Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2016/04957

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 101/ШШ2016/04957

Улаанбаатар хот

 

 

Зохигчдын эвлэрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороо, Баян Монгол хороолол, 408 дугаар байр 65 тоотод оршин суух, Хар нүдэн овогт Төмөрхадуурын Золзаяа /регистрийн дугаар ШЖ82052863/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 26 дугаар хороонд байрлах, Баянмонгол хороололд байрлах, Баян Монгол сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох,

3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Золзаяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус хаягт байрлалтай “Бриллиансе” салон нь 2012 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж байгаа билээ. 2013 оны 10 дугаар сарын 12-нд тус салоны гаднах хананд 3,200,000 төгрөгний үнэ бүхий салоны нэр бичсэн гэрэлтүүлэгтэй самбар хийж бэхэлсэн. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр ажилдаа иртэл тус самбарыг бидэнд огт мэдэгдэлгүй хүчээр салган авч, дахин ашиглагдахгүй болтол эвдэлж салгаж хаясан байсан. Энэ талаар СӨХ-д мэдэгдэн лавлахад тэдний шаардлагаар “Бумбат зүрх” хамгаалалтын албаныхан энэ үйлдлийг хийсэн ба тус хамгаалалтын албаны дарга манай салонд амаар болон бичгээр бидэнд мэдэгдээгүй болохоо хүлээн зөвшөөрсөн билээ.

Ийнхүү бидний хувийн өмчид зөвшөөрөлгүй халдан эд материалын хохирол учруулсан тул бидэнд учруулсан 3,200,000 төгрөгийн хохирлыг барагдуулж өгнө үү” гэжээ.

 

Зохигч эвлэрсэн эвлэрлийн гэрээнд: Нэг талаас нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батжаргал, нөгөө талаас Баян Монгол СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Чулуунбат нар харилцан тохиролцож, дараах эвлэрлийн гэрээг байгуулав. Үүнд: Баян Монгол хорооллын 408 дугаар байрны гадна хананд өмнө нь байсан хаягийг буулгасны улмаас гэмтсэн тул дахин засварлаж хэвийн хэмжээнд болгон 2016 оны 06 дугаар сарын 21-нээс 2016 оны 06 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөхөөр харилцан ойлголцож тохиролцлов” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Т.Золзаяа нь Баян Монгол сууц өмчлөгчдийн холбоонд холбогдуулан 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэглсэн төлөөлөгч Б.Батжаргал, хариуцагч Баян Монгол СӨХ-ны гүйцэтгэх захирал Д.Чулуунбат нар  харилцан тохиролцож, Баян Монгол хорооллын 408 дугаар байрны гадна хананд өмнө нь байсан хаягийг буулгасны улмаас гэмтсэн тул дахин засварлаж хэвийн хэмжээнд болгон 2016 оны 06 дугаар сарын 21-ээс 2016 оны 06 сарын 26 ны өдөр хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн нь зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээгээр тогтоогдож байна.

Зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн,гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар Т.Золзаяагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Баян Монгол сууц өмчлөгчдийн холбоонд холбогдох 3,200,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэрэгт хариуцагч нэхэмжлэгч Т.Золзаяад хаягийг дахин засварлаж, хэвийн байдалд оруулан 2016 оны 06 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 06 сарын 26-ны өдөр хүртэлх хугацаанд хүлээлгэн өгөхөөр харилцан тохиролцож, эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн  56.5, 59 дүгээр зүйлийн 59.4-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 66,150 төгрөгийн 33,075 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, тал хувь болох 33,075 төгрөгийг улсын төсвөөс буюу Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2609006167 дугаар данснаас, хариуцагч Баян Монгол сууц өмчлөгчдийн холбооноос улсын тэмдэгтийн хураамжид 33,075 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Т.Золзаяад олгосугай.

 

  1. Энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

 

  1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                                                 Б.УНДРАА