Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 966

 

 

 

 

 

2019         11          13                                   2019/ШЦТ/966       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дуламсүрэн даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Амуундарь,

Улсын яллагч Б.Мөнгөншагай,                        

Иргэний хариуцагч С.Цэрэннадмид,

Шүүгдэгч Ч.З /өөрөө өөрийгөө өмгөөлж/ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.Зт холбогдох эрүүгийн 1903009630414 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, 1984 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хороо Хандгайтын 28 дугаар гудамж 237 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 14-202 тоотод оршин суух, урьд:

 

2006 оны 5 дугаар сарын 16-ны өдрийн Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 141 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

 

2015 оны 8 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 1014 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг 2 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

 

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

 

Шүүгдэгч Ч.З нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Жасиун” төвийн баруун замд “Тоёота Виста” маркийн 92-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан Д.Төмөрсүхийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүх талуудын гаргасан нотлох баримтуудыг шүүх хуралдааны үед тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Ч.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

 

Иргэний хариуцагч С.Цэрэннадмид шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Би тээврийн хэрэгслийн эзэмшигч учраас иргэний хариуцагчаар татагдсан. Золбаяр миний машиныг бариад жил гаруй болж байсан. Би тодорхой хэмжээгээр хохирлын төлбөр өгч болно. Их хэмжээгээр төлж чадахгүй. Би өөрөө ажилгүй, 5 хүүхэдтэйгээ хамт амьдардаг...” гэв.

 

Эрүүгийн 1903009630414 дугаартай хэргээс:

 

Шүүгдэгч Ч.З мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би 2019 оны 8 дугаар сарын 14-ний өглөө би өөрийн түрээсээр унадаг Т.Виста маркийн 92-47 УНЭ улсын дугаартай автомашиныг жолоодон 7 буудлаас 4 хүн аваад Бөмбөгөрт буулгачихаад 7 буудал орох гээд завсарын буудлын явган хүний гарц дээр ойртож очих үед нэгдүгээр эгнээнд ослын гэрлээ асаасан 1 том ачааны автомашин зогсож байсан. Би 1 дүгээр эгнээнд явж байсан бөгөөд 2 дугаар эгнээ рүү шилжин орох үед ачааны автомашины урдуур 1 хүн гараад миний машины урд гарч ирсэн. Би тоормос гишгэсэн боловч очоод явган зорчигчийг мөргөж газарт унагасан. Би буугаад түргэн болон цагдаа дуудсан. Мөргүүлсэн хүн өөрийнхөө утсаар 2 хүүхдээ дуудсан. Түргэн ирээд хүнийг гэмтлийн эмнэлэг рүү авч явсан..." гэсэн мэдүүлэг /хх-ийн 65-66 дугаар хуудас/,

 

Хохирогч Д.Төмөрсүх мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 09 цагийн үед Хаан банк орох гээд гэрээсээ гараад Жасиун төвийн урд талын явган хүний гарцаар зүүнээс баруун тийш чиглэлд гарч явтал машин ирээд мөргөсөн. Тухайн үед урдаас ирсэн 1 дүгээр эгнээний машин зогсохооор нь урдуур нь гартал 2 дугаар эгнээний машин зогсохгүй мөргөсөн. Мөргөнгүүт нь урд копут дээр нь 2 гараараа дартал аваад шидсэн. Би газар унаад өндийх гэтэл босч чадахгүй байсан. Хөл хугарсан хэвтэрт байгаа тул гомдолтой байна....” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-16 дугаар хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 5-6 дугаар хуудас/,

 

Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 8-12 дугаар хуудас/,

 

Явган зорчигчийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...Замын хөдөлгөөнд оролцож явсан Дамдиндагва овогт Төмөрсүхийг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудас/,

 

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд “...92-47 УНЭ улсын дугаартай Виста маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явсан Чимэд-Очир овогт Золбаярыг драйгер багаж ашиглан шалгахад 0.00% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглээгүй болох нь тогтоогдлоо...” гэжээ /хх-ийн 13 дугаар хуудасны ар тал/,

 

Иргэний хариуцагч С.Цэрэннадмид мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...Би тухайн ослын талаар мэдээгүй. Осол хийчихлээ гээд над руу утсаар ярьсан. Тэгээд би ослын газар очсон. Очиход түргэний машин хохирогчийг аваад явсан, жолооч байсан. Миний машиныг унаад 2, 3 жил болж байна. Миний машин бүрэн бүтэн байсан. Урд нүүр гуфер, толь хагарсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,

 

Гэрч Г.Отгонбаяр мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр манай эмээ манай хүүхдийг Дамбадаржаагаас аваад ирж байсан тул би автобусны буудал дээр хүлээгээд зогсож байсан. Гэтэл манай доод гудамжны хөгшин замын зүүнээс баруун тийш явган хүний гарцаар зам гарах гээд зогсож байтал нэгдүгээр эгнээнд явж байсан тээврийн хэрэгсэл өвгөнд зам тавьж өгөөд зогссон. Өвгөн тэр машины урдуур гартал 2 дугааар эгнээнд явж байсан саарал өнгийн машин хурдаа хасч амжилгүй мөргөсөн. Тэгээд өвгөн өнхрөөд унасан. Жолооч бууж очоод өвгөнөөс “бие нь яаж байна” гээд байсан. Өвгөн газарт цацагдсан эд зүйлсээ жолоочоор цуглуулуулж байсан. Тэгээд манай хүүхэд ирээд би явсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

 

Гэрч Н.Лхагвасүрэн мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ “...2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр ажилдаа явах гээд гэртээ байх үед манай ах Төмөрсүх банк орно гээд надаас түрүүлээд гараад явсан. Удалгүй манай эхнэр рүү утсаар залгаж машинд мөргүүлсэн талаараа хэлсэн.  Би ослын газар очоод өөрийн 88162728 дугаарын утсаар цагдаа дуудсан. Ах гараараа газар тулчихсан зүүн хөл ямар ч мэдээгүй болчихлоо гэж байсан. Зам тээврийн осол гарахыг би хараагүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №9906 дугаартай дүгнэлт “...Дүгнэлт:

  1. Д.Төмөрсүхийн биед аарцаг ясны суудал хэсгийн хугарал, зүүн дунд чөмөгний зөрөөтэй хугарал, хугарлыг цэгцлэх мэс ажилбарын дараахь байдал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-Т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг болно.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална...” гэжээ /хх-ийн 34 дүгээр хуудас/,

 

“Ашидбилгүүн” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайланд “...Үнэлэгдэж буй хөрөнгө нь Самсунг Эс5 маркийн гар утасны дэлгэц болно. Тайлангаар үнэлэгдэж буй эд зүйлс нь 2019 оны 8 дугаар сарын байдлаар зах зээлийн дундаж үнэ цэнийг 100.000 /нэг зуун мянга/ төгрөгөөр тогтоов.

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ, Сонгино хайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №060764 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 45-49 дүгээр хуудас/,

 

Өвчний түүх /хх-ийн 76-85 дугаар хуудас/,

 

Мөрдөгчийн №310 дугаартай магадлагаа “...1. Тоёота Веста маркийн 92-47 УНЭ дугаартай автомашины жолооч Ч.З нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн “16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө. Тайлбар: Явган хүний зохицуулдаг ба зохицуулдаггүй гарцыг энэ дүрмийн 15.3- т заасан зохицуулдаг ба зохицуулдаггүй уулзварын тодорхойлолттой адилтгаж ойлгоно.”, “3.4. Жолооч дараах үүргийг хүлээнэ: а/ энэ дүрмийн 4 дүгээр хавсралтад заасан эвдрэл, гэмтэл, техникийн зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдпыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос (чиргүүлтэй үед) эвдэрсэн, харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд хол, ойрын буюу ар талын оврын гэрэл асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолооч талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.”, “ 4 дүгээр хавсралтын 1.1 ажлын тооромсны идвэхжил нь ММЗ:4598 стандартад заасан үзүүлэлтийг хангаж чадахгүй байх тохиолдолд ашиглахыг хориглоно” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 2. Явган зорчигч Д.Төмөрсүх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” гэжээ /хх-ийн 53 дугаар хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны №378 дугаартай шинжээчийн дүгнэлт “...Дүгнэлт: 1. Хэргийн газрын үзлэгээр Toyota-Vista маркийн 92-47 УНЭ улсын дугаартай автомашины зүүн урд тормосны мөр 14.8 метр, баруун тоормосны мөр 12.8 метр гэж авагдсан байх тул уг автомашины хурдыг тогтоох боломжгүй болно. Өөрөөр хэлбэл техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн дүгнэлтээр уг автомашины тоормос стандартын шаардлага хангахгүй өрөөлдөж барих, улмаар тоормосны зам уртсах байдлаар зам тээврийн осолд нөлөөлж болзошгүй гэж дүгнэлтээр гарсан байна.

                    2. Зам тээврийн осол гарахад тээврийн хэрэгслийн техникийн нөхцөл байдал нөлөөлсөн байж болзошгүй байна...” гэжээ /хх-ийн 57-58 дугаар хуудас/,

 

Шүүгдэгч Ч.Зын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 86 дугаар хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 дүгээр хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 87 дугаар хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 88 дугаар хуудас/,  гэрч Л.Баярсайханы мэдүүлэг /хх-ийн 29 дүгээр хуудас/, гэрч Б.Батмөнхийн мэдүүлэг /хх-ийн 31 дүгээр хуудас/, хохирлын баримтууд /хх-ийн 70-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

 

Шүүгдэгч Ч.З нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 09 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо “Жасиун” төвийн баруун замд “Тоёота Виста” маркийн 92-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэсэн заалтыг зөрчсөний улмаас гарцаар зам хөндлөн гарч байсан иргэн Д.Төмөрсүхийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн болох нь дараах нотлох баримтуудаар тогтоогджээ. Үүнд:

 

              -Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, ослын бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд,

              -Хохирогч Д.Төмөрсүхийн мэдүүлэг,

              -Гэрч Г.Отгонбаярын, Н.Лхагвасүрэн нарын мэдүүлэг,

              -Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн №9906 дугаартай дүгнэлт /Д.Төмөрсүхийн биед шинжилгээ хийсэн талаар/,

              - Мөрдөгчийн №310 дугаартай магадлагаа,

              - Тээврийн хэрэгслийн лавлагаа,

  - Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №060764 дугаартай шинжээчийн дүгнэлт,

              - “Ашидбилгүүн” ХХК-ний хөрөнгийн үнэлгээний тайлан,

              - Тээврийн цагдаагийн албаны №378 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг хэрэгт цугларч шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтууд болно.

 

  Зам тээврийн осол гарсан болон хэргийн нөхцөл байдал нь хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, үзлэгийн тэмдэглэлд тусгагдаж, Ч.Зын  жолоодон явсан “Тоёота Виста” маркийн 92-47 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслээр иргэн Д.Төмөрсүхийг мөргөсөн болохыг хохирогч, гэрч, шүүгдэгч нараас тодорхой мэдүүлж, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн зохих заалтыг зөрчсөн болохыг мөрдөгчийн магадлагаа бусад баримтуудаар, хохирогчид хүндэвтэр хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоосон зэрэг хэрэгт ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч Ч.Зын үйлдэл нь “Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн шинжийг агуулсан гэж шүүх үзлээ.

 

Шүүгдэгч Ч.З нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний уг үйлдлийн улмаас хор уршиг гарч болно гэдгийг урьдчилан мэдэх ёстой буюу боломжтой байсаар байтал замын хөдөлгөөнд оролцохдоо явган хүний гарцаар гарч байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгөөгүйн улмаас Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.3-т заасан “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, энэ дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ.” гэж заасан заалтыг зөрчиж зам тээврийн осол гарган, хүнийг гэмтээсэн үйлдэл нь нотлогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байх тул хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.

  Иймд шүүх шүүгдэгч Ч.Зыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

 

  Шүүх хуралдаанд улсын яллагчаас шинжлэн судалсан нотлох баримтуудыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцох нь зүйтэй” гэсэн дүгнэлт гаргаж шүүгдэгчээс хэргийн зүйлчлэл, шүүгдэгчийн гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэв.

 

Хохирогч Д.Төмөрсүхээс гэм хорын хохиролд баримтаар 950.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтуудаар шүүгдэгч Ч.З нь уг хохирлыг төлж барагдуулсан болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн мэдүүлэг хохирогч Д.Төмөрсүхийн хүсэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Мөн хохирогч Д.Төмөрсүхээс “...эмчилгээ хийлгэнэ...” гэсэн хүсэлтээ илэрхийлсэн тул түүнийг эмчилгээ хийлгэхтэй холбоотой цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар шүүгдэгч Ч.Заас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдлаа.

 

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Шүүх шүүгдэгч Ч.Зыг гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Ч.Зт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүйг дурьдах нь зүйтэй байна.

 

            Шүүхээс Ч.Зын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан оногдуулсан ял дээр нэмж тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ялыг оногдуулах зүйтэй гэж үзлээ.

 

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзсэний үндсэнд Ч.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан төрөл, хэмжээний дотор болох 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэхээр шийдвэрлэв.

Шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэх, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 5 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоов.

 

Дээрх гэмт хэрэг гарахад жолооч Ч.Заас замын хөдөлгөөнд хэт хайхрамжгүй оролцсон, холбогдох хууль, дүрмийг баримтлах талаар ёс суртахууны зөв дадал хэвшээгүй байдал нөлөөлсөн гэж үзэхээр байна.

 

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан зүйл заалтуудыг тус тус удирдлага болгон 

 

         ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Ч.Зыг Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Ч.Зт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу (1 нэгж=1000 төгрөг) 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчилэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Ч.З нь цагдан хоригдсон хоноггүй, нэхэмжилсэн баримтаар хохирогчид төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй болохыг тус тус дурдсугай. 

 

5. Хохирогч Д.Төмөрсүх нь цаашид гарах гэм хорын хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич Ч.Заас нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.  

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.З  нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг анхааруулсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө, улсын яллагч, дээд шатны прокурор шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай. 

8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Зт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.      

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Б.ДУЛАМСҮРЭН