| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатар Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 193/2025/01290/И |
| Дугаар | 210/МА2026/00623 |
| Огноо | 2026-03-20 |
| Маргааны төрөл | Хамтран ажиллах гэрээ, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 210/МА2026/00623
*******ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 193/ШШ2026/00116 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: *******,
Хариуцагч: *******, *******нарт холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлага: хамтран ажиллах гэрээний үүрэгт 40,173,750 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч нарын өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:
1.1.*******над руу 2024 оны 09 дүгээр сарын 14, 15-ны өдөр орчим залгаад “бууз нь дээр 2 хоног ажиллаад өгөөч” гэж ярьсан. Үүнээс хойш 2 өдрийн дараа нөхөр ******* нь хамтран ажиллах санал тавьсан. 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бид хамтран ажиллахаар тохиролцсон. Миний бие 25,000,000 төгрөг гаргаад, ******* нь буузны цехэд байгаа тоног төхөөрөмжөө 25,000,000 төгрөгөөр үнэлээд, нийт 50,000,000 төгрөгөөр хөрөнгө оруулж, хамтран ажиллахаар болсон. Эхний ээлжид миний оруулсан мөнгөөр мах, гурил, сонгино зэрэг түүхий эд, материал авч бууз, банш, бөөрөнхий мах, хагас бэлэн бүтээгдэхүүн хийж, дэлгүүрүүдэд борлуулж ашгаа тэнцүү хуваах, ийнхүү 2 жил хамтран ажилласны дараа тоног төхөөрөмжөө хувааж авах, эсхүл 12,500,000 төгрөгийг надад буцааж өгөхөөр тохиролцсон.
1.2.Миний бие 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн. Бид 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн хамтран ажиллахаа больсон. Тоног төхөөрөмж нь хариуцагчид үлдсэн тул анх хөрөнгө оруулсан 25,000,000 төгрөгийг гаргуулна.
1.3.Хариуцагч ******* нь “чи түр зуур өөрийнхөө мөнгөөр мах худалдаад авчих дараа өгье” гэсний дагуу миний бие 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн хооронд 15 удаа нийт 36,807,500 төгрөгөөр мах худалдаж авсан. Үүнийг 2 хуваахад 18,403,750 төгрөг болох ба үүнээс ******* 5,530,000 төгрөгийг өгсөн. Үлдэгдэл 12,873,750 төгрөгийг өнөөдрийг хүртэл өгөөгүй. Хамтран ажиллахаа больсноос хойш миний бие 2025 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хариуцагчийн буузны газарт ажиллаж цалин авдаг байсан боловч цалингаасаа махны төлбөрт өгдөг байсан.
1.4.Мөн 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд худалдан борлуулсан дэлгүүрүүдээс авах ёстой авлага болох нийт 4,600,000 төгрөгийн тал болох 2,300,000 төгрөгийг нэмж шаардаж байна.
1.5.Хамтран ажиллах гэрээнд хариуцагч *******оролцоогүй тул түүнд холбогдох шаардлагаасаа татгалзаж байна.
1.6.Иймд хөрөнгө оруулсан 25,000,000 төгрөг, мах худалдан авсан 12,873,750 төгрөг, бусдаас авах авлагын тал болох 2,300,000 төгрөг, нийт 40,173,750 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
2.Хариуцагч нарын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:
2.1.Анх ******* нь “*******” ХХК-ийн буузны үйлдвэрт ажилладаг гээд бид хоёртой уулзсан ба ******* бид нарын ажиллуулдаг цехэд материал, түүхий эдийн зардалд 25,000,000 төгрөг гаргаад, эхний ээлжид ашгаасаа гаргасан зардлаа *******д төлөхөөр тохиролцож, хамтран ажиллаж эхэлсэн. Манай цех бууз үйлдвэрлэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглогдсон байсан.
2.2.Ажиллаж эхэлснээс хойш бид *******ийн 25,000,000 төгрөгийг эхний ээлжид төлсөн. Бид эхлээд эргэлтийн хөрөнгөтэй болоод хамтран ажиллах гэрээ хийж, ашиг орлогоо авахаар анх тохиролцсон. Ингээд ажиллах хугацаанд нийт 27,375,200 төгрөгийг дансаар шилжүүлсэн байсан.
2.3.Манайх хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг болохоор энд тэндээс түүхий эд татан авдаггүй ба ******* “Хүчит шонхор” захаас байнга авдаг, нийлүүлдэг хүнтэй учир тэндээс түүхий эдээ бэлтгэн нийлүүлж ирсэн. Манайх сардаа 9-10 сая төгрөгөөр мах авдаг байсан.
2.4.Бидний хувьд “*******д ашиг, тоног төхөөрөмж өгнө” гэж ярьсан зүйл байхгүй. ******* ажиллаж эхэлснээс хойш буузны үндсэн орц махны граммыг нэмж буюу 35 грамм мах хийдэг байсан боловч 45 грамм махтай бууз гаргаж эхэлснээр бид ямар ч ашиггүй болж, ажиллуулахаа больсон.
2.5.Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.3-т тус тус зааснаар хариуцагч *******оос 12,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 27,670,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч *******оос улсын тэмдэгтийн хураамжид 214,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч *******д олгож, улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 399,069 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4.Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
4.1.Анхан шатны шүүх холбогдох нотлох баримт хэрэгт авагдсан байхад зөвхөн хариуцагч нарын хэлснээр шийдвэрлэсэн. Миний худалдан авсан махны төлбөрийг буруу тооцоолж гаргасан. Миний бие 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн өөрийн мөнгөөр 15 удаа нийт 36,807,500 төгрөгийн үнэ бүхий мах худалдан авсан. Худалдан авсан 36,807,500 төгрөгийг 2 хуваахад 18,403,750 төгрөг болох ба үүнээс 5,530,000 төгрөг өгсөн. Үлдэгдэл 12,870,000 төгрөгийг өнөөдрийг хүртэл надад өгөөгүй. ******* нь “чи өөрийнхөө мөнгөөр мах авч бай, дараа нь би тал мөнгийг өгнө” гэсэн боловч өгөөгүй. Миний бие өөрийнхөө мөнгөөр мах худалдаж авсан учир буцаан шаардах эрхтэй. Мах зардаг хүнээс мах худалдан авсан падаан, нотлох баримтууд хэрэгт авагдсан байтал нотлох баримтаас хассан нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т тус тус зааснаар нотлох баримтыг үнэлээгүй.
4.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, мах худалдан авсан 12,870,000 төгрөгийг хариуцагч *******оос гаргуулж өгнө үү гэжээ.
5.Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:
5.1.Нэхэмжлэгчийн гаргасан гомдлын үндэслэл нь мах нийлүүлсэн талаарх хэрэгт авагдсан “Од бууз банш” гэх падааныг үнэлээгүй, нотлох баримтаас хассан гэдэг. Уг баримтыг нотлох баримтаас хасаагүй, харин ******* шаардах эрхтэй гэдгийг тогтоосон баримт биш гэж үзсэн. Нэхэмжлэгчийн өөрийнх нь гаргаж өгсөн анхан шатны баримт нь нэхэмжлэгч, хариуцагч аль аль талд нь хамааралтай болохыг нотлохгүй. Зарлагын падаан дээр хэн тухайн бараа бүтээгдэхүүнийг авсан талаарх тэмдэглэл байхгүй учраас “энэ хэрэгт хамааралгүй” гэж дүгнэсэн.
5.2.Иймд анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг зөв үнэлж, махны үнэтэй холбоотой үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэв.
6.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
6.1.Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааны эрх зүйн шинжийг буруу тодорхойлсон, нотлох баримтыг бүрэн, бодитой үнэлээгүй, Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3, 480 дугаар зүйлийн 480.3-т тус тус заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй.
6.1.1.Шүүх Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т зааснаар нэхэмжлэгчийн 25,000,000 төгрөгийг дундаа өмчлөх хөрөнгө гэж үзсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбараар нэхэмжлэгч 25,000,000 төгрөгийг эргэлтийн хөрөнгө болгон гаргасан, уг мөнгийг түүхий эд худалдан авахад ашигласан, олсон орлогоос уг мөнгийг буцаан төлөхөөр тохиролцсон нь тогтоогдсон, мөн хамтын өмч бүрдүүлэх, хуваарилах тухай бичгээр болон амаар тохиролцсон баримт хэрэгт байхгүй байхад шүүх уг мөнгийг Иргэний хуулийн 477 дугаар зүйлийн 477.3-т заасан “хураамж” гэж үзсэн нь үндэслэлгүй.
6.1.2.Нотлох баримтыг буруу үнэлсэн. Хэрэгт нэхэмжлэгчийн дансанд нийт 27,000,000 төгрөг шилжүүлсэн баримт, нэхэмжлэгчийн гаргаж өгсөн хавтаст хэргийн 156 дугаар талд байх тайланд 97,166,600 төгрөгийн орлого олсон тухай тооцоолол авагдсан. Эдгээр баримтаар нэхэмжлэгчийн гаргасан 25,000,000 төгрөгийг бүрэн буцаан төлсөн, талууд үйл ажиллагаанаас олсон орлогыг тухай бүр тооцож байсан, нэхэмжлэгч бодитоор хохирол амсаагүй болох нь тогтоогдсон. Гэтэл шүүх дээрх баримтуудыг үнэлэлгүйгээр 12,500,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хуульд заасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой үнэлэх зарчимд нийцээгүй.
6.1.3.Шүүх Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг буруу хэрэглэж “нэхэмжлэгчид тэнцүү хувь буюу 12,500,000 төгрөг ногдоно” гэж дүгнэсэн. Гэтэл дундын өмч бүрдсэн гэх нөхцөл тогтоогдоогүй, нэхэмжлэгчийн оруулсан мөнгө буцаан төлөгдсөн, дундын өмчид үлдсэн хөрөнгийг хуваарилаагүй гэх нөхцөлөөс шууд мөнгөн дүн ногдуулах боломжгүй. Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т заасныг хэрэглэх материаллаг эрх зүйн үндэслэл байхгүй.
6.2.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
7.Хариуцагчийн давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:
7.1.*******ын данснаас гарсан гэх 27,000,000 төгрөг нь яг юуны мөнгө болох нь тодорхойгүй. Миний өгсөн 25,000,000 төгрөгт энэ мөнгө тооцогдохгүй. Хариуцагч талаас надад 27,000,000 төгрөгийг өгсөн гэдэг боловч миний данснаас нийт 48,377,000 төгрөг гарсан байдаг. н.******* гэдэг хүний данс руу махны төлбөрт 34,324,000 төгрөг шилжүүлсэн. Энэ нь хавтаст хэргийн 127-142 дугаар талд авагдсан нотлох баримтаар нотлогддог.
7.2.Нийт 97,166,000 төгрөгийн орлого олсноос нэг хүнд 48,583,300 төгрөг ногдсон. Энэ мөнгөнөөс махны төлбөрт 18,773,000 төгрөг өгөх ёстой байсан ба үүнийг миний бие төлсөн, харин ******* өгөөгүй. Миний бие өдөр бүр өөрт орсон мөнгөнөөсөө *******ын өгөх ёстой 12,873,000 төгрөгийг бага багаар төлж байсан. 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хамтарч ажиллахаа болих үед “миний мөнгийг өгтөл би танай ажилтан болъё” гээд 04 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн ажиллаад, ажилласан хугацаандаа авсан цалингаа н.******* гэдэг хүнд *******ын өгөх ёстой махны төлбөрт өгч байсан.
7.3.Намайг 48,000,000 төгрөг авсан гэж үздэг. Үүний 18,000,000 төгрөг нь махны төлбөрт өгөх ёстой мөнгө бөгөөд надад үлдээсэн 30,183,000 төгрөгөөс 12,870,000 төгрөгийг *******ын махны мөнгө гээд н.******* гэх хүн рүү хийсэн.
7.4.Нэхэмжлэгчийн хувьд ямар ч ашиг олсон зүйл байхгүй, оруулсан мөнгө нь бүгд гараад явсан. Үндсэн 25,000,000 төгрөгөөр бүтээгдэхүүн худалдан аваад ашиг олсон.
7.5.Хариуцагчийн гаргасан гомдол үндэслэлгүй байх тул хангахгүй орхиж өгнө үү гэв.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх зохигчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, зохигчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.
2.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******нарт холбогдуулан хариуцагчид үлдсэн тоног төхөөрөмжөөс өөрт ногдох хэсэгт 12,500,000 төгрөг, мах худалдан авсан 12,800,000 төгрөг, нийт 25,300,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нараас өөрийн хөрөнгө оруулсан 25,000,000 төгрөг, мах худалдан авсан 12,873,750 төгрөг, нийт 37,873,750 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж ихэсгэсэн, улмаар 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд худалдан борлуулсан бүтээгдэхүүний авлага болох 4,600,000 төгрөгөөс өөрт ногдох 2,300,000 төгрөгөөр шаардлагаа нэмэгдүүлж, ийнхүү хөрөнгө оруулсан 25,000,000 төгрөг, мах худалдан авсан 12,873,750 төгрөг, авлагаас өөрт ногдох 2,300,000 төгрөг, нийт 40,173,750 төгрөгийг шаардсан байх ба шүүх хуралдааны явцад хариуцагч *******д холбогдох шаардлагаасаа татгалзжээ.
2.1.Хариуцагч *******, *******нар нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч “...Бидний хувьд *******д ашиг, тоног төхөөрөмж өгөх талаар ярьсан зүйл байхгүй, ******* бид нарын ажиллуулдаг цехэд материал, түүхий эдийн зардалд 25,000,000 төгрөг гаргаад, эхний ээлжид ашгаасаа *******ийн гаргасан зардлыг төлөхөөр тохиролцсон, ажиллаж эхэлснээс хойш бид *******ийн 25,000,000 төгрөгийг эхний ээлжид төлсөн буюу нийт 27,375,200 төгрөг шилжүүлсэн, манайх “Хүчит шонхор” захаас байнга авдаг, нийлүүлдэг хүнтэй учир тэндээс түүхий эдээ бэлтгэн нийлүүлдэг, өөр газраас түүхий эд татан авдаггүй...” гэж маргасан.
3.*******, ******* нар нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр бууз, банш, бөөрөнхий мах, хагас бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлгүүрүүдэд худалдан борлуулах чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцож, ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 10,000,000 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдөр 5,000,000 төгрөг, нийт 25,000,000 төгрөгийг *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, улмаар талууд 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүртэл хугацаанд хамтран ажилласан, уг үйл баримтад талууд маргаагүй.
4.Талуудын хооронд Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан хамтран ажиллах гэрээ байгуулагдсан, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.
5.Анхан шатны шүүх хариуцагч *******ын 25,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг талуудын дундаа өмчлөх хөрөнгө буюу хамтын үйл ажиллагаанаас үлдэх хөрөнгөд тооцон, талууд хамтран ажиллах гэрээг дуусгавар болгохдоо үлдэх хөрөнгийн жагсаалтыг үйлдэж, талуудад хуваарилаагүй, мөн талууд тус бүрийнхээ төлсөн хураамжийг хэний өмчлөлд байх талаар тохиролцоо хийгээгүй үндэслэлээр уг үлдэх хөрөнгийг нэхэмжлэгч *******ийн оруулсан хувь хэмжээгээр буюу тэнцүү хэмжээгээр хувааж, нэхэмжлэгчид ногдох хэсэгт 12,500,000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн нь буруу болжээ.
5.1.Талууд хамтран ажиллаж эхлэхдээ нэхэмжлэгч ******* нь 25,000,000 төгрөгийн бэлэн мөнгө, хариуцагч ******* нь 25,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжөөр тус тус хамтын үйл ажиллагааны хураамж төлсөн байна.
5.2.Талууд анх 2 жилийн хугацаатай хамтран ажиллахаар амаар тохиролцсон байсан боловч 7 сар гаруй хугацаанд хамтран ажиллаад хамтын үйл ажиллагааг анх тохиролцсон хугацаанаас өмнө Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1.2-т зааснаар дуусгавар болгосон. Өөрөөр хэлбэл, хамтын үйл ажиллагааг дуусгавар болгохоор талууд шийдвэрлэсэн.
5.3.Ийнхүү хамтран ажиллах гэрээг дуусгавар болгож байгаа тохиолдолд Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хамтын үйл ажиллагаанаас үлдэх хөрөнгийг талуудын төлсөн хураамжид хувь тэнцүүлэн хуваарилах учиртай.
5.4.Гэвч нэхэмжлэгч ******* нь “хариуцагч *******оос 27,500,000 төгрөг авсан” гэж тайлбарладгаас гадна давж заалдах шатны шүүх хуралдаанд өдөр болгон хариуцагчтай орлого, зардлаа тооцоод ашгаа хуваадаг байсан талаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл, Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.3-т зааснаар хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон хөрөнгөө талууд тухай бүрд нь хуваагаад авсан байгаа учраас хариуцагч *******ын 25,000,000 төгрөгийн үнэ бүхий тоног төхөөрөмжийг талуудад хуваах үндэслэлгүй.
5.5.Иймд анхан шатны шүүхийн хангаж шийдвэрлэсэн 12,500,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, энэ талаарх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй.
6.Харин давж заалдах шатны шүүхээс талуудын хамтын үйл ажиллагааны явцад нэхэмжлэгч *******ийн бусдад махны үнэд төлсөн гэх мөнгийг мөн хамтын үйл ажиллагаанд оруулсан хураамж гэж үзлээ.
Нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлдээ “...36,807,500 төгрөгөөр мах худалдаж авсан...” гэж дурдсан байгаа боловч хэрэгт авагдсан 15 ширхэг зарлагын баримтыг нэхэмжлэгчийн дансны хуулгатай харьцуулан үзэхэд, нэхэмжлэгч нь 5749520386 тоот дансанд 99071624, өмнөх мах үлдэгдэл, сүүлийн падаанаас зэрэг гүйлгээний утгатайгаар тогтмол нэг хүн рүү шилжүүлж байсан, мөн тухайн гүйлгээнүүд нь талуудын хамтын үйл ажиллагааны хугацаанд хамаарсан зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзээд нэхэмжлэгч нь талуудын хамтран ажилласан гэх 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд 34,324,150 төгрөгийн үнэ бүхий махыг бусдаас худалдан авсан буюу үнийг нь төлсөн үйл баримт тогтоогдож байна.
Ийнхүү нэхэмжлэгч *******ийн махны төлбөрт төлсөн дээрх 34,324,150 төгрөгийг түүний тооцооллоор 2 хуваахад 17,162,075 төгрөг болох бөгөөд үүнээс хариуцагч ******* нь 5,530,000 төгрөг төлсөн гэдгийг нэхэмжлэгч зөвшөөрсөн учраас уг дүнг хасаж, хариуцагчаас мах худалдан авсан төлбөрт 11,632,075 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосон өөрчлөлт оруулна.
Энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангана.
7.Нэхэмжлэгч ******* нь 2,300,000 төгрөгийг “бусдаас авах авлага болох 4,600,000 төгрөгийн тал болох” гэж шаардсан байх боловч нэхэмжлэгч уг шаардлагаа баримтаар нотлоогүй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ өөрөө нотлох, түүнтэй холбоотой баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүх тус 2,300,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв.
8.Ийнхүү давж заалдах шатны шүүх дээрх байдлаар анхан шатны шүүхийн дүгнэлтийг өөрчилж дүгнээд, хариуцагч *******оос 11,632,075 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28,541,675 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.
9.Давж заалдах шатны шүүх хэргийг бүхэлд нь хянах хүрээнд, нэхэмжлэгч Д.Одончимэг нь анх нэхэмжлэлдээ хариуцагчаар *******, *******нарыг тодорхойлсон, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч *******д холбогдох шаардлагаасаа татгалзсан тул анхан шатны шүүх нэхэмжлэгчийн татгалзлыг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д нийцсэн болохыг дурдах нь зүйтэй.
10.Анхан шатны шүүхийн нэхэмжлэлийн шаардлагаас хангасан үнийн дүнд өөрчлөлт орсонтой холбоотойгоор улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт орно.
11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, зохигчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 193/ШШ2026/00116 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтын “...12,500,000...” гэснийг “11,632,075” гэж, “...27,670,000...” гэснийг “28,541,675” гэж,
3 дахь заалтын “...214,950...” гэснийг “201,063” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгчийн 220,870 төгрөг, хариуцагчийн 214,950 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.НЯМБАЗАР
ШҮҮГЧИД Ж.ЛХАГВАСҮРЭН
Ч.МӨНХЦЭЦЭГ