| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2416000000256 |
| Дугаар | 2025/ХШТ/51 |
| Огноо | 2025-04-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2025 оны 04 сарын 23 өдөр
Дугаар 2025/ХШТ/51
Ц.Ц-т холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Д.Батбаатар, Б.Батцэрэн, М.Пүрэвсүрэн, Б.Цогт нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Н.Гэрэлмаа, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзана, нарийн бичгийн дарга О.Амарсанаа нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоол, Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 02 дугаар магадлалтай, Ц.Ц-т холбогдох 2416000000256 дугаартай хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзаны гаргасан гомдлыг үндэслэн 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, ... онд төрсөн, ... настай, эрэгтэй, ... боловсролтой, ял шийтгэлгүй, Ц.
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-ыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 700,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Ц.Ц-т мэдэгдэж,
шүүгдэгч Ц.Ц-аас гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрт 3,300,000 төгрөгийг гаргуулж хохирогч С.Б-д олгохоор шийдвэрлэсэн байна.
Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзаны давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзана гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан болон давж заалдах шатны шүүхээс хэргийн бодит байдлыг бүрэн тогтоогоогүй, хууль ёсны үндэслэл бүхий дүгнэлтийг хийж чадаагүй. Улсын дээд шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 16 дугаар тогтоолд гэмт хэрэгт шүүгдэгчтэй нэгдмэл болон тусдаа хувийн сонирхолтой гэрчүүд нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээ, шинж чанар, хүч хэрэглэсэн байдал, гэмт хэрэг гарахад өөрсдийн зүгээс нөлөөлсөн байдал, шүүгдэгчийн гэм бурууг нуух, хохирогчийн зүй бус ажиллагааг хэтрүүлэх байдлаар мэдүүлж болзошгүй байдлыг харгалзан мэдүүлэгт агуулагдаж буй мэдээллийг бусад нотлох баримтуудтай харьцуулан шалгаж батлах, няцаах замаар мөрдөх байгууллага, прокурор үнэлэх шаардлагатайг тодорхойлсон. Гэтэл энэ хэрэгт явж байгаа хохирогч болон гэрч нь нэг намын найз нөхдийн хүмүүс нэг машинд явж байсан. Энэ нь өөрөө хохирогчийн мэдүүлэгт өөрийнхөө нөхцөл байдлыг хэт дөвийлгөсөн, хохирлын хэмжээ чанарыг хүч хэрэглэсэн байдлыг нэмэгдүүлсэн байдалтай мэдүүлэг өгөөд байдаг. Энэ нь өөрөө шүүгдэгч болон гэрчийн мэдүүлгийн аль алинд нь болон хохирогч С.Б- эхлээд заамдаад аваад өргөсөн, дараа нь мөргөж унагаагаад газарт унасан байхад нь дээрээс нь дэвсэх гээд байсан тул хөлөөс нь зуураад доороос нь цохих хооронд гэрч Б.Б жолооны нөгөө талаас бууж ирээд салгасан. Энэ үйл явцын дунд хохирогчийн толгой хагарсан байдаг. Хохирогч болон гэрчүүд нь өөрсдөө ашиг сонирхлын хамаарал бүхий мэдүүлэг өгөөд байхад анхан шатны шүүх Улсын дээд шүүхийн энэхүү тайлбарыг баримталж шийдвэр гаргаагүй гэж үзэж байна. Мөн хүч хэрэглэсэн довтолгоо, түүний эсрэг хийсэн үйлдэл нь цаг хугацааны хувьд давхардсан байх ёстой. Гэрч машины нэг талаас буугаад нөгөө талд ирэх богино хугацааны үйл явдал болоод өнгөрөхөд ерөөсөө үүнээс цааш үргэлжлээгүй. Энэ нь өөрөө цаг хугацааны хувьд хүч хэрэглэсэн довтолгооны хувьд зөрүүлж өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн нь тодорхой байх учраас энэ үйлдэл нь аргагүй хамгаалалтад хамаарахаар байгаа. Эрүүгийн хуулийн 4.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “аргагүй хамгаалалтыг бусдын хууль бус халдлага эхэлсэн, эхлэх гэж байгаа нь тодорхой болсон үед хийнэ. Довтолгоо төгссөн хойно хийсэн үйлдлийг аргагүй хамгаалалтад тооцохгүй” гэж заасан. Тэгэхээр довтолгоо нь хохирогч болон шүүгдэгчийг салгаснаас хойш шүүгдэгчийн хувьд хохирогчийг дахиж зодно гэж дайрах зэрэг ааш, араншин гаргахгүйгээр цагдаад хандана гэж яваад өгч байгаа нь аргагүй хамгаалалтын үйл ажиллагааг хэрэгжүүлсэн гэж харагдахаар байна. Шүүгдэгчийн хамраас цус гарсан байдаг. Энэ нь довтолгоо бодит байдлаар шүүгдэгчид ирсэн байна гэдгийг илтгэж байна. Яагаад гэвэл довтолгоо бодитойгоор ирсэн бөгөөд түүнийг өөрийнхөө амь нас, эрүүл мэндийг хамгаалахын тулд шүүгдэгчийн зүгээс хариу үйлдлээр таслан зогсоосон нь аргагүй хамгаалалтын нөхцөл байдалд хамаарна гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн хувьд хохирогчид гэмтэл учруулъя эсхүл, нэг зодъё гэх санаа зорилготойгоос илүүтэйгээр шүүгдэгчийн өөрт ирж байгаа хүчийг таслан зогсоохоор хийсэн үйлдэл нь гэмт хэрэг гэж зүйлчлэгдээд явж байгаад харамсалтай үйл явдал байна гэж харж байна. Хохирогчийн хувьд шүүгдэгчийг мөргөж унагаад, дээрээс дэвсэх гэж байсан. Хохирогч нь тухайн үед согтуу байсан нөхцөл байдал тогтоогдсон. Түүнийгээ мөрдөн байцаалтын шатанд болон анхан шатны шүүх хуралдаанд “би тухайн үед согтуу байсан” гэж хүлээн зөвшөөрдөг. Согтуу байсан байна гэдэг нь довтолгооны аюулын шинж чанарыг өсгөж өгсөн гэж харж байна. Хуульд зааснаар өөрийн амь нас эрүүл мэндийг хамгаалах үйлдлийг хамгаалах эрхтэй байдаг. Хэрвээ үүнийг хийхгүй байхыг хүслээ ч гэсэн рефлексээр үүнийг хийсэн байх боломжтой. Аргагүй хамгаалалт биш гэдгийг анхан болон давж заалдах шатны шүүхээс дүгнэхдээ үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй. Ингэхдээ шүүгдэгч эрүүл байсан бол согтуу хүнээс тойроод, зайлаад явах боломжтой байсан ч тэгэлгүй хэрүүл маргаан өдөөсөн гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Анхан шатны шүүхээс шийдвэр гаргахдаа хэт объектив нөхцөл байдал буюу гарсан гэмтэлд хууль зүйн дүгнэлт хийгээд байгаа юм. Субьектив нөхцөл байдлын хувьд шүүгдэгч Ц.Ц- нь С.Б-ыг үнэхээр зодъё гэсэн санаа зорилго байсан юм уу, эрүүл мэндэд хохирол учруулъя гэсэн сэдэлт зорилго байсан юм уу. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотлогдвол зохих байдал нь бүрэн дүүрэн нотлогдож байгаа юм уу гэдэгт үнэн зөв дүгнэлт хийж чадаагүй гэж үзэж байна. Хохирогчийн мэдүүлгийг шүүхээс үнэлж энэ хэргийг шийддэг. Хохирогчийн мэдүүлэгт зөрүүтэй зүйлүүд байдаг. Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ “би ерөөсөө шүүгдэгчийн биед халдаагүй, шүүгдэгч Ц.Ц- нь чулуу авчраад миний толгойг хагалсан юм” гэдэг. Гэтэл гэрчийн мэдүүлгээр, шүүгдэгчийн мэдүүлгээр эхлээд хүч хэрэглэсэн довтолгоог С.Б- эхлүүлсэн болох нь тогтоогдож байгаа. Гэтэл гэрчийн мэдүүлэг нь зөрүүтэй байхад анхан шатны шүүхээс үнэлж шийдвэр гаргаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа. Ер нь амьдрал дээр эрүүл, согтуу хүмүүс маргалдах асуудал байдаг. Ямар ч нөхцөлд согтуу хүмүүс маргаан, зодооныг эхлүүлдэг. Гэтэл зөвхөн шүүгдэгч Ц.Ц-ын буруугаас, өдөөн хатгалгаас болоод тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн юм шиг анхан шатны шүүхээс дүгнэлт хийж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй. Хэргийн бодит байдалтай нийцэхгүй. Нөгөө талаас эд мөрийн баримт хэрэгт авагдаагүй байдаг. Чулуугаар цохисон гэдэг ч яг аль чулуугаар цохисон юм гэдгийг хавтас хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан зүйл байхгүй. Дараагийн дугаарт тухайн хоёр хүний маргаан сумын төвийн гудамжинд болсон. Олон нийтийн газарт нэгнийхээ биед халдсан энэ асуудалд хохирогч С.Б-д Зөрчлийн хуулиар ч арга хэмжээ аваагүй. Ямар ч ажиллагаа хийгээгүй нөхцөл байдал тогтоогдсон байгаа. Шүүгдэгч Ц.Ц-ийн өөрт нь тулгарсан довтолгоог таслан зогсоох зорилгоор хийсэн үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4.1 дүгээр зүйлд заасан аргагүй хамгаалалтад хамаарна гэх гомдлыг гаргасан байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Прокурор Н.Гэрэлмаа шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Ц.Ц- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдсон байна. Шүүгдэгч Ц.Ц- нь хүний биед гэмтэл учруулахыг мэдсээр байж хохирогч С.Б-ыг чулуугаар цохиж хохирол, хор уршиг учруулсан нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдсэн гэж дүгнэж байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн гэм буруугийн талаар дүгнэлт хийсэн үндэслэлтэй байх тул шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү. Харин анхан болон давж заалдах шатны шүүхийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийг 2 дугаар зэрэглэлд хамаарна гэж дүгнэн шүүгдэгчээс 3,300,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Учир нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт зааснаар холбогдох гэмт хэргүүдийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана гэж заасан байхад шинжээчийн дүгнэлтгүйгээр сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол гаргуулж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалын холбогдох хэсгийг хүчингүй болгож, сэтгэцийн хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой хэмээн шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзаны гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ц-т холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан эрх хэмжээний хүрээнд анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан үзэв.
Анхан болон давж заалдах шүүх Ц.Ц-т холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарлах замаар хууль ёсны эрх, ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн байж болзошгүй, эсхүл сөргөөр нөлөөлсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч Ц.Ц- нь 2024 оны 10 дугаар сарын 12-ны өдөр 15 цагийн орчим Говь-Алтай аймгийн Баян-Уул сумын Эрүүл мэндийн төвийн урд С.Б-тай аймгийн иргэдийн төлөөлөгчийг сонгох сонгуулийн асуудлаас үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдахдаа толгой руу нь чулуугаар цохиж эрүүл мэндэд нь толгойн оройд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар хөдөлбөргүй нотлогдсон талаарх шүүхийн хэргийн үйл баримтыг сэргээн тогтоосон дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн үндэслэл бүхий болжээ.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэм буруугийн хэр хэмжээ, учруулсан хохирлын шинж чанар, хор уршгийг харгалзан хуульд заасан торгох ялыг оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Харин анхан болон давж заалдах шатны шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгуулах зорилтын хүрээнд 2023 оны 07 дугаар сарын 01-ны өдрөөс мөрдөгдөж эхэлсэн эдийн бус гэм хорыг арилгах тухай Иргэний хуулийн шинэ зохицуулалтын дагуу хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ хууль хэрэглээний дараах алдааг гаргажээ.
Хуулиар тогтоосон албан тушаалтны эрх үүрэг, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, хэлбэрийг сахин биелүүлээгүй тохиолдол бүр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн зөрчилд тооцогдож, хэргийг хууль ёсны ба үндэслэлтэй шийдвэрлэхэд сөргөөр нөлөөлдөг тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина”, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хэрэгжүүлж байгаа этгээд энэ зүйлийн 1 дэх хэсгийг зөрчвөл түүний гаргасан шийдвэрийг энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хүчингүйд тооцох”-оор тус тус заасан болно.
Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй бөгөөд эрүүгийн эрх зүйн нотлох ажиллагааны зарчим, нотолгооны стандартын дагуу тусгай мэдлэгийн хүрээнд шүүх өөрийн санаачилга, үзэмжээр бус харин шинжилгээний байгууллагын мэргэшсэн шинжээчийн дүгнэлтэд тулгуурлан шийдвэрээ гаргах учиртай.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь хэсэгт заасны дагуу Хууль зүйн болон Эрүүл мэндийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний хамтран баталсан журмын 2.1.1-2.1.5-д тус тус нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчилсан байна.
Тухайлбал, дээрхи хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн Арван нэгдүгээр бүлэг (Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг) ... заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож дүгнэлт гаргана” гэж заажээ.
Түүнчлэн Хууль зүй, дотоод хэргийн сайд болон Эрүүл мэндийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалаар баталсан журмын 2.1-д заасны дагуу “... энэхүү тушаалын 2 дугаар хавсралтаар баталсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ийг үндэслэн шүүх шинжилгээний байгууллага гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзнэ гэж тодотгон тусгасан болно.
Мөн журмын 2.2-т “Энэ журмын 2.1.1-2.1.5-д заасан гэмт хэргийн хохирогч... энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр шинжилгээг хийлгэнэ”, уг журмын 2.3-т “Энэ журмын 2.1-д заасан хүснэгтээр сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрсөн эсэхийг мөрдөгч танилцуулан баталгаажуулж, хавтаст хэргийн материалд хавсаргана” гэж тус тус заасан байна.
Гэтэл дээр дурдсан хууль болон журамд заасан зохицуулалтын дагуу бус хохирогч С.Б-ын сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй байхад анхан шатны шүүх сэтгэцийн хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгуулахаар шийдвэрлэснийг хууль ёсны гэж үзэх боломжгүй ба давж заалдах шатны шүүх энэ талаар ямар нэгэн дүгнэлт хийлгүй орхигдуулжээ.
Иймд талуудын хүсэл зоригийг бүрэн дүүрэн илэрхийлээгүй, шинжээчийн дүгнэлтээр нотлогдоогүй, тусгай мэдлэгээр тогтоохуйц зэрэглэлийн үнэлгээг мөнгөн дүнгээр илэрхийлэгдсэн хор уршгийг шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хууль зүйн үндэслэлгүй тул шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах замаар зөвтгөн засч эрх зүйн шинэ ойлголтын хууль хэрэглээг нэг мөр тогтоож шүүхийн хууль хэрэглээний нэгдмэл байдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Хохирогч С.Б- нь иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар сэтгэцэд учирсан гэм хорыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзаны хяналтын шатны шүүхэд гаргасан “... шүүгдэгч Ц.Ц-ын аргагүй хамгаалалт нь гэмт хэргийн шинжгүй болохыг анхаарч үзэлгүй эрх зүйн байдлыг дордуулж шийдвэрлэсэн” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 219 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 6 дахь заалтыг “... Хохирогч С.Б- нь гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.” гэж өөрчилсүгэй.
2. Шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Аюурзаны хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ С.СОЁМБО-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Д.БАТБААТАР
Б.БАТЦЭРЭН
М.ПҮРЭВСҮРЭН
Б.ЦОГТ