| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2019/00118/э |
| Дугаар | 134 |
| Огноо | 2019-07-10 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., |
| Улсын яллагч | Ц.Батзориг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 10 өдөр
Дугаар 134
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч Ц.Батзориг,
Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Б.Энхтуяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Д.Б-д холбогдох 1926002200110 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2014 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хугацааны өмнө тэнсэн суллагдсан, ******* овгийн Д.Б
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б нь согтуурсан үедээ 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 16-20 цагийн орчимд иргэн Т.Ш-д 178750 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Д.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Хохирогч Т.Ш-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Өмнө өгсөн гэрчийн мэдүүлгээ би үнэн зөв байгаагаар нь хэлсэн учир надад нэмж мэдүүлээд байх зүйл алга. Миний албан ёсны нэрийг Тоомойн Шийлэгтөмөр гэдэг. Манайхан болон найз нөхөд таньдаг хүмүүс маань намайг Янжин гэж дууддаг. Бүр багаасаа энэ нэрээр бараг нэршчихсэн. Тэгээд гэрчээр мэдүүлэг өгөхдөө Янжин гээд хэлчихсэн байна. Алдсан эд зүйлсээ буцаан олж авмаар байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Т.Ш-н /Т.Я/ мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Тус өдөр оройн 20 цагийн орчим гэртээ байж байтал захын манаач Д гэх хүн миний дугаар руу залгаж “...танай цайны газарт чинь хулгай орсон байна” гэж хэлсэн.Тэгэхээр нь яваад очтол хаалганы цоожийг цохиод эвдэлчихсэн, гэхдээ цоож нь зүүлттэй байсан. Тэгээд дотор нь оролгүй цагдаагийн байгууллагад мэдэгдсэн. 25 кг Улаанбаатарын нэгдүгээр гурил ногоон ууттай байсан.Тус гурилыг задлаад 3 кг орчим дээрээс нь авч зуурсан байсан. Мөн 7 кг орчим давтсан хонины мах, 3 кг орчим хонины давтаагүй мах, Ярко гэсэн бичигтэй Наранцэцэгийн тос 1 ширхэг, 1 литрийн хайрцагтай Өглөө нэртэй сүү 2 ширхэг, биетээр 8000 орчим төгрөг алдагдсан байсан. Түүн дээр нэмээд 15 ширхэг тахианы өндөг хагалаад хаячихсан байсан. Нийт 173800 төгрөгийн хохирол учирсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19-20 хуудас/,
Гэрч Т.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Би Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Х захад “Х” гэх цайны газрын туслах тогоочоор ажилладаг. Тус өдөр оройн 20 цагийн орчим гэртээ байж байтал манай дүү Я над руу залгаж манай цайны газарт хулгай орсон байна гэхээр нь би яваад очтол хүн байхгүй байсан.Цайны газар руу хартал цоожийг нь эвдэлчихсэн зүүлттэй байсан. Дүү Я-д хэлтэл цагдаа дуудчих, дотор нь битгий ороорой гэсэн. 25 кг Улаанбаатарын 1-р гурил ногоон ууттай байсан. Тус гурилыг задлаад 3 кг орчим дээрээс нь авч зуурсан байсан. Мөн 7 кг орчим давтсан хонины мах, 3 орчим кг хонины давтаагүй мах, Ярко гэсэн бичигтэй наранцэцэгийн литрийн тос 1 ширхэг, Өглөө нэртэй сүү 2 ширхэг, биетээр 7000-8000 төгрөг алдагдсан байсан. Түүн дээр нэмээд 15 ширхэг тахианы өндөг хагалаад хаясан байсан. Надад гомдол санал хүсэлт байхгүй. Дүү Я л энэ талаар хэлэх байх." гэсэн мэдүүлэг /хх-ийн 21-22 хуудас/,
Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Би Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн ******* захад “Дэлгэрэх аялгуу” нэртэй цайны газрыг ажиллуулдаг. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр 11 цагийн үед ажил дээрээ ирсэн. Манай охин ирэхээр нь 16 цаг 40 минутаас 17 цагийн хооронд л байх угаадас асгаад ир гээд гаргасан. Охин орж ирэхдээ нэг ах ******* цайны газрын цоожийг түлхээд зогсож байна гэхээр нь хартал захаар грушик хийгээд, архи уугаад яваад байдаг 170 см орчим өндөртэй, таргандуу, хар царайтай тийм залуу цоожийг нь түлхээд, цаад цонхных нь доор ногоон ууттай /гурил шиг/ шуудайтай юмыг мөрөн дээрээ тавиад үүрээд жижиг Ундрамын урдуур ******* зоогийн газар Халуун ус хоёрын голоор гараад ертөнцийн зүгээр баруун тийш алхчихсан. Тэр залууг харвал би сайн танина." гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Гэрч Х.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн "...Би Өвөрхангай аймгийн ******* сумын ******* үйлчилгээний төвийн мах, сүү, цагаан идээ, гурил будааны контейнер хэсгийг хариуцсан манаач ажилтай. 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдөр би захаа эргээд явж байтал захаар архи уугаад яваад байдаг, гурлын контейнер дээр грушик хийдэг Б буюу гахай Б гэх залуу гартаа 35-40 см орчим урттай арматурын төмөр барьчихсан согтуу ******* зоогийн газрын хойд талд алхаж байсан. Би тус этгээдийг харчихаад хүнд юм гаргаж өгөх гээд буцаад явчихсан. Орой би эргэж яваад 20 цагийн орчим ******* гэх цайны газрыг хартал цоож нь эвдэрчихсэн зүүлттэй байхаар нь эзэнд нь мэдэгдэж хэлээд тэд нар цагдаа дуудсан. Намайг 13 цагийн үед эргэхэд зүгээр байсан. Харин гахай Ба ******* зоогийн газар Халуун ус хоёрын голд төмөр барьчихсан зогсож байснаас хойш тэр цайны газрын цоож эвдэрсэн байсан. Тус этгээдийн барьчихсан байсан арматурын төмөр уг ******* цайны газрын үүдэнд хэвтэж байсан." гэсэн мэдүүлэг /хх-ийн 25-26 хуудас/,
Гэрч З.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Д.Б нь манай нөхрийн хүү байгаа юм. Нөхөр маань нас бараад 5-6 жил болж байна. Зан байдлын хувьд томоотой, үг дуу цөөтэй, яриа муутай хүүхэд байгаа юм. Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар баг 20-17 тоотод манай нэг хүү, Б бид гурав хамт амьдардаг. Миний үгэнд орно гэж байхгүй хэцүү хүн, гэртээ бараг ирдэггүй, гадуур тэнээд алга болчихдог. Сургуульд сураагүй, бичиг үсэг мэдэхгүй. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, зах дээр ачаа зөөгөөд хэдэн төгрөг олоод түүнийгээ архинаас өгчихдөг. Эд хөрөнгө гэж байхгүй. Нэг удаа хулгайн хэргээр шийтгүүлж байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 72 хуудас/
Шүүгдэгч Б.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн "...Би өмнө гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх болсон зүйлийг ярьсан. Надад нэмж ярих зүйл байхгүй. Тухайн үед архи уусан байсан. Би өөрийн үйлдэл, гэм буруугаа ойлгож байна, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөрт оногдсон ялын зүйл ангийг зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 45 хуудас/,
2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн яллагдагч Д.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 29-33 хуудас/
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс ХХК”-ийн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/34 дугаартай "...Гурил 22 кг-24200 төгрөг, хонины хэрчсэн мах 7 кг-91000 төгрөг, хонины шулсан мах 3кг-39000 төгрөг, Ярко ургамлын тос 1л-3200 төгрөг, сүү 2л- 5600 төгрөг, 15 ширхэг өндөг 5250 төгрөг, 8000 төгрөг, нийт 176250 төгрөг" гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 35-36 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн "Лэндс ХХК”-ийн 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 06/16 дугаартай “ ...Хятад улсад үйлдвэрлэсэн цоож 1 ширхэг 2500 төгрөг” гэсэн үнэлгэний тайлан /хх-ийн 49-50 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай:
“1.Шинжилгээнд хүргүүлсэн хаалганы цүү болон цоожинд үүссэн мөр нь хатуу бөгөөд нэмэлт нарийн мөр бүхий 1мм өргөн зураасан гадаргуутай багаж хэрэгслээр үүсгэгдсэн байна.
2. Хэргийн газраас олдсон арматур төмрийн мөр нь хаалганы цүү болон цоожийг эвдсэн мөртэй тохирч байна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-62 хуудас/,
2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-7 хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрч Д.Ганцэцэгээр таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 78-79 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1926002200110 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 41-42 хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хохирогч Т.Ш-с хаалганы 1 хос цүү, 1 ширхэг цоожийг түр хурааж авч, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 80-82 хуудас/,
2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хохирогч Т.Ш-д хаалганы 1 хос цүү, 1 ширхэг цоожийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 83 хуудас/,
Мөрдөгчийн 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн “32 см урттай, 1 см радиустай, хар өнгийн зэвэрсэн арматур төмрийг” эд мөрийн баримтаар хурааж авсан тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14 хуудас/,
Шүүгдэгч Д.Б-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн дугаартай Д.Б-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-93 хуудас/, Өвөрхангай аймгийн ******* сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 49 дугаартай албан бичиг /хх-67 хуудас/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-72 хуудас/, Өвөрхангай аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2013 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 1/22 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-76 хуудас/,
Хохирогч Т.Ш-н шүүхэд ирүүлсэн ”хохирлын 178950 төгрөгөө нэхэмжилж байна. Хохирлоо төлчихвөл гомдолгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлт зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь 2019 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 16-20 цагийн орчим Өвөрхангай аймгийн ******* сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” цайны газрын хаалгыг арматур төмрөөр хөшиж онгойлгож, тус цайны газарт хууль бусаар нэвтэрч 22 кг гурил, 7 кг хонины хэрчсэн мах, 3 кг хонины шулсан мах, 1 литр наранцэцэгийн тос, 1 литрийн “Өглөө” сүү 2 хайрцаг, 15 ширхэг өндөг, бэлнээр 8000 төгрөг зэргийг хулгайлан авч хохирогч Т.Ш-д 176250 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч Д.Б нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Т.Ш /хх-17-18/, гэрч Т.Т /хх-21-22/, гэрч Д.Г /хх-23-24/, гэрч Х.Д /хх-25-26 / нарын мэдүүлгүүд, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /3-7/, яллагдагч Д.Б-н мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-29-33/, гэрч Д.Г-р таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-78-79/, шүүгдэгч Д.Б-н гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “32 см урттай, 1 см радиустай хар өнгийн зэвэрсэн арматур төмрийг” эд мөрийн баримтаар хурааж авсан 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтаар хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-12-14/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай дүгнэлт /хх-57-59/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/34, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 06/16 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-35-37, 49-51/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн 1926002200110 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-41-42/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагааг бүрэн хийгдсэн гэж үзэв.
Хохирогч Т.Ш нь Өвөрхангай аймгийн ******* сумын Хүнс, барааны захад “*******” гэх цайны газрыг ажиллуулж үйл ажиллагаа явуулдаг, шүүгдэгч Д.Б нь “*******” цайны газрын хаалганы цоожийг 32 см урттай, 1 см радиустай арматур төмрөөр хөшиж онгойлгосон болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Т.Ш, гэрч Д.Г, гэрч Х.Д, гэрч Т.Т нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны криминалистикийн шинжээчийн 2019 оны 06 дүгээр сарын 17-ны өдрийн 86 дугаартай дүгнэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, арматур төмөр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн тайлбарт заасан “тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл” гэсэн ойлголтонд хамаарч байх тул шүүгдэгч Д.Б-н үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч Д.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийг арилгаагүй зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж, түүнд оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Д.Б-д Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Д.Б нь хохирогч Т.Ш-д 178750 төгрөгийн хохирол, хор уршиг учруулсан, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй болох нь Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2019 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 05/34, 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 06/16 дугаартай үнэлгээний тайлангууд /хх-35-37, 49-51/, хохирогч Т.Ш-н шүүхэд ирүүлсэн “178750 төгрөгийн хохирлоо нэхэмжилж байна” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Бгээс 178750 төгрөгийг гаргуулж хохирогч Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 504 тоотод оршин суух Т.Ш-д олгож шийдвэрлэлээ.
Шүүхээс шүүгдэгч Д.Б-г үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хорих ял оногдуулж шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 32 см урттай, 1 см радиустай арматур төмрийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг Өвөрхангай аймгийн Шүүхийн тамгын газарт даалгаж,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2, 3.5, 36.8 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.3, 1.7, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Д.Б үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар шүүгдэгч ******* овгийн Д.Б-г 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 2 /хоёр/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.
4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Б-с 178750 төгрөгийг гаргуулж Өвөрхангай аймгийн ******* сумын 12 дугаар багийн 5 дугаар гудамжны 504 тоотод оршин суух хохирогч Т.Ш-д олгосугай.
5. Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 32 см урттай, 1 см радиустай арматур төмрийг устгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.