Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 00350

 

 

 

 

      

 

    

              МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                       

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,

Нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагч Ч.Батзориг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Будхүү,

Шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ххолбогдох эрүүгийн 1938007410418 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

      Холбогдсон хэргийн талаар:

      Шүүгдэгч Б.Х нь Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын эрчим багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 443 дугаар анги байсан хашаанаас 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр цахилгааны утас хулгайлж 545.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

    Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын эрчим багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 443 дугаар анги байсан хашаанаас цахилгааны утас хулгайлж 545.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж эрүүгийн 1938007410418 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: “…Би нүүрстэйд байдаг хорих ангийн хашаанаас хуйлсан цахилгааны утас аваад гарч яваад хорих ангийн даргад баригдсан. Намайг хашаанд байх байшингаас утас хулгайлж байхад хорихын хашаанд Итгэл гэдэг хүүхэд бага насны хоёр дүүгийнхээ хамт байсан. Намайг утас аваад гарч ирж байхад тэр гурав тоглож л байсан, намайг анзаараагүй байх. Би авсан цахилгааны утсаа тэр дор нь буцаагаад өгчихсөн…Би үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна...” гэх мэдүүлэг,

Хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 6-7 дугаар хуудас/,

Хохирогч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...2019 оны 10-р сарын 9-ний өдөр мөн газрын дарга жолоочтойгоо хорих анги ортол том хүн, хүүхэд хоёр манай кабел тогны утсыг тасдаад мотоциклийн ард ороогоод авч явах гэж байсан гэж манай газрын дарга над руу утсаар залгаж хэлсэн. Манай хорих 443-р ангиас 4 зэс оролттой хятад улсад үйлдвэрлэсэн 26 метр кабелийн утас, 2 зэс голтой дотор мантожны 27 метр хар утас, икрантай буюу хамгаалалтай 27 метр орос утас зэрэг эд зүйлсийг хулгайд алдсан…Алдагдсан эд зүйлсээ бүрэн бүтнээр нь олж авсан учраас надад болоод байгууллагын зүгээс нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-13-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Ц.Г-ний мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Заяа гэж дууддаг ах надтай ойр хонио хариулаад явж байсан. Би хоёр дүүгийн хамтаар Заяа ах дээр явж очсон. Тэгээд Заяа ахыг аваад хорих анги орж хөл бөмбөгийн талбай дээр нь хөл бөмбөг тоглох гэж очтол Заяа ах хөл бөмбөг тоглож байгаад алга болсон. Тэгээд намайг тоглож байтал Заяа ах хуйлаатай баахан утас аваад яваад байсан. Би тэр үед их хайхраагүй бөгөөд хөл бөмбөг тоглож байтал Заяа ах явъя гээд бид мотоцикль руугаа явж байтал саарал өнгийн жийптэй хүмүүс ирээд бид нарыг хулгай хийсэн байна гээд Заяа ах бид хоёрыг мотоцикльтой хамт Мөрөн сум руу авчирсан. Би хөл бөмбөг тоглож байсан болохоор Заяа ах яг хаанаас цахилгааны утаснуудыг авсаныг мэдэхгүй байна. Надад хорих ангид цахилгааны утас байгаа талаар ярьж байгаагүй. Бид нар хөл бөмбөг тоглох зорилгоор хорих анги

орсон юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20-р хуудас/,

Гэрч Б.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Хорих анги дээр 14 цаг өнгөрч байхад очтол хорих ангийн хашааны хаалгыг хагас онгойлгосон, хаалганы хажууд хөх өнгийн мустанг-5 маркийн мотоцикль тавьсан байсан. Уг мотоциклийн хойд ачаан дээр хорих ангийн байрны кабель утас, тогны утсыг тасдан ороож хүлсэн байсан. Мотоциклийн ойролцоо хүн байгаагүй ба эргэлтийн байрны хашаанаас нэг том хүн нэг хүүхэд гарч ирсэн. Тэр хоёрын араас хоёр жоохон хүүхэд гарч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 37-42-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Эрүүгийн 1938007410418 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Х нь 2019 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Эрчим багийн нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 443 дугаар анги байсан хашаанаас цахилгааны утас хулгайлж 545.500 төгрөгний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Б.Хгийн мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,

Хохирогч Д.Г-ын /хх-ийн 10-13-р хуудас/, насанд хүрээгүй гэрч Ц.Г-ий /хх-ийн 19-20-р хуудас/, гэрч Б.Х-ын /хх-ийн 21-22-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,

Хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 24-р хуудас/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.

      Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.

      Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогчийн зүгээс өөрийн эд хөрөнгийг ил задгай орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн гэж үзлээ.

Хулгайлах гэмт хэргийг шүүгдэгч Б.Х нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүгдэгч нь бусдын өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, тухайн эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, шунахайн сэдэлтээр, бусдын эд хөрөнгөнд хохирол учруулан хор уршигт зориуд хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Б.Х нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа хорих 443 дугаар анги байсан хашаанаас цахилгааны утас хулгайлж 545.500 төгрөгний хохирол учруулсан бөгөөд уг хохирлоо нөхөн төлсөн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Б.Хг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х нь урьд 2002 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 131 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар тэнссэж байсан болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, таслан шийдвэрлэх тогтоолын хуулбар /хх-ийн 39-42-р/-аар тогтоогдож байна.

        Шүүгдэгч Б.Х нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцон үзлээ.

 Шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан

хохирлоо нөхөн төлсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, ам бүл 2, эхнэрийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн 1938007410418 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

      Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хулгайлах гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Б.Х-г 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.   

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

      4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Б.Хд хяналт тавихыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

      5. Эрүүгийн 1938007410418 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

      6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Хд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Т.ХҮРЭЛБААТАР