| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхтайваны Чингис |
| Хэргийн индекс | 105/2019/1287/Э |
| Дугаар | 1730 |
| Огноо | 2019-11-15 |
| Зүйл хэсэг | 11.3.1., |
| Улсын яллагч | А.Ариунаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 15 өдөр
Дугаар 1730
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Чингис даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Энхгэрэл,
Улсын яллагч А.Ариунаа,
Шүүгдэгч А.Б , түүний өмгөөлөгч Н.Дашдулам нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч А.Б д холбогдох эрүүгийн 1906 04068 2054 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1988 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Сэлэнгэ аймгийн Сүхбаатар хотод төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, Сэлэнгэ аймаг, Сүхбаатар тоотод оршин суух бүртгэлтэй, ам бүл 4, гавьяа шагналгүй,
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 1 дүгээр шүүхийн 2011 оны 6 дугаар сарын 2-ны өдрийн 68 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 1 жилийн хорих ялаар оногдуулж, уг хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар , А.Б .
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04:00 үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим бусадтай маргалдаж байх явцдаа хохирогч С.Шинэзулыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараахи нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч А.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаад үнэн зөв мэдүүлэг өгсөн. Нэмж ярих зүйлгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү.” гэв.
Мөн талуудын хүсэлт гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/, хохирогч С.Шинэзулын өгсөн мэдүүлэг /хх-11-12/, гэрч Я.Лхамжавын өгсөн мэдүүлэг /хх-21/, гэрч Н.Лхамсүрэнгийн өгсөн мэдүүлэг /хх-22-23/, гэрч Э.Сарантуяагийн өгсөн мэдүүлэг /хх-31-32/, гэрч Д.Батзаяагийн өгсөн мэдүүлэг /хх-29/, гэрч Ц.Номин-Эрдэнийн өгсөн мэдүүлэг /хх-33/, гэрч Э.Улаанхүүгйин өгсөн мэдүүлэг /хх39/, Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хохирогч С.Шинэзулын өвчний түүх /хх-65-78/, А.Б гийн гэрч, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-27, 85/, Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 8506 дугаартай дүгнэлт /хх-15/, А.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/, шинээр А.Б гийн ажил байдлын тодорхойлолт 1 хуудас зэргийг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04:00 үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим бусадтай маргалдаж байх явцдаа хохирогч С.Шинэзулыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч С.Шинэзулын өгсөн: “...Би 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдөр 2 найзын хамт өдөр тэмдэглээд явж байсан. Тухайн үед Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, Сансарын тунелын урд бааранд сууж байгаад бид 3 оройхон цагийг нь санахгүй байна. 2019 оны 7 дугаар сарын 7-8-нд шилжих шөнө болсон асуудал. Би баарнаас гараад хаашаа явсанаа санахгүй байгаа бөгөөд би уусан архиндаа согтоод тасарсан байна лээ. Манай найзуудын хэлж байгаагаар нэг ногоон подволктай залуу намайг цохиж унагасан гэж хэлсэн. Би хагалгаанд орсон гэж байсан бөгөөд би гэмтлийн эмнэлэгт толгойны боолтоо солиулж байснаас хойшхыг санаж байна. Би нийт 1.800.754 төгрөг нэхэмжилж байна. Надаас болон миний гэр бүлээс дээрхи зардал гарсан.Надад учирсан хохирлыг барагдуулвал гомдол санал гэхээр зүйл байхгүй.” /хх-11-12/ гэх мэдүүлэг,
Мөн түүний Баянзүрх дүүргийн Прокурорын газарт гаргасан хүсэлтэд: “...А.Б гаас хохирлын мөнгө 1.800.000 төгрөгийг хүлээн авлаа. Цаашид нэхэмжлэх зүйл байхгүй болно.” /хх-92/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Я.Лхамжавын өгсөн: “...Тухайн үед баарнаас бид 4 гарах үед баарны үүдэнд хэсэг залуучууд зодолдож байсан бөгөөд бид тэндээс холдох санаатай хойшоогоо алхаж байх үед Шинэзул надад хандан “би сая бааранд танилцсан залуутай танилцсан юм одоо залгалаа, дуудаад хэдүүлээ цуг явъя” гэсэн. Тэгээд утсаар яриад 4 залуу гарч ирсэн. Тухайн үед бид хэд Сансарын нүхэн гарцны хажууд зогсож байтал баарны үүдэнд зодолдож байсан залуус болон бидний хооронд маргаан гарч хэсэг бүлэг газар зодолдож байсан бөгөөд нэг нь танай найз чинь газар саваад уначихлаа гэсэн. Тэгээд хартал манай найз болох Шинэзул газар уначихсан байсан бөгөөд ухаан алдсан байсан.” /хх-21/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Н.Лхамсүрэнгийн өгсөн: “...Шинэзул ганцаараа толгой өвдөөд байна гээд бөөлжөөд байхаар нь би эм уулгаад лаа хийж өгөөд гараад явсан. Манай найз Заяа Шинэзулын гэрт очиход бие нь өвдөөд байна гэхээр нь түргэн тусламж дуудаж үзүүлэхэд гэмтэл авсан байна гээд хагалгаа хийсэн байсан. Нэг нь манай найзыг цохилоо гэхээр нь хартал Шинэзул газарт унасан байсан. Маргааш нь би Шинэзулыг хэн цохисон талаар асуухад Сараа тэр ногоон цамцтай залууг би чулуугаар шидэх гэж байтал намайг цохих гэж байгаад Шинэзулыг цохисон гэж хэлсэн.” /хх-22-23/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Э.Сарантуяагийн өгсөн: “...Би Шинэзулыг явуулахгүй байсан залууг тавь гэж хэлж байсан. Энэ үед Лхамжав манай найзыг цохилоо гэхээр нь хартал Шинэзул газарт унасан байсан.” /хх-31-32/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Д.Батзаяагийн өгсөн: “...Нөгөө эмэгтэй арагш саваад унасан. Би очиж тэр эмэгтэйг босоорой гэж хэлээд өргөтөл тэр эмэгтэй босч ирэлгүй хэвтээд байхад хоёр найз нь гэх эмэгтэйчүүд ирээд надтай хамт өргөөд босгосон.Баярмагнай хажууд хараад зогсож байсан. Хамт байсан эмэгтэйчүүд нь манай найзыг цохилоо гээд орилж хашгираад байсан.” /хх-29/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ц.Номин-Эрдэнийн өгсөн: “...Буудалд ороход Шинэзул эгчийн тохой нь хөхөрсөн байсан бөгөөд нүүрэндээ ил харагдах гэмтэл шарх байгаагүй. Бөөлжөөд байсан.” /хх-33/ гэх мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 8506 дугаартай дүгнэлтэд:
1. С.Шинэзулийн биед баруун зулай яснаас зулай, чамархайн
заадлыг дайрч суурь ясны их далавч хүрсэн шугаман хугарал, баруун чамархай
хэсгийн хатуу хатуу хальсан дээрх цусан хураа, тархи дарагдал, баруун чамархай,
зүүн духны дэлбэнгийн тархины эдийн няцрал, аалзан хальсан доорх цус харвалт,
баруун зулай, дагз, чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал, баруун тохиод
зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтэл байна ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.11-т зааснаар амь насанд аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна.” /хх-15/ гэх дүгнэлт,
Мөрдөн шалгах ажиллагаанд А.Б гийн яллагдагчаар өгсөн: “...Би дүгнэлттэй танилцсан. Би уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Би дүгнэлтэд тусгагдсан гэмтлийг С.Шинэзулын биед учруулсанаа хүлээн зөвшөөрч байна.” /хх-85/ гэх мэдүүлэг,
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-4-7/,
Гэмтэл согог судлалын Үндэсний төвийн хохирогч С.Шинэзулын өвчний түүх /хх-65-78/,
Шүүгдэгч А.Б гийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-40/ зэрэг болно.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан
шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийн хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Нотлох баримтуудыг нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч А.Б нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 7 дугаар сарын 7-ны өдрийн 04:00 үед Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкны орчим бусадтай маргалдаж байх явцдаа хохирогч С.Шинэзулыг түлхэж унаган эрүүл мэндэд нь хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан буюу А.Б гийн болгоомжгүй үйлдлийн улмаас С.Шинэзулын биед хүнд гэмтэл учирсан байна.
Иймд шүүгдэгч А.Б г болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан буюу хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйльд хуульчилан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч А.Б г “Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүхээс дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч А.Б нь хохирогч С.Шинэзулд учирсан хохирлын төлсөн ба хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэдгээ илэрхийлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ. Үүнийг шүүхэс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд энэ хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Гэвч шүүхээс хохирогч С.Шинэзулын цаашид гарах эмчилгээний зардалтай холбогдох нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхийг нээлттэй үлдэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүх шүүгдэгч А.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.
Шүүхээс шүүгдэгч А.Б д ял шийтгэл оногдуулахад хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж хор уршгийг арилгасан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж уг ялыг тэнсэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.8, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. А.Б д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1-д заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, хяналт тогтоохыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5-д зааснаар А.Б нь тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг дурдсугай.
4. Энэ хэрэгт битүүмжлэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, А.Б нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
5. Хохирогч С.Шинэзул нь цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба А.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч ,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл А.Б д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ШҮҮГЧ Э.ЧИНГИС