| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сумъяагийн Пүрэвсүрэн |
| Хэргийн индекс | 105/2019/0476/э |
| Дугаар | 1750 |
| Огноо | 2019-11-19 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Ганцэцэг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 19 өдөр
Дугаар 1750
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж
нарийн бичгийн дарга: Л.Ундармаа
улсын яллагч: Ц.Ганцэцэг
шүүгдэгч өөрийгөө өмгөөлж оролцов:
шүүгдэгч: О.У нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт О У холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн 1906020425226 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт О У,19 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эцэг, эхийн хамт Баянзүрх дүүргийн дугаар хороо тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД: ,
Холбогдсон хэргийн талаар:
О.У нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Чингис зочид буудлын 2 давхарын паб дотор иргэн О.Б толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхэд талуудын гаргасан дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.
Шүүгдэгч О.У шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 15-ны шөнө 23 цагийн үед би ариун цэврийн өрөө орчихоод ирэхэд надтай хамт явж байсан эгчийг нэг залуу түлхээд, татаж чангаагаад байхаар нь толгой тус газар нь гартаа байсан шар айрагны шилээр цохисон. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Би эрүүлжүүлэхэд орсон. Хохирогч гэмтлийн эмнэлэг явсан гэв.
Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 16-ны орой 20.00 цагийн орчимд найз Н, эгч Т хамт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд байх Чингис буудалд ороод хэдэн шил пиво болон 2 шил архи хувааж ууцгаасан. Ингээд тус буудлын 2 дугаар давхарт байрлах пабад ороод хүний 1 шил пиво авч уусан. Тэгээд бид гурав бүжгийн талбай дээр бүжиглэж байхад үл таних хоёр залуугийн нэг нь Т эгчийг өдөж хоргоогоод байсан ба удалгүй Н тэр газраас гэртээ харихаар явсан. Т эгч бид хоёр үлдсэн бөгөөд би буудлын өрөөрүүгээ орчихоод эргээд эртэл нөгөө үл таних залуу Т эгчийг татаж чангаагаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би гартаа барьж байсан пивоны шилээр толгойруу нь нэг удаа цохисон ба пивоны шил хагарсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Уг залуу намайг эргүүлээд нэг удаа нүүрэнд цохисон гэжээ. /хх-н 9-10/
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 00.00 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад Чингис пабад орж 2 шил пиво уугаад үүдэн дээр нь гараад тамхи татаж байсан чинь пабын гадна танихгүй нэг эмэгтэй нэг настай эгч рүү дайраад хэл амаар доромжлоод байхаар нь очоод чи болиоч өөрийнхөө ээж шигээ хүнийг гэж хэлээд мөрөн дээр нь дараад холдуулаад эргээд хартал танихгүй залуу пивоны шилээр миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гараад унатал нөгөө залуу зугтаах гэсэн тэгэхээр нь би барьж аваад байж байтал нөгөө доромжлуулж байсан эмэгтэй эгч цагдаа дуудсан. Миний толгойны зүүн дээд хэсэгт пивоны шилээр нэг удаа цохисон гэжээ. /хх-н 5-8/
Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 11 /
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12555 тоот дүгнэлт:
1.О.Б биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл.
3.Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-н 13-14/
Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 16,15/
О.У иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 18/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 17/,ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 19 /,
О.У Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 24/, прокурорын тогтоол /хх-н 25-26/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 28-29/
О.У хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 30-31/ зэрэг болно.
О.У нь 2019 оны 10 дугаар сарын 16-ны шөнө Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо Чингис зочид буудлын 2 давхарын паб дотор иргэн О.Б толгойн тус газар пивоны шилээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.Үүнд:
Хохирогч О.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... пабын гадна танихгүй нэг эмэгтэй нэг настай эгч рүү дайраад хэл амаар доромжлоод байхаар нь очоод чи болиоч өөрийнхөө ээж шигээ хүнийг гэж хэлээд мөрөн дээр нь дараад холдуулаад эргээд хартал танихгүй залуу пивоны шилээр миний толгой руу цохисон. Миний толгойноос цус гараад унатал нөгөө залуу зугтаах гэсэн тэгэхээр нь би барьж аваад байж байтал нөгөө доромжлуулж байсан эмэгтэй эгч цагдаа дуудсан. Миний толгойны зүүн дээд хэсэгт пивоны шилээр нэг удаа цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 5-8/
Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн шинжилгээний 12555 тоот дүгнэлтээр: О.Б биед тархи доргилт, зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх өдөр үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэж тогтоожээ. /хх-н 13-14/
Шүүгдэгч О.У мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... үл таних хоёр залуугийн нэг нь Т эгчийг өдөж хоргоогоод байсан ба удалгүй Н тэр газраас гэртээ харихаар явсан. Т эгч бид хоёр үлдсэн бөгөөд би буудлын өрөөрүүгээ орчихоод эргээд эртэл нөгөө үл таних залуу Т эгчийг татаж чангаагаад явуулахгүй байсан. Тэгэхээр нь би гартаа барьж байсан пивоны шилээр толгой руу нь нэг удаа цохисон ба пивоны шил хагарсан. Тэгээд удалгүй цагдаа ирсэн. Уг залуу намайг эргүүлээд нэг удаа нүүрэнд цохисон гэсэн мэдүүлэг /хх-н 9-10/ зэрэг болно.
О.У үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Иймд О.У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож тухайн зүйл хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Хохирогч О.Б нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Энэ хэргийн улмаас О.У нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүх О.У хуулинд зааснаар өмгөөлөгч авах эрхтэйг тайлбарлаж өмгөөлөгчөөр хангасан боловч өмгөөлөгч авахгүй, шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ гаргаж өгсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч шүүх хуралдаанд өмгөөлөгч оролцуулалгүйгээр хэргийг шийдвэрлэсэн болно.
Шүүх О.У ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн хөнгөрүүлэх нөхцөл байдал мөн О.У нь өөрийн гэм буруу болон прокурорын тавьсан торгох ялын саналыг хүлээн зөвшөөрсөн тул шүүх түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, прокурорын саналыг харгалзан торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Б овогт О У Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар О.У 500 нэгжтэй тэнцэх хэмжээний 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.У нь торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.У нь шүүхийн тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлэхгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.
5.О.У нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.
6.Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол О.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, О.У нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
8.Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.
9.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.У авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ С.ПҮРЭВСҮРЭН