Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 131

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Шүүгдэгч  Б.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Б.А-д холбогдох 1926001610104 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                                             Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, Өвархангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар срын 26-ны өдрийн 41 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 246 дугаар зүйлийн 246.1 дэх хэсэгт заасан хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2 дахь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 350 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2018/ХМШЗ/05 дугаартай шүүгчийн захирамжаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 241 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг 30 хоногийн хугацаагаар тооцож хорих ялаар сольж шийдвэрлэсэн, ******* овгийн Б.А

Үйлдсэн хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр иргэн Ш.Б-н толгойн тус газар нь гараараа цохиж, үснээс нь чирэх зэргээр эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 02-03 цагийн орчим Д.Б-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр тус тус зодож хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Б.А шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

Хохирогч Ш.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “.....2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би нөхөр болох С-г 3 дугаар хороонд байдаг нэг айлаас авах гээд очтол манай нөхөр С зөрөөд гараад явчихсан. Тэгээд би тэр айлд байсан нэг хүүхнийг дуудаад уулзаж байтал цаанаас нь нэг согтуу хүүхэн гарч ирээд “Миний эгчийг дуудаж уулздаг хэн бэ?” гэж хэлээд миний толгой руу 2-3 удаа цохиж аваад, үснээс зулгаагаад,  цаад талын мөстэй гол руу чирсэн. Тэр хүүхэн миний үснээс зулгаагаад тавихгүй байсан. Тэгээд нөхөр нь гэх залуу гарч ирээд салгасан. Тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Би айлаас нөхөрөө авах гэж очсон. Тухайн үед би лимонтой сэнгүр пиво 2 лаазыг уусан байсан. Тухайн хүүхэн бол нилээн согтуу байсан. Миний нүүрийг самардаад, толгой руу 2-3 удаа цохиж, үснээс чирч цаад талын голруугаа намайг чирсэн. Нөхөр нь намайг цохиж зодоогүй. Миний дух болон баруун талын нүдний доод талд самардаад хумсны сорви тогтсон. Толгой дээр бага зэрэг хавдсан байсан. Тухайн үед Цагдаагийн байгууллагад гомдол гаргаж шалгуулахдаа шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгосон. Миний гэмтэл хөнгөн гарсан. Би гомдолтой байна. Хэргийн мтериалтай танилцахгүй. Шүүх хуралд суухгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15-17 хуудас/,

Хохирогч Ш.Б-н дахин мөрдөн байцаалтанд өгсөн “... Надад өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж ярих зүйлгүй. Миний биеийн байдал зүгээр сайн байгаа. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,

Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр би Ц.Б-н гэрт хонож байсан. Тэднийд Ц.Б, Б.А, миний хүү болох Т.Б нар архи уусан, би унтаад өгсөн. Тэгсэн чинь манай хүү Т.Б, Ц.Б-г цагдаад дуудлага өгч бариулсан. Цагдаа нар ирээд Ц.Б, Б.А, Т.Б нарыг аваад явсан. Тэгээд шөнө 02 цагаас 03 цагийн үед Б.А Цагдаагийн газраас ирээд надад агсам тавиад Т.Б-г цагдаад дуудлага өгч бариулсан гээд намайг унтаж байхад миний нүүрэн хэсэгт болон цээжин хэсэгт гар болон хөлөөрөө нүүр нүдгүй цохиж зодож, намайг гэмтээсэн. Ц.Б намайг зодож цохиогүй. Харин А намайг согтуудаа зодож цохьсон. Манайх тог цахилгаан байхгүй. Хааяа тэднийд очиж хонодог юм. А-тай урьд нь хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Архи уухаараа авир муутай хүн байгаа юм. Өр авлагын зүйл байхгүй. Манай хүү Б-г цагдаад дуудлага өгсөн гээд намайг зодсон. Гомдолтой байгаа, эмчилгээ хийлгэх зардал мөнгө авмаар байна. Би хүү зодчихлоо гэж хэлээгүй.“ гэсэн мэдүүлэг /хх-ийн 59-61 хуудас/,

Гэрч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр би халамжаа аваад цахилгааны мөнгөө тушаагаад Б.А-н гэрт ганцаараа очсон. Б.А-н гэрт эгч  Б.Л гэх эмэгтэй нар  согтуу байсан. Би тэднийд очоод Д гэх залууг утсаар пиво ууя гэж дуудсан. Д ганцаараа орж ирсэн. Тэгээд бид дөрөв 2,5 литр пиво, 1 шил 0,5 литр “Харзтай” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд би тасарчихсан. Би А-тай 2016 оноос эхлэн хамтран амьдарч байгаа. Амаржаргал нь эхээс 3-уул,  дээрээ нэг эгчтэй. Айлын бага охин. Ааш зангийн хувьд шударга яриатай, архи уудаг, тамхи татдаггүй. 8 настай охинтой. Би хоёр дундаасаа хүүхэдгүй. Нэг мэдэхэд цагдаагийн эрүүлжүүлэх байранд сэрсэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 21 хуудас/,

Гэрч Б.Л-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Б.А, Ц.Б нар манайд Сэрүүн нэртэй пиво ууж байсан. Тэгтэл удалгүй Д манайд орж ирсэн. Би тэр хэдийг манайд битгий архидаад бай гэж

хэлээд Д-г явуулсан. Тэгээд Б.А, Ц.Б хоёрыг унт гээд унтуулсан. Удалгүй хаалга дуугараад хүн ороод ирсэн. Тэр хүн надад Д-н эхнэр байна гэж хэлээд гараад ир гээд цамцнаас зулгаагаад намайг аваад гараад ирсэн. ...Тэгээд миний төрсөн дүү болох Б.А сэрээд “юун хүн юм бэ? миний эгчийг битгий зовоогоод бай, нялх нойтон хүүхэдтэй хүнийг битгий зовоогоод бай” гэж хэлээд тэр хүүхний үснээс зулгаагаад голын мөс руу түлхээд унагаасан юм. Тэгээд би хүүхэд уйлахаар нь гэр лүүгээ гүйгээд орсон. Миний биед гэмтэл учраагүй. Би шүүх эмнэлэгт үзүүлж гэмтлийн зэрэг тогтоолгохгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,

Гэрч Г.Э-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр зүс таних ******* гэх хүүхэн надаар ******* сумын 3 дугаар баг 9-01 тоот руу таксидъя гэхээр нь би зөвшөөрөөд хэлсэн хаяг болох ******* сумын 3 дугаар баг 9-01 тоотод очсон. Тэгээд хашааных нь гадаа ирэхэд Б-н нөхөр гэх залуу нэг хүнтэй мотоцикльтой хөдлөөд явчихсан. Б буугаад айлын хашааны үүдэнд очоод хаалгыг нь нүдээд байсан. Гэрээс нэг эмэгтэй гарч ирээд Б-тай уулзаад байж байтал цаанаас нь нэг согтуу эмэгтэй гарч ирээд гудамжинд Б-н үснээс зулгаагаад гол руу чирсэн. Анх гарч ирээд Б-тай уулзаж байсан эмэгтэй гэртээ буцаад орчихсон. Харин нөгөө согтуу эмэгтэй Б гол руу үснээс нь зулгаагаад чирээд “миний эгчийг яах гээд байгаа юм бэ? алаад хаячихна шүү” гээд хашгичаад байсан. Тэгтэл хашаанаас нэг залуу гарч ирснээ бид нарт цагдаа үйлчилдэггүй шүү гээд хашгираад миний машины дугуй руу өшиглөхөөр нь би хөдлөөд явчихсан. Тэгээд машинаа холдуулж тавьчихаад Б очиж авсан. Б цагдаад дуудлага өгсөн. Цагдаа удалгүй ирж Б болон согтуу эрэгтэй, эмэгтэй хоёрыг аваад явсан. Би тэндээсээ гэр лүүгээ харьсан. А гээд согтуу эмэгтэй үсдээд чирээд байсан. Эрэгтэй нь миний машины дугуй руу өшиглөчихөөд тэр 2 дээр очоод салгаж байгаа харагдсан. А гэх эмэгтэй Б-г зодсон. Миний машин зүгээр, ямар нэгэн эвдрэл учраагүй”  гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,

Гэрч П.С-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би хөдөөнөөс ирээд 2-3 хонож байсан. Эхнэр Б-н хамт ******* сумаас ирсэн байсан. Тэр өдөр буюу 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Г гэж айлд байхад Б гэж дууддаг /бүтэн нэрийг нь сайн мэдэхгүй/ залуу намайг дуудсан. Тэгээд би ******* сумын 3 дугаар баг 9-01 тоот хашаанд очтол тухай айлд Б, А, Л, А-н ээж гэх хэдэн хүмүүс архи уугаад сууж байсан. Тэгээд бид нар нийлээд архи, пиво уусан. Би нилээн согтсон байсан. 5-6 сат том пиво уусан байх. Тэгтэл манай эхнэр Б хаана байна гээд залгахаар нь би байгаа газрынхаа хаягийг хэлж өгсөн. Манай эхнэрийг ирэхэд цаг нилээн орой болсон байсан. Эхнэр Б-г ирэхэд нь би маргалдсан байсан болохоор юм ярилгүй шууд зөрөөд гараад явсан. Тэгээд Г гэж айлд очиж ундаад өгсөн. Дахин Б гэх залуугийнд очоогүй. Би Б-г зодохыг хараагүй. Тухайн үед бараг тасарсан байсан. Орой нь Б-тай уулзахад А гэх хүүхэнд зодуулсан талаар хэлж байсан. Надад энэ талаар мэдэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Гэрч Э.Ц-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр гэртээ байж байтал манай хадам ээж манай гэрт орж ирээд манайд нэг ядарсан эмэгтэй ороод ирлээ гэж хэлээд намайг ороод хараадах гэсэн. Тэгээд би хадам ээжийнд ороход нэг настай эмэгтэй байсан. Тухайн эмэгтэй надад хандан ...цагдаа дуудаад өгөөч, манай хүү урд шөнө намайг зодчихсон юм шиг байна.” гэж хэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад Д.Б гэх эмэгтэй хүүдээ зодуулсан гэж дуудлага өгсөн. Би хэнд зодуулсаныг нь сайн мэдэхгүй. Манай хадам ээж манайх хоёр нэг хашаанд байдаг. Би тухайн дуудлага өгөөч гэсэн эмэгтэйг танихгүй. Тухайн үед тэр хөгшин эгч архи уусан байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 82-83 хуудас/,

Гэрч Т.Б-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 06-нд *******, *******, Б.А нартай хамт Ц.Б-н гэрт 4 шил 0,5 граммын “Нутгийн буян” нэртэй архи уусан. Тэгээд удалгүй Ц.Б намайг эхнэртэйгээ хардаад маргалдсан. Тэгээд би өөрийн биеэр ирж цагдаад дуудлага өгсөн. ...Би Ц.Б-д буцаад очтол Б.А нь ээж Д.Б-г очоод зодсон гээд ээжийн эрүүний доод хэсэгт нь хөлөөрөө өшиглөж хөхрүүлээд, зүүн гарын шуу хөхөрсөн байсан. Хоёр гуя нь хөхөрч няцарсан байсан. Танай хүү цагдаад өгснөөс болж би таныг зодож байгаа юм гэж хэлээд зодсон байсан.Би ээжийгээ дагуулаад шөнө цагдаа дээр ирсэн. Гэмтэл авсан газруудыг нь үзүүлсэн. Дуудлага хүлээж авсан цагдаа нь маргааш ирээрэй гэж хэлээд явуулсан” /хх-ийн 66-68, 78-79 хуудас/,

Гэрч Д.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “... 2019 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр жижүүр эмчээр үүрэг гүйцэтгэж байхад хүлээн авахаас гэмтсэн эмэгтэй ирлээ гэхээр нь очиход Б гэх эмэгтэй байсан. Үзэхэд 60 орчим насны согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, асуулт асуухаар чих нь хатуу, зарим асуултанд зөв хариулна, заримд нь огт хариулахгүй байсан. Биеийн байдлыг үзэхэд өвчтөн ухаантай, арьсны салст хэвийн байсан. Хэсэг газрын үзлэгт нүүр орчимдоо жижиг хөхрөлтүүдтэй. Өвчүү орчимд хөхрөлттэй, зүүн гарын мөрийн үеэр дээш хөдөлгөж чадахгүй байдалтай, хүүхэн хараа 2 талд адил гэрлийн урвалтай, хүзүүний булчин хөшингө байхгүй, эмгэг рефлекс, саа саажилт байхгүй байсан. Өөрийн хэлэх зовиур нь зүүн гар бугалгаараа олон хугарчихлаа өвдөөд байна гэхэд рентген шинжилгээ дуудаж гавал яс, өвчүү цээж, зүүн бугалганы зургийг авахуулахад урьдчилсан байдлаар зүүн мөрний үений мултралтай байхаар, бусад ясанд шинэ хугарлын шинж илрэхгүй тодорхойлогдохгүй байсан. Рентген эмч зургийг авч хариуг тодорхой бичих байх. Одоогоор ирээгүй байна. Хэрвээ мултрал байвал өвчтнийг өлөн байлгаж өглөө судас унтуулгаар мултралыг засна. Өвчтөнөөс юу болсон талаар асуухад дуугарахгүй байсан. Бие дээрх хөхрөлтүүдээс үзэхэд бусдад зодуулсан шинжтэй байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 74-75 хуудас/,

Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 02 дугаар сарын 25-ны өглөө цагдаа дээр ирж бүртгүүлсэн. Тэгээд гэртээ харих гээд явж байсан чинь 3 дугаар багийн 9 дүгээр гудамжинд /Б/ гэж дууддаг Ц.Б-тэй таарсан. Тэгээд манайд очиж сэрүүн нэртэй 2 литрийн пиво 4 ширхэгийг уусан. Пиво ууж байхад Д ирсэн. Тэгээд Д пиво ууж байхад гараад явчихсан байсан. Удалгүй Д-н эхнэр гэх Ш.Б ирээд Д гэгчийг сураад манай эгч Л-г “гараад ир, уулзъя” гээд хашаанаас чирээд аваад гарсан. Тэгэхээр нь би яах гэж байгаа юм бэ? гээд араас нь гараад толгойн үснээс нь зулгааж, нүүрийг нь гарын хумсаараа маажиж, хөл рүү нь өшиглөж, голын мөс рүү чирсэн. Би нилээн их согтсон байсан. Бараг тасарсан байсан. Надад өөр нэмж хэлэх зүйл байхгүй, ярьсан хэлсэн зүйл үнэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн “... Надад оногдуулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Эгч Л-г уулзъя гээд дагуулаад гарахаар нь араас нь гарсан чинь манай эгчээс “манай нөхөр Д хаана байна” гээд асуугаад уурлаад байхаар нь би эгч Л-г өмөөрөөд Б-г үснээс нь зулгаагаад гол руу чирээд унагасан. Намайг зодож цохьсон зүйл байхгүй. Нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-44 хуудас/,

Шүүгдэгч Б.А-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар дахин өгсөн “...Надад оногдуулсан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна. Би өмнө гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг өгсөн. Б-н хүү Бгэгч нь цагдаад дуудлага өгөөд Б, Б бид гурвыг цагдаад бариулсан юм. Тэгээд би цагдаа дээрээс түрүүлж гэртээ хариад Балжинням эгчид уурлаад “танай хүүхэд чинь цагдаа дуудаж бид

нарыг цагдаад өглөө” гээд зодчихсон. Би тухайн үед архи уусан, согтуу байсан. Хамт ээж Ц байсан. Өөр хүн байгаагүй. Эрүү рүү нь 2 удаа өшиглөснөө санаж байна. Би нилээн согтуу байсан болохоор бүх үйлдлээ сайн  санахгүй байна. Надад нэмж ярих зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 132-135 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №165 дугаартай шинжээчийн:

“1. Үзүүлэгч Ш.Б-н биед тархи доргилт, духны дунд хэсэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 31 хуудас/

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №228 дугаартай шинжээчийн:

1.Үзүүлэгч Д.Б-н биед тархи доргилт, духны зүүн хөмсөг, хамрын үзүүр хэсэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, баруун хацрын төвгөр, баруун шанаа. Дээд уруул, зүүн хацар, баруун шанаа, зүүн далны гадна хэсгээс доош, зүүн суганы ар шугамаар зүүн суганы хонхроос доош 8 дугаар хавирганы түвшинд зүүн хөх хэсгийг хамарсан цус хуралт шарх, зулгаралт, зүүн гарын бугалга, зүүн гарын шууны хамарсан цус хуралт, цээжний зүүн хэсэг, баруун гарын бугалганы дотор дунд хэсэг, баруун хөлийн ул хэсэгт цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.

5. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 89 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 05 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 141 хуудас/,

Хохирогч Д.Б-н 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд ирүүлсэн “гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн хүсэлт,

Шүүгдэгч Б.А-н хувийн байдлыг тогтоосон Өвөрхангай аймгийн Арвайхэээр сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн тодорхойлолт /хх-122/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-123/, охин Б.Д-н төрсний  гэрчилгээний хуулбар /хх-124/, Өвөрхангай аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 41 дугаартай, 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 38 дугаартай шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-109-115/, тус шүүхийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 05 дугаартай шүүгчийн захирамжийн хуулбар /хх-116-117/,  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-107/ зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Б.А-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн 9-01 тоотод хохирогч Ш.Б-н толгойн тус газар нь гараараа цохиж, үснээс нь чирч зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт,  духны дунд хэсэг, баруун нүдний доод зовхинд зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

2019 оны 04 дүгээр сарын 07-ны шөнө 02-03 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 8 дугаар баг 33-05 тоотод хохирогч Д.Б-н нүүрэн тус газар нь гараараа цохиж, цээж рүү нь өшиглөж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, духны зүүн хөмсөг, хамрын үзүүр хэсэг, зүүн нүдний доод зовхи, зүүн хацрын төвгөр, зүүн шанаа, баруун хацрын төвгөр, баруун шанаа. Дээд уруул, зүүн хацар, баруун шанаа, зүүн далны гадна хэсгээс доош, зүүн суганы ар шугамаар зүүн суганы хонхроос доош 8 дугаар хавирганы түвшинд зүүн хөх хэсгийг хамарсан цус хуралт шарх, зулгаралт, зүүн гарын бугалга, зүүн гарын шууны хамарсан цус хуралт, цээжний зүүн хэсэг, баруун гарын бугалганы дотор дунд хэсэг, баруун хөлийн ул хэсэгт цус хуралт зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан  хохирогч Ш.Б /хх-15-18/,хохирогч Д.Б /хх-59-61/, гэрч Ц.Б /хх-21/, гэрч Б.Л /хх-25-26/, гэрч Г.Э /хх-ийн 19/, гэрч П.С /хх-ийн 28-29/, гэрч Э.Ц /хх-ийн 82-83/, гэрч Т.Б /хх-ийн 66-68/, гэрч Д.Батцэнгэл /хх-ийн 74-75/, гэрч Б.А 23-24/,  Б.А-н яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх-41-44, 132-136/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн №165, 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн №228 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-31, 59-61/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Б.А-н дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч Б.А-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх энэ хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан ялын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнсэж, эсхүл оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээг хэрэглэж болно”,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоож болно.” гэж тус тус хуульчилжээ.  

Шүүгдэгч Б.А нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, уг гэмт хэргийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг нэмж хэрэглэж, шүүгдэгч Б.Ад авсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэнд  хяналт тавихыг Өвөрхангай

аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.  

Шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг,

Шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан  хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг тус тус мэдэгдэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.А-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нар нь хохирол төлбөр нэхэмжлэхгүй, гомдол саналгүй гэснийг,

Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх  нь зүйтэй байна.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Б.А-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-г дөрвөн зуун тавин цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-д шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-д зааснаар шүүгдэгч Б.А-д нэг жилийн хугацаагаар согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээг авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Б.Ад авсан согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, мөн үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан  хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх албадлагын арга хэмжээ авагдсан шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь хохирол, төлбөр нэхэмжлэхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт  зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.А-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.