Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2016/05219

 

 

 

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2016/05219

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                                                                                  

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 10-б, 112 тоотод оршин суух, Жоов овогт Сорогдоржийн Дулам /РД:ХК73082365/-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо,  Дунд Дархь эх, 34-1797 тоотод оршин суух, Сартуул овогт Цэвэгжавын Баярсайхан /РД:ИЭ59092369/,

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо,  Дунд Дархь эх, 34-1793 тоот хаягт бүртгэлтэй, Баянгол дүүрэг, 22 дугаар хороо Зүүн наран 17, 59-106 тоотод оршин суудаг гэх Жалайр овогт Зоригоогийн Амар-Эрдэнэ /РД:ИЭ84120176/ нарт холбогдох,

“Зээлийн гэрээний үүрэгт 29,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Дулам, түүний өмгөөлөгч Ч.Отгонбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Тэмүүлэн нар оролцов.

  

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч С.Дулам шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Амар-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С.Дулам надаас 15 сая төгрөгийг хашаа байшингаа барьцаалан зээлдэж авсан. Би гэрээний дагуу хоёр удаагийн шилжүүлгээр нимйт 15 сая төгрөгийг З.Амар-Эрдэнийн дансанд шилжүүлсэн. Үүнээс хойш 4 хоногийн дараа З.Амар-Эрдэнэ над руу утасдаад гааль дээрээс бараагаа оруулж ирэх гэсэн чинь хоёр сая төгрөг хэрэг боллоо, дараа гэрээ хийе, одоо яаралтай өгөөч гэхээр нь гэрээ хийлгүй хоёр сая төгрөг шилжүүлээд нийт 17 сая төгрөгийг зээлдүүлсэн.

Зээлдэгчид анхны гэрээний дагуу 10 хоногийн дараа мөнгийг маань хүүгийн хамт буцааж өгөх байсан боловч 4 сая төгрөгийг буцааж өгсөн, үлдэгдэл мөнгийг хүүгийн хамт өгөөгүй байна.

10 хоноод буцааж өгнө гэсэн зээлдэгчид олон сар өнгөрсөн ч мөнгө буцааж өгөөгүй тул сүүлдээ арга ядахын эрхэнд 2015 оны 12 дугаар сарын 02-нд харилцан тохиролцсоны үндсэн дээр гэрээгээ шинэчилж, хүүгийн хэмжээг бууруулан хугацааг нь уртасгаад 2016 оны 02 дугаар сарын 01 ба 3 дугаар сарын 01 гэхэд 2 удаагийн төлөлтөөр зээлдүүлсэн мөнгийг хүүгийн хамт буцааж өгнө гэж ахин нэмэлт гэрээ хийсэн. Нэмэлт гэрээний дагуу 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 3 дугаар сарын 01-нд 10,000,000 төгрөг төлөх байсан ч төлөөгүй.

Одоо нэмэлт гэрээний хугацаа дууссан. Гэрээнд заасан  хугацаандаа төлөөгүй бол нэмэлт гэрээнд заасан үнийн дүнгээс хэтрүүлсэн хоног тутамд 0,5 хувиар алданги тооцож төлүүлэх эрхтэй гэж заасны дагуу би 3 дугаар сарын 01-нээс 4 сарын 25-ны хүртлэх хугацаанд гэрээнд заасан хорин сая төгрөгөөс 56 хоногийн алданги тооцох эрхтэй.

Зээлийн барьцаанд байгаа хашаа нь 415 м.кв, байшин нь баригдаж дуусаагүй, зуух, халаалт байхгүй, шалгүй, дотоод тохижилт юу ч хийгдээгүй.

2015 оны 9 дүгээр сарын 18-нд З.Амар-Эрдэнэ нь надад 4 сая төгрөг буцааж өгсний 2,000,000 төгрөг нь хүү болон тооцогдож үлдсэн 2,000,000 төгрөг нь гэрээгйүгээр 7 дугаар сарын 25-нд надаас авсан мөнгөө буцааж өгсөнд тооцсон.

Зээлдэгч нарын надад амлаж гэрэнэд заасан хувиар тооцвол зөвхөн хүүний хэмжээ нь 7 сарын 23-наас 12 сарын 02-ны өдрийг хүртэл хугацаанд 59,400,000 төгрөг болж байна.

Дээр нь гэрээнд зааснаар алдангийн хэмжээг тооцвол өдрийн 5 хувийг нийт зээлийн дүн болох 15,000,000 төгрөгөөс тооцвол маш их тоо гарна, гэвч хуулиар алдангийн хэмжээг тооцоход 7,500,000 төгрөг болно.

2015 оны 7 дугаар сарын 21-нд зээлдүүлсэн үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүүгийн үлдэгдэл 57,400,000 төгрөг, алданги 7,500,000 төгрөг, нийт 79,900,000 төгрөг болох тооцоо гарч байна. Гэвч хариуцагч нараас би энэ дүнг нэхэмжлэхгүй бөгөөд 3 дахин бага буюу 29,600,000 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Болдбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.

 

Хариуцагч З.Амар-Эрдэнэ, Ц.Баярсайхан нар шүүхэд гаргасан тайлбартаа: Бид С.Дуламаас хашаа байшингаа барьцаалж, 17 сая төгрөг зээлсэн нь үнэн болно. Мөн түүнд 4 сая төгрөг өгсөн. Гэрээ ёсоор бол 10 хоногийн хугацаатай 15 сая төгрөг зээлсэн, дараа нь 2 сая төгрөг нэмж зээлсэн. 4 сая төгрөг өгөхдөө сүүлд зээлсэн хоёр сая төгрөгийг буцаан өгч мөн 15 сая төгрөгөөс 2 сая төгрөгийг нь өглөө гэж тохиролцсон. Энэ хугацаанд гэрээг нэг удаа шинэчилж сунгасан. Барьцаалсан хашаа байшин маань 45 саяар үнэлэгдсэн боловч С.Дулам хашаа байшингаа өгөөд дээр нь 6 сая төгрөг өг гэж шаарддаг. 17 сая төгрөг зээлчихээд 4 сая төгрөг өгөөд дээр нь 45 сая төгрөгөөр үнэлэгдсэн хашаа байшингаа өгөөд ахиад бас 6 сая төгөрг өг гэсэн шаардлагыг хүлээн авч чадахгүй байгаа болно гэжээ.

 

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч С.Дулам нь хариуцагч Ц.Баярсайхан, З.Амар-Эрдэнэ нарт холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 29,600,000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргаж байна.

Хэрэгт авагдсан, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр С.Дулам болон Ц.Баярсайхан, З.Амар-Эрдэнэ нарын хооронд хийгдсэн Зээлийн гэрээнээс үзэхэд, зээлдүүлэгч С.Дулам нь зээлдэгч нарт 15,000,000 төгрөгийг 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрөөс 2015 оны 7 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 хоногийн хугацаатай, нэг өдрийн 3 хувийн хүүтэй зээлдүүлжээ. Зээлдэгч С.Дулам нь 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 7,000,000 төгрөг, 2015 оны 7 дугаар сарын 20-ны өдөр 8,000,000 төгрөгийг З.Амар-Эрдэнийн дансанд шилжүүлсэн, дээрх гэрээ байгуулагдсанаас хойш 4 хоногийн дараа талууд гэрээг бичгээр байгуулалгүйгээр 2,000,000 төгрөгийг дахин зээлдүүлж, хүлээлгэн өгсөн болох нь хэрэгт авагдсан орлогын мэдүүлэг, зохигчийн тайлбар зэргээр тогтоогдож байна.

 

Зээлдэгч нар нь зээлдүүлэгчид 4,000,000 төгрөгийг эргүүлэн төлсөн байх бөгөөд үүний 2,000,000 төгрөгийг бичгээр гэрээ байгуулалгүй авсан 2,000,000 төгрөгт, 2,000,000 төгрөгийг бичгээр байгуулсан зээлийн гэрээний хүүнд тооцсон байна.

 

Талууд 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдөр нэмэлт гэрээ байгуулж, 2015 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээний зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацааг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар сунгахаар харилцан тохиролцож, 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс хүү тооцохгүй бөгөөд энэ өдрийн байдлаар зээлдүүлэгчээс зээлдэгчид зээлийн хүүнд 2,000,000 төгрөг төлсөн, үндсэн зээлийн үлдэгдэл 15,000,000  төгрөг, хүүгийн үлдэгдэл 5,000,000 төгрөгийг тооцон зээлдэгч зээлдүүлэгчид гэрээнд заагдсан зээлсэн мөнгийг бүхлээр буюу хэсэгчлэн төлөх, зээлдэгч нь зээлийн төлбөрийг 2 хувааж төлөх бөгөөд 2016 оны 02 дугаар сарын 01-нд үндсэн зээлээс 10,000,000 төгрөг, 2015 оны 3 дугаар сарын 01-нд үндсэн зээлийн 5,000,000 төгрөг, хүү болох 5,000,000 төгрөг буюу нийт 10,000,000 төгрөгийг тус тус төлөх, хугацаа хэтрүүлсэн хоног тутамжд 0,5 хувиар алданги тооцохоор харилцан тохиролцжээ.

 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.”, мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6.-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж тус тус заасан бөгөөд талуудын байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

 

2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн нэмэлт гэрээгээр үндсэн зээл 15,000,000 төгрөг, хүү 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг 2016 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж дуусгахаар талууд тохиролцсон бөгөөд гэрээгээр тогтоосон хугацаа хэтрүүлсэн 56 хоногийн алданги 5,600,000 төгрөг, нийт 25,600,000 төгрөгийг хариуцагч З.Амар-Эрдэнэ, Ц.Баярсайхан нараас гаргуулж нэхэмжлэгч С.Дуламд олгох үндэслэлтэй байна. /хоногт 100,000 төгрөгийн алданги, 56 хоног хугацаа хэтрүүлсэн/

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Ц.Баярсайхан, З.Амар-Эрдэнэ нараас 25,600,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дуламд олгож, 29,600,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 4,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгоусгай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн төлсөн 406,700 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Амар-Эрдэнэ, Ц.Баярсайхан нараас улсын тэмдэгтийн хураамжид 285,950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Дуламд олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг  танилцуулсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Б.УНДРАА