| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюушийн Цэрэнханд |
| Хэргийн индекс | 137/2016/0286/И |
| Дугаар | 305 |
| Огноо | 2016-11-16 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 11 сарын 16 өдөр
Дугаар 305
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь сум дундын шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч А.Цэрэнханд даргалж, ерөнхий шүүгч Э.Болормаа, шүүгч Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй
Нэхэмжлэгч : Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар баг, Амандогийн 1-15 тоотод оршин суух, хувиараа хөдөлмөр эрхэлдэг Хатиган овогт Готовын Мөнхтөрийн /РД: ЛИ65050774/ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Сүлд баг, Замчдын гудамжны 201-34 тоотод оршин суух, Боржигон овогт Шархүүгийн Баярцэнгэлд /РД: МЮ80061613/ холбогдох эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 1,400,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Алтансүх, иргэдийн төлөөлөгч Ц.Цагаанцоож, нэхэмжлэгч Г.Мөнхтөр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтөр шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2016 оны 09 сарын 08-ны өдөр Замын-Үүд сумын баруун талд чөлөөт бүсийн уулзвар дээр өөрийн эзэмшлийн 48-17 ДГО улсын дугаартай Хонда GR-V маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад Баярцэнгэл нь 53-80 ДГО улсын дугаартай Пирус-20 маркийн машинаараа зүүн талаас нь мөргөж эвдрэл гэмтэл учруулсан. Би цагдаагийн байгууллагад мэдэгдэж шалгуулсан. Миний машинд зүүн крило, зүүн толь, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн урд багана, зүүн дунд хормой, зүүн дунд багана эвдэрсэн. Цагдаагийн байгууллагад шалгуулж байхдаа Вендо компаниар эвдрэл болон засварлуулахад үнэлгээ тогтоолгоход 1,321,800 төгрөгийн хохирол учирсан байсан. Миний хувьд одоо болтол засвар үйлчилгээгээ хийлгэж чадаагүй байна, осол болсоноос хойш 2 сар өнгөрөхөд Баярцэнгэл нэг ч төгрөг төлөөгүй байна. Мөн эвдрэлийн үнэлгээ тогтоолгоход мөнгө төлсөн. Иймд Баярцэнгэлэээс 1,400,000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Ш.Баярцэнгэл шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Би 2016 оны 09 сарын 08-ны өдөр иргэн Г.Мөнхтөрийн 48-17 ДГО дугаартай автомашиныг гэмтээж хохирол учруулсан нь үнэн. Иймд хохирлын мөнгө болох 1,400,000 төгрөгийг ажил хөдөлмөр эрхэлж яаралтай хугацаанд төлж барагдуулах болно гэжээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Мөнхтөр нь хариуцагч Ш.Баярцэнгэлд холбогдуулж эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 1,400,000 төгрөг гаргуулахаар шаардлага гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв. Үндэслэл нь:
Хариуцагч Ш.Баярцэнгэл нь 2016 оны 09 сарын 08-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд сумын баруун талд чөлөөт бүсийн уулзвар дээр 53-80 ДГО улсын дугаартай Пирус-20 маркийн машинаар замын хөдөлгөөнд оролцож байх явцдаа нэхэмжлэгч Г.Мөнхтөрийн жолоодон явсан 48-17 ДГО улсын дугаартай Хонда GR-V маркийн тээврийн хэрэгслийг зүүн талаас нь мөргөж, эвдрэл учруулсан үйл баримт нь шүүх хуралдаанд гаргасан нэхэмжлэгчийн тайлбар, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбар болон хэрэгт авагдсан Замын-Үүд дэх сум дундын Прокурорын газрын 2016 оны 09 сарын 26-ны өдрийн 5/319 тоот эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах тухай тогтоолын хуулбар зэргээр тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г.Мөнхтөр нь өөрийн эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрийг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.
Нэхэмжлэгч Г.Мөнхтөр нь өөрийн эзэмшлийн 48-17 ДГО улсын дугаартай Хонда GR-V маркийн тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл, түүнийг засварлахад зарцуулах хөлсийг тогтоолгохоор Вендо хөрөнгийн үнэлгээний компанид хандаж үнэлгээ гаргуулсан байх бөгөөд уг үнэлгээний тайлангаар зүүн крило, зүүн толь, зүүн урд хаалга, зүүн хойд хаалга, зүүн урд багана, зүүн дунд хормой, зүүн дунд багана зэргийн үнэлгээг болон эд анги будах, солих зардалд нийт 1,321,800 төгрөгөөр тогтоосон байна. Түүнчлэн нэхэмжлэгч Г.Мөнхтөр нь үнэлгээ гаргуулахад зарцуулсан төлбөр нийт 1,400,000 төгрөг болсон гэж нэхэмжилжээ.
Дээрх Вендо хөрөнгө үнэлгээний компаний 2016 оны 09 сарын 12-ны өдрийн үнэлгээний тайлан болон нэхэмжлэгч хариуцагч нарын тайлбар зэргийг шинжлэн судлахад нэхэмжлэгч Г.Мөнхтөрийн эд хөрөнгөд 1,400,000 төгрөгийг хохирол учирсан болох нь тогтоогдож байх ба хариуцагч энэ талаар маргаагүй, уг хохирлыг төлөхийг зөвшөөрсөн болно.
Иймд хариуцагч Ш.Баярцэнгэлээс эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 1,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнхтөрд олгох нь зүйтэй байна.
Хариуцагч Ш.Баярцэнгэлд шүүх хуралдааны товыг албан ёсоор мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх бөгөөд нэхэмжлэгч хэргийг түүний эзгүйд хянан шийдвэрлэх талаар хүсэлт гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хэргийг шийдвэрлэсэн болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 100 дугаар зүйлийн 100.3, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар хариуцагч Ш.Баярцэнгэлээс /РД: МЮ80061613/ эд хөрөнгөд учирсан гэм хорын төлбөрт 1,400,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Г.Мөнхтөрд /РД: ЛИ65050774/ олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1, 60 дугаар зүйл, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 37350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 37350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Хариуцагч Ш.Баярцэнгэл нь шийдвэрийг сайн дураар эс биелүүлбэл шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ А.ЦЭРЭНХАНД
ШҮҮГЧИД Э.БОЛОРМАА
Б.НАРМАНДАХ