Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 2017/ДШМ/35

 

 

Л.Э, Ж.Т нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Г.Тэгшсуурь, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

Прокурор: А.Д,

Шүүгдэгч: Л.Э, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Л.Э, Ж.Т нарт холбогдох, эрүүгийн 201710000010 дугаартай, 2 хавтас, 318 хуудас бүхий эрүүгийн хэргийг улсын яллагч А.Дийн эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Дорноговь аймгийн Прокурорын газраас;

Шүүгдэгч:  Т -т холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-т зааснаар, 

Шүүгдэгч: Э-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан  мөн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-т заанаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Л.Э, Ж.Т нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн,

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах-наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ж.Бийн үзгэн тариур 2 ширхэг, зүү 4 ширхэг, амдолин 10 мг 10 ширхэг, утас цэнэглэгч 2 ширхэг, хумсны хутга 1 ширхэг, тальк 1 ширхэг, акторпод 1 ширхэг, инсүлин 5 мг 2 ширхэг, диклодинк 100 мг 1 ширхэг, хөлс дарагч 1 ширхэг, кашлок 1 ширхэг, мертинем 1 хайрцаг, аспирин 1 хайрцаг, нокиа гар утас 1 ширхэг зэрэг эд зүйл хулгайлж, түүнд 348200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Л.Эыг бусдын эд хөрөнгийг хулгайлсны улмаас бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан, шүүгдэгч Л.Э, Ж.Т нарыг бүлэглэн ховор ан амьтныг зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар шүүгдэгч Л.Эыг 3 сар баривчлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар шүүгдэгч Л.Э, Ж.Т нарыг тус бүр 2 жил хорих ял шийтгэж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар шүүгдэгч Л.Эод оногдуулсан ялуудын хөнгөнийг хүндэд багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар нийт 2 жил хорих ял шийтгэж, 

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Л.Э, Ж.Т нарт оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар шүүгдэгч Л.Эын цагдан хоригдсон 3 хоногийг ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор,

Шүүгдэгч Ж.Т нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж, 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар хэрэгт хураагдан ирсэн 1 ширхэг CD-г хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2-т зааснаар шүүгдэгч Л.Эын эзэмшлийн БНХАУ-д үйлдвэрлэсэн, цагаан өнгийн “Бени” мотоциклийг хураан авч улсын орлого болгож,

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Ч.Энх-Амгалангийн Н32812 дугаартай дробинк маркийн бууг Дорноговь аймгийн Цагдаагийн газарт шилжүүлж, 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.4-т зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн Ч.Эын эзэмшлийн 49-92 ДГО улсын дугаартай, саарал өнгийн микро маркийн тээврийн хэрэгслийг хууль ёсны эзэмшигч Ч.Эод буцаан олгож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шүүгдэгч Ж.Т, Л.Э нараас тус бүр 11400000 төгрөг гаргуулан улсын орлого болгож,

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 87 дугаар зүйлийн 87.3-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 20 кг 565 гр хар сүүлт, 98 кг 125 гр хулан адууны махыг Дорноговь аймгийн Засаг даргын дэргэдэх орон тооны бус зөвлөлд шилжүүлсэн болохыг дурдаж, 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар шүүгдэгч Ж.Т, Л.Э нарт оногдуулсан тус бүрийн 2 жилийн хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг шүүгдэгч Ж.Тт 1 жилээр, шүүгдэгч Л.Эод 2 жилээр тогтоон хяналт тавьж ажиллахыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт хариуцуулж, 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, ... шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч уг тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ. 

Прокурор А.Д шүүхэд гаргасан эсэргүүцэл болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: …Шүүх Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-т зааснаар шүүгдэгч Ж.Т, Л.Э нараас тус бүр 11 400 000 төгрөг гаргуулан улсын орлого болгохоор шийдсэн атлаа шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзах хугацаа тогтоосон нь Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд түүнд оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж шүүх үзвэл уг ялыг тэнсэж 1-5 жилийн хугацаагаар хянан харгалзахаар тогтоож болно” гэсэн хуулийн заалтыг зөрчиж шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, гэм хороо арилгаагүй байхад хорих ялыг тэнссэн нь хууль зөрчсөн байх тул Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШТ/65 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ. 

Шүүгдэгч Л.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би нэг машинаа зарна гээд зар тавьчихсан байгаа, зарагдвал хохирлыг төлнө. Хохирол төлөх боломжтой гэв. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Дорноговь аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Л.Э, Ж.Т нар нь бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан сумын нутаг дэвсгэрт Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 7 дугаар тогтоолоор баталсан ховор амьтны жагсаалтад багтах хулан адуу 1, хар сүүлт 1-ийг тус тус зохих зөвшөөрөлгүйгээр агнасан, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д зааснаар, 

Шүүгдэгч Л.Э нь 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байрлах Мандах наран эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хохирогч Ж.Бийн эд зүйлийг хулгайлж 348200 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5, 36 дугаар зүйлийн 36.2-т заасныг журамлан мөн хуулийн 145 дугаар зүйлийн 145.1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хүлээн авч хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэснээс шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д зааснаар хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцээгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв. 

Учир нь анхан шатны шүүх шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн 203  дугаар зүйлийн 203.1-т зааснаар тус бүрт 2  жилийн хорих ял оногдуулж, уг ялыг Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар тэнсэж, хянан харгалзахдаа энэхүү хуульд заасан “...гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн буюу гэм хорыг арилгасан тохиолдолд ...” хэрэглэхээр байгааг анхаараагүй буюу шүүгдэгч Л.Э, Ж.Т нар нь  Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.2-т заасны дагуу амьтны аймагт учруулсан хохирлоо  улсын орлогод нөхөн төлөөгүй байхад тэдэнд оногдуулсан хорих ялыг тэнсэж хянан харгалзсан нь хуулийг буруу хэрэглэсэн алдаа болжээ. 

Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1-д “Үүрэг бүхий этгээд нь гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж зааснаас үзэхэд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т заасан нөхөн төлбөрийг гэм хорыг арилгах хэмжээ буюу гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзнэ. 

Иймд энэ  талаарх улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлтэй тул хүлээн авч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.2, 317 дугаар зүйлийн 317.1.4, 321 дүгээр зүйлийн 321.1.3, 322 дугаар зүйлийн 322.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 2017/ШЦТ/65 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай. 

2. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

3. Энэхүү магадлалд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдсугай. 

 

 

 

 

                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   А.САЙНТӨГС

                                     ШҮҮГЧИД                                  Г.ТЭГШСУУРЬ

                                                                                        Н.БАТЧИМЭГ