| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2016/06393/И |
| Дугаар | 101/ШШ2016/05171 |
| Огноо | 2016-07-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 08 өдөр
Дугаар 101/ШШ2016/05171
| 2016 оны 07 сарын 08 өдөр | Дугаар 101/ШШ2016/05171 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 17 дугаар хороо, 4 дүгээр хороолол, Амарсанаа гудамж, 38 байр, 5 тоотод оршин суух, Сартуул овогт Пэрэнлэйн Батсайхан /РД:ХЛ64021812/-ы нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, 16 дугаар байр, 78 тоотод оршин суух Гал боржигон овогт Жамбалын Болормаа /РД:АИ77100702/
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо, Цагдаагийн академи 2-48-17 тоотод оршин суух Лувсанжамцын Гэрэлмаа /РД:ЦД55041568/-д холбогдох,
“25,850,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч П.Батсайхан, түүний өмгөөлөгч Б.Борхүү, хариуцагч Л.Гэрэлмаа, Ж.Болормаа, гэрч Ц.Буяндэлгэр, Б.Чүлтэмжамц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч П.Батсайхан шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2012 онд өөрийн аж амьдралд зориулан үнэ хямд, чанартай орон сууц худалдан авахаар хайж байсан бөгөөд тухайн үед миний хүү Б.Батзоригийн найз охины ээж гэх Ц.Буяндэлгэр гэх хүнтэй танилцсан ба Ц.Буяндэлгэрт би энэ талаар ярьж байсан. Ц.Буяндэлгэр нь миний найз н.Норжинсүрэнтэй нэг хямдхан дажгүй байр захиалсан байгаа чи түүний мөнгийг нь төлөөд авч болно, би холбогдох хүмүүст нь хэлээд өгнө гэсэн. Би зөвшөөрч байрны мөнгийг Жамбал овогтой Болормаа, Лувсжамц овогтой Гэрэлмаа нарын Хаан банкны дансанд дараах байдлаар цувуулж мөнгийг шилжүүлсэн.
Ж.Болормаагийн дансанд 2012.04.23-ны өдөр 5,500,000 төгрөг, 2012.05.24-ны өдөр 1,000,000 төгрөг, 2012.05.31-ны өдөр 3,000,000 төгрөг, 2012.06.06-ны өдөр 3,000,000 төгрөг, 2012.06.11-ны өдөр 1,000,000 төгрөг, 2012.06.15-ны өдөр 2,000,000 төгрөг, 2012.08.22-ны өдөр 2,000,000 төгрөг, 2012.11.11-ны өдөр 1,250,000 төгрөг, Л.Гэрэлмаагийн дансанд 2013.07.22-ны өдөр 3,100,000 төгрөг, мөн 4,000,000 төгрөг, нийт 25,850,000 төгрөгийг шилжүүлсэн.
Өнөөдрийн байдлаар миний нэр дээр орон сууц минь шилжиж ирээгүй бөгөөд орон сууц авах талаар ярихад орон сууцыг чинь өгөхгүй мөнгийг чинь өгнө гэсэн боловч мөгөхгүй байна.
Иймд хариуцагч нараас хуулийн дагуу миний 25,850,000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Борхүү шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Норжинсүрэн, Байтсайханаас 1.000.000 төгрөг орсон гэж яриад байгаа. Тухайн үед Норжинсүрэнд байрны квот олгогдсон байсан учраас Норжинсүрэнгийн нэрээр хий тэгэхгүй бол танд байр олдохгүй гэсэн байдаг. Гүйлгээний утган дээр бүгд Норжинсүрэнгээс гэж явсан байгаа. Нэг удаа Батсайханаас гэж явсан огноо нь таарч байгаа. Мөнгийг Батсайхан өөрөө төлсөн баримтууд нь таарч байгаа. Энэ хоёр хүн ямар ч хамааралгүй гэж яриад байна. Болормаа, Гэрэлмаа нарын хувь хүний Хаан банкны данс руу хийсэн учраас эдгээр хүмүүс хариуцагч мөн юм гэв.
Хариуцагч Л.Гэрэлмаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 онд би одоогийн Хууль сахиулахын их сургуульд Хэвлэх үйлдвэрийн эрхлэгчээр ажиллаж байсан ба тэр үед сургуулиас багш ажилтнууддаа хямдхан өртгөөр орон сууц бариулахаар шийдвэр гаргаж, захиалга авч, мөнгө төгрөгийг хуримтлуулах ажил зохион байгуулагдсан. Барилга баригдаж дуусах сүүлийн хугацаанд 2013 оны 7-р сараас Гэрэлмаа миний /Хаан банкний 5720649267 тоот/ дансыг ашиглаж багш ажилтнуудын нэмэгдэл мөнгийг хуримтлуулсан нь үнэн. Орлого болон зарцуулах асуудлыг тухайн үеийн барилга бариулах комиссынхон үйлдэж байсан. Миний хувьд дансаа л ашиглуулснаас бусдыг мэдэх зүйлгүй. Харин захиалагч нар бүгд элдэв хэл ам, яриагүй байраа болон ордероо авцгаасан гэж бодож байгаа. Мөн манай сургуулийнхан зөвхөн багш ажилчдаасаа л захиалга авсан. Тэр үед Пэрэнлэйн Батсайхан гэж хүн ажиллаж байгаагүй, тэр үеийн орлогын баримтаас үзэхэд миний дансанд П.Батсайхан гэгчээс нэг ч мөнгө орж ирээгүй байна лээ. Иймээс надаас мөнгө нэхэмжлэх үндэслэлгүй гэж үзэж байна гэв.
Хариуцагч Ж.Болормаа шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Байр захиалагчдын эхний хурлаар орлого төвлөрүүлэх ажпыг миний бие үргэлжлүүлэх, мөн шаардлагатай гүйлгээг ажлын хэсгийн ахлагчийн зөвшөөрлөөр хийх үүргийг авч 2012 оны 04 дүгээр сарын 03-наас 10 дугаар сарын 26-ныг хүртэл хийж гүйцэтгэж байсан. Энэ хугацаанд тус дансанд төвлөрсөн мөнгийг орон сууцны барилгын ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсгийн өгсөн захиалга, зөвшөөрлийн дагуу гүйлгээг хийж, өдөр тутмын гүйлгээ, орлого, зарлагын мэдээг зззэ бүрээр гаргаж их сургуулийн захирал, хурандаа Б.Болдбаатарт тухай бүрд нь танилцуулж ажиллаж байсан.
2012 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус дансыг хаалган үлдэгдлийг орон сууцны барилгын орлого зарлагын үйл ажиллагааг үргэлжлүүлэн гүйцэтгэхээр томилогдсон Б.Атарцэцэгийн 5039390238 тоот харилцах дансанд шилжүүлснээр миний бие алба хаагчдын орон сууцны барилгын орлого төвлөрүүлэх, гүйлгээ хийх ажлаас чөлөөлөгдсөн. /Данс нээснээс хаах хүртэлх дансны хуулгыг хавсаргав/
Мөн их сургуулийн захирлын 2012 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн А/67 дугаар тушаалаар орон сууц барих ажлыг удирдан зохион байгуулах, хяналт тавих ажлын хэсэг томилогдож, орон сууц захиалагчдаас хийсэн төлбөрийн зарцуулалтад хяналт тавьж, ажиллаж байсан бөгөөд захиалагчдын хүсэлтээр орлого, зарлагын гүйлгээг баримтуудтай нь тулгалт хийж шалгасан. Тус шалгалтаар орлого зарлагын дүн зөрөөгүй. /Орон сууцны барилгын орлого, зарлагын гүйлгээнд шалгалт хийсэн товчоог хавсаргав/
Ж.Болормаа миний бие энэхүү барилгын ажилд тус их сургуулийн алба хаагч, орон сууц захиалагчийн хувиар бусад захиалагч, алба хаагчдын л нэгэн адил тодорхой ажил үүргийг гүйцэтгэн оролцож байсан бөгөөд тус орон сууцанд орохоор захиалга өгч төлбөрөө төлсөн гэх П.Батсайханы асуудлыг огтхон ч мэдэхгүй.
Байр захиалсан алба хаагчид бүгд тодорхой ажил үүргийг гүйцэтгэж байсан. Жишээ нь: Байр захиалагч 2-оос 3 алба хаагч хамтран барилгын материал мод, арматур төмөр, цутгалтын цементийн үнэ судлан ажлын хэсэгт танилцуулж, сонгогдсон байгууллагатай гэрээ хийх, нийлүүлсэн материалын чанар, тоо хэмжээнд хяналт тавьжхүлээн авах, харуул манаанд гарах зэргээр ажиллаж байсан.
Дээр дурдсанчлан орон сууцны барилгын ажлыг удирдан зохион байгуулах ажлын хэсэг их сургуулийн захирлын тушаалаар томилогдож, алба хаагчдын орон сууцыг бариулах, улмаар ашиглалтад хүлээлгэн өгөх, гэрчилгээг олгуулах бүхий л зчлыг удирдан зохион байгуулсан бөгөөд миний бие тус ажлын хэсэгт ороогүй, зөвхөн их сургуулийн алба хаагчийн хувиар байр захиалж, ажлын хэсгээс өгсөн үүргийн дагуу түр хугацаанд захиалагчдаас төлсөн орон сууцны орлогыг төвлөрүүлэх, шаардлагатай зарлагын гүйлгээг зөвшөөрлийн дагуу хийж гүйцэтгэж байсан.
Иймд Ж.Болормаа миний гаргасан тайлбар, холбогдох материалыг үндэслэн иргэн П.Батсайханы нэхэмжлэлд холбогдолгүйг нотолж, тус байрыг хамтран төлбөрийг нь төлж авсан гэх Ц.Буяндэлгэр, түүний охин Чүлтэмжамцын Уранчимэг нараас нэхэмжлэхээр шийдвэрлэж өгнө үү гэв.
Гэрч Ц.Буяндэлгэр шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Би П.Батсайханыг танина. Би Дотоод хэргийн их сургуульд ажиллаж байсан бөгөөд бид хамтарч тэр байрыг авч байсан. Учир нь тухайн үед бид худ ургийн холбоотой байсан. Харин хүүхдүүд салсан учраас эднийх байраа нэхсэн. Тэгээд би байраа зарах гэсэн боловч байр зарагдахгүй байсан. Охин маань Солонгос явсан байсан. Манай нөхөр ач хүүг аваад ээж дээр нь очсон байсан. Тэгээд эд нарыг ирэхээр асуудлыг шийдэе гэсэн. Одоо охин маань ирсэн байгаа. Тухайн үед хүүхдүүд гэр бүл болох гэж тэр байрыг авсан. Энэ хүмүүст тэр байрны асуудал ямар ч хамааралгүй. Тэр байранд манай охин, ач хүү хоёр амьдарч байгаа. Хамгийн анх орон сууцыг Норжинсүрэн захиалсан байсан гэв.
Гэрч Б.Чүлтэмжамц шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгт: Бид 2 талаасаа ярилцаад энэ байрыг авахаар ярилцсан. Надаас болон охины маань дансанд байсан мөнгө ч орсон байгаа гэв.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П.Батсайхан нь хариуцагч Ж.Болормаа, Л.Гэрэлмаа нарт холбогдуулан, 25,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.
Нэхэмжлэгч нь Дотоод хэргийн сургуулийн багш, алба хаагчдад барьж буй орон сууцнаас захиалагч, тус сургуулийн алба хаагч н.Норжинсүрэнгийн орон сууцыг өөрийн худ ургийн холбоотой байсан Ц.Буяндэлгэрээр дамжуулж худалдан авах зорилго агуулж дээрх орон сууцнаас худалдан авахаар Ц.Буяндэлгэртэй тохиролцсон үйл баримт шүүх хуралдааны үед тогтоогдов.
Хэрэгт авагдсан, Норжинсүрэнгээс 8 удаа, П.Батсайханаас 1 удаа төлсөн “байрны урьдчилгаа төлбөр” гэсэн утгатай орлогын мэдүүлгүүдийг нэхэмжлэгч П.Батсайхан гаргаж өгсөн боловч тухайн орон сууцыг худалдан авахад шаардлагатай мөнгийг П.Батсайхан өөрийн мөнгөн хөрөнгөөс гаргаж нийт 25,850,000 төгрөгийг төлсөн гэж үзэх үндэслэл болохгүй юм.
Хариуцагч Ж.Болормаа, Л.Гэрэлмаа нар нь Шинээр баригдаж буй алба хаагчдын орон сууцны төлбөрийн орлого, зарлагын тайлан гэх жагсаалтыг шүүхэд гаргаж өгснийг нотлох баримтаар үнэлэх боломжгүйгээс гадна хариуцагч нар нь Дотоод хэргийн их сургуульд /хуучин нэрээр/ алба хаагч байсан хийгээд орон сууцны төлбөр тооцооны мөнгийг өөрсдийн дансанд удирдлагын даалгасан ёсоор төвлөрүүлж байсан гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй боловч 25,850,000 төгрөг гаргуулах тухай П.Батсайханы нэхэмжлэлийг хариуцах этгээд гэж үзэхээргүй байна.
Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч П.Батсайхан болон хариуцагч Ж.Болормаа, Л.Гэрэлмаа нарын хооронд орон сууц захиалгаар бариулах, эсхүл орон сууц худалдах-худалдан авах тухай хэлцэл хийгдээгүй нь зохигчийн тайлбар болон гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдов.
Иймд нэхэмжлэгчийн “өнөөдрийн байдлаар миний нэр дээр орон сууц минь шилжиж ирээгүй бөгөөд орон сууц авах талаар ярихад орон сууцыг минь өгөхгүй мөнгийг чинь өгнө гэсэн боловч өгөхгүй байна. 25,850,000 төгрөгийг гаргуулан өгч хохиролгүй болгож өгнө үү” гэх нэхэмжлэл үндэслэлгүй байх тул хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан, хариуцагч Ж.Болормаа, Л.Гэрэлмаа нараас 25,850,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч П.Батсайханы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоусгай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 287,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА