Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 955

 

 

 

 

 

 

 

 

 

2019         11          08                                   2019/ШЦТ/955       

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Болд-Эрдэнэ,

Улсын яллагч  П.Эрдэнэбаатар,

Шүүгдэгч Б.У (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар,

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Уд холбогдох эрүүгийн 1909024721221 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

            Монгол Улсын иргэн, 1992 оны 8 дугаар сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Сүлжмэлийн оператор мэргэжилтэй, Бүгд найрамдах Солонгос улсад ажиллаж амьдардаг, ам бүл 2, эхнэрийн хамт Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 15-122 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Баянгол дүүргийн 16 дугаар хороо Туулын 1-24 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 45 дугаар байрны 71 тоотод өөрийн төрсөн дүү хохирогч Б.Уранчулуунтай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж тархи доргилт, дух, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.У мэдүүлэхдээ “...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй...” гэв.

 

Эрүүгийн 1909024721221 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Б.У мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 45 дугаар байрны 71 тоотод байрлах түрээсийн байрандаа өөрийн төрсөн дүү Уранчулуун, Тэмүүлэн, Уранчулууны төрсөн хүү, одоо ой гарантай Бодь-Очир нарын хамт байхдаа Бодь-Очирын угжинд нь цай хийгээд уучихсан. Тэгтэл Уранчулуун “та хүүхдийн угжинд цай хийж уулаа, балиар заваан юм чинь гээд надруу уурлаад, хашгичаад” байсан. Би Уранчулууныг “чимээгүй бай” гэхэд чимээгүй болохгүй миний урдаас хэрэлдээд байсан. Уранчулууныг дуугүй болохгүй болохоор нь түлхсэн чинь бүүр орилоод, хашгичаад байхаар нь нүүр рүү нь хэд хэдэн удаа алгадаж цохисон. Энэ үед дүү Тэмүүлэн намайг боль гээд Уранчулуун бид хоёр хэрэлдэж маргалдахаа больсон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 56-60 дугаар хуудас/,

 

Хохирогч Б.Уранчулуун мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр би ой гарантай хүү Бодь-Очир, дүү Тэмүүлэн, ах Усболд нарын хамт Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 45-71 тоотод байрлах гэртээ байж байтал төрсөн ах Усболд маань миний хүүгийн угжаар цай уугаад байсан. Би “хүүхдийн угжаар цай уугаад байхдаа яадаг юм бэ” гэж уурлахад ах Усболд намайг “дуугай бай, чамд хамаагүй, сүртэй юм би угаагаад өгчихнө” гээд үглээд байсан. Үглээд байхаар нь би “дуугай бай” гэж хэлтэл намайг “дуугай бай” гэж хэллээ гээд гараараа миний толгой руу 20 гаруй удаа цохисон. Яг хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 20-23 дугаар хуудас/,

 

Насанд хүрээгүй гэрч Б.Тэмүүлэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр ах Усболд, эгч Уранчулуун, түүний хүүхэд нарын хамт гэртээ зурагт үзээд байж байтал агаа Усболд хүүхдийн угжинд байсан цайг уугаад, намайг угжинд цай хийгээд ир гэхээр нь би угжинд нь цай хийгээд агаад авчирч өгсөн. Агаа угжтай цайг уучихсан. Би зурагтаа үзээд сууж байтал эгч Уранчулуун ах дээр очоод “хүүхдийн угжинд яагаад цай уугаад байгаа юм бэ, наадаханд чинь бохир орчихно” гэж хэлсэн. Ах маань сүртэй юм бэ гэж хэлээд ах, эгч хоёр хоорондоо маргалдсан. Ах Усболд эгч Уранчулууныг алгадаад, толгой руу нь гараараа цохиод байсан. Эгч уйлаад, ээж рүү залгана гэхэд Усболд ах эгчийн утсыг булааж аваад шидчихсэн. Тэр хоёрыг хэрэлдээд байхаар нь би нөгөө өрөөнд орчихоод гараад иртэл Усболд ах Уранчулуун эгчийг толгой руу цохиж байхаар нь би урдуур нь ороод “болио” гээд хориглоход Усболд ах намайг холдуулаад дахиад цохих гээд байхаар нь би гарыг нь бариад авсан. Уранчулуун эгч цагдаа дуудна гээд утсаа авахад нь Усболд ах Уранчулуун эгчийн утсыг нь булааж аваад эвдэлчихсэн...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

 

            Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7050 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:   

 

1. Б.Уранчулууны биед тархи доргилт, дух, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн  зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд  нөлөөлөхгүй...” гэжээ /хх-ийн 29 дүгээр хуудас/,

 

“Ашидбилгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайланд “...Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлсийн өнөөгийн зах зээлийн дундаж үнэ цэнийг 250.000 /хоёр зуун тавин мянга/ төгрөгөөр тогтоов...” гэжээ /хх-ийн 33-35 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Б.Уын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, гэрч Ц.Батцэцэгийн мэдүүлэг /хх-ийн 42-43 дугаар хуудас/ хохирогчийн хүсэлт /хх-ийн 77 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Б.У нь 2019 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 45 дугаар байрны 71 тоотод өөрийн төрсөн дүү хохирогч Б.Уранчулууныг “хүүхдийн угжаар цай уулаа” гэж хэлэхэд уурлан түүнтэй зүй зохистой харьцалгүй маргалдаж улмаар толгойн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь “тархи доргилт, дух, хацар, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний зовхинд цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Б.Уранчулууны мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №7050 дугаартай дүгнэлт зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Б.Уранчулууны биед хүч хэрэглэсэн үйлдлээ өөрөө хүлээн мэдүүлсэн, хохирогчоос хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл болон шүүгдэгч өөрийг нь гэмтээснийг мэдүүлсэн, хохирогчийн бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан болохыг шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Уын үйлдэл нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, тэрээр өөрийн гэм буруу, прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг сайн дураараа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлж хохирогчтой эвлэрсэн гэж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлснийг хүлээн авч шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүх шүүгдэгч Б.Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Уранчулуунаас “...Хохирлын талаар маргаан байхгүй. Мөн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэсэн хүсэлт /хх-ийн 77 дугаар хуудас/ гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, тэдгээр нь хоорондоо эвлэрсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Б.Уыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.           

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн харицлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Б.Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

 

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж хоорондоо зүй зохистой харьцах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 6, 8, 9, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

                                                                                                                                ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Б.Уг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Уыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Шүүгдэгч Б.У нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны гаргуулах зардал байхгүй болохыг тус тус дурдсугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.У нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

5. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Уод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН