Өмнөговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 139

 

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Дэлгэрмаа даргалж, шүүгч Э.Оюун-Эрдэнэ, Д.Баттулга нарын бүрэлдэхүүнтэй,

Улсын яллагч: Ц.Ариунжаргал,

Иргэдийн төлөөлөгч: Х.Нарангарав,

Хохирогч, иргэний нэхэмжлэгч: Э.Б,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Баярмаа,

Шүүгдэгч: Ч.Б,

Нарийн бичгийн дарга: Б.Отгон-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Өмнөговь аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т овгийн Ч-ийн Б-т холбогдох 1928001950133 тоот нэг хавтас эрүүгийн хэргийг 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, малчин, ам бүл 6, урьд ял шийтгүүлж байгаагүй, Ч,Б

Шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн нутаг дэвсгэрт Э.Б-тэй маргалдан түүнтэй зууралдаж байхдаа хэвлийн тус газар нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Ч.Б-ийг яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг  шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б бид хоёр сумаас 1 км зайд 1 шил архи хувааж уусан. Архи уучихаад эргэж явахдаа би ява мотоцикль унаж явж байгаад бид хоёр хонхор луу ороод онхолдсон. Тэгээд босоод ирэхэд мотоцикль асахгүй, гэрэл дохио асахгүй байсан. Мотоциклийн хундакторынх нь утсыг нь өмнө өдөр нь тастаад буцаагаад залгасан байсан. Тэр нь хөндийрдөг юм болов уу гээд хутгаа гаргаж ирээд үзээд байж байхад Б намайг араас нэг цохиод авсан. Би босч очоод яаж байна хөгшөөн гээд түлхсэн чинь намайг зуураад авсан. Түлхэхэд намайг барьж аваад татаад унасан. Би зүүн гартаа хутгатай байсан. Унаад босоод ирэхэд Б чи намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Тэгээд би харахад гэдэснээс нь жоохон хэмжээний цус гарч байсан. Би зүгээр үү гэхэд зүгээр гэж хэлсэн. Чамайг гэр лүү чинь хүргээд өгөх үү гэхэд нь би алхаад харчихъя гээд Б мотоциклио асаагаад гэр лүүгээ явсан.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 08 дугаар сарын 17-ний өдөр Б бид хоёр уулзаад тал руу хоёр шил архи авч явсан. Тэр хоёр шил архийг хоёулаа хувааж уугаад буцаад явж байхдаа унасан. Б мотоцикль бариад явж байсан. Мотоциклийн гэрэл асахгүй байсан. Би тоглоомоор яаж байна аа  хөгшөөн гэж хэлээд очиж цохьсон. Тэгэхэд Б намайг холдуулах гээд баруун гараараа түлхсэн. Би арагшаа унахдаа найзыгаа татаж унасан. Тэгээд босоод ирэхэд намайг зүссэн байсан. Тэгээд би миний найз намайг хутгалчихлаа шүү дээ гэж хэлсэн. Бусдаар тэр хооронд хэрүүл маргаан, нэгнийгээ алчихъя гэсэн атаа жөтөө байхгүй. Би 2012 онд 9 жилээ төгсөөд Улаанбаатар хот руу коллежид сурахаар явсан. Миний найз намайг алъя гэсэн бодолгүй санамсаргүй хутгалсан. Б намайг алъя гээд хутга чигчлэх найз биш. Өнөөдөр ял сонсоод явж байхад нь тиймэрхүү байна. Бид хоёр урьд нь зодолдож, нэгэндээ өс хонзон санасан зүйл байхгүй. Бусадтай адилхан нэгнийхээ зовлон, жаргалыг яриад явж байсан. Эмчилгээний зардал гээд бүх хохирол төлбөрийг миний найз намайг ар гэрийн гишүүн шиг асрамжлаад зардал гаргасан. Өөр хэлэх зүйл байхгүй.

Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Миний ойлгож байгаагаар энэ хүн санаатай гэмтэл учруулаагүй байна. Архинаас болоод санамсаргүй бүлчимгүй үйлдэл гаргасан байна. Хохирогчийн зүгээс хохирол төлбөр төлөгдөөд явсан. Одоо гомдол санал байхгүй гэж байна. Шүүгдэгчийн өмгөөлөгчтэй санал нэг байна.

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 17-ны өдөр Б манайд хоночихоод 17 цагийн үед явсан юм. Тэгээд оройн 19 цагийн үед Б над руу залгаад миний цалин буучихлаа 2-лаа жаахан ярьж сууя гэхээр би зөвшөөрөөд Буянт дэлгүүрийн үүднээс Бийг мотоцикльтой очиж аваад сумаас баруун тийш тал руу гарсан. Намайг Бийг очиж авахад Б 2 шил архи ундаатай авчихсан байсан. Тэгээд бид 2 сумаас баруун тийш 1 км орчим яваад тал дуур сууж 2 шилтэй архиа уугаад нэлээд согтсон байсан. Архиа ууж дуусгачихаад сум руу орох гэж яваад мотоцикльноосоо унасан тухайн үед мотоциклийг Б бариад явж байсан. Би Бийг чи намайг унагачихлаа шүү дээ гэж хэлээд Бийг цохиод авсан. тэгсэн чинь Б чи намайг яаж байгаа юм бэ гээд босож ирээд бид 2 зууралдсан нэлээд зууралдаж байгаад босоод ирсэн чинь миний гэдэснээс цус гарч байсан тэгээд би шууд мотоциклио унаад гэр рүүгээ явчихсан тухайн үед би архи уучихсан нэлээд согтуу байсан учраас зарим зүйлийг сайн санахгүй байна. Өмнөх өдөр нь сумын урд талын рашаан дээр очоод мотоцикльныхоо түлхүүрийг олохгүй байхаар нь Б бутны хажуу талаас нэг хутга олж ирээд тэр хутгаар мотоцикльныхоо утсыг тасдаж асаасан юм. Тэр хутгыг Б мотоциклонд хийсэн гэж хэлж байсан. Мотоцикльноос унаад босоод ирсэн чинь гэрэл нь асахгүй байсан тэгээд өмнөх өдрийн шалбалсан утас нь салсан байх гээд Б оролдож байсан. Тэгэхэд Б хутгаар утас шалбалаад сууж байсан. Нүүр хэсэгт нь байхаа баруун гараараа нэг удаа цохьсон. Тухайн үед мотоцикльноос унаад тэгээд уурандаа цохьчихсон юм. Эмчилгээтэй холбоотой бүх зардлыг Ч.Б төлж барагдуулсан учраас одоо нэхэмжлэх зүйл байхгүй. Надад эмчилгээний төлбөртэй холбоотой баримт байхгүй. /хх-ийн 22-23-р хуудас/

Гэрч Л.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Манай хүү Бо нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр гэртээ байж байгаад орой 17 цагийн үед мотоциклио унаад гараад явсан. Тэгээд гэртээ ирээгүй байж байгаад шөнийн 02 цагийн үед гадаа ирээд манай гэрт байдаг О гэдэг хүүхдийг дуудаад байх шиг байсан. Тэгэхээр нь би яагаад байгаа юм бол гэж бодоод гараад очтол Олзбаяр хажууд нь суучихсан эмч дуудаад өг гээд хашгираад байсан. Тэгээд очоод харахад зүгээр байх шиг байсан өмднийх нь дээд талд жаахан цус болсон байхаар нь цамцыг нь сөхөөд үзсэн чинь гэдсэндээ хутгалуулчихсан байсан тэгээд шөнийн 02 цаг өнгөрч байхад эмнэлэгт хүргэж ирсэн. Сумын эмнэлэгт ирээд Б эмч хүлээж аваад сувилагч М-ийг дуудаад гэдсэнд нь оёдол хийсэн. Ба аймаг руу манай хүүг эмчлүүлэхээ аваад явсан. Яг явах гэж байхдаа машинд суугаад надад миний буруу гэж хэлж байсан тэрнээс өөрөөр яг юу болсон талаар нь мэдэхгүй. Тэгэхээр нь би Бо-ийг хутгалчихсан юм байна гэж ойлгосон. /хх-ийн 24-р хуудас/

Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э.Б-гийн биед хэвлийн хөндий нэвтэрч хөндлөн гэдэс гэмтээсэн шарх, Хэвлийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх хэвлийн шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдалт үүсчээ. /хх-ийн 30-р хуудас/

Шүүгдэгч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Б-гийн гэрт очиж хоночихоод маргааш нь буюу 08 дугаар сарын 17-ны 17 цагийн үед тэдний гэрээс гараад сумын төвд байдаг тоглоомын талбай руу явсан. Тэнд очоод байж байхад миний цалин буугаад тэгэхээр нь би 19 цагийн үед Бо рүү залгаад цалин орчихлоо уулзах уу гэсэн чинь Бо уулзъя гээд би Буянт дэлгүүр орж 2 шил архи, тамхи, ундаа аваад гараад ирсэн чинь Бо мотоцикльтойгоо ирчихсэн байсан. Тэгээд бид 2 сундлаад сумаас баруун тийш 1 км орчим яваад тал дээр сууж архиа ууж дуусгасан. Тэндээс би мотоциклийг нь бариад Бо сундлаад сум руу орох гэж явж байгаад бид 2 мотоцикльноосоо унасан. Унаад босоод ирсэн чинь мотоцикль асахгүй байхаар нь би мотоцикльны банкны дор боогоод хийчихсэн байсан хутгыг гаргаж ирээд утасны лент салгах гээд оролдоод сууж байсан. Тэгсэн чинь Бо чи намайг унагачихлаа шүү дээ гэж хэлээд намайг ирээд нэг цохиод авсан. Тэгэхээр нь би яаж байгаа юм бэ гээд барьж аваад бид 2 зууралдаж байгаад Б унахдаа намайг татаж унагаад би дээрээс нь уначихсан. Тэгээд босоод ирсэн чинь Бо чи намайг хутгалчихлаа шүү дээ гээд байсан тэгэхээр нь би харсан чинь гэдэснээс нь жаахан цус гарч байсан. Тэгээд би босож ирээд мотоцикльных нь гэрлийг асааж өгөөд мотоциклийг асаагаад өгсөн чинь Б явлаа гээд мотоциклио өөрөө унаад явсан. Намайг гэр рүүгээ яаж харих юм бэ гэхээр нь би алхаад харьчихъя гэж хэлсэн тэгээд би алхаад шууд гэр рүүгээ харьсан. 08 дугаар сарын 16-ны өдөр Б бид 2 рашаан орчихоод буцаад явах гэсэн чинь мотоцикльныхоо түлхүүрийг олохгүй хайгаад явж байтал рашааны сүүдрэвчний хажуу талаас нэг хутга олоод тэр хутгаараа кундактарных нь утсыг салгаж асаасан юм. Би тэр хутгыг тосных нь алчууранд боогоод банкных нь доор хийчихсэн байсан юм. Маргааш нь Бо түлхүүрээ олчихсон нөгөө салгасан утсаа салгаад лентээр ороочихсон байсан. Муудаж маргалдсан зүйл бол байхгүй. Мотоцикльтой явж байгаад унасан чинь Бо намайг яагаад унагаж байгаа юм бэ гээд намайг цохиод авахаар нь би яаж байгаа юм бэ гээд босож ирээд бид 2 зууралдаж байгаад Бо унахдаа намайг татаад унагачихсан. Тэрнээс өөрөөр бол санаатайгаар муудаж маргалдсан зүйл байхгүй. /хх-ийн 65-66-р хуудас/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 05-13-р хуудас/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-16-р хуудас/

Өвчний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 35-60-р хуудас/

Хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 73-83-р хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 08 дугаар сарын 17-18-нд шилжих шөнө Өмнөговь аймгийн Номгон сумын Богт багийн нутаг дэвсгэрт Э.Б-тэй маргалдан түүнтэй зууралдаж байхдаа хэвлийн тус газар нь хутгаар хутгалж, эрүүл мэндэд нь хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Э.Б-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан болох нь Өмнөговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 512 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: Э Б-гийн биед хэвлийн хөндий нэвтэрч хөндлөн гэдэс гэмтээсэн шарх, Хэвлийд цус хуралдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Дээрх хэвлийн шарх гэмтлийн улмаас хэвлийн хөндийд цус хуралдалт үүсчээ /хх-ийн 30-р хуудас/ гэснээр тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Ч.Б-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүхийн хэлэлцүүлэгт ...энэ гэмт хэргийг болгоомжгүйгээр үйлдсэн... гэх тайлбар гаргаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлтэй мэтгэлцэж байх боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ...өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол гэм буруугийн санаатай хэлбэрт тооцохоор хуульчилсан.

Шүүгдэгч Ч.Б нь хутга барьж байх үедээ хохирогчтой маргалдаж улмаар зууралдсан үйлдэл гаргасан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хууль сануулж үнэн зөв мэдүүлэхээ илэрхийлж баталгаа гаргасны дараа авсан хохирогчийн мэдүүлэг /хх-ийн 22-23-р хуудас/-ээр тогтоогддог.

Иймд хутга барьж байхдаа бусдын эрүүл мэндэд хутгаар халдаж болохгүй гэдгийг ухамсарлах боломжтой, учирч болох хор хохирлыг урьдчилан мэдэх боломжтой байсан тул шүүгдэгчийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд санаатай хүнд хохирол учруулсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Мөн хутгыг шүүгдэгч урьдчилан бэлдээгүй гэх тайлбарыг өмгөөлөгч гаргаж байгаа боловч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж иж бүрдэл, бүтцийн хувьд аливаа биетийг устгах, гэмтээх, бие хамгаалах, дохио өгөх зориулалттай эд зүйл, тоног төхөөрөмж, хэрэгслийг хамааруулж ойлгоно. Зэвсэг нь галт, хүйтэн, хийн, үйлдвэрийн, гар хийцийн аль нь ч байж болно. “Тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэж хүний биед гэмтэл, эд хөрөнгөд хохирол учруулахаар тусгайлан бэлтгэсэн, засаж тохируулсан хүйтэн зэвсэг, галт зэвсэг, эд зүйл, хэрэгслийг ойлгоно гэж тайлбарлажээ.

Хутга нь ердийн шинж чанараараа ахуйн хэрэглээний эд зүйл боловч бусдад хор уршиг, хохирол учруулснаар хүйтэн зэвсэгт хамаарна.

Иймд хутга нь зэвсэг гэх ойлголтод хамаарах тул хутгыг тусгайлан бэлтгэсэн, бэлтгээгүй талаар тайлбар гаргаж мэтгэлцэж байгааг шүүх бүрэлдэхүүн хүлээн авах үндэслэлгүй гэж үзэн шүүгдэгч Ч.Б-ийг зэвсэг хэрэглэн бусдын эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Хохирогч Э.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн төлбөр нэхэмжлээгүй ба шүүгдэгч Ч.Б нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн төлбөрт 1.841.360 төгрөгийг төлсөн болох нь түүний мэдүүлэг, хохирогчийн тайлбараар тогтоогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэл бий болов.

Улсын яллагч шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял шийтгэх ялын санал гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан гэмт хэрэгт 5-12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан тул шүүгдэгч Ч.Б-т уг зүйл хэсэгт зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэх үедээ 14 насанд хүрсэн ба 18 насанд хүрээгүй хүнийг өсвөр насны шүүгдэгч гэж үзэхээр хуульчилсан ба шүүгдэгч Ч.Б нь 1998 оны 10 дугаар сарын 24-ний өдөр төрсөн, гэмт хэрэг үйлдэх үедээ 20 нас 10 сартай буюу 21 насанд хүрээгүй байсан болох нь хэрэгт авагдсан түүний хувийн байдлын талаарх нотлох баримтууд /хх-ийн 82-83-р хуудас/-аар тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт шүүхээс 18 насанд хүрсэн ба 21 насанд хүрээгүй хүнд энэ бүлэгт заасан журмаар ял оногдуулж... болно гэж заажээ.

Шүүгдэгч Ч.Бийн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хувийн байдал, боловсролын байдал, эцэг эхийн асрамжид, тэдэнтэй хамт амьдардаг байдал, оногдуулах ялыг хөнгөрүүлэх тухай хохирогчийн хүсэлт зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч Ч.Б-ийг гэмт хэрэг үйлдэх үедээ 21 насанд хүрээгүй байсан байдлыг харгалзан өсвөр насны шүүгдэгч гэж үзэв.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт шүүх тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан гэмт хэрэг үйлдсэн өсвөр насны хүнд энэ хуулийн 5.6 дугаар зүйлд заасан журмаар тусгай ангид заасан хорих ял оногдуулж эдлэх ялыг 2 дахин багасгаж оногдуулна гэж зааснаар шүүгдэгч Ч.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялыг 2 дахин багасгаж шүүгдэгчийн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Өсвөр насны шүүгдэгчид оногдуулах хорих ялыг сургалт хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр хуульчилсан боловч шүүхийн шийтгэх тогтоол гарах үед шүүгдэгч Ч.Б нь 21 насанд хүрсэн байх тул хорих ял эдлэх байгууллагын дэглэмийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ишгүй төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б-д 1.841.360 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овгийн Ч-ийн Б-ийг зэвсэг хэрэглэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Ч.Б-т 5 /тав/ жил хорих ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, мөн хуулийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар оногдуулсан 5 /тав/ жилийн хорих ялыг 2 дахин багасгаж, шүүгдэгч Ч.Б-ийн биечлэн эдлэх хорих ялыг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-т оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ишгүй төмөр хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  өөрчилж, шүүх хуралдааны танхимаас цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Б-д 1.841.360 төгрөг төлсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй, битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Т.ДЭЛГЭРМАА

                                        ШҮҮГЧИД                                 Э.ОЮУН-ЭРДЭНЭ

                                                                                           Д.БАТТУЛГА