| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 156/2024/00527/И |
| Дугаар | 210/МА2026/00653 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Өвлөх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00653
2026 03 25 210/МА2026/00653
*******гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08887 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******т холбогдох,
109,900,000 төгрөг болон 13 Iphone pro max гар утас гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Удвал /цахимаар/, хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Н.Мандах, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:
1.1. ******* миний бие талийгаач******* 2011 оноос эхлэн 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барах хүртэл нь хамтран амьдарч, бидний дундаас охин *******, хүү ******* нар төрсөн. Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу миний бие болон хоёр хүүхэд нь талийгаачийн хууль ёсны өвлөгчид болно. Би сард дунджаар 3,000,000-4,000,000 төгрөгийн орлогыг тогтмол олдог байсан. Уг орлогоос М.Мөнхбаярт гэр бүлийн бизнесээ өргөжүүлэхэд дэм болох зорилгоор хөрөнгө оруулж бидний хамтын хөдөлмөрийн үр дүнд нэхэмжилж буй мөнгөн хөрөнгө болон бусад хөрөнгө бий болсон.
1.2. Талийгаачийн төрсөн ээж ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр талийгаач ******* Хаан банкны дансанд үлдсэн 100,000,000 төгрөгийг өөрийн Хаан банкны данс руу шилжүүлэн авсан. Мөн ******* нь манай гэр бүлийн амьдардаг байсан Чингэлтэй дүүргийн орон сууцнаас нөхрийг нас барсны дараа биднийг гарахыг шаардаж, хөөх болсон тул миний бие 2 хүүхдийн хамт орон сууц түрээслэн амьдрах болсон. Хүүхдүүдийн сургуулийн сургалтын төлбөр нийлээд жилд 22,420,000 төгрөг, орон сууцны түрээсийн төлбөр сард 1,600,000 төгрөг, хүүхдүүдийн дугуйлан секц, эрүүл мэнд, хөгжлийн болон бусад зардал өдрөөс өдөрт нэмэгдэж байгаа энэ үед нэхэмжилж буй мөнгөн хөрөнгө хүүхдүүдийн эрхийг хангахад чухал ач холбогдолтой.
1.3. Талийгаач ******* дансны шилжүүлэг зөвхөн васко төхөөрөмжөөр хийгддэг байсан ба ******* нь хувийн өмчид халдаж дур мэдэн хууль бусаар мөнгөн хөрөнгийг өөрийн дансандаа авсан нь хүүхдүүдийн өв залгамжлах эрхийг ноцтой зөрчсөн үйлдэл юм. Хэрэв ******* мөнгөн хөрөнгийг хууль бусаар авч зарцуулаагүй байсан бол 100,000,000 төгрөгийг банканд хадгалж хүүгийн орлого олох боломжтой байсан. Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2 дахь хэсэгт заасны дагуу өв нээгдсэнээс хойш нэг жилийн дараа буюу өвлөх эрхийн гэрчилгээг авч болох боломжит хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөр дуусгавар болгон Монгол банкны бодлогын хүүгээр тооцон 9,900,000 төгрөгийг нэмж нэхэмжилж байна. Иймд талийгаач ******* дансанд байсан 100,000,000 төгрөг, уг 100,000,000 төгрөгөөс олж болох байсан хүүгийн орлого 9,900,000, нийт 109,900,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү
1.4. Талийгаач нөхөр маань нас барах үедээ Хэнтий аймгийн Норовлин суманд ээж, аавтайгаа байх үедээ нас барсан бөгөөд түүний барьж явсан 13 Iphone pro max маркийн гap утас тэндээ үлдсэн. Бидний гэр бүлийн хамаг сайхан зураг хөрөг уг утсан дээр хадгалагдаж байгаа тул 13 Iphone pro max маркийн гap утсыг биет байдлаар нь гаргуулж авах хүсэлттэй байна. 1.000.000 төгрөгний үнэ бүхий 13 Iphone pro max маркийн rap утсыг гаргуулж өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:
2.1. ******* миний бие Д.Мөнхбаттай гэр бүл болж 3 хүүхэдтэй болсон. Бид 2008 оноос хойш Хэнтий аймгийн Норовлин сумын 3 дугаар багт малчин болж мал маллаж байна. Хөдөө орон нутагт сүлжээгүй газарт арилжааны банк орох, гүйлгээ хийх боломжгүй байсан тул мал, мах зарсан мөнгийг том хүү ******* Хаан банкны ******* дансаар гүйлгээ хийдэг, шаардлагатай үед бусад гүйлгээг хүүгээрээ дамжуулан хийлгүүлдэг байсан.
2.2. М.Мөнхбаяр нь тээврийн хэрэгслийн худалдаа эрхэлдэг байсан. Бид 2008 оноос хойш малын ашиг шим, махны мөнгийг том хүүдээ өгч бизнесийг нь дэмждэг, өөрсдийн нэр дээр малчны болон тэтгэврийн зээл авч өгдөг байсан. Хүү ******* бизнесийн суурь хөрөнгө нь манай гэр бүлийн малын буян, малчны болон тэтгэврийн зээл, хамаатны хүмүүсээс авсан мөнгө байсан төдийгүй зээлийн эргэн төлөлтийг хоёр хөгшин, том хүү бид төлдөг байсан. Бид хүүгийнхээ дансанд байгаа өөрийн гэр бүлийн хөрөнгийг шилжүүлж авсан ба дансанд нь 20,000,000 төгрөгийг үлдээсэн. Хүү минь амьд ахуйдаа аав, ээждээ та хоёрын олсон мөнгийг тухайн дансанд байршуулсан, хэрэгтэй үедээ мөнгөө авч байгаарай гээд дансны нэвтрэх нэр, нэвтрэх болон гүйлгээ хийх нууц дугаарыг бидэнд өгсөн байсан тул өөрийн мөнгөн хөрөнгийг тухайн үед авах нь шударга ёсонд нийцнэ гэж үзсэн.
2.3. Хүүгийн авсан мөнгөнөөс ******* руу ажил явдлын зардалд 17,000,000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 15,000,000 төгрөг, талийгаачийн найз нөхдөөсөө зээлсэн гэх 30,000,000 төгрөг, хүүгийн авсан малчны зээлд 15,000,000 төгрөг, ******* зээлсэн байсан 30,000,000 төгрөгийг тус тус төлж барагдуулсан.
2.4. *******гийн нэхэмжилсэн гар утасны тухайд миний хүү хөдөө сүлжээ барихгүй газар ирсэн байхдаа нас барсан ба ******* ирсэн даруйдаа гар утсыг нь авсан бөгөөд гар утасны талаар мэдэх зүйл байхгүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 530 дугаар зүйлийн 530.1, 532 дугаар зүйлийн 532.1-д заасныг тус тус баримтлан хариуцагч *******ээс 50,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч , ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Iphone 13 pro max гар утсыг гаргуулах болон 59,900,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 893,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******ээс 407,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1. Шүүх шийдвэрийн үндэслэл болох нотлох баримтуудыг хэрхэн үнэлсэн нь тодорхой бус, хуульд заасны дагуу хэргийн оролцогчид нэхэмжлэлийн шаардлага, тайлбар татгалзлаа нотлоогүй гэх хэдхэн үгээр хэргийг шийдвэрлэсэн төдийгүй уг байдал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. ******* анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өвлөх эрхтэй этгээдүүдийг төлөөлж хандаагүй бөгөөд уг үндсэн шаардлагыг шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай атал шүүхийн туслалцаатайгаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ нэхэмжлэгчийн эрх зүйн байдлаа зөвтгөж оруулсан ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж үзэж байна.
4.2. ******* Хаан банкны дансанд байсан 120,000,000 төгрөгөөс 100,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үйл байдал болон зарцуулалтын талаар талууд маргаж байна. Хэрэгт авагдсан баримтаар ******* Хаан банкны дансанд байсан 100,000,000 төгрөг өөрийнх хөрөнгө болох нь тогтоогдоогүй байхад шүүхийн хийсэн дүгнэлт үндэслэлгүй. Харин уг мөнгөн хөрөнгө нь хуульд заасны дагуу өвлөгдөх боломжтой мөнгөн хөрөнгө бус хариуцагчийн мал аж ахуй эрхэлсний болон мал зарж борлуулж олсон орлого болох нь хэрэгт авагдсан дансны хуулга, мөнгөн гүйлгээ, гүйлгээний утга, гэрч М.Батбаярын мэдүүлэг, хариуцагч талын тайлбар, татгалзлын үндэслэлүүдээр тогтоогдож байна. Уг орлогыг хотод байсан том хүү М.Мөнхбаяр нь өөрийн дансандаа төвлөрүүлж, эхийнхээ зөвшөөрлөөр зарцуулалт хийж ирсэн төдийгүй тухайн данснаас их хэмжээний гүйлгээ хийх эрхийг, гүйлгээний код, төхөөрөмжийг хүртэл хариуцагчид өгсөн нь талийгаачийн мөнгөн хөрөнгө буюу өвлөгдөх хөрөнгө биш болохыг нотолж байна. 2015 оноос 2023 он хүртэл хугацаанд ******* Хаан банкны дансанд орлогоо төвлөрүүлж байсан ба Хүчит шонхор" худалдааны төвийн гүйлгээний утгагүй орлогуудыг эс тооцож зөвхөн мах, идэш, үхэр гэх мэт гүйлгээний утга бүхий 62 удаагийн 310,506,000 төгрөгийн орлогыг шүүж гаргасан болно.
4.3. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтууд, талуудын тайлбар, гэрчийн мэдүүлгийг үнэлэхээс илүүтэйгээр өвлөх эрхтэй 4 хүн байгаа учраас шударга ёсны үүднээс гэх агуулгаар 2 хүүхдэд 100,000,000 төгрөгөөс талыг нь олгох шийдвэр гаргасан гэж үзэж байна. 100,000,000 төгрөгийн зарцуулалт болох талийгаачийн буяны ажилд зориулж 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан, эрүүгийн хэрэгт 15,000,000 төгрөгийг өмгөөлөгчид төлсөн, М.Мөнхбаяр эх *******ээр дамжуулж банкнаас авсан малчны зээлийн үлдэгдэл болох 15,000,000 төгрөгийн зээлийг төлсөн үйл байдал зөвхөн өвлөгдөх хөрөнгө гэх дүгнэлтээр өөрийнхөө мөнгийг зарцуулах эрхгүй, зарцуулсан нь үндэслэлгүй гэх үгээр хааж боломгүй ба нэхэмжлэгч нь хариуцагчаас дахин дахин үндэслэлгүйгээр мөнгө гаргуулж байгааг хянуулахыг хүсэхийн сацуу ******* дансанд нийт 120,000,000 төгрөг байснаас 20,000,000 төгрөгийг ******* дур мэдэн авснаа тайлбарлах учиртай. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.
5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:
5.1. ******* нь өөрийн 2 хүүхдийг хууль ёсоор төлөөлөх эрхтэй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлдээ техникийн шинжтэй алдаа гаргасан боловч 2 хүүхэд өвлөх эрхтэй гэх агуулгыг тусгасан. Процессын алдаа гараагүй бөгөөд шүүх үүнийг залруулсан. Шүүхийн шийдвэрт нөлөөлөх ноцтой алдаа байхгүй.
5.2. Хариуцагч 100,000,000 төгрөг өвлөгдөх хөрөнгө биш байсан гэх агуулгаар давж заалдах гомдол гаргасан. Хариуцагчийн хүсэлтийн дагуу ******* 2013-2023 оны дансны хуулгыг гаргаж өгсөн. Энэ хугацаанд ******* дансанд мал зарсан орлого орж байсан байдал харагддаг. Харин ******* нь тухайн мөнгөн хөрөнгө буюу мал зарж олсон орлогыг зарцуулах эрхтэй эсэх асуудал нотлогдоогүй. Их хэмжээний гүйлгээ хийх эрх олгосон гэж тайлбарладаг боловч үүнтэй холбоотой итгэмжлэл байхгүй. Нууц үгээ зааж өгсний дагуу гүйлгээ хийсэн гэж тайлбарладаг боловч талийгаачийг нас барах үед гар утас нь ээжид нь байсан учраас кодыг нь мэдэж гүйлгээ хийх боломжтой. Утасны сүлжээгүй байсан учраас хүүгийнхээ дансаар орлого хүлээн авч гүйлгээ хийдэг байсан гэдэг ч Норовлин сум сүлжээтэй байсан болох нь гүйлгээ хийсэн нөхцөл байдлаар нотлогддог. Талийгаач 2013-2023 оны хооронд 3,000,000,000 төгрөгийн гүйлгээ хийсэн болох нь дансны гүйлгээгээр харагддаг. 310,000,000 орчим төгрөгийн мал зарж борлуулсны орлого харагдаж байгаа боловч тухайн мөнгийг ******* рүү шилжүүлсэн. Мал зарсан орлогуудаа буцаан шилжүүлсэн нөхцөл байдал харагдахгүй бөгөөд талийгаач өөрийн аав, ээжтэйгээ хамтран мал аж ахуй эрхэлж олсон мөнгөн хөрөнгө байсан. Харин А данс тусдаа байгаагүй. ******* нь дур мэдэж талийгаачийн дансанд байгаа мөнгийг захиран зарцуулах эрхгүй. Өмгөөлөгчийн төлбөр, талийгаачийн оршуулгын зардал нь тусдаа асуудал, түүнээс талийгаачийн өр төлбөрийг барагдуулсан зүйл биш. Өр зээл байгаа гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь баримтаар тогтоогдоогүй. Хэрэв дээрх асуудал байсан бол үүнийг хэрхэн шийдвэрлэх талаар нэхэмжлэгчтэй ярилцах боломжтой байсан. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 520, 530 дугаар зүйлүүдийн холбогдох заалтуудыг зөв хэрэглэж, хэргийг шийдвэрлэсэн. Иймд давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******т холбогдуулан 109,900,000 төгрөг болон 13 Iphone pro max гар утас гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...талийгаачийн хөрөнгийг 2 хүүхэд нь өвлөх эрхтэй бөгөөд хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл гаргасан, талийгаачийг нас барах үед барьж явсан гар утас болон банкин дахь данснаас нь 100,000,000 төгрөгийг хариуцагч авсан гэх үндэслэлээр 100,000,000 төгрөгийн олох ёстой байсан хүүгийн орлого 9,900,000 төгрөгийн хамт гаргуулна гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, талийгаач ******* данснаас шилжүүлж авсан 100,000,000 төгрөг бол мал аж ахуй эрхэлж олсон манай гэр бүлийн хөрөнгө, харин гар утсыг нэхэмжлэгч өөрөө авсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоогдсон. Үүнд:
3.1. М.Мөнхбаяр, ******* нар нь 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд хамтын амьдралтай байсан бөгөөд тэдний дундаас 2012 оны 06 дугаар сарын 18-ны өдөр охин *******, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүү нар төржээ. /1хх-3-6х/
3.2. М.Мөнхбаяр нь 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр нас барсан /1хх-9х/ бөгөөд түүний төрсөн эцэг, эх нь Д.Мөнхбат, ******* нар байна. /2хх-140-141х/
3.3. Хариуцагч ******* нь талийгаач М.Мөнхбаярыг нас барсны маргааш буюу 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр түүний Хаан банкны ******* тоот данснаас 100,000,000 төгрөгийг өөрийн данс руу шилжүүлэн авчээ. /1хх-196х ар тал, 2хх-97х/
3.4. Талийгаач ******* хөрөнгийг өвлөх хүсэлтээ 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хууль ёсны өвлөгч *******, нарын хууль ёсны төлөөлөгч эх ******* гаргасныг Нотариатын бүртгэлийн дугаарт бүртгэжээ. /1хх-236х/
4. Анхан шатны шүүх нэхэмжлэгч *******г талийгаачийн өвлөгдөх хөрөнгийн талаар насанд хүрээгүй хүүхдүүдийн хууль ёсны төлөөлөгчийн хувьд нэхэмжлэл гаргасныг хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн тул хариуцагчийн ...******* анх шүүхэд нэхэмжлэл гаргахдаа өвлөх эрхтэй этгээдүүдийг төлөөлж хандаагүй, шүүх нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх учиртай гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
5. Нэхэмжлэгч ******* нь талийгаач ******* өвлөгдөх хөрөнгийн талаар нэхэмжлэл гаргасан тул анхан шатны шүүх Иргэний хуулийн 518 дугаар зүйлийн 518.1 дэх хэсэгт зааснаар өвлүүлэгч нас барсан өдрөөс өв нээгдсэн гэж үзэн, мөн хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д заасны дагуу *******, , Д.Мөнхбат, ******* нарыг өвийг тэргүүн ээлжинд хүлээн авах хууль ёсны өвлөгчид хамаарна гээд адил хэмжээгээр өвлөх эрхтэй талаар зөв дүгнэсэн.
Тодруулбал, хууль ёсны өвлөгч *******, нар нь өвлүүлэгчийг нас барах хүртэл хамт амьдарч байсан бөгөөд Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1 дэх хэсэгт зааснаар өв нээгдсэнээс хойш 3 сарын дотор өв хүлээн авахаас татгалзаагүй, мөн өв хүлээн авах хүсэлтийг нотариатчид гаргасан тул өвийг хүлээн авсан гэж үзнэ. Мөн хууль ёсны өвлөгч Д.Мөнхбат, ******* нар нь өв нээгдсэний дараа өвлүүлэгчийн данснаас 100,000,000 төгрөгийг эзэмдэн авсан тул Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2 дахь хэсэгт зааснаар өвийг хүлээн авсан гэж үзнэ.
6. Анхан шатны шүүх өвлөгдөх хөрөнгийн хэмжээг зөв тогтоогоогүй алдааг давж заалдах шатны шүүхээс залруулж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
Өв нээгдсэн өдөр болох 2023 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр талийгаач ******* Хаан банкны ******* тоот дансанд 120,097,537 төгрөг байсан. Үүнийг өвлөгдөх нийт хөрөнгө гэж үзнэ. Энэ хөрөнгийг хууль ёсны 4 өвлөгчид адил хэмжээгээр хуваахад 1 өвлөгчид 30,024,384 төгрөг ногдож байна. *******, нарт ногдох өвийн хэмжээ 60,048,768 төгрөг байна.
Нэхэмжлэгч ******* нь талийгаач ******* Хаан банкны ******* тоот дансанд үлдсэн 20,097,537 төгрөгийг авсан, мөн хариуцагч *******ээс 17,000,000 төгрөгийг буяны ажилд *******д шилжүүлэн өгсөн байх тул нийт 37,097,537 төгрөгийг 60,048,768 төгрөгөөс хасаж тооцож, үлдэх хариуцагч *******ээс 22,950,231 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна.
6.1. Хариуцагчийн давж заалдах гомдлын 3 дах хэсэгт ...талийгаачийн буяны ажилд зориулж 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч авсан гэх боловч анхан шатны шүүхийн шүүх хуралдааны мэтгэлцээний явцад хариуцагч буяны ажилд 17,000,000 төгрөг өгсөн гэж, нэхэмжлэгч 17,000,000 төгрөгийг авсан гэж тайлбарласан, мөн хариуцагч шүүхэд гаргасан тайлбар /1хх-41х/-таа ...банк болон АТМ-ээр дамжуулж 17,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж бичсэн байх тул талуудын маргаагүй үйл баримтаар 17,000,000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлсэн гэж тооцно.
Харин хариуцагч *******ийн гуравдагч этгээд /өмгөөлөгч болон зээлдүүлэгч/-д шилжүүлсэн мөнгө хөрөнгө нь өв хүлээн авагч нарын хооронд шилжүүлээгүй тул энэ үндэслэлээр хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.
6.2. Өвлөгч нь өвлөгдөх эд хөрөнгийг бусад өвлөгчдөөс түрүүлж авснаар, бусад өвлөгчид тухайн эд хөрөнгөтэй холбоотой олох ёстой байсан орлогоо алдсан гэж үзэхгүй тул нэхэмжлэгч *******гийн хүүгийн орлого болох 9,900,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.
Мөн нэхэмжлэгч ******* нь хариуцагчийг талийгаачийн Iphone 13 pro max маркийн гар утсыг авсан болохыг баримтаар нотлоогүй тул уг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон байна.
6.3. Хариуцагч ******* нь талийгаач ******* Хаан банкны ******* тоот дансанд байсан мөнгийг өвлөгдөх хөрөнгө бус өөрсдийн мал аж ахуй эрхэлж, мал зарж борлуулсны орлого гэж тайлбарласан боловч хэрэгт цугларсан нотлох баримт, банкуудын 4 дансны хуулга зэргийг харьцуулан дүгнэхэд энэ байдал эргэлзээгүй нотлогдоогүй тул хариуцагчийн энэ талаарх давж заалдах гомдлыг хангахгүй.
7. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хууль ёсны өвлөгчид болох хүүхдүүдэд өвлөгдөх мөнгөн хөрөнгийг олгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх боловч шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэлийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 530 дугаар зүйлийн 530.1 дэх хэсгийг давхар баримталсныг хассан өөрчлөлт оруулна.
8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 191/ШШ2025/08887 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг Иргэний хуулийн 532 дугаар зүйлийн 532.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******ээс 22,951,231 /хорин хоёр сая есөн зуун тавин нэгэн мянга хоёр зуун гучин нэг/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч , ******* нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас Iphone 13 pro max маркийн гар утас болон 86,948,769 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,
2 дахь заалтын хариуцагч *******ээс 407,950 төгрөг гэснийг 272,706 төгрөг гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 407,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН
Н.ОЮУНТУЯА