Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 1835

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ, ХХХ нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04857 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч ХХ, ХХХ нар нь хариуцагч ХХХХ” ХХК, ХХХ, ХХХ нарт холбогдуулан гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг гаргуулах, хариуцагч нараас гаргасан илүү төлсөн 20 000 000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагч ХХХ, ХХХ,

Хариуцагч нарын өмгөөлөгч ХХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Маралмаа нар оролцов.

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдөр Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээ, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр мөн Хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээг тус тус байгуулсан бөгөөд үүний дагуу ХХХ миний бие ХХХХ” ХХК-д мөнгө шилжүүлж, хөрөнгө оруулаад хариуд нь ХХХХ” ХХК-ийн барьж буй барилгаас нийт 10 орчим орон сууц авна гэж тохиролцсон. Хоёр гэрээний дагуу нийт 400 000 000 төгрөгийг ХХХ, ХХХ нарт шилжүүлсэн ба 2008 оны 6 дугаар сарын 18-ны өдрийн гэрээгээр 300 000 000 төгрөг, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн гэрээгээр 96 000 000 төгрөг гэж заасан боловч бодитоор 100 000 000 төгрөг тус тус өгсөн.

2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №06 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээгээр 44.6 м2 талбай бүхий 1 өрөө орон сууцыг 42 000 000 төгрөгөөр, 2 өрөө 1 байрыг 39,575 ам.доллараар ХХХд буюу ХХХХ” ХХК-д зарж борлуулсан боловч мөнгийг төлөөгүй. Ингээд хариуцагч нар гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байсан тул 2012 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Гэрээг дуусгавар болгох тухай тэмдэглэлийг ХХХ, ХХХ, ХХХ нар үйлдсэн. Хариуцагч нар гэрээг зөрчиж хөрөнгө оруулагчийн зөвшөөрөлгүйгээр бусдад худалдсан объектийн үнэ 1 200 000 000 төгрөгийн тал хувь буюу нийт 600 000 000 төгрөгийг ХХХ надад шилжүүлэхээр тохирч, 550 000 000 төгрөгийг шилжүүлсэн.

Бид дахин уулзаж 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр гэрээ байгуулсан бөгөөд Баянгол дүүргийн 2 дугаар хороонд баригдсан “ХХХХ” ХХК /хувьцаа эзэмшигч ХХХ, ХХ”-ийн өмч болох 3 байрны үнэ 150 000 000 төгрөг, хамтран ажиллах, хөрөнгө оруулалтын гэрээний үлдэгдэл төлбөр 50 000 000 төгрөг, нийт 200 000 000 төгрөгийг 2013 оны 5 дугаар сарын 31-ний дотор нэхэмжлэгч талд өгөхөөр тохиролцсон. Үүнээс хойш хариуцагч нар 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр 20 000 000 төгрөг төлснийг алдангаас хассан. Иймд гэрээгээр тохирсон 200 000 000 төгрөг, гэрээний 2.4-т заасан алданги болох 100 000 000 төгрөг, нийт 300 000 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

ХХХ, ХХХ нар нь өөрсдийн нэрээр ХХХтой аливаа гэрээ хэлцэл байгуулаагүй бөгөөд бид тухайн үед ХХХХ” ХХК-д захирал, дэд захирлын албан тушаалд ажиллаж байсны хувьд 2008 оны 6 дугаар сарын 18, 2008 оны 10 дугаар сарын 23-ны өдөр ХХХХ” ХХК, ХХХ нарын хооронд байгуулагдсан гэрээнд тус компанийг төлөөлж гарын үсэг зурсан.

Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26 дугаар зүйлийн 26.1, Компанийн тухай хуулийн дагуу ХХХХ” ХХК нь өөрийн нэрээр эрх олж, үүрэг хүлээдэг, үйл ажиллагаанаасаа бий болох үр дагаварыг эд хөрөнгөөрөө хариуцдаг, нэхэмжлэгч, хариуцагч байж чадах бие даасан хуулийн этгээд байтал нэхэмжлэгч нь ХХХХ” ХХК-д холбогдох асуудлаар иргэн ХХХ, ХХХ нараас төлбөр нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Бид ХХХийн хэлсэн шиг үл хөдлөх объектийг түүнд хэлэлгүйгээр зарж борлуулсан нь үнэн. Учир нь ХХХ бидний олсон мөнгийг шууд өөрийн данс руу шилжүүлнэ гэж байсан. Иймд бид ярилцаад “эхлээд обьектоо зарчихаад дараа нь ХХХт тодорхой хувийг өгье” гэж тохирсон. Өөрсдийн босгосон обьектийг “ХХХХ” ХХК-д зарсан. Гэтэл тэд биднийг хуурч мэхлээд бид нар шүүхэд өгсөн юм.

Нэхэмжлэгч талтай байгуулсан 3 гэрээний дагуу 550 000 000 төгрөгийг төлж барагдуулсан тул нэхэмжилж буй 300 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй. Тэгээд ч уг гэрээнүүдийг ХХХ биднийг дарамталж гарын үсэг зуруулдаг байсан. Түүнтэй хэзээ ч хамт сууж байгаад ярилцаж гэрээ байгуулж байгаагүй бөгөөд ямар нэг байдлаар хуурч мэхэлж, гарын үсэг зуруулдаг байсан гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:

Бид ХХХ, ХХ нартай 2008 оны 6 дугаар сараас хойш Хөрөнгө оруулалт, хамтран ажиллах гэрээнүүдийн төлбөрөөс төлбөл зохих 585 000 000 төгрөгөөс 605 000 000 төгрөгийг төлсөн тул илүү төлсөн 20 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа:

2008 оноос хойш ХХХ, ХХХ нартай Хөрөнгө оруулалтын гэрээтэй хамтран ажиллаж байсан. Тухайн үед хөрөнгө оруулалт хэрэгтэй, хүсэлт гаргасных нь дагуу өөрийн нэр дээрх Баянгол дүүргийн 2 дугаар хорооны 43 дугаар байрны 2 өрөө 2 байрыг 2009 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр зээлээр худалдах гэрээ хийж худалдсан. Эдгээр байрны үнийг тохиролцсон хугацаандаа төлж барагдуулаагүй явсаар 2013 оны 3 дугаар сарын 13-ны өдөр уулзаж №01/06 тоот гэрээ хийсэн.

Мөн 2009 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн №06 тоот Үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээний алданги тооцохоор тохиролцсоны дагуу 2015 оны 2 дугаар сарын үед 20 000 000 төгрөг алдангид төлсөн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан ХХХХ” ХХК-иас 280 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ, ХХ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгт болон ХХХ, ХХХ нарт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг баримтлан хариуцагч ХХХ, ХХХ нарын 20 000 000 төгрөгийг нэхэмжлэгч ХХХ, ХХ нараас гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 1 657 950 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ХХХХ” ХХК-иас 1 557 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгохоор шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо:

Шүүх тус хэргийг зөвөөр үнэлж дүгнэсэн боловч гол зүйлийг бүхэлд нь орхигдуулж, Иргэний хуулийн зохих заалт, Компанийн тухай хуулийн зохих заалтуудыг хэрэглэлгүйгээр шийдвэр гаргасан. Иргэний хуулийн 25 дугаар зүйлийн 25.1, 26.4, Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1, 3.5-д зааснаар компанийн дүрмийг үзэх зайлшгүй шаардлагатай. Компанийн дүрэмд ХХХ, ХХХ нар нь үүсгэн байгуулагчид, хувь нийлүүлэгчид бөгөөд дүрмийн 5.1-д компанийн гэрээ дүрэмд заасан журмын дагуу компанийн үйл ажиллагааг удирдахад оролцоно гэсний дагуу тус компанийг удирдан түүний нэрийн өмнөөс Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч болохыг баталж байна. Мөн дүрмийн 6.6-д хувь нийлүүлэгч өөрийн буруугаас компанид учруулсан хохирлыг бүрэн хариуцаж төлнө гэсэн үүрэг хүлээсэн заалттай учир хариуцлагаас мултрах учиргүй.

Мөн 6.7-д хувь нийлүүлэгч төлбөр төлөхөөс татгалзсан буюу зайлсхийсэн тохиолдолд хувь нийлүүлэгчдийн хурлын шийдвэрээр түүний ногдох хувь тухайн жилд олгогдвол зохих ногдол ашгийн хэмжээг төлбөрийн дүн хэмжээгээр хасч болно. Боломжгүй тохиолдолд төлбөрийг шүүхийн журмаар шийдврлэнэ гэсэн байгаа тул хохирогч нарын эрх ашгийг хамгаалах, цаг хугацааг хэмнэх, дахин шүүхээр шийдвэрлүүлэх гэсэн оролдлогыг таслан зогсоох үүднээс хариуцагч нарыг нэрлэж хамтатгах нь шударга явдал болно.

Мөн дүрмийн 7.1-д компанийн нэрийг хувийн ашиг сонирхолд ашиглах, 7.2-т компанийн нэр хүнд, өмч хөрөнгөд гэм хор учруулж болзошгүй ямарваа нэг үйлдэл хийх гэсэн 2 заалтыг зөрчсөн. Дүрмийн 8-д Компанийн хувь нийлүүлсэн хөрөнгө, хувьцаа, бусад үнэт цаас гэсэн заалтаас үзвэл ХХХ, ХХХ нар нь ижил хэмжээтэй хөрөнгө оруулсан байх бөгөөд тус компанийн нийт хөрөнгө 98 000 000 төгрөг байна. Энэ нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй, хүндрэлтэй нөхцөл байдлыг үүсгэж байгаа бөгөөд хариуцагч нарыг хариуцлагаас чөлөөлсөн байдал ажиглагдаж байна.

Хариуцагч ХХХ, ХХХ нар нь компанийн нэр барьж, бусадтай гэрээ байгуулдаг байсан нь харагдаж байгаа бөгөөд компанийн хөрөнгийн хэмжээнээс илүүтэй гэрээ хийж бусдыг хохироож байсан нь тогтоогдож байна. Мөн компанийн дүрэм, гэрчилгээнд гүйцэтгэх захирлаар хэнийг томилсон нь тодорхойгүй байх бөгөөд Компанийн дүрмийн 4-д Компанийн үндсэн хариуцлагын 4-т заасан албан тушаалтан байхгүй тул Иргэний эрх зүйн харилцаанд оролцож бусадтай гэрээ хийж байсан хувь нийлүүлэгч нар өөрсдийн хууль бус үйл ажиллагааны улмаас бусдад учруулсан хохирлыг өөрсдийн хөрөнгөөр барагдуулах нь зүйтэй гэсэн.

2013 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн №01/06 тоот гэрээнээс үзвэл тус гэрээний 3-д Бусад гэсэн зүйл заалтын 3.1-д гэрээний А тал буюу ХХХХ” ХХК-ийн захирал ХХХХ, дэд захирал ХХХ нарын хүлээх үүрэг хариуцлага ижил эрхтэй болно гэж байгаа тул хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй. Иймд Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХХ” ХХК болон тус компанийн үүсгэн байгуулагчид, хувь нийлүүлэгчид болох ХХХ, ХХХ нараас 280 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ХХХ, ХХ нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай гэж шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нарын өмгөөлөгч давж заалдах гомдолдоо:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хэргийн оролцогч нарын эрхийг зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн, талуудын хооронд болсон бодит нөхцөл байдлыг нэхэмжлэгч талд ашигтайгаар дүгнэсэн, хариуцагч нарын нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн үндэслэлийг буруу үнэлж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон, хариуцагч талын гаргасан хүсэлтийг хүлээн аваагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХ, ХХХ нар нь хариуцагч ХХХХ” ХХК, ХХХ, ХХХ нарт холбогдуулан гэрээний үүрэгт 300 000 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг, хариуцагч нар эс зөвшөөрч 20 000 000 төгрөг илүү төлсөн гэж сөрөг нэхэмжлэл гарган шаарджээ.

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг дараах байдлаар зөрчсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн шүүгч нь зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгчид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгөх, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг явуулахаар зохицуулжээ. Хэрэгт авагдсан дээрх ажиллагааны талаарх баримтаас үзвэл уг ажиллагааг шүүгч хуульд заасан журмаар явуулсан гэж үзэхээргүй байна.

/хх-ийн 19-22 дугаар тал/

 

2016 оны 6 дугаар сарын 07-ны өдөр товлосон шүүх хуралдааныг хийсэн эсхүл хойшлуулсан талаар шүүгчийн захирамж, шүүх хэралдааны тэмдэглэл авагдаагүй. Гэтэл дараагийн шүүх хуралдаан хэзээ хаана болохыг товлосон баримтгүй атал 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр уг хэргийг үүсгэсэн шүүгчээс өөр шүүхийн, өөр шүүгч хуралдааныг даргалж, үүнээс хойш хийгдсэн хэрэг хянан шийдвэрлэх бүх ажиллагааг гардан явуулжээ.

/хх-ийн 47-50 дугаар тал/

 

Ийнхүү шүүх, шүүгч солигдсон талаар буюу хэрэг шилжүүлсэн, шүүгч томилсон тухай шийдвэр хэрэгт авагдаагүй байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх шүүгч, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаан даргалагчийг томилох, уг шийдвэрийг албажуулах журмыг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1, 78.2, Шүүхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.3-т заасанд нийцэхгүй, улмаар хууль ёсны бүрэлдэхүүн гэж үзэхэд учир дутагдалтай байна.

 

Үүнээс гадна хэрэг хянан шийдвэрлэх хуульд заасан хугацаа хэтэрсэн байхад уг хугацааг шүүгчдийн зөвлөгөөнөөс сунгах эсэхийг шийдвэрлээгүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.2, нэхэмжлэгч нарт болон тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрөөс хойш авагдсан баримтуудыг танилцуулаагүйг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн гэж үзнэ.

/хх-ийн 54, 56, 59 дүгээр тал/

 

Дээрх байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зайлшгүй хийгдвэл зохих ажиллагааг орхигдуулж, хуулиар тогтоосон журмыг зөрчсөн анхан шатны шүүхийн алдааг давж заалдах шатны шүүх залруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2016/04857 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ц.ИЧИНХОРЛОО

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА