Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 950

 

 

 

 

 

2019         11          07                                   2019/ШЦТ/950     

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Ц.Гэрэлбаатар,  

Шүүгдэгч Г.Ц /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Цд холбогдох эрүүгийн 1909034951007 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

           

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

   Монгол Улсын иргэн, 2001 оны 3 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймагт төрсөн, 18 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Тэнгэрийн ертөнц” нэртэй цайны газарт туслах тогооч ажилтай, ам бүл 2, охины хамт Өмнөговь аймгийн Даланзагад сумын 6 дугаар баг Их уул нисэх 6 дугаар гудамжны а 16 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хрооо Шонхор захын ард талд байрлах нийтийн байрны 2 давхар 14 тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй,

 

            Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Г.Ц нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” бааранд 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 08-нд шилжих шөнө иргэн Х.Алимаа, М.Батсайхан нарыг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Ц мэдүүлэхдээ “...Би 3 найзтайгаа Мийтинг бааранд ороод 3 цаг болсон. Угаалгын өрөө орох гэтэл нэг охин хөл дээр гишгэсэн. Би эргэж харсан чинь тэр охин учир зүггүй хараагаад байсан. Тэгээд Алимаа гээд охинтой нь үстэлцээд, зодолдож байхад хамгаалагч нар дундуур орж салгасан. Би гар утас эвдэрснийг мэдээгүй. Камерийн бичлэг дээр тийм зүйл харагдаагүй. Тухайн үед цагдаагийн хэлтэс очиход утсаа харуулаагүй. Сүүлд цагдаагийн газар тааралдаад хоёр утасны дэлгэц хагарсан гэж хэлж байсан...” гэв.

 

Эрүүгийн 1909011020407 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Г.Ц мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: “...2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 2019 оны 9 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 02 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг бааранд ганцаараа орж үйлчлүүлсэн. Бааранд ороод найз Оюука болон түүний хоёр үл таних эрэгтэй найз нартай таарсан. Баарнаас 0.5 литрийн Чингис гэх нэртэй архи авч хувааж уусан. Би баарны бие засах өрөө рүү явсан. Тухайн үед нэг үл таних охин миний хөлөн дээр гишгэсний дараа түүний найз бололтой нэг туранхай өөдөөс охин ирээд уучлаарай гэж уучлалт гуйсан. Дараа нь цаад талаас нь нэг найз охин нь надад хандаж чиний хөлөн дээр гишгэхээр яадаг юм гичий минь гэж хэлсэн. Үүнийг сонсоод би эхлээд миний урд байсан охинтой үсдэлцсэн. Тун удалгүй намайг хараагаад байсан үл таних эмэгтэйг баруун гараа атгаж байгаад 3 удаа нүүр рүү нь цохисон...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40-42 дугаар хуудас/,

 

Хохирогч М.Батсайхан мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 2019 оны 9 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг бааранд найз Алимаатай орж үйлчлүүлсэн. Бид хоёр бааранд хоёр шил пиво авч уусан. Алимаа тухайн үед бие засах өрөө рүү орох гээд явсан. Алимаа ирэхгүй болохоор нь би Алимаа руу очиход 3-4 үл таних эмэгтэй Алимааг газар унагасан байдалтай зодож байсан...тухайн үед үл таних үсээ задгай тавьсан байсан хар өнгийн дал майктай, дал хэсгээрээ далавч хэлбэр дүрс бүхий шивээстэй, 160-165 см орчим өндөртэй, урт үстэй эмэгтэй Алимааг баарны бүжгийн талбайн гол хэсэгт үсдсэн байдалтай толгой руу нь зодож байсан. Дараа нь би энэ үйл явдлыг хараад найзыгаа авах гэтэл нөгөө үл таних эмэгтэй намайг үсдэж доошоо дараад намайг зодоод байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-7 дугаар хуудас/,

  

   Хохирогч Х.Алимаа мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 9 дүгээр сарын 07-ноос 2019 оны 9 дүгээр сарын 08-нд шилжих шөнө 00 цагийн үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Мийтинг бааранд найз Батсайхантай орж үйлчлүүлсэн. Батсайхан бид 2 хоёр шил пиво авч уусан. Би бие засах өрөө рүү явсан. Бие засах өрөө орчихоод Батсайхан дээр очоод “бүжиглье” гэж хэлсэн. Би бүжгийн талбайд ганцаараа гарсан. Би ганцаараа бүжгийн талбайд бүжиглэж байгаад нэг үл таних охины хөлөн дээр гишгэчихсэн. Би нөгөө охинд “уучлаарай” гэж хэлэхэд нөгөө үл таних охин надад хандаж “уучлаарай гэнээ гичий чинь” гэж хэлээд миний үснээс зулгаагаад тал талаас намайг үл таних эмэгтэйчүүд толгой тархи руу цохиод, зодоод байсан. Миний харснаар анх хөлийг нь гишгэсэн үл таних охин намайг үсдээд цохиж байсан санагдаж байна. Манай найз Батсайхан намайг хайж ирээд салгах гэж байгаад нөгөө охидуудад зодуулсан. Тухайн хэрэг болдог өдөр Мийтинг бааранд миний Iphone 6 маркийн хар өнгийн ухаалаг гар утсаа зодуулж байх үедээ гартаа барьж байгаад гар утсаараа нүүрээ хаагаад дэлгэцийг нь үл таних эмэгтэйчүүдэд хагалуулчихсан. Мөн чихэндээ зүүж байсан хоёр терагерц чулуугаар хийгдсэн өрөөсөн ээмгээ алдчихсан. Толгой маань тухайн зодоон болсон өдрөөс хойш их өвдөж, нүднээс нулимс гойжих болсон. Гар утасны хагарсан дэлгэцээ 60.000 төгрөгөөр, терагерц чулуугаар хийгдсэн өрөөсөн ээмгээ 15.000 төгрөгөөр нийтэд нь 75.000-төгрөгөөр үнэлж байна...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 9-12 дугаар хуудас/,

 

   Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10893 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Х.Алимаагийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.  
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10892 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. М.Батсайханы биед зүүн хөмсөг дээр шарх, зүүн доод зовхинд цус хуралт, баруун сарвуу ар гадаргуу, зүүн гуяны гадна доод хэсэгт цус хуралт, ууц нурууны хэсэгт зулгарал, доод зүүн соёо шүдний ирмэг эмтэрсэн гэмтэл тогтоогдлоо.
  2.  Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
  3. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  4. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй..." гэжээ /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

“Дамно” хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь мөнгөлөг саарал өнгийн Iphone 6 гар утасны дэлгэц, мөнгөлөг өнгийн энергийн чулуун өрөөсөн ээмэг болно. Тус үнэлэгдэж буй хөрөнгө нь зах зээлийн хандлагын шууд харьцуулалтын аргаа 2019 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн зах зээлийн үнэлгээгээр нийт 72.500 /далан хоёр мянга таван зуу/ төгрөгөөр үнэлэгдэв...” гэжээ /хх-ийн 30-33 дугаар хуудас/, 

 

Шүүгдэгч Г.Цгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 63 дугаар хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 44 дүгээр хуудас/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 50-53 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Г.Ц нь Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Мийтинг” бааранд 2019 оны 9 дүгээр сарын 07-ны өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 08-нд шилжих шөнө иргэн Х.Алимаа, М.Батсайхан нартай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж зүй зохисгүй харьцаж улмаар тэдгээрийн биед хүч хэрэглэн хохирогч Х.Алимаагийн эрүүл мэндэд “Тархи доргилт” гэмтэл бүхий хөнгөн хохирол, хохирогч  М.Батсайханы эрүүл мэндэд “зүүн хөмсөг дээр шарх, зүүн доод зовхинд цус хуралт, баруун сарвуу ар гадаргуу, зүүн гуяны гадна доод хэсэгт цус хуралт, ууц нурууны хэсэгт зулгарал, доод зүүн соёо шүдний ирмэг эмтэрсэн” гэмтэл бүхий хөнгөн хохирол тус бүрт учруулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч Х.Алимаа, М.Батсайхан нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №10892, №10893 дугаартай дүгнэлтүүд зэрэг хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар түүний гэм буруутай үйлдэл нь нотлогдон тогтоогдлоо.

 

Шүүгдэгч нь хохирогч Х.Алимаа, М.Батсайхан нарын биед хүч хэрэглэсэн үйлдлээ мэдүүлсэн, хохирогч нараас хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, учирсан гэмтлийн талаар тодорхой мэдүүлсэн болон хохирогч нарын бие махбодид нь хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн гэмтэл учирсан болох нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудаар шүүгдэгч Г.Цгийн үйлдэл нь “хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүх шүүгдэгч Г.Цг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч Х.Алимаа, М.Батсайхан нараас эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаарх баримтууд хэрэгт байхгүй тул тэдгээрийг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич Г.Цгаагаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

 

Г.Ц нь Х.Алимааг зодож байх явцдаа гар утас, ээмэг зэрэг эд зүйлсийг гэмтээсэн байдал тогтоогдсон байх тул шүүгдэгч Г.Цгаас хөрөнгийн үнэлгээрээр тогтоогдсон 72.500 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.Алимаад олгохоор шийдвэрлэв.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Г.Цг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.    

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Г.Цд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор прокурорын саналыг харгалзан 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэхээр шийдвэрлэв.

Хэрэгт шийдвэрлэвэл зохих битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

 

Дээрх гэмт хэрэг гарахад шүүгдэгчээс нийгэмд тогтсон ёс суртахууны хэм хэмжээг зөрчиж олон нийтийн газар бусадтай зүй зохистой харьцах, биеэ зөв боловсон авах зан харилцааны түвшин дутагдсан нөхцөл байдал нөлөөлжээ.

 

            Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч Г.Цг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Г.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Цгаас 72.500 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Алимаад олгосугай.

 

5. Хохирогч Х.Алимаа, М.Батсайхан нар нь эрүүл мэндэд учирсан гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ц нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажлыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

            7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Цд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН