Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Намжилын Долгорсүрэн |
Хэргийн индекс | 128/2016/0404/З |
Дугаар | 410 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 410
С.Б, Д.У нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Ц.Цогт, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, нэхэмжлэгч Д.У-ийн өмгөөлөгч Б.Б, гуравдагч этгээд Г.Т, Г.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ж нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 261 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч Д.У-ийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоор, С.Б, Д.У нарын нэхэмжлэлтэй, У.Б.Е.Г, Н.Х.Б.Х.Г-т тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 261 дүгээр шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.5, 17 дугаар зүйлийн 17.1, 18 дугаар зүйлийн 18.1, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.2-т заасныг тус тус баримтлан Д.У, С.Б нарын нэхэмжлэлтэй, У.Б.Е.Г, Н.Х.Б.Х.Г-т тус тус холбогдох “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2019/2013 дугаар улсын комиссын актын зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, улсын стандарт шаардлагад нийцээгүй Г.Т Ү-2206026364, Г.Т Ү-2206026397 нарын дугаар бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч Д.У-ийн өмгөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасны дагуу хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй гэж үзэж байна.
Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “Нэхэмжлэгчээс тухайн барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын актад комиссын дарга гарын үсэг зураагүй, схем зурагнууд зөрүүтэй гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас улсын комиссын акт хуульд нийцсэн, бүртгэл хуулийн дагуу хийгдсэн гэж маргажээ” хэмээн маргааны зүйлийг зөв тодорхойлсон байдаг.
Гэвч маргааныг шийдвэрлэхдээ схем зурагнуудын зөрүүтэй байдалд буюу “А” ХХК-ийн хийсэн барилгын зургийн зогсоолын хэсэг 7 автомашин зогсох зориулалттай хийгдсэн, энэ зурганд зохиогчийн дүгнэлтийг яагаад “А.Т” ХХК хийсэн, “А” ХХК яагаад барилга ашиглалтад оруулах Улсын комиссод орж ажиллаагүй талаар, хавтаст хэрэгт нэг ч албан ёсны 19 авто машин зогсох зориулалттай барилгын зураг авагдаагүй байхад яагаад Улсын комисс 19 автомашин зогсох зориулалттайгаар барилгыг хүлээн авсан талаар ямар ч дүгнэлт хийгээгүй.
Шүүх зөвхөн барилга ашиглалтад оруулах Улсын комиссын актад тус комиссыг ахалж байсан дарга нь гарын үсэг зураагүй үндэслэлээр актыг хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн дүгнэлтийг хийсэн. Энд зөвхөн гарын үсэг зурсан, зураагүй асуудал яригддаггүй юм. Улсын комиссын дарга нь би комиссод ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, тус барилгыг ашиглалтад оруулах ажилд оролцож байсан ч ашиглалтад хүлээн авах ажилд оролцоогүй байсан талаар яригдаж байхад шүүх комиссоос гарах шийдвэр нь хамтран шийдвэр учраас гишүүдийн олонх нь оролцсоноор шийдвэр нь хүчин төгөлдөр болно гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Улсын комиссыг ахалж байсан дарга нь ажлаас чөлөөлөгдчихөөд байхад түүний гарын үсгийг хуурамчаар дуурайлган зурж барилгыг байнгын ашиглалтад хүлээн авсан явдал өөрөө тус комисс хуралдсан эсэх, гишүүд нь тус комиссод үнэхээр байсан эсэх талаарх эргэлзээг төрүүлж байсан. Гэвч шүүх энэ талаар хэт өнгөц дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой байх тул шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэгч Д.У, С.Б нарын “У.Б.Е.Г, Н.Х.Б.Х.Г-т тус тус холбогдох “Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан 2013 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 2019/2013 дугаар улсын комиссын актын зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, зураг төсөл, улсын стандарт шаардлагад нийцээгүй Г.Т Ү-2206026364, Г.Т Ү-2206026397 нарын дугаар бүхий улсын бүртгэлийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч Д.У-ийн өмгөөлөгчөөс эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон талуудын маргаж буй үндэслэлүүдээс үзэхэд нэхэмжлэгч Д.У-ийн өмгөөлөгчийн “...шүүх шийдвэрийнхээ Үндэслэх хэсэгт “нэхэмжлэгчээс тухайн барилгыг ашиглалтад оруулах улсын комиссын актад комиссын дарга гарын үсэг зураагүй, схем зурагнууд зөрүүтэй гэж, хариуцагч, гуравдагч этгээд нараас улсын комиссын акт хуульд нийцсэн, бүртгэл хуулийн дагуу хийгдсэн гэж маргажээ” хэмээн маргааны зүйлийг зөв тодорхойлсон боловч маргааныг шийдвэрлэхдээ схем зурагнуудын зөрүүтэй байдалд буюу “А” ХХК-ийн хийсэн барилгын зургийн зогсоолын хэсэг 7 автомашин зогсох зориулалттай хийгдсэн, энэ зурганд зохиогчийн дүгнэлтийг яагаад “А.Т” ХХК хийсэн, “А” ХХК яагаад барилга ашиглалтад оруулах Улсын комиссод орж ажиллаагүй талаар, хавтаст хэрэгт нэг ч албан ёсны 19 авто машин зогсох зориулалттай барилгын зураг авагдаагүй байхад яагаад Улсын комисс 19 автомашин зогсох зориулалттайгаар барилгыг хүлээн авсан талаар ямар ч дүгнэлт хийгээгүй...” гэх гомдол үндэслэлтэй байна.
Шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...нэхэмжлэлд 9 автомашины схем зургийг хавсаргасан, зохиогчийн нэгдсэн дүгнэлтэд 9 автомашины зогсоолоор тусгагдсан, уг схем зургийн дагуу авто зогсоол захиалгын гэрээг байгуулсан гэх боловч тухайн схем зургийг хэн баталсан нь тодорхойгүй, барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын актад 19 автомашины зогсоолоор тусгагдсан, схем зурагт хэзээ өөрчлөлт орсон эсэх нь тодорхойгүй, энэ талаарх баримтыг холбогдох байгууллагуудаас удаа дараа шаардсан боловч нотлох баримт байхгүй гэх үндэслэлээр тус шүүхэд ирүүлээгүй...” гээд нэхэмжлэгчийн маргаж буй үйл баримтад холбогдох нотлох баримтыг цуглуулалгүй нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу байна.
Учир нь эдгээр баримтыг цуглуулснаар нэхэмжлэгчээс маргаан бүхий 2019/2013 дугаар улсын комиссын актын зоорийн давхарт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, гуравдагч этгээд Г.Т, Г.Т нарын Ү-2206026364, Ү-2206026397 дугаар бүхий улсын бүртгэлүүдийг хүчингүй болгуулахаар маргах эрхтэй эсэх, улмаар нэхэмжлэгчийн ямар субъектив эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн, зөрчигдөж болзошгүй эсэхийг тодорхой болгосноор хэргийг үнэн зөв, нэг мөр шийдвэрлэхэд ач холбогдолтой.
Нэхэмжлэгч Д.У-ийн өмгөөлөгчөөс “...хэдийгээр Барилга, байгууламжийг ашиглалтад оруулсан улсын комиссын даргаар ажиллаж байсан Д.Ж 2019/2013 дугаар актад гарын үсэг зураагүй болох нь түүний гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байх боловч тухайн комисс нь хамтын шийдвэр гаргадаг тул комиссын дарга гарын үсэг зураагүй гэх үндэслэлээр маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоох хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх хэт өнгөц дүгнэлт хийж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосонд гомдолтой...” гэснийг үгүйсгэх боломжгүй байна.
Тухайлбал, Д.Ж улсын комиссод ажиллаж байгаад ажлаас чөлөөлөгдсөн, тус барилгыг ашиглалтад оруулах ажилд оролцож байсан ч ашиглалтад хүлээн авах ажилд оролцоогүй талаар яригдаж байхад энэ талаар тодруулж, тогтоохгүйгээр хэргийг шийдвэрлэжээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “...тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно” гэж зааснаар 2019/2013 дугаар улсын комиссын актын холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгохоор нэхэмжлэгчээс маргаж буй энэ тохиолдолд уг акт холбогдох хууль тогтоомжийн дагуу гарсан эсэх, хэрэв Д.Ж гарын үсгээ зураагүй бол улсын комиссын даргын өмнөөс хэн, яагаад гарын үсгийг нь дуурайлган зурсан, актад гарын үсэг зурсан комиссын бусад гишүүд үнэхээр байсан эсэх талаар тодруулж, шаардлагатай бол шинжээч томилж, маргааныг нотлох баримтад үндэслэж, нэг мөр шийдвэрлэх үүрэгтэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасны дагуу анхан шатны шүүх дээрх асуудлаар нотлох баримт цуглуулах үүргээ бүрэн хэрэгжүүлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.
Мөн Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан С.Б, Д.У нарын нэхэмжлэлийг шүүгч Л.Ө хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулж байгаад 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг шүүгч Н.Д явуулсан байх бөгөөд хэргийг шилжүүлсэн тогтоол хэрэгт авагдаагүй байна.
Улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 32 дугаар тогтоолоор хэргийг шүүгч Б.М.Э-д шилжүүлсэн боловч шүүх хуралдааны даргалагчийг томилсон шийдвэрийг албажуулсан Ерөнхий шүүгчийн захирамж хэрэгт авагдаагүй байгааг анхаарвал зохино.
Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-д “Анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-д “Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн...” гэж тус тус заасан үндэслэлээр мөн хуулийн 121.1.4-т заасны дагуу шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3, 121.3.3, 121.3.4 дахь хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 261 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Ц.ЦОГТ
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН