| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/05099/И |
| Дугаар | 101/ШШ2016/04918 |
| Огноо | 2016-06-23 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 23 өдөр
Дугаар 101/ШШ2016/04918
| 2016 оны 06 сарын 23 өдөр | Дугаар 101/ШШ2016/04918 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгч Г.Амаржаргалан, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, Монос 2 дугаар гудамж, 32 тоотод оршин суух, Боржигон овогт Сарангэрэлийн Энхжаргал /РД:СЮ59022772/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 22 дугаар хороо, Өлгийн 10-133 тоотод оршин суух, Боржигон овогт Цэрэнпунцагийн Нэргүй /регистрийн дугаар ХД86050413/-д холбогдох
Эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглах явцад учирсан хохирол 1,310,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа, хариуцагч Ц.Нэргүй, хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин, иргэдийн төлөөлөгч Т.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч С.Энхжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Уранзаяа шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: С.Энхжаргал нь амьжиргаагаа залгуулж таксинд явах зорилгоор 2013 онд Приус 11 маркийн 93-14 УНП дугаартай автомашиныг Хас банкны 105 дугаар салбараас 8,300,000 төгрөгийн лизингээр худалдан авч байсан. 2014 оны 5 дугаар сард Хас банкнаас авсан 8,300,000 төгрөгийн лизингээ төлж барагдуулсан. Тухайн үед С.Энхжаргал надад жолооны үнэмлэх байхгүй байсан тул Приус 11 маркийн 93-14 УНП дугаартай өөрийн өмчлөлийн автомашинаа охин Э.Өнөржаргал, түүний нөхөр Ц.Нэргүй нарт үнэ төлбөргүй ашиглуулж байсан. Ц.Нэргүй нь ойр зуурын хэрэглээнд автомашиныг унаж, хүүхдүүдээ цэцэрлэгт зөөдөг байсан.
Гэтэл миний охин Э.Өнөржаргал 2014 онд нөхөр Ц.Нэргүйтэй хамт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автмашинд сууж яваад маргалдан улмаар явж байсан автомашины хаалгыг онгойлгон унаж нас барсан.
Үүнээс хойш би өөрийн өмчлөлийн Приус 11 маркийн 93-14УНП дугаартай автомашиныг Ц.Нэргүйгийн эзэмшлээс авах гэж удаа дараа мэдэгдсэн боловч машиныг өгөхөөс татгалзсан.
Иймд миний бие өөрийн эхнэр Д.Өнөрхүүүгийн хамт шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг нэхэмжлэлд өөрийн автомашиныг авсан төлбөр болох 8,300,000 төгрөгийг нэхэмжилсэн. Миний эхнэр Д.Өнөрхүү намайг төлөөлж шүүх хуралд оролцох үед итгэмжлэл хийлгээгүй байсан тул 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 00972 шүүхийн шийдвэрт эд хөрөнгийг нэхэмжлэх эрхгүй этгээд хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон.
Шүүх хурал болж өнгөрсний дараа Ц.Нэргүй автомашиныг өгсөн боловч автомашины эд ангийг тонож 1,310,000 төгрөгийн хохирлыг ашиглах явцдаа учруулсан байна. Автомашинд учирсан хохирлыг тогтоолгох зорилгоор үнэлгээ хийлгэсэн. “Арвижих эстимэйт” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр гаргасан 7021 тоот үнэлгээний тайлангаар автомашинд учирсан нийт хохирол 1,310,000 төгрөг болсон.
Гэвч Ц.Нэргүй өнөөдрийг хүртэл С.Энхжаргал надад учирсан хохирлыг барагдуулаагүй бөгөөд би өөрийн мөнгөөр засварласан. Ц.Нэргүй нь намайг төл гэсэн шүүхийн шийдвэр гараагүй би төлөх ёсгүй хэмээн удаа дараа татгалзаж сайн дураараа хохирлыг барагдуулахгүй байна.
Ц.Нэргүй нь одоогоор Баянзүрх дүүрэг 22 дугаар хороо, 134 тоотод эцэг, эхийн хамт амьдарч байна. Талийгаач охин Э.Өнөржаргалыг нас барснаас хойш зээ Н.Мөнххүслэн, Ө.Мөнхдөлгөөн нарыг өөрийн асрамжиндаа байлгаж байна.
Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж С.Энжаргалд учирсан хохирол болох 1,310,000 төгрөгийг Ц.Нэргүйгээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ц.Нэргүй шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Приус маркийн 93-14УНП улсын дугаартай автомашиныг урьдчилгаа 4,000,000 төгрөгийг хадмууд гаргаж, үлдэх 4,400,000 төгрөгийг хадам С.Энхжаргалын нэр дээр зээл авч төлөлтийг эхнэр Д.Өнөржаргал бид хоёр цалин хөлс, орлогоосоо төлдөг, сар бүр 280,000-250,000 төгрөг төлж, 1 жил 6 сар орчим болсон. Миний тооцоогоор бид 3,000,000 орчим төгрөгийг өөрсдийн нэрээр хадам аавын зээлийг банкинд төлж байсан. Хожим үлдэгдлийг хадам төлж дуусгаад өөрийн нэр дээр авах байсан уу эхнэрт өгөх байсан уу, мэдэхгүй. Хас банкны нэр дээр байж л байсан.
Хадам С.Энхжаргал намайг автомашиныг тонож 1,310,000 төгрөгийн хохирол учруулсныг төлүүлэхээр нэхэмжилжээ. Ямар эд анги миний буруугаас алдагдсан эсэхийг одоогоор хэлж мэдэхгүй байна.
Машинаа хашаанаас унаад явахдаа засварт оруулсан байх. Мөнх-Эрдэнэ гэж хөрш залуу нь унаж яваад юм мөргөж урд буфер хагарсан, копут хэлбэрээ алдаж, рам нь чихэгдсэн байсан. 3 давхар радиатор цаашаа чихэгдэж эвдэрсэн, мотортой наалдсан байсан. Гэхдээ цоороогүй байсан. Тэгээд 2 долоо хоногийн дараа хадам С.Энхжаргал машиныг дүү Аюушаар бариул ирэхэд 1 сая гаран төгрөгөөр засууллаа гэж байсах. Намайг мөнгийг нь өгөөрэй гэж хэлээд явсан.
Би тэр машиныг эвдэж элэгдэл хорогдолд оруулаагүй. Талийгаач эхнэр 3 сая орчим төгрөг төлснийхөө хувьд ажил амьдралдаа хэрэглэж байсан. Засвар хийсэн бол Мөнх-Эрдэнийн эвдсэн эд анги ч мөн засах л ёстой эвдрэл байсан. Тэрий би хариуцах үндэсгүй. Нэхэмжлэгч С.Энхжаргалын нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхтүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч С.Энхжаргал нь хариуцагч Ц.Нэргүйд холбогдуулан, автомашиныг үнэ төлбөргүй ашиглуулах явцад учирсан хохирол 1,310,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Хэрэгт авагдсан Хас банкны Баянзүрх салбарын 2016 оны 02 дугаар сарын 29-ний өдрийн 05/143 дугаар албан бичиг болон зохигчийн тайлбар зэргээс үзэхэд, Тоёота Приус маркийн 93-14УНП улсын дугаартай автомашиныг нэхэмжлэгч С.Энхжаргал нь Хас банкны санхүүгийн түрээсийн зээлээр худалдан авч 2014 оны 5 дугаар сарын 19-ний өдөр зээлээ төлж дуусгасан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгч С.Энхжаргалыг уг автомашинд учирсан хохирлыг бусдаас гаргуулахаар шаардах эрх бүхий этгээд гэж үзнэ.
Нэхэмжлэгч С.Энхжаргал нь Тоёота Приус маркийн 93-14УНП улсын дугаартай автомашиныг өөрийн охин, талийгаач Э.Өнөржаргал болон хүргэн Ц.Нэргүй нарт үнэ төлбөргүй ашиглуулахаар өгсөн байх бөгөөд хариуцагч Ц.Нэргүй, талийгаач Э.Өнөржаргал нар нь уг автомашиныг эзэмшиж, ашиглаж байсан нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул талуудын хооронд Эд хөрөнгө үнэ төлбөргүй ашиглах тухай хэлцэл хийгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Автомашиныг үнэ төлбөргүй ашиглуулах тухай С.Энхжаргалын саналыг Э.Өнөржаргал, Ц.Нэргүй нар хүлээн авсан үйл баримт тогтоогдсон тул талуудын хооронд хийгдсэн “Автомашин үнэ төлбөргүй ашиглах тухай” хэлцэл нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасны дагуу хүчин төгөлдөр хэлцэл болжээ.
Эд хөрөнгийг үнэ төлбөргүй ашиглаж байгаа этгээд нь тухайн хөрөнгийг ердийн зориулалтаар ашиглах, ердийн элэгдлээс муутгахгүй, бүрэн бүтэн буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Хэрэгт авагдсан “Арвижих-эстимейт” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 74021 дугаартай “Автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан”-гаас үзэхэд, Тоёота Приус маркийн 93-14УНП улсын дугаартай автомашины их эвдрэлтэй, солих шаардлагатай эд ангиудад зүүн урд их гэрэл дохио 400,000 төгрөг, жолооч, зорчигчийн ослын дэр 140,000 төгрөг, баруун толь иж бүрэн 160,000 төгрөг, зүүн хойд гэрэл 200,000 төгрөг, баруун урд хаалганы дотор салон 20,000 төгрөг, хөгжимний хүрээ /мөөгөн салон/ 350,000 төгрөг, эд анги солих зардал 250,000 төгрөг, толь будах зардал 10,000 төгрөг, 20 гр будаг, туслах материал, лак 5,000 төгрөг, шууд бус зардал 40,000 төгрөг, нийт 1,310,000 төгрөгийн хохирол учирсан байна.
Хэдийгээр нэхэмжлэгч С.Энхжаргал нь тухайн автомашиныг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн эсэхээ нотлоогүй боловч автомашиныг анх авсан байдлаасаа дордсон болохыг хариуцагч зөвшөөрч байна.
Дээр дурдсанаар хариуцагч Ц.Нэргүй нь тухайн автомашиныг ердийн элэгдлээс муутгахгүй, бүрэн бүтэн буцаан өгөх, гэм буруугийн хэлбэрээс үл шалтгаалан автомашинд учирсан хохирлыг хариуцах үүрэгтэй тул Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хангагдах үндэслэлтэй.
Харин дээр дурдсан гэрээний дагуу автомашиныг үнэ төлбөргүй ашиглах этгээдүүд болох Э.Өнөржаргал, Ц.Нэргүй нарыг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар хамтран үүрэг хүлээсэн гэж үзэх бөгөөд автомашиныг ашиглаж байсан Э.Өнөржаргал нас барсан болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсоны зэрэгцээ автомашинд хохирол учирсан байдал зэргийг харгалзан үзэж нэхэмжлэлийн шаардлага 1,310,000 төгрөгийн тал хувийг хариуцагч Ц.Нэргүйгээс гаргуулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Нөгөөтэйгүүр, хариуцагч Ц.Нэргүй нь Тоёота Приус маркийн 93-14УНП улсын дугаартай автомашиныг Мөнх-Эрдэнэ гэгч этгээд жолоодож яваад эвдрэл хохирол учруулсан талаар дурдаж нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн боловч “Арвижих-эстимейт” ХХК-ийн 2015 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 74021 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон 1,310,000 төгрөгийн хохирол бүхий эвдрэлд хамааралтай гэж үзэх үндэслэл тогтоогдоогүйг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 342 дугаар зүйлийн 342.2-т заасныг баримтлан хариуцагч Ц.Нэргүйгээс 655,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхжаргалд олгож, 1,310,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 655,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 35,910 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Нэргүйгээс 20,270 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Энхжаргалд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА
ШҮҮГЧИД Г.АМАРЖАРГАЛАН
Т.ЭНХЖАРГАЛ