Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 001/ХТ2018/00350

 

Л.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

   Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02225 дугаар шийдвэр,

      Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02300 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Л.С

          Хариуцагч: “Э” ХХК-д холбогдох

           Ажил олгогчоос нийт 16 563 487 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Х хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

      Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Х, хариуцагчийн төлөөлөгч Б.Э, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие “Эйч ЭлБи Монголиа аудит” ХХК-д ахлах аудитороор 2015-12-01-с 2017-01-06-ны өдөр хүртэл хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж орон тооны цомхтголоор халагдсан. Харин 2017-01-06-ны өдрөөс 2017-03-17-ны өдөр хүртэл гэрээгүйгээр үргэлжлүүлэн 2 cap 17 хоног ажилласан. Энэ хугацаандаа өмнөх гэрээний жишгээр цалинжсан. Ажиллах хугацаандаа буюу 2017-02-18-ны өдөр амаар ажлаас гарах талаар хэлсэн бөгөөд 2017-02-20-ны өдөр Аудит менежерийн зөвөлөсний дагуу е-мэйлээр ажлаас гарах тухай бичээд Хөдөлмөрийн тухай хуулийн 39.1 дэх хэсэгт заасны дагуу 2017-03- 18-ны өдөр ажлын байраа орхисон. Намайг ажиллаж байх хугацаанд хөдөлмөрийн гэрээгээр ажлын 5 хоног 40 цаг ажиллуулахаар гэрээнд заасан боловч ажлын өдрүүдэд байнга илүү цаг ажиллуулж байсан. Бямба гаригт ажиллахыг шаарддаг байсан ч энэ хугацааны хөлс өгдөггүй. Цалин шаардахаар өгнө гэдэг боловч өгөөгүй. Манай байгууллагад  хөдөлмөрийн маргаан таслах комисс байхгүй. Нийслэлийн Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хорооноос шүүхэд хандаж асуудлаа шийдвэрлүүлэхээр хариуг өгсөн. Хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан хугацааны дутуу олгогдсон цалин 4.950.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө 2 328 264 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1.843.209 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 8.5-д заасан мэргэшсэн нягтлан бодогчийн жилийн хураамж 240.000 төгрөг, хөдөлмөрийн гэрээний 10-д заасан мэргэшсэн нягтлан бодогчийн эрх сунгах сургалт, аудиторын сургалт, АССА Р6 татварын сургалтын төлбөр 1.470.000 төгрөг, Хөдөлмөрийн тухай хуулийн 76.1.9-д заасан баяраар Оюутолгойд ажиллуулсан 179 097 төгрөг, мөн хуулийн 74.1, 77.1 дэх хэсэгт заасан өдөр ажилласан 40 хоногийн 5.372.917 төгрөг, нэмэгдүүлсэн шаардлага 180.000 төгрөг нийт 16.563.487 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

       Хариуцагч хариу тайлбартаа: Л.С 2015-12-01-ний өдрийн 06-р тушаалаар ажилд орсон. Ажил олгогчоос түүнийг Монголын Мэргэшсэн нягтлан бодогчийн институтын аудитын хорооноос зохион байгуулсан Аудиторын сургалтанд 2016 оны 5 дугаар cap хүртэл хамруулан мэргэжил дээшлүүлснээр аудиторын эрхийг 2016 оны 6 дугаар сард, хугацаагүй эрхтэй Мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг 2016 оны 7 дугаар сард тус тус авсан, 2016 оны 12 дугаар сард Сангийн яамны Санхүү, банкны тэргүүний ажилтан цол тэмдгээр шагнуулсан. Л.С 2017-01-06-ны өдрөөс ажлаас халагдсан бөгөөд ажлаа хүлээлгэн өгөх байсан боловч 2017-03-17-ны өдрийг хүртэл ямар нэгэн ажил хүлээлцэхгүйгээр орхин явсан. Нэхэмжлэл үндэслэлгүй, шаардах эрхгүй байна. Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, 129.2-т зааснаар дутуу олгогдсон гэх 2016 оны 7, 8 –н цалин хөлсний асуудлаар гомдол гаргах хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул шаардах эрхгүй. Түүнчлэн 2017-01-06-ны өдрөөс түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ цуцлагдсан бөгөөд ажил олгогчоос 2017-03-17-ны өдрийг хүртэл цалин хөлс олгох үүрэг хүлээгээгүй. Түүнийг ажлаа хүлээлцэнэ гэж итгэж байсан учир ажил олгогчоос өмнөх цалингийн үлдэгдэл, ээлжийн амралтын мөнгийг олгосон байна. Ажлаас халагдсанаар нэхэмжлэгчид холбогдох санхүүгийн тооцоог компани хийсэн. Үүнд 2016 оны ээлжийн амралтын 2.328.264 төгрөгийн тооцоо мөн адил тооцогдсон. Хөдөлмөрийн тухай хуулийн 42.1 дэх хэсэгт "Ажил олгогч нь энэ хуулийн 37.1.6, 40.1.1, 40.1.2, 40.1.3-т заасан үндэслэлээр ажлаас халагдсан ажилтанд нэг cap, түүнээс дээш хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх тэтгэмж олгоно" гэж заасны дагуу ажлаас халагдсаны тэтгэмж 1.843.209 төгрөгийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Ажиллаагүй хугацааны /2017 оны/ Мэргэшсэн нягтлан бодогчдын гишүүний хураамж 240.000 төгрөгийг ажил олгогч хариуцахгүй. Хөдөлмөрийн гэрээний 10.1-д хариуцагч нь ажил олгогчийн санаачилгаар ажилтныг гадаад, дотоодод мэргэжлийн болон гадаад хэлний сургалтад бүтэн төлбөрийг төлөн сургана" гэж зааснаар манай компанийн санаачилгаар нэхэмжилж буй сургалтад хамрагдаагүй тул төлбөрийг төлөх үүрэг хүлээхгүй. 2016 оны 5 дугаар сард сургалтанд хамрагдаж дууссанаас хойш 1 жил хүрээгүй байхад дахин сургалтад хамруулах нэн тэргүүний шаардлага ажил олгогчид байгаагүй. Манай компани "Максом И Эксплозивс" ХХК-ийн гэрээт ажлыг "Оюу толгой" ХХК-д хийж гүйцэтгэсэн. Энэ ажлыг гүйцэтгэхэд нэхэмжлэгч алдаа гаргасан нь одоо ч яригдаж байгаа. Тэнд ажиллаад буцах үед манай компаниас шалтгаалахгүй онгоцны хуваариас шалтгаалан тухайн үед тэндээ нэг хоног саатсан тул Хөдөлмөрийн тухай хуулийн 76.1.9-д заасан баяраар Оюу толгойд ажиллуулсан 179 097 төгрөг төлөх үндэслэлгүй. Ажил олгогч буруугүй юм. Хөдөлмөрийн тухай хуулийн 74.1, 77.1 дэх хэсэгт заасан өдөр ажилласан 40 хоног 5.372.917 төгрөгийг төлөхгүй. Илүү цагаар, амралтын өдрөөр ажиллахыг шаардаж байгаагүй тул энэ шаардлага үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02225 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасныг баримтлан "Э" ХХК-д холбогдох 16 563 487 төгрөг гаргуулах тухай Л.Сын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 245 918 төгрөгийг улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02300 дугаар магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн  төлөөлөгчийн  гомдлыг хангахгүй орхижээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Нэхэмжлэгч нь “Э” ХХК-тай 2015 оны 12 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулан ажилд орсон цагаасаа эхлэн Худалдаа хөгжлийн банкны харилцах дансаар дамжуулан цалин хөлсөө тогтмол авдаг байсан. Нэхэмжлэгчийг ажилд орсноос хойш 2015.12 дугаар сараас 2016.06 дугаар сарыг дуустал хугацаанд сар бүр /хөдөлмөрийн гэрээгээр тохиролцсон үндсэн цалин 1 843 209 төгрөгөөс НДШ, ХХОАТ суутгагдаад/ дансаар 1 500 000 төгрөг тогтмол ордог байсан. Гэтэл хариуцагч байгууллага санхүүгийн хүндрэлтэй байгаа тул 9, 10 сараас ажил жигдрээд санхүүгийн үүсвэртэй болохоор цалинг нөхөж өгөх нэрийдлээр 2016.07, 08 дугаар сарын цалинг огт өгөөгүй бөгөөд, 2016.09-2016.12 дугаар сарыг дуустал хугацааны цалинг дутуу олгосон болно. Харин 2017.01 сараас 03 сарыг хүртэл нэхэмжлэгчийн ажилласан хугацааны цалинг бүрэн олгож, нэхэмжлэгчийг ажиллаж байх хугацаандаа удаа дараа дутуу олгогдсон цалингаа нэхэж, шаардаж байсан учраас 2017.02.14-нд хариуцагчаас 2016 оны цалингийн өглөг 500 мянган төгрөгийг шилжүүлсэн байгаа нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулгаар нотлогдоно. Мөн хариуцагчаас өөрөөс нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нотлох баримтаар гаргаж өгсөн “Цалин олгох ажилтнуудын жагсаалт”-аар цалин олгосон дүн нь Худалдаа хөгжлийн банкны харилцах дансны хуулгатай тохирч байгаа бөгөөд эдгээр баримтаар нэхэмжлэгчид цалинг дутуу олгож байсан нь харагдана. Нэхэмжлэгч шүүхэд ИХШХШТХ-ийн 25.2.2, 38.1-д заасны дагуу шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цалин дутуу авч байсан гэх нотлох баримтаа гаргаж өгсөн. Учир нь хариуцагч байгууллага нэхэмжлэгчийн НДШ, ХХОАТ-ыг нь хөдөлмөрийн гэрээнд заасан үндсэн цалингаас тооцон төлж, нэхэмжлэгчид дутуу олгосон цалингаа нөхөж өгөхөөр тохиролцсон болно.

         2. Шүүхээс Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар “...эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй…”, нэхэмжлэгч дээрх хугацаанд гомдлоо гаргаагүй бөгөөд ажлаас чөлөөлөгдсөн 2017.01.06-ны өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг тоолох  агуулга бүхий гомдол гаргасныг хангах боломжгүй гэжээ. Нэмжлэгчийг шүүхээс ажлаас чөлөөлөх тушаал гаргаснаас хойших хугацаанд буюу 2017.03.17-ныг хүртэл ажилласан гэж үзсэн байх бөгөөд энэ хугацаанд нэхэмжлэгч ажиллаж байх хугацаандаа хариуцагчаас удаа дараа “дутуу олгогдсон цалингийн зөрүү, ээлжийн амралтын олговор илүү цаг, баярын өдрөө ажиллуулсан нэмэгдэл хөлс, сургалт болон татварт төлсөн төлбөр”-үүдийг нэхэж, шаарддаг байсан бөгөөд хариуцагчаас удахгүй өгнө гэсээр байгаад өгөөгүй болно. Хариуцагчаас нэхэмжлэгчид сүүлд 2017.02.14-ний өдөр 2016 оны үлдэгдэл цалингаас 500 мянган төгрөгийг шилжүүлсэн. Мөн нэхэмжлэгчийг ажиллах хугацаанд цалин хөлс, олговор, нэмэгдэл хөлс, тэтгэмж, сургалт, татварын төлбөрийг хариуцагч байгууллага удахгүй өгнө гэдэг байсан тул, нэхэмжлэгчийг ажиллахаа больсон 2017.03.17-ны өдрөөс эхлэн 2017.06.17-ны өдрийн дотор нэхэмжлэгч эрхээ зөрчигдсөн гэж үзэж шаардах эрх нь үүссэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д зааснаар 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрх үүссэнээр 2017.03.28-ны өдөр Хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд хандсанаар зөвлөмж гаргаж өгсөн. Иргэний хуулийн 73.1-д зааснаар “Жил, хагас жил, улирал, сараар тогтоосон хугацаа нь уг хугацаа дуусах сарын мөн өдөр дуусна” гэж зааснаас үзэхэд дээрх хугацаа нь 2017.03.17-ны өдрөөр тооцхоор хөөн хэлэлцэх хугацаа 2017.06.17-ны өдөр дуусахаар байхад шүүхээс хөөн хэлэлцэх 3 сарын хугацааг дуусгавар болсон гэсэн үндэслэл заасан нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

         3. Шүүх хөдөлмөрийн тухай хуулийн 129.1, Хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах гурван талт дэд болон салбар хорооны дүрмийн 5 дугаар зүйлийн 5.1.а-д заасан хугацааг хэтрүүлсэн үндэслэлээр гомдлыг хүлээн авах боломжгүйг мэдэгдсэн агуулга бүхий баримт үндэслэлтэй болсон гэжээ. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт Үндэсний хорооны шийдвэрийн дагуу хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг шүүхийн өмнө шатанд шуурхай зохицуулах гурван талын төлөөлөл бүхий гурван талт хороог 2008 оноос нийт улс даяар 21 аймаг, Нийслэл Улаанбаатар хот, 9 дүүрэгт байгуулан ажиллаж ирсэн. Энэхүү салбар хороод нь үндэсний хорооноос баталсан дүрмийн дагуу байгуулагдан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг маргалдагч талуудын оролцоотойгоор авч хэлэлцэн шүүхийн өмнөх шатанд эвлэрүүлэн зохицуулах үндсэн үйл ажиллагааг явуулж байна. Хариуцагч байгууллага дээр хуульд зааснаар Хөдөлмөрийн маргаан таслах комисс байдаггүй тул нэхэмжлэгч нь Нийслэлийн хөдөлмөрийн маргааныг шуурхай зохицуулах салбар хороонд 2017.03.28-ны өдөр гомдол гаргаж, тус хорооноос нэхэмжлэгчийг маргаанаа шүүхэд хандан шийдвэрлүүлэхийг зөвлөсний дагуу шүүхэд 2017.03.30-ны өдөр нэхэмжлэл гарган, шүүхээс 2017.04.06-ны өдөр “Иргэний хэрэг үүсгэх тухай ” захирамж гаргасан болно. ХМШЗСХ-ны дүрмийн 5.1.а “Ажил олгогч үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзвэл мэдсэн буюу уг шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш 10 хоногийн дотор өргөдлөө харьяалах аймаг, сум, дүүргийн салбар хороонд гаргах” гэж заасан заалтыг үндэслэн Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар хороонд гаргах хугацаа хэтрүүлсэн гэж зөвлөмж гаргасан байгаа нь нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэх үндэслэлгүй юм. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн 2-т “Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн.” гэж заасан. Хөдөлмөрийн тухай хуулийн 129.1-д “...3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасан тул Нийслэлийн хөдөлмөрийн маргаан шуурхай зохицуулах салбар нь дүрмийнхээ хүрээнд үйл ажиллагаагаа явуулж, зөвлөмж гаргасан байгаа нь нэхэмжлэгчийг хуульд заасан хугацаанд гомдол гаргах эрхийг хязгаарлаагүй болно. Иймд шийдвэр, магадлалд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж, нэмэлт, өөрчлөлт оруулж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Л.С 2017-03-30-ны өдөр “Э“ ХХК-д холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаж, дутуу олгосон цалин 4.950.000 төгрөг, ээлжийн амралтын мөнгө  2.328.264 төгрөг, ажлаас халагдсаны тэтгэмж 1.843.209 төгрөг, гишүүний хураамж 240.000 төгрөг, батламж авахад төлсөн төлбөр 180 000 төгрөг, сургалтын төлбөр 1.470.000 төгрөг, нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны 179.097 төгрөг, илүү цаг, амралтын өдрөөр  40 цаг ажиллуулсан хөлс  5.372.917 төгрөг нийт 16.543.487 төгрөг  /хх1, 156/ шаарджээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн /хх47-48,173/ байна.

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон бөгөөд ийнхүү шийдвэр гаргахдаа “... Л.С хөдөлмөрийн маргаантай холбоотой гомдол гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн байна...” гэсэн дүгнэлт хийснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.  

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангах нь зүйтэй гэж  шүүх бүрэлдэхүүн дүгнэв.     

        Л.С нь дутуу олгосон цалин, ээлжийн амралтын мөнгө, ажлаас халагдсаны тэтгэмж, нийтээр амрах баярын өдөр ажиллуулсны мөн илүү цаг, амралтын цалин, гишүүний хураамж, батламж болон сургалтын төлбөр нэхэмжилсэн байхад шүүх эдгээр  9 шаардлага тус бүрийн талаар дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т нийцээгүй байна.

        Ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор ажилтан шүүхэд гаргах бөгөөд бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй талаар Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1, 129.2 дахь хэсэгт заасан байна. 

       Нэхэмжлэгчийн шаардаж буй “дутуу олгосон цалин”-д ямар хугацааны цалин хөлс хамаарч байгаа талаар зохигчид өөр өөр тайлбар өгсөн байхад шүүх цалинг бүрэн эсхүл дутуу олгосон эсэх талаар дүгнэлт хийгээгүй хэргийг хянан шийдвэрлэсэн дутагдалтай болжээ.

       Нэхэмжлэгч 2017 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр ажлаасаа халагдсан гэх бөгөөд  ажлаас халагдсаны тэтгэмжтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзсэн үндэслэл тодорхойгүй байна.

       Л.С цалин хөлснөөс гадна гишүүний хураамж, батламж болон сургалтын төлбөр гаргуулахыг хүссэн ба нэхэмжлэлийн энэ шаардлагыг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д хамааруулсан үндэслэл тодорхой бус тул энэ талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх боломжгүй гэж үзлээ.  

       Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, өөрчлөлт оруулах боломжгүй байна.

       Дээр дурдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаав.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 181/ШШ2017/02225 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 210/МА2017/02300 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.  

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 240.770 төгрөгийг захирамжаар Л.Сд буцааж олгосугай.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ