахаас нь салах болохоороо эргүүлж өөрөө аваагүй мэтээр нэхэмжилсэн нь хууль зүйн хувьд ч хувь хүний хувьд байж боломгүй бөгөөд үндсэндээ нэг үүргийг хоёр удаа гүйцэтгэхийг шаардсан. Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн нэг дахь заалт,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 7.2-т заасны дагуу нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь Англи Улсын иргэн бөгөөд тухайн нэхэмжлэлээ өөрийн улсын хэл дээр бичиж албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулагдсан байх хуулийн шаардлагыг хангаж байж шүүх хүлээн авах боломжтой бөгөөд тус хэрэгт нэхэмжлэгч монгол хэл мэддэг тухай баримт авагдаагүй нэхэмжлэлийн үндэслэл шаардлага нь нэхэмжлэгчийн өөрийн хүсэл зориг мөн эсэх нь тодорхой бус байна. Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь хариуцагч Казакстан Улсын иргэн Т.Лайлааг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэл гаргасан байна. Гэтэл хариуцагч нь  Казакстан Улсын иргэн байхад нэхэмжлэлийг монгол хэлээр гаргаж буй нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч этгээд нь монгол хэл мэдэхгүй бол өөрийн эх хэл буюу мэддэг хэл, бичгээр шүүхэд тайлбар, мэдүүлэг өгөх, үг хэлэх, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй талаар заасан журамд нийцээгүй байх бөгөөд нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар орчуулагдсан нэхэмжлэлийг давхар гарган өгөх, хариуцагч Казакстан Улсын иргэн Т.Лайлаа нь монгол хэлээр харилцааны түвшинд л ойлгодог монголоор унших, бичих чадвар байхгүй байсаар байхад монгол хэлээр нэхэмжлэл гаргаж түүнд гардуулан өгч, хариу тайлбар мэдүүлгийг монгол хэлээр шаардан авсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн. Мөн хариуцагч Т.Лайлаа нь монгол хэл мэдэхгүй байхад 2016 оны 7 дугаар сарын 21-ний өдөр /хх-6, 8, 9, 10, 19/ хариуцагчийн хариу тайлбар, мэдүүлэг болон зохигчдод эрх, үүрэг, хэрэг, нөлөөллийн мэдүүлэг танилцуулсан баримт дээр гарын үсэг зуруулахдаа эрх үүргийг тодорхой тайлбарлаж өгөөгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26, 38, 67.1.4, 72.2 , 76.2, 77.8, 86.2, 100.3, 100.4, 119.4-119.6 дахь зүйл хэсэг, заалтыг тайлбарлахдаа албан ёсны зөвшөөрөл бүхий орчуулагчаар дамжуулан танилцуулах атал мэргэжлийн үг хэллэг сайн мэдэхгүй мөн уншиж бичих чадвар муу гэсээр байтал гарын үсэг заавал зурах ёстой мэтээр зуруулсан. Учир нь хариуцагч нь гадаад улсын иргэн мөн болох нь нэхэмжлэл, нэхэмжлэл гардуулсан  баримт, Монгол  Улсад  оршин  суух үнэмлэхээр тогтоогдсоор байтал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-т заасныг зөрчиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан ба шүүхэд зохигчдоос ирүүлсэн бүх нотлох баримтыг шүүх хуралдаан болохоос өмнө нөгөө этгээдэд орчуулж танилцуулсан байх үүргийг шүүх хүлээх ёстой бөгөөд орчуулагч хэлмэрчийн зардал нь тус хуулийн 54 дүгээр зүйлд зааснаар зохицуулагдах тухай Дээд шүүхийн тайлбарт тусгасан байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу юу шаардаад байгаа, ямар захирамж, хуульд заасан ямар ажиллагаа хийгдэж байгаа, тухайн хэрэг маргаанд ямар эрх үүрэгтэйгээр оролцож байгаа тухай ямар ч ойлголтгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулсан. Мөн өөрийн эрх, үүрэгтэйгээ бүрэн танилцаагүй, ямар эрх үүрэгтэй тус хуралд оролцох өөрийн эрх, үүргээ ямар замаар яаж хэрэгжүүлэх тухай ойлголт бүрэн байгаагүй, гэрчийг яаж оролцуулах, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, нотлох баримтын шаардлага ямар байх талаар ойлгоогүй байсантай холбоотой тус шүүхэд гаргаж өгсөн нотлох баримт нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 зүйлд заасан шаардлага хангаагүй байсаар байтал шүүх хүлээж авч үнэлээгүй. Өөрөөр хэлбэл шаардлага хангаагүй нотлох баримт нь нотлох чадвараа алдах тухай зохигчдод тайлбарлаж өгөөгүй ба нотлох чадвараа алдсан хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах тухай шүүгчийн захирамж гаргаагүй. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-т зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ гэж заасны дагуу 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн мөнгө хүлээлцсэн баримтаар энэхүү Т.Эрмект гүйцэтгээд байгаа үүрэг нь ямар үүргийг гүйцэтгээд байгаа?, энэ тухай Ү.Оюунчимэг мэдсэн, мэдэх боломжтой байсан эсэх?, тухайн зээлийн гэрээний зүйл нь нэхэмжлэгчийн өмчлөлийн зүйл мөн эсэх?, түүний хууль ёсны нөхөр Т.Эрмекээс энэ тухай тайлбар авах, энэхүү зээлийн гэрээнд Т.Эрмек ямар хамааралтай эсэх? талаар үнэлээгүй буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх  тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-т заасны дагуу маргаан бүхий үйл баримтыг хариуцагч хэлээд, дурдаад байхад хэрэгт зайлшгүй шаардлагатай маргааны гол зүйл болж буй эдгээр үйл баримтыг тодруулах зайлшгүй шаардлагатай байсан. Мөн энэхүү хэргийн 34 дүгээр хуудас шүүх хуралдааны
тэмдэглэлд:  Даргалагчаас “Та монгол хэл дээр бүрэн гүйцэт ойлгох уу?” гэхэд хариуцагч “ойлгоно” гэжээ. Дээрх хурлын тэмдэглэлд шүүх хуралдааны даргалагч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж илтэд нэхэмжлэгч талын эрх ашгыг хангаж шүүх хуралдааныг явуулсан байна. Үүнд хариуцагч монгол хэл мэддэг эсэх нь тогтоогдохгүй байхад монголоор ойлгох уу? гэж асууж тус шүүх хуралдааныг үргэлжлүүлэн явуулсан. Тухайн улсын хэлийг мэдэх гэдэг ойлголт нь тус хэлийг бүрэн дүүрэн мэдэх буюу уншиж, бичих өөрийн хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлэх мэдлэг чадвар эзэмшсэн түүнийг нотлох баримт байгаа эсэхийг тодруулах явдал юм. Харин монгол хэлийг ойлгох гэдэг ойлголт нь харьцангуй явцуу ойлголт бөгөөд хууль ёсоор оршин сууж байгаагын хувьд тус улсын хэлийг ахуйн хэрэглээний түвшинд эзэмшсэн бөгөөд өөрийгөө бүрэн дүүрэн, гүйцэт илэрхийлэх дадал зуршил эзэмшээгүй ба тухайн улсын хэлийг мэдэх мөн ойлгох гэдэг ойлголт нь 2 өөр агуулга бүхий ойлголт юм. Мөн даргалагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасан эрхтэй талаар тайлбарлан өгөөгүй. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчийн эдлэх эрхээр минь хангаж хэрэг маргааныг үнэн зөвөөр шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

 

            Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь хариуцагч Т.Лайлаад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 10 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээ байгуулах хэлбэрийн шаардлагыг тухайлан заагаагүй боловч мөн хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээг аман хэлцлийн хүрээнд хийх боломжтой. Түүнчлэн Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдүүлэгч нь зээлдэгчид мөнгөн хөрөнгийг бодитойгоор шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно.

 

            Нэхэмжлэгч Ү.Оюунчимэг нь хариуцагч Т.Лайлаад нийт 30 000 000 төгрөгийг зээлдүүлсэн ба түүнээс хариуцагч Т.Лайлаа нь 20 000 000 төгрөгийг буцаан төлсөн үйл баримт тогтоогджээ. Харин зээлийн үүргээс 10 000 000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчид буцаан төлөөгүй байх тул анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, хариуцагчаас 10 000 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн  281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцжээ. /хх-ийн 3, 27 дугаар тал/

 

            Хариуцагч Т.Лайлаа нь зээлийн гэрээний үүргийг бүрэн төлсөн хэмээн маргаж байгаа боловч энэ тайлбараа баримтаар нотлоогүй бөгөөд Ү.Оюунчимэгт төлөх мөнгийг Т.Эрмект өгсөн нь Т.Лайлааг Ү.Оюунчимэгтэй байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн гэж үзэх үндэслэлгүй юм. Хэрэгт Ү.Оюунчимэгтэй байгуулсан гэрээний дагуу зээл буцаан шаардах эрхийг Т.Эрмект шилжүүлсэн гэж үзэх баримт байхгүй болно.

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь  хариуцагч Т.Лайлаа нь монгол хэл мэдэхгүй гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй, тэрээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо бичгийн тайлбараа монгол хэлээр гаргасан, шүүх хуралдаанд монгол хэлээр тайлбар гаргасан, 2016 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Т.Эрмектэй мөнгө хүлээлцсэн баримтыг монгол хэлээр үйлдсэн зэрэг нөхцөл байдлаас үзэхэд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт заасныг анхан шатны шүүх зөрчөөгүй гэж үзнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

 1. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 16-ны өдрийн 102/ШШ2016/04891 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                               Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР     

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ