Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2016/05146

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 101/ШШ2016/05146

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,  

 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, Энхтайваны өргөн чөлөө 57 хаягт байрлах, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх 6-902 тоотод оршин суух, Боржигон овогт Жамбалдоржийн Түмэнжаргал /РД:НА68021862/-д  холбогдох

 

Тэтгэвэрт үндэслэлгүй авсан 964,516 төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбуян, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс шүүхэд гаргасан нэхэмжлэл болон тус хэлтсийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Өнөрбуян шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн А/29 тоот “Тэтгэвэрийн хувийн хэрэгт дотоод хяналт шалгалт хийх тухай” тушаалын дагуу тус хэлтсийн нийт тэтгэвэр авагчдын хувийн хэрэг болон 2013 оны 01 дүгээр сарын 01-нээс 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөро хүртэлх хугацаанд шинээр тэтгэвэр тогтоолгосон тэтгэвэр авагчдын хувийн хэрэг материалыг хамруулан шалгасан.

Шалгалтаар иргэн Ж.Түмэнжаргал нь Үндэсний төв архивын ирүүлсэн ХААЯамны харъяа Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн захирлын 1986 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 19 тоот тушаалын хуулбар, мөн захирлын 1989 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 33 дугаар тушаалын хуулбар, мөн захирлын 1991 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 29 тоот тушаалын хуулбар, мөн захирлын 1994 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 53 тоот тушаалын хуулбарын үндэслэлийг шалгахад Үндэсний төв архивын 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 03/237 тоот албан бичгээр хуурамч болох нь нотлогдсон тул 2015 оны 5 дугаар сарын 26-наас 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 0000162 тоот улсын байцаагчийн акт тавигдсан.

Энэ тухай өөрт нь мэдэгдэх гэж утас, оршин суугаа хаягаар нь холбогдох гэсэн боловч боломжгүй байгаа тул үндэслэлгүйгээр авсан тэтгэвэрээр нөхөн төлөөгүй иргэн Ж.Түмэнжаргалаас 964,516 төгрөгийг гаргуулж, тус хэлтсийн тэтвэрийн даатгалын санд буцаан төлүүлж, санг хохиролгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.Түмэнжаргалын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бадамханд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын сангаас Ж.Түмэнжаргалд 690,000 төгрөг орж ирсэн. 2015 оны 7 дугаар сарын 01-ний өдөр 230,000 төгрөг, 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр 230,000 төгрөг, 2015 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр 230,000 төгрөг, нийт 690,000 төгрөг орж ирсэн. Улсын байцаагчийн акт нь ерөнхийдөө хууль бус байна гэсэн боловч мөнгөн дүн нь тохирохгүй байна.

Тэтгэвэрт 964.516 төгрөг орж ирээгүй гэдэг нь өнөөдөр шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тогтоогдож байна. Түмэнжаргал нь 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 274.510 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 230.000 төгрөг, нийт 504.510 төгрөгийн тэтгэвэр авсан. Үүнийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Үлдэгдэл мөнгийг Нийгмийн даатгалын хэлтэс банкнаас нэхэмжилж болно. Иймд 504.5010 төгрөгийг зөвшөөрч байгаа тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. 

Түмэнжаргал буруутай нь буруутай, мөн З.Хорлоо гэж хүн болон шалгалгүй өгч байсан Нийгмийн даатгалын хэлтсийн ажилтнууд буруутай. Энэ маргаан дээр эрүүгийн хэрэг үүссэн байгаа. Эрүүгийн журмаар шалгагдаж байгаа тохиодолд иргэний журмаар нэхэмжлэх ёсгүй. Эрүүгийн хэрэг маргааныг шийдвэрлэтэл иргэний хэрэг маргааныг түдгэлзүүлэх ёстой. Эднийх авсан тэтгэврийн хэмжээгээр орсон гэж тайлбарлаж байна. Эднийхээс орж ирсэн мөнгө нь 690.000 төгрөг орж ирсэн нь дансны хуулгаар нотлогдож байна гэв.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь хариуцагч Ж.Түмэнжаргалд холбогдуулан үндэслэлгүйгээр авсан тэтгэвэр 964,516 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг эс зөвшөөрч маргаж байна.

 

Хариуцагч Ж.Түмэнжаргал нь хуурамч баримт бүрдүүлж, хортой нөхцлөөр тэтгэвэр тогтоолгосон болохыг Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс тогтоож, тус хэлтсийн улсын байцаагч 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 0000162 дугаартай акт үйлдэж, Ж.Түмэнжаргалын тэтвэрийн олголтыг мөн өдрөөр дуусгавар болгож, түүнээс 964,516 төгрөгийг төлүүлж, тэтгэвэрийн санг хохиролгүй болгохоор тогтоожээ.

 

Гэвч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ХААН банкны теллерийн тэмдэг дарагдсан баримтыг үндэслэн 2015 оны 6 дугаар сарын 04-ний өдөр 274,516 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 03-нд 230,000 төгрөгийг тус тус авсан хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч байх боловч тэтгэвэрийн даатгалын сангаас 2015 оны 6 дугаар сард 274,516 төгрөг, 2015 оны 7, 8, 9 дүгээр саруудад тус тус 230,000 төгрөг, нийт 964,516 төгрөгийг Жамбалдоржийн Түмэнжаргалд шилжүүлсэн болох нь хэрэгт авагдсан 5039510772 дугаартай, тэтгэвэрийн дансны депозит дансны хуулбар, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 0000162 дугаартай акт зэргээр нотлогдож тогтоогдлоо.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Нийгмийн даатгалын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 1-ийн 7-д заасныг баримтлан хариуцагч Ж.Түмэнжаргалаас 964,516 төгрөгийг гаргуулж, Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст олгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэс нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА