Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 1743

 

 

 

 

 

 

 

 

 

                                                К.Янникийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч С.Энхтөр, Г.Даваадорж нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05278 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: К.Янникийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч: Д.Энхжаргалд холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 107 115 953 төгрөг гаргуулах тухай маргаантай хэргийг

 

Хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Даваадорж илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: А.Ариунтуул,

Хариуцагч: Д.Энхжаргал,

Хариуцагчийн өмгөөлөгч: З.Алтангэрэл,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Франц Улсын иргэн К.Янник би Д.Энхжаргалд 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр 25 000 ам.долларыг, сарын 1,8 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай зээлдүүлсэн. Энэхүү зээлийн гэрээ, түүний хавсралт болох зээл эргэн төлөх хуваарьт зээлдэгч Д.Энхжаргал нь 24 сарын хугацаанд үндсэн төлбөр, хүүг тэнцүү хэмжээгээр хуваан зээлдүүлэгч К.Янникт төлж дуусгахаар тохиролцсон. Д.Энхжаргал бид хоёр 2013 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс үерхэхээ больсон бөгөөд тэрээр 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр “Ле трискел” ресторанд ирж надтай уулзаад оросоос будаа оруулж ирэх гэсэн юм, шинэ бизнест минь мөнгө хэрэгтэй байна надад 30 000 ам.доллар зээлдүүлээч гэж гуйгаад байхаар нь би түүнд туслахаар шийдсэн. Ингээд маргааш нь буюу 2013 оны 8 дугаар сарын 16-нд би Франц Улс руу явах байсан учраас 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөртөө бид гар бичвэрээр зээлийн гэрээ хийж намайг Францаас ирсэний дараа нотариатаар орж албан ёсоор зээлийн гэрээгээ батлуулъя гэж тохиролцсоны үндсэн дээр би Д.Энхжаргалд 30 000 ам.долларыг бэлнээр өгсөн. Харин Д.Энхжаргал мөнгө хүлээн авснаа баталж, зээлсэн мөнгийг буцаан төлөх хуваарь болон зээлийн гэрээг нотариатаар батлуулахаар тохиролцсон зэрэг асуудлыг тодорхой дурдан гарын үсгээ зурсан. Намайг Францаас буцаж ирсэний дараа тохирсон ёсоор Д.Энхжаргал бид хоёр 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээгээ нотариатаар баталгаажуулсан. Энэ өдөр нотариат дээр гэрээгээ батлуулахдаа миний бие уг зээлсэн мөнгөн дүнгийн 25 000 ам.долларыг эргэж хүү, алданги тооцох нөхцөлтэйгээр, үлдсэн 5 000 долларыг түүний найз байсны хувьд бизнесийг нь дэмжих зорилгоор буцалтгүйгээр өгсөн. Гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийх хуваарийн дагуу 2013 оны 10 сарын 4-ний өдрөөс эхлэн Д.Энхжаргал нь эхний 3 сарын буюу 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр 1492 ам.доллар, 2013 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1455 ам.доллар төлсөн. 2013 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр 1454.16 ам.доллар төлөх ёстой байсан боловч миний бие түүнд бэлэглэсэн машиныг зарчихсан байсан учир машины мөнгийг уг төлбөрт нь суутгаж тооцсон. Д.Энхжаргал нь зээлийн гэрээний дагуу эхний 3 сарын төлвөл зохих зээлийн үндсэн төлбөр, хүү гэж нийт 4.419.9 ам.доллар төлсөн боловч үүнээс хойш ямар ч төлбөр гүйцэтгээгүй байсаар зээлийн гэрээний хугацаа 2015 оны 8 сарын 15-ны өдөр дуусгавар болсон бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэнгүй. Зээлийн гэрээний үүргийг шаардах гэтэл бидний хоорондох хамтран ажиллах маргаан шүүхээр шийдвэрлэгдэж байсан, дээр нь өмгөөлөгч маань одоохондоо нэхэмжлэл гаргаад хэрэггүй гэж зөвлөснөөс шаардаагүй өдий хүрсэн. Түүнээс гадна Д.Энхжаргалыг мөнгөө төл гэж шаардахад би жирэмсэн болсон учир битгий залгаад бай, ингээд байвал дэмий шүү гэж заналхийлсэн. Д.Энхжаргал нь 25 000 ам.долларыг хүлээж аваагүй гэж маргаж байгаа боловч түүний наториатын хажууд хийсэн зээлийн гэрээ, өөрөө 30 000 ам.доллар хүлээн авсан тухайгаа бичсэн бичвэр, мөн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу мөнгө төлж байсан зэрэг байдлаар талуудын хооронд зээлийн гэрээ хийгдсэн, тэрээр 30 000 ам.доллар хүлээн авсан болох нь тогтоогдоно гэж үзэж байна. Иймд Д.Энхжаргалаас үндсэн зээл 21 875 ам.доллар, 21 сарын хүү 8268.75 ам.доллар, алдангид 0,5 хувиар тооцон 2015 оны 8 дугаар сарын 15-наас 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацааны 23 625 ам.доллар нийт 53 768.75 ам.долларыг, Монголбанкны ам.долларын ханш 1992.16 төгрөгөөр тооцон 107 115 953 төгрөгийг гаргуулж, зээлийн гэрээний үүргийн биелэлтийг хангуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдөр Янник Кигинерээс 5 000 ам.долларыг авсан. Өмнө нь “Ле трискел” рестораныг байгуулах үед танилаасаа зээлсэн мөнгийг буцаан төлөх байсан тул үүнийг авсан. Энэ бол зээл биш. Дараа нь мөнгө зээлэх асуудал яригдсан. Зээлийн гэрээ 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр байгуулсан. Өмнөх 5 000 ам.долларыг хүүгүй, бусдыг нь хүүтэй зээлэх болсон. Гэхдээ зээлийн гэрээ дэх 25 000 ам.долларыг 5 000 ам.долларыг төлсөн тохиолдолд зээлийг өгөхөөр тохиролцсон. Би 5 000 ам.долларыг 2013 оны 10, 11, 12 дугаар саруудад буцааж өгч дуусгасан. Миний төлсөн мөнгө 4 400 ам.доллар орчим болсон боловч Янник Кигинер тооцоог дуусгая гэсэн. Гэтэл зээлэх 25 000 ам.долларыг элдэв шалтаг тоочоод надад өгөөгүй. Тэгээд үндсэндээ мартагдсан. Би тухайн үед 5 000 ам.долларыг буцааж авахын тулд ийм арга хэрэглэсэн байна гээд бодоод өнгөрсөн. Иймд аваагүй зээлийг төлөх хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Би Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2015 оны 7 дугаар сарын 4910 тоот шийдвэрээр Янник Кигинерээс 105 909 375 төгрөгийг гаргуулах болсон. Одоо Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт ажиллагаа хийгдэж байгаа болно. Янник Кигинер энэ шүүхийн шийдвэрийн дагуу төлөх төлбөрөөсөө зайлсхийх зорилгоор танай шүүхэд нэхэмжлэл гаргажээ гэж ойлгож байна. Нэхэмжилж байгаа үнийн дүн ч таарч байх юм. Ер нь Янник Кигинер миний хамтран ажилласан хугацаанд цалин өгч байгаагүй, манай гэр бүлийн бизнес гээд зөвхөн нийгмийн даатгал төлж байсан. Сар бүр цалин авч байя гэхэд нэг мөсөн авахад чамд юм болно гэж намайг аргалж ирсэн. Бид гэр бүл салахад хамтран ажиллах тухай гэрээ хийсэн боловч өнөөдрийг хүртэл ашиг гэж өгөөгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагч Д.Энхжаргалаас 63 352 879 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Кигинер Янникт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 43 763 074 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Д.Энхжаргалаас улсын тэмдэгтийн хураамжид 474 714 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 693 530 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй юм. Шүүх шийдвэртээ хариуцагч Д.Энхжаргал, хариуцагчийн өмгөөлөгч нар нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгч К.Янник түүний өмгөөлөгч нарын хүсэлтийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хэргийг шийдвэрлэсэн гэжээ. Шүүх хуралдаанд Д.Энхжаргал оролцож чадахгүй талаар шүүхэд мэдэгдэж өөрийн хүсэлтийг бичгээр гаргаж өгсөн билээ. Тухайн үед Д.Энхжаргал жирэмсэн учир эмчилгээний улмаас хэвтэрийн дэглэмтэй эмчилгээтэй байсан учир эмчийн магадлагааг шүүхэд гаргаж өгсөн болно. Гэтэл үүнийг хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзэж байгаа нь үндэслэлгүй юм. Өмгөөлөгч миний бие 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Б.Мөнхбаярт холбогдох шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөр оролцсон. Энэ талаар нотлох баримт болох надад өгөгдсөн шүүхийн мэдэгдэх хуудсыг шүүхэд Д.Энхжаргалын хүсэлтийн хамт өгсөн. Үүнийг хүндэтгэн үзэх шалтгаан гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Мөн тухайн өдөр буюу 2016 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Д.Энхжаргал сөрөг нэхэмжлэлийг гаргасан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.1-д зааснаар үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлүүлэхийн тулд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээс өмнө гаргах эрхийн дагуу гаргасан. Сөрөг нэхэмжлэл гаргасан, хүлээн авсан талаар шүүхийн бүртгэлд авагдсан бахй учиртай. Шүүхийн энэхүү шийдвэрт сөрөг нэхэмжлэлийн талаар огт дурдахгүй байгааг ойлгохгүй байна. Шүүх нотлох баримтыг тал бүрээс нь харьцуулан үзсэнгүй. Шүүхэд Д.Энхжаргал нэхэмжлэлийн хариу тайлбартаа өөрийн татгалзалыг тодорхой гаргаж өгсөн. Д.Энхжаргал “Ле трискел” рестораныг байгуулах үед бусдаас зээлсэн зээлийг буцаан төлөх байсан нөхцөл шалтгааны улмаас 5 000 ам.долларыг зээлжээ. Үүнийг хэн хэн нь үгүйсгэдэгүй. Харин дахин зээлийн яриа яригдахад энэ зээлийг төлсний дараа өгөхөөр тохиролцсон гэдэг. Энэ нь тэдний хийсэн гэх зээлийн гэрээний хугацаагаар нотлогддог. Энэ 5 000 ам.долларын зээлийг төлсөн. Харин тэдний тохиролцсон гэх зээлийг Янник Кигинер өгөөгүй, гэрээ бичигдээд өнгөрчээ. Зээлийн гэрээний дагуу 25 000 ам.долларыг хүлээлгэж өгсөн талаар нотлох баримтыг шүүхэд нэхэмжлэгчээс гаргуулах хүсэлт гаргасан боловч гаргаж өгч чадаагүй юм. Гэтэл шүүх нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж шүүх дүгнэж байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч шүүхэд баримт гаргаж өгөөгүйд шүүх дүгнэлт хийх ёстой байсан. Хэргийн материалд авагдсан баримтад зээлийг төлөх хугацааг заасан болон хүүг тооцох талаар бичигдсэн байдаг. Тэрнээс 25 000 ам.долларыг хүлээн авлаа гэдэг ямар нэгэн баримт хэрэгт авагдаагүй болно. Дээрх байдлаас зээлийн гэрээ байгуулагдсан гэх үндэслэлгүй гэж өмгөөлөгчийн хувьд үзэж байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч К.Янник нь хариуцагч Д.Энхжаргалд холбогдуулж зээлийн гэрээний үүрэгт 107 115 953 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

            Зохигчид 2013 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч К.Янник нь 25 000 ам.долларыг зээлдүүлэх, зээлдэгч Д.Энхжаргал нь сарын 1.8 хувийн хүүтэйгээр, 2 жилийн хугацаанд төлөх нөхцлийг харилцан тохиролцсон баримт хэрэгт авагджээ. /хх-ийн 3  дугаар тал/

 

            Хэдийгээр талууд гэрээнд гарын үсэг зурсан боловч хариуцагч Д.Энхжаргал нь        25 000 ам.долларыг шилжүүлж аваагүй хэмээн татгалзсан ба нэхэмжлэгч К.Янник нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний дагуу мөнгөн хөрөнгө болох 25 000 ам.долларыг зээлдэгчид шилжүүлж өгсөн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байхад анхан шатны шүүх хариуцагчаас 63 352 879 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болжээ.

 

            Нэхэмжлэгч нь мөнгөн хөрөнгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн Д.Энхжаргалын өөрийн бичсэн баримтаар нотлогдоно гэж маргаж байгаа боловч уг баримтад “30 000 ам.долларыг зээлсэн болно” гэж тэмдэглэсэн байгаа нь мөнгөн хөрөнгийг шилжүүлэн авсан гэх үйл баримтыг нотлохгүй юм. /хх-ийн 9-10 дугаар тал/

 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарах үйл баримтаа нотлох үүрэгтэй ба анхан шатны шүүх нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй бөгөөд хариуцагч мөнгөн хөрөнгийг хүлээн аваагүй болохоо нотлоогүй гэж дүгнэн нотолгооны үүргийг буруу хуваарилсан байна.

 

            Хариуцагч Д.Энхжаргал нь нэхэмжлэгч К.Янникаас бэлнээр 5 000 ам.долларыг  зээлдэж авсан гэж, нэхэмжлэгч нь зээлийн төлбөрөөс 4 419 ам.долларыг буцаан авсан гэж тус тус тайлбарласан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт зааснаар талуудын татгалзлын тайлбараар тогтоогдсон хэмжээнд буюу талуудын хооронд 5 000  ам долларын зээлийн гэрээ байгуулагдсан, хариуцагч нь 4 419 ам долларыг буцаан төлсөн гэж үзэж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

            Иймд хариуцагч Д.Энхжаргалаас /5 000-4 419/ 581 ам.долларыг Монголбанкны 2015 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн ам.долларын ханш 1992.16 төгрөгөөр тооцож,       1 157 445 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч К.Янникт олгох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 

            Харин шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх хариуцагч талын давж заалдах гомдол үндэслэлгүй байна. Учир нь хамтран ажиллах гэрээний үүрэгт 30 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т зааснаар үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай тооцогдохгүй хэмээн дүгнэж шүүх сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь үндэслэлтэй.

 

Түүнчлэн хариуцагч Д.Энхжаргал нь ямар хугацаанд эмчилгээ хийлгэх шаардлагатай байсан болох нь эмнэлгийн магадлагаагаар тодорхойгүй байхаас гадна хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтээ шүүхэд бичгээр гаргаагүй байна. Мөн хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдааныг удаа дараа хойшлуулж байсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан тул анхан шатны шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасныг зөрчөөгүй гэж үзлээ.

 

            Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 101/ШЗ2016/28110 дугаар захирамжаар хариуцагч Д.Энхжаргалын давж заалдах журмаар гомдол гаргахад төлөх 474 714 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэх хүртэл хугацаагаар хойшлуулсан байна.

Энэхүү давж заалдах шатны шүүх хуралдаанаар хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасан тул хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 474 714 төгрөгийг нөхөн гаргуулах шаардлагагүй гэж үзэв.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 101/ШШ2016/05278 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтын “… 63 352 879 төгрөг …” гэснийг “1 157 445 төгрөг” гэж, “… 43 763 074 төгрөг…” гэснийг “105 958 508 төгрөг” гэж,

             2 дахь заалтын “… 474 714 төгрөг …” гэснийг “33 469 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.

 

 2. Хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

 

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                              Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                               

                                          ШҮҮГЧИД                                    С.ЭНХТӨР     

                                                                                                 

                                                                                   Г.ДАВААДОРЖ