Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 18 өдөр

Дугаар 141

 

 Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Т.Дэлгэрмаа даргалж,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Н.Нармандах,

Шүүгдэгч: Р.Т,

Нарийн бичгийн дарга: Б.Боорчи нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж,

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  Ц овгийн Р-ийн Т-д холбогдох 1928002100143 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ц овгийн Р-ийн Т

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Р.Т нь 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 95-88 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэлд 314 килограмм хас чулууг нууж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт дахь гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн буюу хуулиар хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

Шүүгдэгч Р.Т-ыг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Р.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 18-нд Шивээхүрэн хилийн боомтоор өөрийн унаж явсан автомашиндаа чулуу хийн гарахдаа баригдсан. Гаалийн ахлах Г ирж шалгасан. Тэгээд цагдаа ирж намайг аваад явсан. Би энэ хэргийг хийсэн явдалдаа их гэмшиж байна. Тухайн үед чулуу гаргах нь хуультай гэдгийг мэдээгүй. Сүүлд нь дүгнэлт гарахад ийм хуультай, буруу зүйл хийж гэдгээ ойлгосон.

Гэрч Ш.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Р.Т нь миний нөхөр байгаа юм. Бид хоёр 28 жил хамтдаа нэг гэрт амьдарч байна. Энэ автомашиныг би 2003 онд байх /өдрийг нь санахгүй байна/ аав Шуумайгаас авч байсан. Аав маань надад бэлэг болгож өгсөн. Тийм учраас миний хувиарт хөрөнгө байгаа юм. Миний нэр дээр бүртгэлтэй байдаг, миний хөрөнгө байгаа юм. Т энэ машиныг унах эрх байгаа. Манай гэр бүлийн дундын өмч биш. Миний өөрийн эзэмшлийн автомашин байгаа юм. Манай нөхөр бараг унадаггүй. Манай нөхөр их төлөв даруу, архи тамхи хэрэглэдэггүй. Манай нөхөр Шивээхүрэн хилийн боомтоор миний Фургон маркийн автомашинаар хүн хаад л зөөж байдаг. Би машинд нуувч хийсэн байсныг мэдээгүй. БИ 2019 ны 07 дугаар сарын 27-ноос хойш 08 дугаар сарын 14-нийг хүртэлх хугацаанд Архангай, Өвөрхангай аймагт байдаг рашаан сувилалд явж байсан. Би Т-ыг автомашинд чулуу нууж байгааг мэдээгүй. Надад чулуу нуусан талаар хэлээгүй. Тухайн өдөр хамт урагшаа орох гэж байсан. Би өөрийнхөө эзэмшлийн автомашинаа буцааж авах хүсэлтэй байна. Өөр ямар нэгэн санал, хүсэлт байхгүй.

Гэрч  Д.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Гаалийн ерөнхий газрын 2009 оны 362 дугаар тушаал одоо хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа. Уг тушаал нь 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр ГЕГ-ын дарга Д.Цэвээнжав баталсан. Журам батлах тухай тушаал байдаг. Уг тушаал нь 2009 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн гаалийн ерөнхий газрын мэргэжлийн зөвлөлийн шийдвэрийг үндэслэн гаргасан тушаал. Уг тушаалын утга нь Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараанд гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулж өгсөн байдаг. Мөн уг тушаалын хавсралтаар батлагдсан гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог барааны тодорхойлолт хуудасны бөглөх ёстой байдаг. Уг хуудсанд тодорхойлолт авсан аж ахуй нэгж байгууллага хувь хүний мэдээлэл хаяг, регистр, утасны дугаар, гаалийн хилээр нэвтрүүлэх үндэслэл болох баримт түүний дугаар, гэрээ протокол, барааны нэр тоо хэмжээ, үнэ, барааны код хилээр нэвтрүүлж буй зорилго хугацаа, хилээр нэвтрүүлэх тээврийн хэрэгслийн төрөл, боомтын нэр хилээр нэвтрүүлэх он, сар хүлээн авагчийн хаяг гэсэн заалтуудыг тусгаж, үнэн зөв бөглөж мэдүүлэх ёстой байдлаар заасан байдаг. Хэрэв онцлог бараа тусгай зөвшөөрөлгүйгээр гаальд мэдүүлэхгүйгээр улсын хилээр нэвтрүүлэхийг завдах юм бол уг асуудал нь харьяаллын дагуу цагдаагийн байгууллагад шилжүүлэх үндэслэл болно. Гаалийн хилээр нэвтрүүлэх онцлог бараа гэж шинжлэх ухаан технологийн ололт газар нутгийн дүрс, зураг зүйн бусад материал судалгаа шинжилгээний геологи, байгаль амьтан судлал, палентлогийн олдворын болон бусад бүх төрлийн дээж сорьцыг онцлог бараа гэж ойлгож болно. Энэ тухай гаалийн ерөнхий газрын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр журам батлах тухай утга бүхий 362 дугаартай тушаалаар гаалийн бүрдүүлэлт хийх журмыг зохицуулсан бичиг баримт байдаг. Гаалийн ерөнхий газрын 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр батлагдсан журам батлагдсан тухай утга бүхий 362 дугаартай тушаалын хавсралт дээр чулууны тухай үндсэн материал эрдэнийн чулууны дээж, үнэт металлын сорьц тогтоох эрдэнийн чулуу чанар тодорхойлох лаборатори шинжилгээний дүнг үндэслэн стандарт хэмжил зүйн газрын үнэт металл сорьцын хяналтын газраас тодорхойлолтыг мэдүүлж авсан байх ёстой гэж заасан байгаа. Холбогдох эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрлийг үндэслэн чулууг улсын хилээр нэвтрүүлдэг, ашигт малтмалын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж ганцхан хилээр чулуу нэвтрүүлэх эрх зүйн зохицуулалттай. Чулууг тусгай зөвшөөрлийн үндэслэлээр гаалийн бүрдүүлэлт хийсэн тохиолдолд, улсын хилээр нэвтрүүлдэг. Тусгай зөвшөөрлийг улсын бүртгэлтэй үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжид олгодог. Уг тусгай зөвшөөрөл байхгүй тохиолдолд чулууг улсын хилээр нэвтрүүлэхийг хориглоно. Өөрөөр хэлбэл ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй аж ахуй нэгж гаальд урьдчилан мэдүүлж чулууг улсын хилээр гаргадаг. Хувь хүн чулууг улсын хилээр гаргах эрх зүйн зохицуулалт байхгүй. 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр манай Шивээхүрэн хилийн боомтын гаалийн хяналтын талбайд БНХАУ-руу гарах чиглэл буюу экспортын талбай дээр Гаалийн улсын байцаагч хяналт шалгалт хийж ажиллаж байсан. Тухайн өдрийн 09 цаг өнгөрч байхад Р.Т гэх иргэн 95-88 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн Фургон автомашин жолоодож гаалийн хяналт хийх талбай дээр ирж зогссон. Уг иргэний автомашинд гаалийн байцаагч Сайн-Оюут, хилийн боомт хариуцсан төлөөлөгч Л.Далайжаргалын хамт хянапт шалгалт хийж улмаар 14 кг байгалийн улаан чулууг хайрцагт хийж автомашины зорчих хэсгийн суудал доогуур хийсэн байсныг олж тогтоосон. Уг зөрчлийн талаар гаалийн байцаагч Сайн-Оюут надад мэдэгдсэн. Р.Т нь өөрийн авч яваа бараагаа гаальд мэдүүлээгүй. Энэ үйлдэл нь Гаалийн тухай хуулийн 57, 55 дугаар зүйлийг зөрчиж байгаа. Мөн Р.Т нь эрх бүхий байгууллагаас авсан тусгай зөвшөөрөлгүйгээр чулууг улсын хилээр нэвтрүүлсэн нь хууль зөрчиж байгаа үйлдэл юм. Иргэн Р.Т манай хилийн боомтоор зорчиж байхдаа ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй.

Гэрч  Д.Ч мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 28-нд Шивээхүрэн боомтын Экспорт буюу Монголоос Хятад руу гардаг хяналтын талбай дээрээ үүрэг гүйцэтгэж байхад 95-88 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн Фургон автомашин манай хяналтын талбай дээр ирж зогссон. Тэр машины жолооч нь Т гэдэг хүн байсан. Би уг машины кабинд ил байгаа эд зүйлийг нь үзэхэд цаасан хайрцагтай сүү байсан, өөр ил харагдах эд зүйл байгаагүй. Тэгээд хяналтын хуудсан дээр нь тамгаа дараад гаалийн хяналтын бүс рүү тэр машиныг явуулсан. Би тэр өдөр 15 автомашин үзэж гаргасан. Тэр үед миний шалгасан 95-88 ӨМҮ, 61-64 ӨМҮ улсын дугаартай хоёр автомашин гаалийн хяналтын талбай дээр цаашаа яваагүй зогсож байсан. Тэр үед цагдаа нар ирсэн байсан. Тэгээд сүүлд нь тэр хоёр машинаас чулуу гарсан гэж хүнээс сонсож мэдсэн. Манайх бол зорчигчийн мэдүүлснээр тухайн автомашины кабинд үзлэг хийдэг юм. Манай байгууллага бол хориотой мах, махан бүтээгдэхүүн, малын түүхий сүү цагаан идээ, ургамал, ургамлын гаралтай бүтээгдэхүүнийг Монгол улсын хилээр гаргахыг хориглодог юм. Бид нар нарийвчилсан үзлэг шалгалтыг хийдэггүй. Байгалийн чулуу ил байгаагүй. Тухайн үед би Тоос машины зааланд байгаа төмөр савыг юу юм бэ гэхэд дотор нь машины түлхүүр багажнууд байгаа юм гэж хэлсэн. Тэгэхээр нь би үзэж шалаагүй. Хэдэн кг, грамм чулуутай явж байгааг нь мэдээгүй. Машинаас чулуу гарлаа гэж сонсож байсан. /хх-ийн 34-р хуудас/

Гэрч  Т.С мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 28-нд Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг болох Шивээхүрэн боомтын зорчигчийн Экспорт хэсэг дээр гаалийн хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэж байсан. Тэгээд боомт нээгдээд эхний автомашинууд орж ирж манай гаалийн хяналтын бүсэд орж ирээд зогсож байхад цагдаагийн ажилтан Д хүрч ирээд энэ танай хяналтын бүсэд зогсож байгаа 95-88 ӨМҮ улсын дугаартай саарал өнгийн Фургон автомашиныг хамтарч шалгая гэж хэлсэн. Би тэгээд уг Уаз Фургон автомашиныг яаман дээр зогсоогоод үзлэг шалгалтаа хийхэд машины арын заалны суудал доогуур нь төмөр хайрцагт байгалийн чулуу хийсэн байсныг гаргаж ирсэн. Тэгээд би зөрчлийн байцаагч Гантулгыг дуудаж ирүүлээд 95-88 ӨМҮ улсын дугаартай автомашиныг гаалийн хажуу талын талбай руу гаргаж зогсоосон. Би тэгээд тэндээ үлдэж арын автомашинуудыг шалгаж явуулсан. Тэгээд би гаалийн хяналтын бүсэд орж ирсэн автомашинуудыг шалгачихаад Гантулга, цагдаагийн ажилтан Далайжаргал нар дээр очиход машинаас нэмээд оймстой чулуунуудыг гаргачихсан үзлэг хийж байсан тэгээд цагдаагийн хүмүүс 95-88 ӨМҮ улсын дугаартай Фургон автомашиныг Гурвантэс сумын цагдаагийн тасаг руугаа аваад явсан. Сүүлд нь сонсож байхад тэр машинаас 20 гаруй кг чулуу гарсан гэж сонсож байсан. Миний мэдэж байгаагаар төмөр хайрцагт хийсэн чулуу байсан мөн машины өмнө талын жолоочийн суудлын араар нь төмөр саванд хийсэн байсан. Тэгээд энэ машиныг сайн шалгах хэрэгтэй юм байна гээд талбайн хажуу тал руу гаргаж зогсоосон. Гаалийн бүсэд илрүүлсэн чулуу нь 20 гаруй кг чулуу байсан. Харин цагдаа дээр очоод хэдэн кг чулуу гарсан талаар мэдэхгүй байна. /хх-ийн 35-р хуудас/

Гэрч  Т.У мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай багийн нутаг болох “Бааран” гэдэг нэртэй газарт хүмүүс 2019 оны 05 дугаар сараас эхлэн гадны хүмүүс ирж чулуу түүдэг болсон юм. Одоо харин түүдэг хүмүүс байхгүй байгаа. Чулуу нь их ховордсон юм. Булган сумаас зүүн хойд зүгт 30-35 кмт байдаг Бааран нэртэй газар байдаг. Газрын онцлог нь тал хээр нутаг, манай багийн малчдын зусаж, намарждаг газар нутаг байгаа юм. Тусгай хамгаалалтын бүсэд хамаардаггүй. Газрын хөрсөн дээр ил байдаг чулуунууд байдаг юм. Уг чулууг хүмүүс гараар түүдэг. Ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэглэдэггүй. Улаан хүрэн өнгийн жижиг жижиг янз бүрийн хэлбэр дүрстэй чулуунууд байдаг. /хх-ийн 27-р хуудас/

Гэрч  Н.Ш мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийн эзэмшлийн 95-88 ӨМҮ улсын дугаартай УАЗ Фургон автомашиныг 2003 онд өөрийн төрсөн охин Н-д өвлүүлж өгсөн юм. Тэгээд охин Н-ийн нэр дээр шилжүүлж өгсөн юм. Одоо миний охины өөрийн хөрөнгө байгаа юм. Манай хүргэн Т маш төлөв томоотой, даруухан зантай, архи тамхи хэрэглэдэггүй хүн байгаа юм. /хх-ийн 36-р хуудас/

2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 956 дугаартай Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын шинжээчийн дүгнэлтэд: Танай байгууллагаас тодорхойлуулахаар ирүүлсэн, 2019 оны 08 сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээхүрэн хилийн боомтоор Р овогтой Т-ын 95-88 ӨМА улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэлд нууж хууль бусаар хил нэвтрүүлэх гэж байгаад хураагдсан 314 кг жинтэй, шаргал, улаан хүрэн өнгөтэй, 1.3-7.0 мм хэмжээтэй, янз бүрийн хэлбэртэй байгалийн чулуунуудаас төлөөлүүлэн улаан хүрэн өнгөтэй чулуунаас 1 ширхэг, шаргал өнгөтэй чулуунаас 2 ширхэг тунгалаг шлиф (0.03 мм зузаантай чулуун ялтас) бэлтгэн петрографийн шинжилгээ хийж энэхүү чулуунуудыг дараах байдлаар тодорхойлж байна.

№1. (Улаан хүрэн өнгөтэй чулуу) - Хас чулуу.

№2. (Шаргал өнгөтэй чулуу) - Хас чулуу).

Энэхүү хас чулуунууд нь төмрийн усан ислээр нэвчсэн, 0.01 мм-с бага хэмжээтэй цахиурлаг агрегатаас тогтох бөгөөд 0.01-0.02 мм өргөнтэй кварцын ганц нэг нарийн судланцараар зүсэгджээ. Зарим чулуунууд нь төмрийн усан ислээр жигд бус нэвчигдсэнээс үелэг текстуртай болсон байна. Танай байгууллагаас тавьсан асуултанд дараах хариултыг өгч байна. Эд мөрийн баримтаар хураагдсан 314 кг жинтэй байгалийн чулуунууд нь хас чулуу байна. Уг чулуунууд нь эрдэнэс, эрдэс, байгалийн төрц зэргийн алинд ч хамаарахгүй. Уг чулуунууд нь нэг төрлийн, хас гэж нэрлэгддэг чулуунууд байна.

Хас чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарна. Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг”...гэжээ. /хх-ийн 38-41/

2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1000217 дугаартай Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний тайланд: Ш.Н-ийн эзэмшлийн 9588 ӨМҮ улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2000 онд Монгол Улсад орж ирсэн. Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов.

Жич: Уг машиныг тогтоол болон фото зургийн дагуу үнэлгээ гаргав. /хх-ийн 43-46-р хуудас/

Шүүгдэгч Р.Т мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 10 цагийн үед 95-88 ӨМҮ улсын дугаартай Фургон автомашинаар ганцаараа явж Гурвантэс сумын Шивээхүрэн боомтоор урагшаа Хятад улс руу гарах гэж Монгол улсын гаалийн хяналтын талбай руу орох гэж байтал манай эхнэр Н-д урдаас гарч ирээд надтай ирж уулзаад надтай хамт урагшаа гарах гээд бид хоёр гаалийн хяналтын талбай дээр очоод зогссон.Гаалийн хяналтын талбай дээр очихоос өмнө нь хорио цээрийн байцаагч Чулуундорж машин шалгаад машины арын зааланд байсан цаасан хайрцагтай чихэр.сүүг задалж үзчихээд машинаас буусан. Тэгээд би цаашаа яваад гаалийн хяналтын талбай дээр очоод зогссон. Тэгэхэд урд талд зогсож байсан машинуудыг гаалийн байцаагч шалгаж байсан. Тэгтэл гаалийн байцаагч өндөр эрэгтэй залуу \нэрийг мэдэхгүй байна\, цагдаагийн ажилтан Далайжаргал хоёр ирээд намайг машинаа хажуу талын талбай руу гараад зогс машиныг чинь шалгана гэж хэлэхээр нь би машинаа асаагаад хажуу талын талбай дээр нь гараад замаа чөлөөлөөд зогссон. Тэгээд тэр хоёр ирээд миний машиныг үзэж шалгаад миний машины арын зааланд байгаа төмөр хайрцагт хийсэн чулууг гаргаж ирээд мөн машины арын заалны буруу харсан суудлын доогуур байгаа төмөр хайрцгийн цаад талд нь байсан оймсонд хийсэн байсан чулуунуудыг гаргаж ирсэн. Тэгээд машинаас гарсан чулуунуудыг хурааж аваад гаалийн хяналтын өрөөнд очиж төмөр хайрцагтай чулуу болон оймсонд хийсэн чулуунуудыг хил дээр тавьж хиллэж үзэхэд нийт 21.90 кг болж байсан. Тэгээд намайг машинтай хамт Гурвантэс сумын цагдаагийн тасаг руу авч яваад цагдаагийн хашаанд оруулж тавиад цагдаагийн хүмүүс миний машинд дахин шалгалт хийж машины жолоочийн суудлын баруун доор төмөр саванд хийсэн ил хийсэн чулуу, мөн жолоочийн хажуу талын суудаг суудлын арын хонхор хэсэг, мөн суудлын хажуу талд байгаа төмөр саванд хийсэн чулуу, арын заалны буруу харсан суудлын ар талд нууж хийсэн байсан оймстой чулууд, машины моторын ар талын хийсэн төмөр саванд байсан задгай чулуу, арын заалны гол хэсэгт нь шалыг ухаж хийсэн төмөр саванд байгаа оймсонд хийсэн чулуу, тэгээд арын хоёр талын хонго хэсэг буюу арын хаалганы хойд талын буланд оймсонд хийсэн чулуунууд, мөн 8 ширхэг тосны саванд хийсэн чулуунуудыг гаргаж ирсэн. Тэгээд машинд нуусан байсан бүх чулуунуудыг сатуркан уутанд хийгээд хиллэж үзэхэд 295.8 кг чулуу болсон. Энэ чулуунуудыг би 2019 оны 08 дугаар сарын эхээр байх өөрийн эзэмшлийн 95-88 ӨМҮ улсын дугаартай Фургон автомашинаар явж Өмнөговь аймгийн Булган сумын нутаг болох Бааран гэдэг нэртэй газраас түүсэн чулуу. Тухайн үед түүж байсан чулууны нэрийг мэдэхгүй улаан, хүрэн өнгийн жижиг жижиг хэмжээтэй чулуунууд байсан. Сүүлд шинжээчийн дүгнэлттэй танилцахад миний түүсэн чулууг улаан хас төрлийн чулуу гэдгийг мэдсэн. Би ямар нэгэн багаж хэрэгсэл хэрэглээгүй гараараа түүсэн. Тэр газрын хөрсөн дээр нь энэ чулуунууд ил байсан. Би тэр газарт очоод 4 хонож түүсэн. Тухайн үед түүсэн чулуугаа хиллэж үзээгүй багцаагаар бол 5 уут чулуу түүсэн /цагаан будааны уут байсан/. Би эхнэрийнхээ эмчилгээний төлбөрийг олох гэж эхнэртэй хэлэлгүй машиндаа нууж орсон. Өмнө нь би чулууг улсын хилээр гаргаж байгаагүй. Би 2019 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Гурвантэс сумын нутаг болох Поошиг гэдэг нэртэй хоолны газрын ойролцоо очиж машиндаа түүсэн чулуунуудаа машиныхаа төмөр хийсэн савнууд болон оймсонд хийж машиныхаа арын заалны хажуу хана хэсэгт нь нууж хийсэн. Мөн төмөр сав болон 8 ширхэг тосны саванд хийж машиндаа тавьсан. Би 2019 оны 08 дугаар сарын дундуур өөрийн эзэмшлийн машиндаа төмөр нуувчуудыг өөрөө хийсэн. Хилээр чулуугаа гаргая гэж бодоод хийсэн. Энэ Фургон автомашин бол манай эхнэрийн эзэмшлийн машин. Би эхнэртэйгээ суугаад 40 жил хамт амьдарч байгаа. /хх-ийн 51-53-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Р.Т-ыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 95-88 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэлд 314 килограмм хас чулууг нууж Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомт дахь гаалийн хяналтын бүсэд нэвтэрсэн буюу хуулиар хориглосон барааг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Т-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хуулиар хориглосон барааг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.   

Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлд энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан ба Эрүүгийн хуулийн зорилго нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан хүний эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, Үндсэн хуулийн байгуулал, үндэсний болон хүн төрөлхтний аюулгүй байдлыг гэмт халдлагаас хамгаалах, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино.

Монгол улсын Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.1-д “газар” гэдэгт газрын гадаргуу, түүний хөрс, ой, ус, ургамал бүхий орон зайн давхарга”-ыг хэлнэ гэж томьёолсон ба мөн хуулийн 4 дүгээр зүйлийн Төрөөс газрын талаар баримтлах зарчимд Монгол улсын газар нутаг салшгүй бүрэн бүтэн, газрын сан нэгдмэл байх, газар төрийн хяналт, хамгаалалтад байх хүн амын эрүүл мэнд, байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдалд харшлах, байгаль орчны тэнцвэрт байдлыг алдагдуулах аливаа үйл ажиллагаа явуулахгүй байх ойлголтууд тус тус хамаарч байна.

Түүнчлэн Ашигт малтмалын тухай хуульд...геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг ашигт малтмал гэнэ гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлд Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн гэж тус тус хуульчилсан.

Шүүгдэгч Р.Т-ын Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутагт байрлах Шивээ хүрэн хилийн боомтоор Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлсэн 314 кг бүхий чулуу нь нэг төрлийн хас гэж нэрлэгддэг чулуунууд ба хас чулуу нь эрдэнийн чулууны ангилалд хамаарч, Монгол Улсын Засгийн Газрын 2010 оны 281-р тогтоолын 2-р хавсралтаар эрдэнийн чулууг үнэт чулуу, хагас үнэт чулуу, гоёл чимэглэлийн чулуу, өнгөлгөөний чулуу гэж 4 ангилдаг бөгөөд хас чулуу нь энэ ангиллын өнгөлгөөний чулууны ангилалд багтдаг /хх-ийн 38-41-р хуудас/ болох нь Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 956 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгчийн улсын хилээр нэвтрүүлсэн өнгөлгөөний чулуу нь аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалд хамаарч байх тул дээрх хуульд томьёолсны дагуу ашигт малтмал гэж үзэх үндэслэлтэйг дурдах нь зүйтэй.

Монгол улсын Үндсэн хуулийн  6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан.

Иймд шүүгдэгч Р.Т нь дээр дурдсан хуулийн заалтуудыг зөрчиж, тус улсын газар, түүний баялагт хамаарах өнгөлгөөний чулууг улсын  гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна гэж үзэв.

Монгол улсад иргэдэд өмчлүүлснээс бусад газар, газрын гадаргуу, түүний хэвлий, газрын баялаг нь төрийн өмч мөн болох талаар Монгол улсын Үндсэн хууль болон бусад салбар олон хуулиудад хуульчилсан бөгөөд газар, түүний баялгийн өмчлөгч болох төр, төрийн чиг үүргийг хэрэгжүүлж буй эрх бүхий төрийн байгууллагаас зөвшөөрөл аваагүй, төрөөс улсын хилээр нэвтрүүлэх эрх олгоогүй байхад улсын гаалийн хилээр дээрх чулууг нэвтрүүлж буй нь шүүгдэгчийн үйлдлийн гэмт хэргийн шинжийг бий болгож байна гэж дүгнэв. 

Улсын яллагч шүүгдэгчийг хуулиар хязгаарлалт тогтоосон барааг Монгол улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн байх боловч шүүх дээрх байдлаар тайлбарласан хуулийн дагуу төрийн өмчид хамаарах газрын баялаг /ашигт малтмал/ болох өнгөлгөөний чулууг Монгол улсын гаалийн хилээр нэвтрүүлж байгаа нь хуулиар хязгаарлалт тогтоосон бус хуулиар хориглосон бараанд хамаарна гэж үзсэн ба улсын яллагч шүүх хуралдааны явцад дүгнэлтдээ эд мөрийн баримтаар хураагдсан чулууг хязгаарлалт тогтоосон бараа бус хуулиар хориглосон бараа болохыг хүлээн зөвшөөрч яллах дүгнэлтээ зөвтгөснийг шүүх хүлээн авав.  

Түүнчлэн шүүгдэгч Р.Т нь тус чулуунуудыг улсын хилээр нэвтрүүлэх гэж байгаа талаараа мэдүүлээгүй болох нь шүүгдэгчийн мэдүүлэг болон гэрч нарын мэдүүлгээр тус тус тогтоогдож байх бөгөөд эд мөрийн баримтаар хураагдсан чулууг авч явж байгаа үйлдлээ нууж, гаальд мэдүүлээгүй байгаа нь гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэх хуульд заасан үндэслэл болж байна.

Иймд шүүгдэгч Р.Тыг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн хилийн боомтоор 95-88 ӨМҮ улсын дугаартай Фургон маркийн тээврийн хэрэгсэлд 314 килограмм хас чулуу болох хуулиар хориглосон барааг  улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.  

Шүүгдэгч Р.Т нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч байх бөгөөд гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй байна.

Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 95-88 ӨМҮ улсын дугаартай фургон маркийн тээврийн хэрэгсэл нь түүний эхнэр Ш.Н-ийн эзэмшлийнх болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээ болон гэрч  нарын мэдүүлгээр тогтоогдсон ба  3.000.000 /гурван сая/ төгрөгийн үнэ бүхий болох нь: Ашид билгүүн ХХК-ийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1000217 дугаартай Автомашин техникийн үнэлгээний дүгнэлтэд: Ш.Н-ийн эзэмшлийн 9588 ӨМҮ улсын дугаартай 2000 онд үйлдвэрлэгдсэн 2000 онд Монгол Улсад орж ирсэн. Фургон маркийн автомашины өнгө үзэмж, техникийн байдал, норм норматив, зориулалт зэргийг харгалзан үзэж 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн байдлаар зах зээлийн дундаж үнийг 3.000.000-н төгрөгийн үнэтэй байгаа болохыг тодорхойлов. Жич: Уг машиныг тогтоол болон фото зургийн дагуу үнэлгээ гаргав /хх-ийн 43-46-р хуудас/ гэснээр тогтоогдож байх тул, энэхүү тээврийн хэрэгслийн үнэ болох 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгчээс гаргуулан улсын орлогод оруулахаар шийдвэрлэв.

Улсын яллагч хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 314 кг хас чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах санал гаргаж байгаа нь дээр тайлбарласан хуулиудын холбогдох заалтуудтай нийцэхгүй байна гэж үзэв.  

Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн гэж хуульчилсан ба  газар, түүний баялаг  болох хас чулуу нь эрдэнийн чулууны төрөлд хамаарч байх тул түүнийг төрийн өмчлөлд үлдээж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэн, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 314 кг хас чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Музейн сан хөмрөгт үзмэрийн зориулалтаар ашиглуулахаар шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэв.

Шүүгдэгчийн анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг хөнгөрүүлэн, шүүх шүүгдэгчийг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

 Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Ц овгийн Р-ийн -Тыг хуулиар хориглосон барааг Монгол Улсын гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-д 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.  
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т-д оногдуулсан 600.000 төгрөгийн торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд биелүүлэхийг даалгасугай.
  4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
  5. Шүүгдэгч Р.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх хохирол төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
  6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2, 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 314 кг хас чулууг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Өмнөговь аймгийн Музейн сан хөмрөгт үзмэрийн зориулалтаар ашиглуулахаар шилжүүлэхийг Өмнөговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн тээврийн хэрэгсэл болох 95-88 ӨМҮ улсын дугаартай фургон маркийн автомашины үнэ 3.000.000 /гурван сая/ төгрөгийг шүүгдэгч Р.Тоос гаргуулан улсын орлогод оруулсугай. 
  7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Т-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

 

ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                         Т.ДЭЛГЭРМАА