| Шүүх | Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмэндэмбэрэлийн Хүрэлбаатар |
| Хэргийн индекс | 179/2019/0316/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/343 |
| Огноо | 2019-11-18 |
| Зүйл хэсэг | 10.6., |
| Улсын яллагч | Н.Батмөнх |
Хөвсгөл аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 11 сарын 18 өдөр
Дугаар 2019/ШЦТ/343
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Хүрэлбаатар даргалж,
Нарийн бичгийн дарга Г.Буянжаргал,
Улсын яллагч Н.Батмөнх,
Шүүгдэгч Л.Ш нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Л.Шхолбогдох эрүүгийн 1938005440394 дугаартай хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Л.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хоолой” гэх газар мод бэлтгэж байгаад хохирогч Ж.Тамь насыг нь хохироож, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Л.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хоолой” гэх газар мод бэлтгэж байгаад хохирогч Ж.Тамь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан Хөвсгөл аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт
үйлдэж эрүүгийн 1938005440394 дугаартай хэргийг шүүхэд ирүүлжээ.
Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Л.Шын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “...2019 оны 08 дугаар сарын 06-ны өглөө 11:00 цагийн үед Гунгаа гэдэг айлын түлшний модыг бэлтгэхээр Үхрийн нүдэт гэдэг газрын уулын мод руу модонд явсан...Ж.Т ахыг машиныхаа дэргэд орхичихоод модоо хөрөөдөж бэлтгэхээр уулын модон дундуур дээшээ өгссөн. Тэгээд эхний модыг би хужаа моторт хөрөөгөөр хөрөөдөөд тэр мод газрын уруу руу унасан. Тэр модоо ойролцоогоор 2.4 метр хэмжээтэй гурван хэсэг болгож хуваагаад дараагийн модоо хөрөөдөөд унагатал мод зүүн тийш унасан. Тэгээд хартал модны үзүүрт Ж.Т гэдэг хүн цохиулаад доош харж унасан байсан. Би Ж.Т гэдэг хүнийг доор орхичихоод ирсэн болохоор доороос өгсөж ирснийг бол мэдээгүй, хоёрдох модоо хөрөөдөж унагахад л тийм зүйл болчихсон байсан. Би модоо унагаачихаад дараа нь Ж.Т гуайг модонд цохиулсныг мэдсэн, яг цохиулж байхыг нь бол хараагүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэх мэдүүлэг,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлүүд /хх-ийн 5-8-р хуудас/,
Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлүүд /хх-ийн 9-10-р хуудас/,
Хохирогч В.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр 14:00 цагийн үед миний нөхөр Ж.Тхамаатан ах дүү нар утсаар манай хүү Батзаяа руу яриад “аав чинь эвгүй болчихлоо хурдан наашаа гар” гэж мэдээ хэлсэн байсан. Тэгээд бид нар нас барсан эсэхийг нь ч мэдэхгүй сандралдаад өөрсдийнхөө унаагаар Улаанбаатар хотоос тэр өдрөө гараад шөнөдөө Хөвсгөл аймгийн Мөрөн суманд ирсэн. Маргааш өглөө нь 2019 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Шинэ-Идэр суманд очиход манай нөхөр Ж.Т нас барсан байсан. Ж.Тийн ах дүү, хамаатан садан манай нөхрийг модонд цохиулаад нас барсан гэдэг зүйл надад хэлсэн. Би энэ хэргийн талаар нарийн сайн мэдэхгүй…Надад нэхэмжлэх зүйл гомдол, санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/,
Гэрч Л.А-ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Намайг гэртээ байж байтал манай сумын цаг уурын ажилтан Нандмаа манай гэрт орж ирээд Улаанбаатар хотоос найранд оролцохоор ирсэн манай хамаатны Ж.Т гэдэг хүн модонд явж байгаад модонд цохиулаад нас барчихлаа. Сумын хэсгийн төлөөлөгч, цагдаа нар байхгүй байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын 7038102 дугаартай утас руу залгаж болсон явдлын талаар мэдэгдэж дуудлага өгсөн. Дуудлага хүлээн авсан цагдаагийн ажилтан та овог нэр регистрийн дугаарыг нь олоод мэдэгдээч гэхээр нь би модонд цохиулж нас барсан гэх хүний овог нэрийг нь регистрийн дугаартай нь мэдээд мөн утсанд залгаж мэдэгдсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/,
Гэрч Ж.Г-ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би 2019 оны 08 дугаар сарын 06-ний өглөө 11:00 цагийн үед өөрийн дүү Жамсрангийн Ж.Т, малчин Л.Ш нарын хамт гурвуулаа Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг Дунд хоолой гэдэг газрын Үхрийн нүдэт гэдэг ам өөд өгсөж уулнаас түлшний мод бэлтгэхээр явсан. Уулын модны цоорхойд машинаа тавьчихаад Л.Ш бид 2 хөрөөгөө аваад уулын өөд өгссөн. Тэгээд нилээн дээш өгсөөд уулын модон доторх хадны хажуухнаас Л.Ш эхлээд нэг мод унагаасан. Тэгээд хоёрдох модоо хөрөөдөөд унагаахад миний дүү Ж.Т доороос өгсөж ирж яваа харагдсан. Тэгээд дараагийн модыг Л.Ш хужаа моторт хөрөөгөөр тайраад унагаатал мод зүүн тал руугаа унаад, тэр мод унаж байхад Ж.Т ургаа хадыг тойрч өгсөж ирж таараад унаж байсан модонд цохиулаад уначихсан. Тэгэхээр нь би гүйж очоод хартал доош хараад уначихсан, толгойноос нь их хэмжээний цус гарч байсан бөгөөд хөдлөхгүй байсан. Би сандраад пудволкоо тайлж толгой дээр нь тавиад ухаан оролгүй нас барчихсан...Би өөрийнхөө хэрэгцээнд түлшний мод бэлтгэх гэж байсан. Би мод бэлтгэхдээ 8 куб метр мод бэлтгэх эрхийн бичиг авсан. Тэгээд модоо бэлтгэхээр явсан юм. Л.Ш бид 2 бол согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, Ж.Т өчигдөр айлын найранд очоод архи уусан байсан болохоор өглөө модонд явахын өмнө шарыг нь тайлах зорилгоор 50-60 грамм архи уулгасан байсан юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай дүгнэлт:
1. Ж.Тбиед зүүн зулай, баруун чамархайнаас суурын дунд хөндийг дайруулсан зүүн чамархай хүрсэн, дагзны зүүн хэсэгт олон сэлтэрсэн зөрүүтэй хугарал, хуйханд цус хуралт, зүүн зулайн дээд хэсгийн хатуу хальс урагдсан, дух баруун чамархай, дагз бага тархины аалзавчин хальсан доорх цус харвалт, тархины их хэмжээний няцрал, зүүн чамархайн дээд хэсэгт ил, баруун шуунд няцарсан шарх, баруун шуу, зүүн тохой, нуруунд зулгаралттай бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн гэмтэл байх боломжтой.
3. Нас барахын өмнө үүссэн гэмтэл байна.
4. Ж.Тбиед үүссэн гэмтлүүд нь үхэлд шууд хүргэсэн байна.
5. Үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон Төрсний бүртгэлийн лавлагаа, байнга оршин суугаа газрын тодорхойлолт, иргэний үнэмлэхний лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 48-51, 54-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Эрүүгийн 1938005440394 дугаар хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг цуглуулах буюу бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авсан байх тул хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, хангалттай байна гэж шүүх үнэллээ.
Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна гэж шүүх үзлээ.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Л.Ш нь 2019 оны 08 дугаар сарын 06-ны өдөр Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын 2 дугаар багийн нутаг “Дунд хоолой” гэх газар мод бэлтгэж байгаад хохирогч Ж.Тамь насыг нь болгоомжгүйгээр хохироосон гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан шүүгдэгч Л.Шын мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд өгсөн мэдүүлэг,
Хохирогч В.Түвшинжаргалын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 14-15-р хуудас/, гэрч Л.Амгаланбатын /хх-ийн 16-17-р хуудас/, гэрч Ж.Гунгаагийн /хх-ийн 18-20-р хуудас/ мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлгүүд,
Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлүүд /хх-ийн 5-8-р хуудас/,
Хувцаст үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлүүд /хх-ийн 9-10-р хуудас/,
Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 25-р хуудас/,
Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.Цолмонгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 100 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 26-29-р хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч С.Энхмааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл зөв байна гэж шүүх дүгнэв.
Гэмт хэрэг гарахад шүүгдэгчийн анхаарал болгоомжгүй байдал нөлөөлсөн гэж үзлээ. Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг шүүгдэгч Л.Ш нь ганцаараа үйлдсэн болох нь хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүгдэгч нь хүний амьд явах эрхийн эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдсэн боловч түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцон үйлдсэн нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд: Шүүгдэгч Л.Ш нь Ж.Тамь насыг болгоомжгүйгээр хохироосон бөгөөд хохирогч В.Түвшинжаргал нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Л.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэнд гэм буруутайд тооцсон тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч Л.Ш нь ял шийтгэлгүй болох нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /ХХ-ийн 54-р хуудас/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт амьдардаг, гэр бүлээ тэжээн тэтгэдэг зэрэг хувийн байдлуудыг харгалзан үзэж, түүнд эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн 1938005440394 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан
зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Л.Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр шүүгдэгч Л.Ш-ыг 2 /хоёр/ жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Ш-т оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
4. Үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан шүүгдэгч Л.Ш-т хяналт тавихыг түүний оршин суугаа газрын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн 1938005440394 дугаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Л.Шт урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.ХҮРЭЛБААТАР