Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2016/05043

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 101/ШШ2016/05043

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, К-3-88 тоотод оршин суух, Мянгат овогт Доржтүмэнгийн Даваадорж /РД:ИЧ79111911/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 4 дүгээр хороо,  15 дугаар хороолол, 65 дугаар байр, 37 тоотод оршин суух, Тольтон бургууд овогт Долгорсүрэнгийн Тамир /РД:ЦБ76021670/, Боржигин овогт Даваагийн Гэрэлцэцэг /РД:ЧЗ77081764/ нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Даваадорж, хариуцагч Д.Тамир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Даваадорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Даваадорж, хариуцагч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нартай 2014 оны 6 дугаар сарын 30-нд 7,000,000 төгрөгийг нэг сар хүртэл хугацаатай, нэг сарын 10 хувийн хүү тооцож авахаар харилцан тохиролцож зээлийн гэрээ байгуулсан.

Хариуцагч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нар нь 2014 оны 7 дугаар сарын 30-ны дотор зээлийн гэрээний үүргийг хугацаандаа биелүүлээгүй бөгөөд 2014.06.30-07.30-ны өдөр хүртлэх зээлийн сарын хүү 700,000 төгрөгийг 2 сарын дараа 2014.09.02-ны өдөр нэхэмжлэгчийн Голомт банкны 1209191482 тоот дансанд шилжүүлсэн. 2014.08.30, 09.30-ны өдөр хүртлэх зээлийн 2 сарын хүү 1,400,000 төгрөгийг 2 сарын дараа 2014.10.31-ний өдөр нэхэмжлэгчийн Голомт банкны дансанд шилжүүлсэн. 2014.10.30, 11.30-ны өдөр хүртлэх зээлийн 2 сарын хүү 1,400,000 төгрөгийг 2 сарын дараа 2015.02.06-ны өдөр Голомт банкны дансанд тус тус үндсэн зээлийн 5 сарын хүү, нийт 3,500,000 төгрөгийг шилжүүлсэн.

2015 оны 05.20-нд үндсэн зээл 7,000,000 төгрөг, 2014.11.30-12.30-ныг хүртлэх 1 сарын хүү 700,000 төгрөгийг нэхэмжлэгчийн Голомт банкны 1209191482 тоот дансанд шилжүүлсэн.

Зээлийн гэрээний 2.2.-т зааснаар хариуцагчаас 2015.01.30-2015.05.20-ны өдрийг хүртлэх 5 сарын зээлийн хүү 3,500,000 төгрөг, 2015.01.30-05.20 хүртлэх 5 сарын алданги 3,500,000 төгрөг, нийт 7,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Тамир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөхгүй. Түүнээс 30 хоногийн хугацаатай мөнгө зээлж эргүүлж бүгдийг нь өгсөн. Ямар ч үндэслэлгүйгээр мөнгө нэхэмжилж байгаа тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Даваадорж нь хариуцагч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Шүүх, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан, 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Д.Даваадорж болон Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч Д.Даваадорж нь зээлдэгч нарт 7,000,000 төгрөгийг 10 хувийн хүүтэй, 30 хоногийн хугацаатай зээлдүүлсэн байх бөгөөд мөнгийг хүлээлгэн өгсөн болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Зээлдэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нар нь 2014 оны 6 дугаар сарын 30-ны өдрөөс мөн оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртлэх зээлийн сарын хүү 700,000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр, 1,400,000 төгрөгийг 2 сарын хүү хэмээн 2014 оны 10 дугаар сарын 31-ний өдөр, дахин 2 сарын хүү хэмээн 1,400,000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 06-ны өдөр нэхэмжлэгчийн дансанд тус тус шилжүүлж, зээлийн хүүнд тооцож 3,500,000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлсэн, 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдөр үндсэн зээл 7,000,000 төгрөг болон 2014.11.30-12.30-ныг хүртлэх хугацааны 1 сарын хүү гэх 700,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн болох нь  хэрэгт авагдсан нэхэмжлэгч Д.Даваадоржийн эзэмшдэг Голомт банк дахь 1209191482 тоот дансны хуулга болон зохигчийн тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгч нь талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч нь зээл авсан өдрөөс эхлэн түүнийг бүрэн төлж дуусах хүртэл хугацаанд төлөгдөөгүй байгаа зээлийн үлдэгдэлд зээлийн хугацаа дууссанаас үл хамааран сар бүр энэхүү гэрээний 2.1.2-т заасан хувийн хүүг төлнө. Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цаашид зээлийг гэрээг тодорхой бус хугацаатайгаар байгуулсанд тооцож зээлийн хүүг төлнө. ...” гэж заасныг баримтлан хариуцагч нараас 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2015 оны 5 дугаар сарын 20-ны өдрийг хүртлэх 5 сарын хугацааны хүү алдангийг гаргуулахаар шаардсан нь хууль зүйн үндэслэлгүй юм.

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.” гэж заасан. Хуулийн энэ заалт нь талуудын хооронд хугацаа тогтоосон байхыг шаардаж байна. Гэтэл талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.2-т “Зээлдэгч зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрөө барагдуулаагүй тохиолдолд цаашид зээлийн гэрээг тодорхой бус хугацаатайгаар байгуулсанд тооцож зээлийн хүүг төлнө.” гэж заасныг зээлийн гэрээний хугацааг тогтоосон талуудын тохиролцоо гэж үзэхгүй. Харин зээлийн  гэрээний 2.1.3-т зээлийн хугацааг “30 хоног хүртэл 25 хоног” гэж тогтоосон байх тул талуудын хооронд 30 хоногийн хугацаатай зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх нь зүйтэй.

Зээлдэгч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нар зээл болон зээлийн хүүг дээр дурдсанаар төлсөн болох нь тогтоогдсон тул зээлийн гэрээний дагуу хүлээсэн тэдний үүрэг нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар дуусгавар болжээ.

Иймд зээлийн гэрээний дагуу хүү, алданги, нийт 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д заасныг баримтлан, хариуцагч Д.Тамир, Д.Гэрэлцэцэг нараас 7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Д.Даваадоржийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоусгай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА