| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Болдбаатарын Батсайхан |
| Хэргийн индекс | 168/2019/0275/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/276 |
| Огноо | 2019-10-25 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Э.Идэрбат |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 2019/ШЦТ/276
2019 10 25 2019/ШЦТ/276
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Батсайхан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч Э.Идэрбат
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Идэрбатаас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Шарайд овогт Ц.Э-д холбогдох эрүүгийн 1921.............дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1962 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, оёдолчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Дорнод аймгийн Хэрлэн сумын .... дүгээр багийн ....тоотод оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Шарайд овогт Ц.Э /ЖЬ............/.
Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг, Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хойд талын төв замаар “Ниссан тида маркийн .....ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино”, мөн дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс, чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Т.М. жолоодон явсан “Даюун” маркийн .....ДОЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, улмаар Т.М...... эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгч Ц.Э мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6-р багт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захаас хоёр хүн аваад “Мянгат” гэх газрын эмийн сангаас эм аваад буцаад “Зангиат” гэх газарт хүргэж өгөх гээд явж байхад Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талд байх замын уулзвараар зүүн эргэх үед мотоцикльтой хүн миний тээврийн хэрэгслийн баруун хойд дугуйг мөргөөд унасан. Би тээврийн хэрэгслээ зогсоогоод очиход тэр хүн миний тээврийн хэрэгслийн хажууд хэвтэж байсан. Тэгээд тэр хүнийг өргөөд замын хойд талын хашлага дээр суулгасан. Тэгээд цагдаа болон эмнэлэгт мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 хуудас/,
Хохирогч Т.М н мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Шүр” захаас ..............ДОЗ улсын дугаартай мотоцикльтой хөдлөөд Зүүн Бүсийн Оношилгоо Эмчилгээний төвийн ертөнцийн зүгээр хойд талын замын уулзварт ............ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын хөдөлгөөний дүрэм зөрчиж зам тавьж өгөхгүй урдаас зүүн дараад ороод ирсэн би сандраад тоормос гишгэсэн боловч хурдаа хасаж чадахгүй уг тээврийн хэрэгслийн арын дугуйн хавьцаа мөргөөд унасан. Миний хөл хугарсан тэр үед. Машины жолооч бууж ирээд мотоциклийг өргөөд холдуулж намайг замын хажууд суулгаад цагдаа болон түргэн дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,
Шүүхийн шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж.... 2019 оны ...дүгээр сарын ....-ний өдрийн..............дугаартай:
1. Т.М биед зүүн шилбэний шаант болон тахилзуур ясны доод 1/3 хэсгийн далд хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Дээрхи гэмтэл нь Шүүхийн эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/,
Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Б 2019 оны ... дүгээр сарын ..-ны өдрийн ....тоот техникийн шинжээчийн дүгнэлтэд:
1. Nissan Tida маркийн ........ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явсан жолооч Ц.Э нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д зааснаар Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 15.10-д зааснаар Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчсөн байна.
2. Хэрэг бүртгэлийн хэрэгт байгаа материалтай танилцахад Nissan Tida маркийн ............ДОА улсын дугаартай автомашины тормосны мөр ослын газарт хийсэн үзлэгийн тэмдэглэл, схем зураглалд тэмдэглээгүй байх тул хурдыг тогтоох боломжгүй байна.
3. Nissan Tida маркийн .........ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Ц.Э......... нь Цагдаагийн байгууллагын нэгдсэн системээс/ ЖЬ........./ регистрийн дугаараар жолоочийн лавлагааг авахад /BC-ангилалын 39......./ серийн дугаартай тухайн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэх нь 2015 оны 03 дугаар сарын 04-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 04-ны өдөр хүртэл хугацаанд хүчинтэй байна.
4.5 Жолоооч Ц.Э нь ЗЦТ-н зохицуулагч цагдаагийн дэслэгч Б.Бхийсэн үзлэгийн тэмдэглэлээр архи согтууруулах ундаа хэрэглээгүй эрүүл байх бөгөөд Nissan Tida маркийн ............ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийн техникийн үзлэгийн тэмдэглэлд бүрэн гэсэн тэмдэглэл зэргээс үзэхэд уг тээврийн хэрэгсэл нь техникийн хувьд бүрэн байх үндэслэлтэй байна.
6. Осол гарсан шалтгаан нь жолооч Nissan Tida маркийн .........ДОА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодон явсан жолооч Ц.Э Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3 замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино. МУ-ын замын хөдөлгөөний дүрмийн 15.10. Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө гэсэн дүрмийн заалтыг тус тус зөрчиж замын хөдөлгөөнд оролцсон учир зам тээврийн осол болсон гэж үзэж байна гэх дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/,
-Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл, хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/
- Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, схем зураг, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлүүдэд үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 06-12 дугаар хуудас/ -Вендо /Appraisal company/-ийн хөрөнгийн үнэлгээний компанийн Авто машин техникийн үнэлгээний тайлан /хх-ийн 29/
Шүүгдэгч нь ял шийтгүүлж байгаагүй болох нь Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байгаа бөгөөд шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлааны хуулбар, /хх-ийн 37,40 дүгээр хуудас/, Дорнод аймгийн Хэрлэн сумын 9 дүгээр багийн засаг даргын тодорхойлолт,
Хохирогч Т.М. нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн тухай гаргасан хүсэлт /хх-ийн 45 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1921............ дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ц.Э.нь 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр 16 цагийн орчимд Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багийн нутаг, Зүүн бүсийн оношилгоо эмчилгээний төвийн хойд талын төв замаар “Ниссан тида” маркийн ............ДОА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3 дугаар зүйлд заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй хөдөлгөөнд осолтой байдал би болгохгүйгээр зорчино” гэх, мөн дүрмийн 15.10 дугаар зүйлд заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс, чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас иргэн Т.М..............жолоодон явсан “Даюун” маркийн .........ДОЗ улсын дугаартай мотоцикльтой мөргөлдөж, Т.М..............эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Ц.Э............ мөрдөн шалгах ажиллагаа болон шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг, хохирогч Т.М................/хх-ийн 14 дүгээр хуудас/- ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Дорнод аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Ж.Ж............... 2019 оны ........... дүгээр сарын.....-ний өдрийн ........ дугаартай дүгнэлт /хх-ийн 20 дугаар хуудас/, Дорнод аймаг дахь Цагдаагийн газрын Замын Цагдаагийн тасгийн зохицуулагч, цагдаагийн дэслэгч Н.Б. 2019 оны....... дүгээр сарын ....ны өдрийн ..........тоот техникийн шинжээчийн дүгнэлт /хх-ийн 24-25 дугаар хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Ц.Э............Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч нь гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Ц.Э нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан байх бөгөөд хохирогч Т.М нь нэхэмжлэх зүйлгүй гэж байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан, хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байхгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт “Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана” гэж заасан ба шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэх санал гаргасныг харгалзан шүүгдэгч Ц.Э-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь “Шүүх хуралдаанд өмгөөлөгч авахгүй, өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэсэн хүсэлт гаргасан тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Э ЖЬ............ тоот регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 17.5, 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Шарайд овогт Ц.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар замын хөдөлгөөнд оролцох үедээ хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Шарайд овогт Ц.Э 500 /таван зуу / нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э цалин, орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримт болон эд хөрөнгө битүүмжлэгдэж ирээгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч Ц.Э........ ЖЬ........... регистрийн дугаартай иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ц.Э............... авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар тогтоол гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.БАТСАЙХАН