Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01101

 

2026 05 13 210/МА2026/01101

 

 

 

*******-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ч.Мөнхцэцэг даргалж, шүүгч Ц.Цэрэндулам, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/01893 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******,******* нарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үүрэгт 225,501,670 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн төлөөлөгч, хариуцагч*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

1.1. *******,******* нар нь 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр Зээлийн гэрээ болон Ипотекийн гэрээ байгуулж, 250,000,000 төгрөгийг 36 сарын хугацаатай, сарын 3.2 хувийн хүүтэй, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээлж, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/, Чингүнжав гудамж, *******,*******, 110.88 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан.

1.2. Зээлдэгч *******,******* нар нь зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүгийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй, зээлийн төлбөрийг төлөх хугацаа олгосон боловч төлөхгүй, гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан.

1.3. Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх заалт, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь заалт, талуудын хооронд байгуулсан Зээлийн гэрээг тус тус үндэслэн 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зээлдэгч *******,******* нараас үндсэн зээл 193,542,405.50 төгрөг, зээлийн хүү 63,811,413.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 4,087,497.55 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөг, нийт 261.456,816.53 төгрөгийг гаргуулж *******-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч нарын татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Тус шүүхэд нэхэмжлэгч ******* нь манай компанид холбогдуулан зээлийн гэрээний үүргээ ноцтой зөрчсөн тул 225,501,670 төгрөгийн зээлийн өрийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Манай компанийн зүгээс зээлийн гэрээний үүргийг ноцтой зөрчиж зээлийг төлөхгүй байх санаа зорилго байхгүй, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг тухай бүрд нь бүрэн төлж байсан.

2.2. Тус ББСБ-д манай компанийн зүгээс удаа дараа хүсэлт гаргаж өөрсдийн буруугүй үйлдлийн улмаас болж хохирч, зээлийн үндсэн төлбөрийг төлөх боломжгүй байдал үүссэн талаар тухай бүрд нь мэдэгдэж албан хүсэлт хүргүүлж, түүнийгээ баримтаар нотолж байсныг ******* нь хүлээн авч, учирсан хохирлыг тооцоолж улмаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг бүрэн төлчихвөл зээлийн нөхцөлийг өөрчлөн төлөлтийг хойшлуулах боломж олгохоор хоёр талаас тус тус тохиролцож манай талаас тавьсан бүх шаардлагыг цаг тухайд нь бүрэн биелүүлсэн. Гэвч нэхэмжлэгч тал зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлүүлж, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулж өгнө гэж итгүүлж, манай компанийг төөрөгдөлд оруулж явсаар барьцаа хөрөнгөөр зээлийн төлбөрийг төлүүлэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. ******* нь манай гаргасан хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэдгээ мэдэгдэж зээлийн төлбөрийг төлүүлэхээр тухайн үедээ мэдэгдсэн бол манай талаас зээлийн өр төлбөрийг бүрэн төлөх боломжтой байсан.

2.3. Манай компанийн зүгээс зээлийн гэрээг үргэлжлүүлж, *******-д гаргасан хүсэлтийнхээ дагуу шийдвэрлэгдсэн Зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлтээ хангуулах хүсэлтэй байна. Иймд ******* болон манай компанийн хооронд шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлэх нөхцөл байдал бүхий шийдвэрлэгдээгүй үлдсэн хүсэлт бүхий асуудал байгааг харгалзан үзэж нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч талын сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:

3.1. Манай компани 2023 онд *******-аас өөрийн компанийн байгуулсан цэвэр усны үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үнэ болон гааль тээврийн зардлын зарим хэсгийг санхүүжүүлэх зорилгоор 250,000,000 төгрөгийн зээл авсан. 2023 оны 12-р сард манай үйлдвэрийн тог цахилгааныг урьдчилан мэдэгдэлгүйгээр тасалж, улмаар үйлдвэр маань бүхэлдээ хөлдөж, тоног төхөөрөмжүүд хагарч эвдрэн үйл ажиллагаа явуулах ямар ч боломжгүй болсон. Энэхүү гэнэтийн үйл явдлыг хуулийн байгууллагаар шалгуулж гэм буруутай этгээдүүдэд хариуцлага тооцуулах, гэм хорын хохирлыг гаргуулахаар одоог хүртэл явж байгаа.

3.2. Уг эрсдэлээс шалтгаалж *******-ийн зээлийн төлбөрийг төлөхөд хүндрэл учирч үндсэн зээлээс гэрээнд заасан хэмжээгээр төлөх боломжгүй нөхцөл байдал үүссэн. Үүнийгээ нотолж *******-д хүсэлт гаргаж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах, графикт төлөлтийн хэмжээг багасгуулах, өөр хүү багатай зээлийн эх үүсвэр олж зээлийг солих гэх мэт санхүүгийн арга хэмжээ авч эрсдэлээс сэргийлэх хүсэлтийг албан ёсоор гаргасан. Хүсэлтийг *******-ийн удирдлагаас хүлээн авч, шийдвэрлэхээр болж холбогдох судалгаа нотлох баримтуудыг авч зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлмөгц манай компанийн зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөхөөр тохиролцсон.

3.3. Манай компанийн зүгээс хүү, нэмэгдүүлсэн хүүг төлсөн боловч салбарын захирал солигдсон байсан. Түүний оронд түр томилогдсон гэх эмэгтэй энэхүү асуудлыг би шийдвэрлэх боломжгүй танайх зээлээ төл гэх утгагүй тайлбар гаргасан. Ахин шинээр өөр салбарын захирал томилогдож, мөн адил хуримтлагдсан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг төлчихвөл танай хүсэлтийг шийдвэрлэнэ, зээлийн нөхцөлийг өөрчлүүлэхэд шаардлагатай баримтуудыг цуглуулж өгөх хэрэгтэй гэсний дагуу бүх шаардлагыг манай зүгээс биелүүлсэн боловч зээлийн нөхцөл өөрчлөх талаар ямар нэг арга хэмжээ авч өгөхгүй орхигдуулсан.

3.4. Удалгүй тус байгууллагын тусгай Актив-ийн ажилтан гэх хүн холбогдож зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах, зээлийн өрийг барагдуулах, зээлийн хүү, түүнд ноогдох алданги торгууль зэргийг төлөх хугацаатай үүрэг бүхий албан тоот өгсөн. Манай зүгээс *******-ийн удирдлагаас гаргасан зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх шийдвэрийн биелэлтийг хангуулах, учирсан эрсдэлт байдал арилтал зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөхөөр шийдвэрлэсэн зээлийн нөхцөл өөрчлөх гэрээг шинээр байгуулан төлбөрийн шинэчилсэн хуваарь тогтоолгох шаардлагатай байна.

3.5. Иймд *******-ийн гаргасан хүсэлтийг хүлээн авч, зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан холбогдох нөхцөлийг өөрчлөхөөр тохирсон үүргээ биелүүлэхгүй орхигдуулж байгаа *******-д энэхүү үүргийг хэрэгжүүлэх зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахыг даалгаж өгнө үү гэжээ.

 

4. Нэхэмжлэгч талын сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбар, татгалзал:

4.1. *******-аас хариуцагч *******-тай зээлийн гэрээний нөхцөл өөрчлөх тухай тохиролцохдоо зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй буюу зээлийн зөрчигдсөн төлбөрийг төлсөн тохиолдолд өөрчлөх боломжтой талаар тайлбарлаж өгсөн. *******-ийн өдөр тутмын үйл ажиллагаандаа удирдлага болгодог Хугацаа хэтэрсэн болон эрсдэлтэй зээлийн ажиллах журам-ын 6.13-т Зээлийн нөхцөл эсхүл бүтэц өөрчлөх аль ч тохиолдолд зээлдэгчээр зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү болон авлагыг бүрэн төлүүлсэн байна гэж заасан байдаг.

4.2. Хариуцагч ******* нь зээлийн зөрчигдсөн төлбөр буюу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлж байгаагүй бөгөөд ийм нөхцөлд ******* нь өөрсдийн гаргасан журмыг зөрчин зээлийн гэрээний нөхцөлийг өөрчлөх боломжгүй юм.

4.3. *******-аас шүүхэд нэхэмжлэл гаргахдаа талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 10.2-т заасан үндэслэлээр зээлийн гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, зээлийн төлбөрийг нэхэмжилсэн. Зээлийн гэрээг цуцалсан тул зээлийн нөхцөл эсхүл бүтэц өөрчлөх боломжгүй.

4.4. *******-аас хариуцагчийн санхүүгийн байдал тогтвортой болох хугацааг хангалттай олгож, нөхцөл байдлыг нь харгалзан үзэж зээлийн нөхцөл өөрчлөх боломжтой талаар нь ч мэдэгдэж байсан ч хариуцагч ******* нь журамд заасны дагуу зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, авлагыг бүрэн төлж барагдуулаагүй байж нэхэмжлэгч *******-ийг буруутган, зээлийн нөхцөл өөрчлөхийг шаардаж байгаа нь үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

5.1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 165 дугаар зүйлийн 165.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагч *******,******* нараас 261,456,816.53 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******,******* нар нь зээлийн гэрээний үүргийг сайн дураар эс биелүүлбэл барьцааны гэрээний зүйл болох хариуцагч*******ын өмчлөлийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянгол дүүргийн, 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/, Чингүнжав гудамж, 52а дугаар байр,******* хаягт байршилтай, 110.88 м.кв талбайтай, дөрвөн өрөө, орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч,

5.2. Нэхэмжлэгч *******-д холбогдох зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн хуваарьт өөрчлөлт хийхийг даалгуулах тухай хариуцагч *******-ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

5.3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,693,423/1,285,497+70,200+337,726/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******,******* нараас улсын тэмдэгтийн хураамжид 1,693,423 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******-д олгож, хариуцагч *******-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Хариуцагч *******-ийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Хариуцагч ******* нь *******-д холбогдуулан хуулиар тогтоосон журмын биелэлт хангадаг эсэх, байгуулсан гэрээгээ хуулийн дагуу биелүүлдэг эсэх, зээлийн үйл ажиллагааны журмын холбогдох заалтуудыг зөрчсөн байдлыг тогтоолгохоор Санхүүгийн зохицуулах хороонд хандаж гомдол гаргасан. Үүнээс гарсан шийдвэрийг нотлох баримт болгон шүүхэд өгөхөөр шүүх хуралдааныг 30 хоногоор хойшлуулах хүсэлтийг баримтын хамтаар хүргүүлсэн. Гэвч шүүх хүсэлтийг хангалгүйгээр, манай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

6.2. *******-тай байгуулсан гэрээний 9.3 дахь хэсэт гэрээ цуцлах мэдэгдлийг хүргүүлнэ гэж заасан боловч шүүх зээлийн гэрээг цуцалсан гэх дүгнэлт хийж, мэдэгдэл байхгүй байхад ББСБ-ын төлөөлөгчийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна. Мөн гэрээний 9.4-д давагдашгүй хүчин зүйлийн шинжтэй нөхцөл байдлын нөлөөлөлд орсон тохиолдолд зээлийн гэрээг сунгах талаарх заалтыг *******-аас хэрэгжилтийг хангахаар тохирч шийдвэр гаргасан боловч түүнийгээ цуцалсан шийдвэргүйгээр тохиролцооноосоо татгалзсан байдал нь гэрээний заалтын ноцтой зөрчил юм.

6.3. Манай компанийн зүгээс шаардсан хүүгийн төлбөрийг заасан хугацаанд нь төлж зээлийн гэрээнд өөрчлөлт оруулан зээлийн үндсэн төлбөрийг хойшлуулах хүсэлтэй байсан боловч нөхцөл өөрчлүүлэх хүү гэх утгатай шилжүүлсэн мөнгийг маань ******* үндсэн зээл, нэмэгдүүлсэн хүү зэргийн төлбөрт шууд суутган тооцож шүүхэд өөрсдөдөө давуу байдал болгон тайлбарласан. Эдгээр хууль бус санхүүгийн журам зөрчсөн үйлдлийг тогтоолгохоор Санхүүгийн зохицуулах хороонд гомдлоо гаргахад гомдлыг хянан үзээд зарим үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулахаар шилжүүлсэн байгаа. Тус зээлийн журам зөрчсөн асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж шийдвэрлэсний дараа иргэний шүүхэд нэхэмжлэлийг шийдэх боломжтой гэж харж байна.

Иймд зээлийн хуваарьт өөрчлөлт оруулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хянан үзэж хэргийн бодит байдалд дүгнэлт хийн эрүүгийн хариуцлагын үйл баримт тогтоогдсоны дараа дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

7. Хариуцагч*******ын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

7.1. Зээлийн гэрээний үнийн дүн болох үндсэн зээл 193,542,497 төгрөг, зээлийн хүү 31,436,276 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 507,488 төгрөгийг 1 жилийн хугацаанд төлөхөөр тохирч 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүсэлтээ бичгээр гаргаж шүүхэд хүргүүлсэн байдаг. Гэтэл шүүх хоёр тал тохироод эвлэрлийн журмаар хэргийг шийдвэл ашигтай гэх мэтээр тайлбарлаж байсан боловч нэхэмжлэгч талд давуу байдал үүсмэгцээ дахин хүү алданги нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн авч төөрөгдөлд оруулсан байна. Шүүхийн шийдвэрт энэ талаар тодорхой заагаагүй байгаа ба манай гаргасан хүсэлтийг хүлээн авсан хэр нь хэрхэн шийдвэрлэсэн нь огт тусгагдаагүй байна.

7.2. Миний бие өвдөж гадаад улсад эмчлүүлж байгаагаа нотолж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан боловч шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж эрхийг маань зөрчсөн. Хэргийн бодит байдал эргэлзээтэй хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Нэмэгдүүлсэн шаардлага гэх 35,955,147 төгрөгийг нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрхийг зөрчсөн тул нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Хариуцагч Экспрестрэйд ХХК нь 2023 оноос эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн төлбөр төлөх үүргээ зөрчиж, зээлийн гэрээний үүргийн зөрчил гаргасан нь хэрэгт авагдсан дансны хуулгаар нотлогддог. Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэдгээ бичгээр гаргаж өгсөн хэр нь цуцлагдсан зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулж, буцаан хуваарийн дагуу төлнө гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь хууль зүйн хувьд боломжгүй.

8.2. Хуримтлагдсан хүү төлөгдсөн тохиолдолд зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах боломжтой байсан хэдий ч хариуцагч тал тухайн нөхцөл байдлыг бүрдүүлээгүй буюу хуримтлагдсан хүүгийн төлбөрийг төлөөгүй. Нэхэмжлэл гаргахаасаа өмнө хариуцагчид мэдэгдсэн, мэдэгдэх хуудсыг өөрийн биеэр ирж авалгүйгээр өөр хүнээр авхуулсан.

8.3. Хариуцагч талаас өмгөөлөгч авах хүсэлт гаргаж уг хүсэлтийг шүүхээс хангаж шүүх хуралдааныг хойшлуулсан боловч өмгөөлөгч авалгүйгээр шүүх хуралдааныг дахин өмгөөлөгч авахаар хойшлуулах хүсэлт гаргасан нь үндэслэлгүй.

Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг зөв тогтоож, нотлох баримтыг үнэн зөв, хэрэгт ач холбогдолтой байдлаас нь үнэлсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******,******* нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 261,456,816.53 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлөөгүй, төлөх хугацаа олгосон боловч төлөхгүй гэрээний үүргийн ноцтой зөрчил гаргасан гэж тодорхойлсныг хариуцагч *******,******* нар эс зөвшөөрч, өөрсдийн буруугүй нөхцөл байдлын улмаас хохирч, зээлийг төлөх боломжгүй байдал үүссэнийг баримтаар нотолж, хүсэлт хүргүүлсний дагуу хоёр талаас зээлийн нөхцөлийг өөрчлөн төлөлтийг хойшлуулахаар тохиролцож улмаар зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг бүрэн төлсөн боловч гэрээнд өөрчлөлт оруулаагүй тул зээлийн гэрээг үргэлжлүүлж зээлийн нөхцөл өөрчлүүлэх хүсэлтээ хангуулна гэх үндэслэлээр маргаж, зээлийн хуваарьт өөрчлөлт оруулахыг даалгах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж, хэргийн үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. ******* нь *******,******* нартай 2023 оны 05 дугаар сарын 31-ний өдөр №B12023053103 дугаартай 3ээлийн гэрээ, мөн өдөр ******* дугаартай Ипотекийн гэрээ тус тус байгуулж, зээлдүүлэгч ******* нь 250,000,000 төгрөгийг, эргэлтийн хөрөнгийн зориулалтаар, 36 сарын хугацаатай, сарын 3,2 хувийн хүүтэйгээр зээлдүүлэхээр, зээлдэгч *******,******* нар нь зээлийн төлбөрийг Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу төлөх, зээлийг хугацаандаа төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцож, зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар*******ын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянгол дүүргийн 6-р хороо, 10-р хороолол /16080/, Чингүнжавын гудамж *******,******* хаягт байршилтай, 110.88 м.кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг барьцаалсан. /хх-10-18х/.

 

4. Талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ болон мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.1-д заасан Ипотекийн гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

4.1. Зээлдүүлэгч *******-аас зээл олгох үүргээ биелүүлсэн талаар зохигч маргаагүй ба зээлдэгч *******,******* нар нь үндсэн зээл 38,742,257.58 төгрөг, зээлийн хүү 104,839,611.47 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,336,330.95 төгрөг, нийт 146,918,200 төгрөгийг төлжээ. /хх-108х/

 

4.2. Зээлдэгч *******,******* нар нь зээлийн гэрээний хавсралт Зээлийн эргэн төлөлтийн хуваарь-ийн дагуу үндсэн зээл, зээлийн хүүг хэсэгчлэн төлөхөөр тохиролцсон боловч зээлийг хуваарийн дагуу төлөөгүй, 2024 оны 10 дугаар сараас хойш зээлийн төлбөрийн өр үүсгэж, 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдрөөс хойш зээлийн төлбөрийг огт төлөөгүй үүргийн зөрчил гаргасан. /хх-108х/

Зээлдүүлэгч ******* нь зээлдэгч *******,******* нарт зээлийн төлбөрөө төлөхийг шаардсан албан бичгийг 2025.06.26-ны өдөр хүргүүлсэн боловч зээлийг төлөөгүй тул Зээлийн гэрээний 9 дүгээр зүйлийн 9.2, 9.2.1-д зааснаар зээлийн гэрээг цуцалж, зээлийн төлбөрийг буцаан шаардаж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.1, 222.1.1, 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасанд нийцжээ.

 

4.3. Иймд хариуцагч *******-ийн төлөөлөгчийн ...шүүх зээлийн гэрээг цуцалсан гэх дүгнэлт хийж, мэдэгдэл байхгүй байхад ББСБ-ын төлөөлөгчийн тайлбарыг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь эргэлзээтэй байна гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5. Зээлдэгч *******,******* нар нь зээлийн гэрээг үргэлжлүүлж, зээлийн нөхцөл өөрчлүүлнэ гэж маргасан.

 

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1. дэх хэсэгт Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй гэж заасан. Талуудын хооронд банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн бөгөөд гэрээгээр нэхэмжлэгч нь зээлийн нөхцөл өөрчлөх үүргийг хариуцагч нарын өмнө хүлээсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Тодруулбал,

 

5.1. Талууд зээлийн гэрээний 9.4 дэх хэсэгт давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал үүссэний улмаас зээлдэгч гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөлд автсан хугацаагаар зээлийн хугацааг сунгахаар заажээ. ******* нь цахилгаан эрчим хүчээр хангах гэрээ байгуулалгүй, Ар өвөр гранд ХХК-ийн эзэмшлийн трансформатораас тог татаж, цахилгаан авч, -ийн өмнөөс цахилгааны мөнгө төлдөг байсан, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн борлуулалт авлагын инженер нь -ийг цахилгаан төлбөрөө цаг тухайд нь төлөөгүй, мөн өөр хэрэглэгчийг хууль зөрчин цахилгаан эрчим хүчээр хангасан гэж 48 цагийн өмнө утсаар мэдэгдэж, тус компанийн 3 ширхэг гал хамгаалагчийг хураан авч эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлсэн үйлдэл гэмт хэргийн шинжгүй болохыг тогтоож хэрэг бүртгэлтийн хэргийг хаасан байх тул хариуцагчийн цахилгаан тасалсны улмаас үйлдвэрийн тоног төхөөрөмжүүд эвдэрч хохирол учирсан гэх нөхцөл байдал нь талуудын гэрээний давагдашгүй хүчний шинжтэй нөхцөл байдал-д хамаарахгүй байна. /хх-11 ар тал, 121-122х/

5.2. *******-ийн Хугацаа хэтэрсэн болон эрсдэлтэй зээлийн ажиллах журам-ын 6.13-т Зээлийн нөхцөл эсхүл бүтэц өөрчлөх аль ч тохиолдолд зээлдэгчээр зээлийн хуримтлагдсан хүү, нэмэгдүүлсэн хүү болон авлагыг бүрэн төлүүлсэн байна гэж заажээ. /хх-85-97х/

Хариуцагч *******,******* нар нь *******-аас 2024.12.23, 2024.12.31-ний өдрүүдэд зээлийн нөхцөл өөрчлүүлэх-д шаардагдах материалын жагсаалт болон тодруулга авч, энэ дагуу шаардлагатай материалыг бүрэн бүрдүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч зээлийн хуримтлагдсан хүүгийн зөрчилгүй байх шаардлагыг хангаагүй буюу уг хугацаанаас хойш зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг бүрэн төлөөгүй болох нь зээлийн дансны хуулгаар тогтоогдож байна.

Иймд хариуцагч *******,******* нарын ...зээлийн нөхцөлийг өөрчлөн төлөлтийг хойшлуулахаар тохиролцсоны дагуу манай компаниас зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү, алданги зэргийг бүрэн төлж, хүсэлтээ хангуулахаар бүх шаардлагыг цаг тухайд нь хангасан гэх тайлбар үндэслэлгүй байна.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч *******,******* нараас зээлийн төлбөрт 261,456,816.53 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1, 21.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

Тодруулбал, хариуцагч нар нь зээлийг гэрээнд заасны дагуу зээлийг төлөөгүйн улмаас зээлийн гэрээг зээлдүүлэгчийн санаачилгаар цуцалсан ч зээлийг бүрэн эргүүлэн төлөх хүртэлх хугацаанд зээлийн үндсэн хүү, зээлийн гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй бөгөөд 2025 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар хариуцагч нар нь үндсэн зээлийн үлдэгдэл 193,542,405.50 төгрөг, үндсэн хүүгийн үлдэгдэл 63,811,413.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн үлдэгдэл 261,456, 816.53 төгрөг, нотариатын зардал 15,500 төгрөгийг төлөөгүй болох нь тогтоогдсон. /хх-108х/

Мөн нэхэмжлэгч ******* нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-д заасан эрхийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч, хариуцагч нарт гардуулсан, нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсний дараа хариуцагч нарын өмнөх шаардлагыг зөвшөөрснийг батлах хууль зүйн үндэслэлгүй тул хариуцагч*******ын ... 2025.12.31-ний өдөр хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн хүсэлтээ бичгээр шүүхэд хүргүүлсэн байхад шүүх хэрхэн шийдвэрлэсэн нь огт тусгагдаагүй нэмэгдүүлсэн шаардлага гэх 35,955,147 нэмж төлүүлэхээр шийдвэрлэсэн нь миний эрхийг ноцтой зөрчсөн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1.-д Бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжид өөрийн шаардлагаа хангуулахаар үүрэг гүйцэтгүүлэгч тодорхой үл хөдлөх эд хөрөнгө барьцаалахыг ипотек гэнэ гэж заасны дагуу ******* нь барьцааны орон сууцаар тэргүүн ээлжид зээлийн төлбөрийн үүргийг хангуулах эрхтэй тул мөн хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******,******* нар нь зээлийн төлбөрийг сайн дураар төлөхгүй бол хариуцагч*******ын өмчлөлийн ******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол /16080/, Чингүнжавын гудамж *******,*******, 110.88 м.кв талбай бүхий дөрвөн өрөө орон сууцыг албадан худалдан борлуулж зээлийн төлбөрийн үүргийг хангуулахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэсэн нь зөв болжээ.

 

8. Сөрөг нэхэмжлэлийн тухайд,

Хариуцагч *******,******* нар нь зээлийн нөхцөл өөрчлөх-өөр гэрээ болон хуульд заасан урьдчилсан нөхцөл бүрдсэн гэх байдлыг баримтаар нотлоогүй тул сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

 

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэг, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч нар өөрийн сөрөг нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй тул ...сөрөг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон үйл баримтыг Санхүүгийн зохицуулах хороо, Цагдаагийн байгууллагаас тогтоосны дараа нотлох баримтууд бүрдэнэ гэх үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгуулахаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авахгүй.

 

9. Хариуцагчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг хүлээн авахгүй.

Учир нь шүүх хариуцагч *******-ийн төлөөлөгч, хариуцагч*******ын өмгөөлөгчтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, өвчний улмаас шүүх хурал хойшлуулах хүсэлтийг 2025 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хангасан боловч өмгөөлөгч аваагүй, хүндэтгэн үзэх шалтгаантай болохоо баримтаар нотлоогүй гэж хангахгүй орхиж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.2 дахь хэсэгт нийцсэн байна. Иймд хариуцагч*******ын бие өвдөж гадаад улсад эмчлүүлж байгаагаа нотолж өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох хүсэлтээ гаргасан боловч шүүх хуралд оролцуулахгүйгээр шийдвэрлэж эрхийг маань зөрчсөн гэх гомдлыг хангахгүй.

 

10. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамааралгүй Иргэний хуулийн 165 дугаар зүйлийн 165.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь заалтуудыг баримталсныг хасаж, уг заалтын найруулгыг өөрчилж шаардлагыг тусгаарлан 1, 2 дахь заалт болгож, ипотекийн зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зохицуулалтыг нэмж, сөрөг нэхэмжлэлийн шаардах эрхийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг тогтоох хэсгийн 2 дахь заалтад нэмж баримталсан өөрчлөлт оруулна.

 

11. Дээрх үндэслэлээр хариуцагч *******-ийн төлөөлөгч, хариуцагч******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээ, найруулгын өөрчлөлт оруулах үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 192/ШШ2026/01893 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас ... 165 дугаар зүйлийн 165.1, 227 дугаар зүйлийн 227.3 дах хэсэгт заасныг тус тус баримтлан зээлийн үйл ажиллагаа явуулах эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд гэснийг хасаж дахь хэсэгт зааснаар гэж нэмж, олгож гэснийг олгосугай гэж өөрчлөн,

2 дахь заалт нэмж, хариуцагч *******,******* нар нь гэсний өмнө Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмж, ...Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрсүгэй гэснийг даалгасугай гэж өөрчлөн,

2 дахь заалтыг 3 дахь заалт болгон дугаарлаж, Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар гэж нэмж, 3 дахь заалтыг 4 гэж, 4 дэх заалтыг 5 гэж, 5 дахь заалтыг 6 гэж дугаарлаж, бусад хэсгийг хэвээр үлдээн өөрчилж, хариуцагч *******,******* нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******-аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг, хариуцагч*******аас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 337,726 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Ц.ЦЭРЭНДУЛАМ

 

Н.ОЮУНТУЯА