Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 001/ХТ2018/00381

 

Б.Тийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01569 дүгээр шийдвэр,        

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1894 дүгээр магадлалтай,

          Нэхэмжлэгч: Б.Т

          Хариуцагч: Ннд холбогдох

          Үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гомдлоор шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: хариуцагчийн төлөөлөгч Ц.Т, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

     Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2017-02-14-ний өдөр шийдвэр гүйцэтгэгч танилцуулсан 2017-02-10-ны өдрийн 3/5514 дугаар мэдэгдэлтэй холбогдуулан 2017-02-20-ны өдөр ахлах гүйцэтгэгчид гомдол гаргасан. Энэхүү гомдлын хариуг 2017-03-10-ны өдөр шуудангаар хүлээн авсан. Нны томилсон шинжээчийн тогтоосон үнэ нь илэрхий бага байх бөгөөд надад үнэлгээг танилцуулаагүй, үнэлгээчний талаарх мэдээллийг өгөөгүй, өмчлөх эрхэд ноцтой халдсан тул гомдолтой байна. Мөн Н Иргэний хуулийн 177.1 дэх заалтыг баримтлан биднийг эд хөрөнгийн талаарх үнэ өгөөгүй гэсэн. Гэтэл төлбөр авагчийн үнийн саналыг зөвшилцөлгүйгээр өгөх боломжгүй талаарх асуудлыг тусгасан. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэлийн алба нь үнийн саналыг ирүүлээгүй тул бид үнэ өгөх боломжгүй байсан. Иймд үл хөдлөх хөрөнгийн үнэлгээг зах зээлийн үнээр бодитой үнэлүүлэх гомдлыг хүлээн авахгүй байгаа үйлдэл нь хууль бус, талуудын оролцоог хангаагүй, хэт нэг талыг баримталсан тул эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгож  өгнө үү гэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гаргасан хариу тайлбартаа: Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016-04-28-ны өдрийн 3471-р захирамжаар Б.Тээс 55.874.481 төгрөг гаргуулж, “Хас банк” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулж, үүргийн гүйцэтгэлд барьцаалсан төлбөр төлөгч Б.Тийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат хороолол, 11 дүгээр байрны 31 тоотод байрлах 2 өрөөг  битүүмжлэн, хураасан. Иргэний хуулийн 177.1-т зааснаар 2016-11-29-ний өдрийн 3/36973, 2016-12-14-ний өдрийн 3/38522, 2017-01-17-ны өдрийн 3/2687 дугаар албан бичгийг хүргүүлэхэд үнийн санал ирүүлээгүй. Иймд дээрх орон сууцанд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 31, 37 дугаар зүйлд заасны дагуу  шинжээч томилсон. “Итгэлт эстимэйт” ХХК-ийг 2017-01-24-ний өдөр шинжээчээр томилж, үнэлгээ тогтоолгоход уг орон сууц 62.000.000 төгрөгөөр үнэлэгдсэн. Шинжээчийн үнэлгээг төлбөр төлөгч Б.Тт 2017-02- 10-ны өдрийн 3/5514 тоот албан бичгээр мэдэгдсэн. Үүргийн гүйцэтгэлд барьцаалсан орон сууцыг үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдаанд оруулах талаар төлбөр төлөгчид 2017-03-13-ны өдрийн 3/7, 3/7864 дугаар мэдэгдлээр мэдэгдэж, 1 хувийг баталгаат шуудангаар хүргүүлсэн. Мөн Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны  4362 дугаар захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн байгаа. Нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

         Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01569 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт заасныг баримтлан Ннд холбогдох Хан-уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 дүгээр байрны 31 тоот орон сууцны үнэлгээг хүчингүй болгуулах тухай Б.Тийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар Б.Тийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна.

         Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1894 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01569 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах  гомдлыг хангахгүй орхижээ.

         Нэхэмжлэгч Б.Т хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэхдээ “...хэт доогуур үнэлсэн гэх үйл баримтаа баримтаар нотлоогүй” гэж хянасан нь хуулийн хэрэглээг зөвтгөн хэрэглээгүй гэж үзэж байна. Учир нь хөндлөнгийн шинжээч орон сууцыг үнэлэхдээ бодит м.кв-ыг 1,4 сая төгрөгөөр үнэлж, дуудлага худалдааны үнэ м.кв нь 900.000 төгрөг болж байгаа нь илэрхий бага үнэ гэдгийг нотлох шаардлагагүй билээ. ...бидний хөрөнгө бага үнээр зарагдаж хохирох гэж байгаа үйл явцад анхан болон давж заалдах шатны шүүхүүд дүгнэлт хийгээгүйд гомдолтой байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хөрөнгө эзэмшигч талын оролцоог хангасан зах зээлийн үнэлгээгээр хөрөнгөө бодитойгоор үнэлүүлэх гомдлыг ханган шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

     Б.Т 2017 оны 03 дугаар  сарын 17-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах шаардлага гаргасан байна. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй.

      Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.

     Хяналтын шатны шүүхэд гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдоогүй тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

       Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч 2016 оны 04 сарын 28-ны өдөр 102/ШШ2016/3471 дугаар захирамж гаргаж, Б.Т 60.414.258 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн барагдуулахаар Хас банктай эвлэрснийг баталсан байх бөгөөд төлбөрийг сайн дураараа төлж барагдуулаагүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 120 мянгат, 11 байрны 31 тоот орон сууцнаас үүргийг хангуулахаар уг захирамжид заажээ. /хх22-23/ 

   Б.Т захирамжид заасан хугацаанд төлбөрийг төлөөгүй тул гүйцэтгэх хуудас бичигдэж /хх 21,24/ хариуцагч 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 288 дугаар гүйцэтгэх хуудсын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан, уг ажиллагаанд төлбөр төлөгч гомдол гаргаж байсан баримт хэрэгт байхгүй тул шийдвэр гүйцэтгэх ажиллагааг шүүх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1.1, 36.5-д заасантай нийцсэн гэж үзсэнийг буруутгах үндэслэлгүй юм.   

        Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д “Дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоосон үнийн, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчний тогтоосон зах зээлийн үнийн 70 хувиар тооцон тогтооно. Үнэлгээчнийг дуудлага худалдаа явуулах эрх бүхий этгээд томилно” гэж зохицуулжээ.  

       Иймд Н үнийн санал авч, төлбөр авагч талд таницуулан үнийн талаар тохиролцох боломжтой эсэхийг тодруулах ажиллагаа хийсэн нь Иргэний хууль, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

      Түүнчлэн, эд хөрөнгийн үнэлгээ үндэслэлгүй гарсан гэх баримтыг нэхэмжлэгч анхан шатны шүүхэд ирүүлээгүй тул тус шүүхэд гаргасан гомдлоор шийдвэр, магадлалыг хүчингүй болгох нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нийцэхгүй тул  нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхив.

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШШ2017/01569 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 1894 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ