| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 192/2025/09035/И |
| Дугаар | 210/МА2026/00619 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Цалин хөлсний маргаан, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00619
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Гандиймаа даргалж, Ерөнхий шүүгч Д.Нямбазар, шүүгч Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00516 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: “*******” ГХОХХК-д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.Миний бие 2021 оны 11 дүгээр сараас эхлэн “*******” ГХОХХК-ийн экскаваторын оператор албан тушаалд ажиллаж байгаад тус компанийн гүйцэтгэх захирлын 2024 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн Б24/0285 дугаар тушаалаар ажлаас халагдсан бөгөөд уг тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаар шийдвэрээр намайг урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоосон.
1.2.Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад “*******” ГХОХХК нь ажилд томилсон 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б25/1043 дугаар тушаал гаргаж өгсний дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон. Гэвч уг тушаал гарсан өдрөөс хойш намайг ажлын байраар хангаагүй, ээлжийн хуваарьт оруулахгүй, ажиллуулахгүй байсаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр намайг дуудан уулзаж, цаашид ажлын байраар хангах боломжгүй тухайгаа илэрхийлсэн тул миний бие 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр ажлаасаа халагдсан гэж үзэхээр байна.
1.3.Иймд хариуцагч “*******” ГХОХХК-ийн ажилд авахгүй байгаа үйлдлийг хууль бус болохыг тогтоож, 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 35,230,515 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгаж өгнө үү гэжээ.
2.Хариуцагчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.“*******” ГХОХХК нь Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 192/ШШ2025/02357 дугаар шийдвэрийг биелүүлж, гүйцэтгэх захирлын 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б25/1043 дугаар тушаалаар түүнийг ажилд нь томилж, томилогдсон өдөр хүртэлх ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 90,996,300 төгрөг олгож, уг олговроос нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулсан.
2.2.2025 оны 09 дүгээр сараас эхлэн бензин, түлшний хомсдолын улмаас уурхайн хөрс хуулбарлалтын хэмжээг багасгаж, үүний улмаас бүрэн хүчин чадлаар үйл ажиллагаа явуулахгүй байгаа зэргээс үүдэн тухайн ажилтныг уурхайн бүсэд дуудан ажиллуулаагүй байгаа бөгөөд ажил үүргээр хангахын тулд түлш, шатахууны хомсдолтой уялдуулан дотоод зохион байгуулалт хийсний үндсэн дээр ээлжид дуудан ажиллуулах зохицуулалт хийхээр төлөвлөж байна.
2.3.Иймд ажил олгогч нь дээр дурдсан шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
3.1.Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2, 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч *******ийн хариуцагч “*******” ГХОХХК-д холбогдуулан гаргасан нөхөн олговорт 35,230,515 төгрөгийг гаргуулах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д зааснаар нэхэмжлэгч *******ийн хариуцагч “*******” ГХОХХК-д холбогдуулан цалин хөлс дутуу олгосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх ажилд томилсон тушаал гарсан учраас дутуу авсан цалин гэдэг агуулгаар нэхэмжлэх нь зүйтэй, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэсэн 2 үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон.
4.1.1.“*******” ГХОХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэсэн ойлголт төрүүлэх зорилгоор ажилд томилсон тушаал гаргаж, дүр үзүүлэн ажилд авсан. Нэхэмжлэгч *******ийг ажилд томилсон тушаал гарсан өдрөөс хойш нэг ч хоног ажиллуулаагүй бөгөөд “*******” ГХОХХК, “*******” ХК-ийн түншлэл, хамтын ажиллагаа хэвийн үргэлжилж байхад ажил олгогчоос Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.6-д заасан үүргээ биелүүлэхгүй, ээлжийн хуваарьт оруулахгүй байсаар 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдөр дуудан уулзаж, ажилд авах боломжгүй тухай мэдэгдсэн. Улсын дээд шүүхийн 2012 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн зөвлөмжид ажил олгогч нь ажилтныг ажлаас халсан шийдвэрийг бичгээр гаргаж өгөөгүй атлаа ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлэхгүй, цалин хөлс олгохгүй байгаа үйлдлийг ажлаас халсантай адилтган үзэхээр тусгасан. “*******” ГХОХХК нь цаашид ажлын байраар хангахгүй талаар тодорхой илэрхийлснээс харахад ******* нь 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөр ажлаас халагдсан гэж үзэхээр байна. Мөн нөгөө талаар ажил олгогч нь *******ийг хууль бус халсан болохыг шүүх нэгэнт тогтоосон учир цаашид ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговор өссөн байдлаар гарах учир төсөв хэмнэх зорилгоор “сул зогсолтын 60 хувь” гэсэн ойлголт гаргаж ирснийг шүүх анзаараагүй. Хөдөлмөрийн тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-д сул зогсолт гарсан тохиолдолд ажил олгогч өөр ажил санал болгох бөгөөд цалин буурвал зөрүүг олгохоор зохицуулсан байтал ажил олгогч үүнийг хэрэглээгүй. Түүнчлэн сул зогсолтын нөхцөл байдал үүсээгүй байхад хууль бус, зохиомол сул зогсолт гарган ирж 60 хувийн цалин өгч, улмаар уг хувь хэмжээ буурсаар цалин олгохоо больсон.
4.1.2.Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-д заасны дагуу 30 хоногийн дотор хөдөлмөрийн эрхийн маргааныг зохицуулах гурван талт хороонд хандаж, улмаар тус хорооноос эвлэрэн хэлэлцээгүй талаарх тэмдэглэл үйлдсэнийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн байхад анхан шатны шүүх урьдчилан шийдвэрлэх ажиллагаа зөрчсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.
4.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад зохигчид эвлэрсэн байх тул эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ГХОХХК-д холбогдуулан 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрөөс 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 35,230,515 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
3.Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасны дараа зохигч эвлэрэн хэлэлцэж, дараах агуулгатай эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. Үүнд: Компани, ажилтан хоёр Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.1-д заасныг үндэслэн ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, компани нь ажилтанд тэтгэмж өгөх, ажилтан нь шүүхийн шатанд буй нэхэмжлэл,гомдол, хүсэлтээсээ татгалзаж, цаашид уг асуудлаар хөдөлмөрийн эрхийн маргаан үүсгэхгүй байх, ажил олгогч “*******” ГХОХХК нь ажилтанд хөдөлмөрийн харилцааг сайн дурын үндсэн дээр цуцалсны тэтгэмжид 40,000,000 төгрөг олгохыг зөвшөөрч, уг тэтгэмжийг ажилтан *******ийн татгалзлыг баталсан шүүхийн шийдвэр гарсны дараа ажилтны цалин хөлс авч байсан харилцах дансанд ажлын 5 хоногийн дотор шилжүүлэх, ажилтны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн баталгаажуулалтыг бүрэн хариуцахаар харилцан тохиролцжээ.
4.Дээрх гэрээнд нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ГХОХХК-ийн гүйцэтгэх захирал *******нар гарын үсэг зурсан нь эвлэрлийн гэрээг эрх бүхий этгээдүүд байгуулсан гэж үзнэ.
5.Зохигч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд эвлэрэх эрхтэй бөгөөд зохигчийн эвлэрэл нь хэргийн баримтын хүрээнд дүгнэхэд бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй гэж үзэхээр байна.
6.Иймд нэхэмжлэгч *******, хариуцагч “*******” ГХОХХК нарын гэрээгээр тохиролцсон эвлэрлийг баталж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 192/ШШ2026/00516 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч ******* нь хариуцагч “*******” ГХОХХК-аас ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 35,230,515 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, ажилтны хүсэлтээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгож, хариуцагч “*******” ГХОХХК нь нэхэмжлэгч *******ид тэтгэмжид 40,000,000 төгрөгийг давж заалдах шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш ажлын 5 хоногийн дотор нэхэмжлэгч *******ийн дансанд шилжүүлэх, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж баталгаажуулахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэрэгт нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5,
74 дүгээр зүйлийн 74.4-т тус тус зааснаар магадлалд зохигч хяналтын журмаар шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧ Ч.МӨНХЦЭЦЭГ