| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0000/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/280 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Алтай |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/280
2019 10 25 2019/ШЦТ/280
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч С.Алтай
Шүүгдэгч Д.Д нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Алтайгаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эцээд овогт Д. Д-д холбогдох эрүүгийн 1921............. дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Дорнод аймгийн Хэрлэн сумын ... дугаар баг .................тоотод оршин суух, урьд Дорнод аймгийн Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 14-ны өдрийн 213 дугаар шийтгэх тогтоолоор 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, бие эрүүл, хэрэг хариуцах чадвартай, Эцээд овогт Д. Д. /РД: ЖЯ............../,
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанааар:
Шүүгдэгч Д.Д 2019 оны 09 дүгээр сарын 23-ны Дорнод аймгийн Хэрлэн сумын ..... дугаар баг .....................тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Д цохиж түүний эрүүл мэндэд нь зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.Д ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 22-ны орой 20 цагийн орчимд гэртээ байж байхад манай найз Г утсаар залгаад “Д ахынд хүрээд ир, ганц шил архи ууя” гэж хэлэхээр нь би Д ынд очиход гэрт нь Д, Т , Г гурав нь нэг шил 0.75 литрийн Алтантүрүү архи, 2.5 литрийн “Нийслэл” нэртэй пиво уугаад сууж байсан. Тэгээд бүгдээрээ архи пивоо уугаад сууж байхад Т, Д хоёр нь хоорондоо маргалдаж байснаа хэрүүлдээ миний төрсөн ах Д “Д нь зоддог” гэж хэлэхээр нь миний уур хүрээд Д -д хандаж “төрсөн дүүгийнх нь хажууд ингэж ярьж болохгүй шүү” гэж хэлэхэд аав, ээж, дүү нартай чинь би зодож чадна шүү гэхээр нь “хоёулаа гарч зодолдоё” гээд Д ахын гэрээс дагуулж гарсан. Гадагшаа гараад Д нь намайг түлхэхээр нь нүүр рүү нь нэг удаа гараараа цохингуутаа гэрлүүгээ зугтсан. Зугтаж байхдаа би бүдрээд унатал Д нь намайг хөөгөөд яг ард ирж байхаар нь газраас чулуу аваад шидчихээд буцаад зугтсан. Тэгээд гэрийнхээ үүдэнд ирэхэд намайг гүйцэж унагаад миний нүүр рүү хэд хэд алгадсан. Тэр үед манай эмээ гарч ирж бид хоёрыг салгасан..., гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-22-23 дугаар хуудас/,
Хохирогч Э.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр гэртээ найз Д ын хамт пиво уугаад сууж байхад Г гэх залуу манай гэрт орж ирээд хамт ууж байгаад Г нь найз Д ыг дуудсан. Тэгээд Г, Д, Д нарын хамт пиво ууж байтал Д нь “намайг гараад уулзъя” гэхээр нь хамт гарсан чинь миний нүүр лүү нэг удаа гараагаа цохиод газраас чулуу авч миний нүдрүү шидээд зугтсан. Тэгэхээр нь араас нь хөөж очиж барьж авч хоёр удаа Д ыг алгадсан. Тэр үед Д ын эмээ, эгч нар нь ирж салгасан... Эмчилгээний мөнгө нэхэмжлэхгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Ж 2019 оны..... дүгээр сарын ...-ны өдрийн .... дугаартай дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:
1. Э.Д ын биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн хацар, хүзүү, баруун сарвууны зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэх байх боломжтой шинэ гэмтэл.
3. Дээрх гэмтлийн зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, бусад гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар: Дорнод аймгийн Хэрлэн сумын..... дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 24 дүгээр хуудас/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, мөрдөн байцаалтын үед хийгдсэн тодорхойлолт, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, өмнө ял шийтгүүлсэн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 26-27, 30-34 дугаар хуудас/,
Хохирогч Э.Д нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн, гомдол саналгүй тухай 2019 оны ... дүгээр сарын ....-ны өдөр гаргасан хүсэлт /хх-ийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921....... дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.Д нь 2019 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын .......дугаар баг ............тоотод согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Э.Д-ыг цохиж зүүн нүдний зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгчийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-23 дугаар хуудас /, хохирогч Э.Д-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 8-10 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч Ж.Ж 2019 оны .... дүгээр сарын ....-ны өдрийн .... тоот дүгнэлт /хх-ийн 16 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн архи ууж согтуурсан, хууль зүйн ухамсар дутмаг байдал, нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцаа, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.
Шүүгдэгч нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Д.Д нь хохирогч Э.Д-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан бөгөөд хохирогчтой эвлэрч, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгч Д.Д ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.Д ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Д. Д-ын үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 1 хэсэгт заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Д.Д-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Д.Д нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Д-ын ЖЯ.............. тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Эцээд овогт Д.Д-ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д-ыг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Д хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг Д.Д 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Д.Д- ын ЖЯ.... тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Д.Д...... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН