Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00382

 

С.Хийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00356 дугаар шийдвэр,       

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2303 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: С.Х

          Хариуцагч: “Б” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газар /НӨААТҮГ/-т холбогдох

      Ажилд эгүүлэн тогтоолгох, олговор гаргуулах, зохих дэвтэрт холбогдох бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ц хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

          Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон түүний төлөөлөгчийн тайлбарт: 2017-05-19-ний өдөр ажлаас халсаныг  зөвшөөрөхгүй байна. Би  байгууллагын нууцыг задруулсан зүйл байхгүй,  үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Өөрөөр хэлбэл, байгууллагын нууцын тухай баримт нь хавтаст хэрэгт авагдаагүй. Хариуцагчийн яриад байгаа хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтод дурдсан заалтууд нь ажлаас халсан тушаалтай ямар ч хамааралгүй юм.Би ямар нэг  зөрчил гаргаагүй тул ажлаас халсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл хэзээ бичигдсэн нь тодорхойгүй, хуралд 5 хүн оролцсон гээд байгаа боловч бичлэгийг сонсохоор хүний нөөц хуралд дуустал орж ирээгүй, оролцоогүй байдаг. Хурлын тэмдэглэл зөрүүтэй худал бичигдсэн нь тогтоогдож байна. Ажлаас халахдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5-ыг барьсан.  Иймд  “Б” ОНӨААТҮГ-ын нярав, мөнгөн кассчины ажилд эгүүлэн тогтоож,  ажилгүй байсан хугацааны олговор гаргаж, нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж, ажлыг хэвээр үргэлжлүүлэхийг даалгуулж өгнө үү,

           Хариуцагч хариу тайлбартаа: Нэхэмжлэгч дотоод журам болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийг зөрчиж байгууллагын нууцыг задруулсан. Энэ нь  2017-05-18-ны өдрийн хурлын тэмдэглэлд бичигдсэн /хх 42-49/ байгаа. Нэхэмжлэгч  хэд хэдэн баримтуудыг гадагш гаргасан гэдгээ нэхэмжлэлдээ дурдсан. Хөдөлмөрийн тухай хуулийн  40.1.5-т заасны дагуу ажлаас чөлөөлсөн нь үндэслэлтэй. Олон жил ажилласан учир өөр ажлын байр санал болгосон ч  нэхэмжлэгч зөвшөөрөөгүй. Байгууллагын нууцын тухай хуулийн 3.1.2-т зааснаар байгууллага өөрөө нууцаа тогтоох эрх нь байгаа.  Нэхэмжлэгч ажил олгогчийн итгэлийг алдаж байгууллагын баримтуудыг гадагш дамжуулснаа өөрөө  нэхэмжлэлдээ дурдсан байгаагаас гадна захирлуудын зөвлөлийн хурлын тэмдэглэл, СД бичлэгийн баримтуудаар энэ нөхцөл байдал тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч нь  Онон гэдэг хүнд баримт дамжуулж өгсөн байдаг.  Хурлын тэмдэглэл 42-49 дугаар талд мөн СД бичлэг, тэмдэглэл хоёр таарч байгаа. Тухайн хуралд Насанбат оролцоогүй ч гэсэн хүний нөөцийн хурлаар хэлэлцсэн асуудлыг бүхэлд нь үгүйсгэж болохгүй. Нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00356 дугаар шийдвэрээр Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар С.Хийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар энэ гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

            Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2303 дугаар магадлалаар Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00356 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхижээ.

           Нэхэмжлэгчийн төлөөлөгч хяналтын гомдолдоо: Хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн СД соронзон хальсанд бичигдсэн зүйл, агуулагдсан мэдээллийг бичгэн хэлбэрт оруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн. Энэ нь Дээд шатны шүүхүүд хэргийн нотлох баримттай бүрэн танилцаж, хэрэгт авагдсан баримтыг тал бүрээс нь бүрэн дүүрэн үнэлэх боломжгүй нөхцөл байдалд хүргэж байна. Ажил олгогч нь эд хөрөнгө, санхүүтэй хамааралгүй зөрчил буюу байгууллагын нууцыг задруулсан гэх үндэслэл, шалтгаанаар мөнгө эд хөрөнгө хариуцсан ажилтан болох нэхэмжлэгч С.Хт ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулсан, Улсын Дээд шүүхийн 33 дугаар тайлбараас үзэхэд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтад дурдсан зөрчил эд хөрөнгийн зөрчил байхаар ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалтыг буруу хэрэглэсэн гэж бодож байна. Хариуцагч талаас нотлох баримтаар өгсөн “Б” ОНӨААТҮГ-ын хурлын тэмдэглэл нь худал буруу бичигдсэн, тус хуралд байгаагүй хүний нөөцийн менежер Ч.Насанбатыг байсан мэтээр бичиж, үг хэлсэн болгож зохиож бичсэн бөгөөд үүнийг хариуцагч шүүх хуралдаанд хүлээн зөвшөөрч “Насанбат оролцоогүй ч гэсэн хүний нөөцийн хурлаар хэлэлцсэн асуудлыг үгүйсгэж болохгүй” гэж хэлснийг шүүхийн шийдвэрт тусгасан байгаа. Мөн нэхэмжлэгчийн зүгээс хэлээгүй, яриагүй үгийг хэлсэн, ярьсан болгож бичсэн байдаг. Гэтэл энэ тэмдэглэлийг шүүх үндэслэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчаас хариу тайлбартаа нэхэмжлэгчийг 2017.03.29-ний өдөр санхүүгийн баримтыг Ц.Ононд дамжуулж, зөрчил үйлдсэн гэдэг. Үүнээс өөр зөрчил гаргасан, илрүүлсэн гэх цаг хугацааг тодорхойлсон баримт байдаггүй. Хариуцагчаас ирүүлсэн санхүүгийн баримтуудын фото зурагт 2017.07.05 гэх он сар өдөр бичигдсэн байгаа. Гэтэл сахилгын шийтгэлийг 05 дугаар сард ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь заалтад нийцээгүй байна. Хариуцагч тал нэхэмжлэгч нь байгууллагын нууцыг задруулсан нь ажил олгогчийн итгэлийг алдсан үйлдэл юм гэж тайлбарладаг. Задруулсан гэж тайлбарлаад байгаа санхүүгийн баримтуудаа байгууллагын нууцад хамааруулж, хуулийн дагуу баримтжуулсан зүйл байдаггүй. Эдгээр баримтуудыг нь харахад задруулбал Байгууллагын нууцийн тухай хуулийн 3 дугаар зүйлд зааснаар байгууллагын хууль ёсны ашиг сонирхолд хор хохирол учруулж болох шинж агуулагдаагүй байдаг. Иймд анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дэх заалт, 40.1, 40.2 дахь заалт, Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.5 дахь заалт, Байгууллагын нууцын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь заалтыг буруу хэрэглэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 131.2 дахь заалтыг хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн ба энэ шийдвэрийг давж заалдах шатны шүүх хууль зөрчөөгүй, зөв гэж дүгнэснийг хууль бус гэж бодож байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

       С.Х 2017 оны 06 дугаар  сарын 14-ны өдөр “Б” Орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн газарт /цаашид  Б ОНӨААТҮГ гэх/ холбогдуулан нэхэмжлэл гаргаж, нярвын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгүүлэхийг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрийг хэвээр үлдээжээ.

       Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

       Б ОНӨААТҮГ-н захирал 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Б/38 дугаартай тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.5, хөдөлмөрийн дотоод журмын 4.2.2 заалтууд, захирлын зөвлөлийн 2017.05.18-ны өдрийн хурлын шийдвэрийг  үндэслэн “... үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж, ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан...” гэж С.Хийг нярвын ажлаас халсан байх бөгөөд тушаалын үндэслэл хэрэгт буй баримтаар тогтоогджээ.

       Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зуйлийн 40.1.5-д зааснаар мөнгө болон эд хөрөнгө хариуцсан ажилтан ажил олгогчийн итгэлийг алдсан буруутай үйлдэл, эс үйлдэхүй гаргасан бол ажил олгогч хөдөлмөрийн гэрээг өөрийн санаачилгаар цуцлах эрхтэй юм.

        Хоёр шатны шүүх С.Хийн гаргасан нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэхдээ  Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр, магадлалыг хэвээр үлдээв.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 103/ШШ2017/00356 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2303 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.  

        2. Нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ