| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2019/00128/э |
| Дугаар | 137 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 137
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч Ц.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Ц.Э-д холбогдох 1826005160138 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ял шийтгэлгүй, ******* овгийн Ц.Э
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр иргэн Ө.У-н эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700000 /долоон зуун мянган/ төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ц.Э шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.
Хохирогч Ө.У-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 12-ны орой 18 цагийн орчимд намайг ажлаасаа тараад ирэхэд манай нөхрийн хамаатны дүү болох Ц.Э манайд 2 настай хүүхэдтэйгээ ирчихсэн байсан. Тэр шөнөдөө манай гэрт хоноод би өглөө эрт ажилдаа гарч яваад манайд Ц.Э хүүхэдтэйгээ үлдсэн юм. Тэгээд намайг орой ажлаа тараад гэртээ ирэхэд Ц.Э явчихсан байсан. Би гэртээ байсан цүнхээ уудлаад зүүж байсан ээмгээ далд хийх гээд цүнхэндээ байсан ээмэг бөгж хийдэг саваа гаргаж иртэл дотор нь байсан миний монетон гинж зэрэг эд зүйлс байхгүй болсон байсан. Тэгээд манай гэрт Ц.Э хүүхэдтэйгээ үлдсэн юм чинь өөр хүн аваагүй гэж бодоод Ц.Э рүү залгаад утсаа авахаар нь манай гэрийн түлхүүрийг яасан бэ? гэж асуухад гэрийн тотгонд хийсэн гэж хэлээд утасны цэнэг нь дуусчихсан байх тасраад холбогдохгүй болчихсон юм. Маргааш нь би Ц.Э-н аав Д-тэй утсаар яриад “танай охин чинь миний ээмэг бөгж, хүзүүний гинжийг аваад явчихсан байна” гэж хэлтэл “би Ц.Э-г дагуулаад очъё” гээд удалгүй Ц.Э-тэй хамт орж ирсэн. Би Ц.Э-с “миний ээмэг бөгж, хүзүүний гинж алга болсон байна, чамаас өөр авах хүн байхгүй” гэж хэлтэл “би аваагүй, хэрэв олдохгүй бол төлөөд өгье” гээд байсан, би гаргаад өгчих гэж зөндөө гуйсан. Би гэртээ оруулаад гуйгаад байсан чинь “би авчихсан юм, монетон ээмгийг нь эмнэлэгт хүнд барьцаанд өгчихсөн байгаа, монетон гинж, бөгж хоёрыг нь зах дээр ломбарданд тавьчихсан” гэж хэлсэн. Тэгээд тэр шөнө манай нөхөр ирээд маргааш өглөө нь манай нөхөртэй хамт яваад эмнэлэг дээр очоод ээмгийг нь гаргаж өгөөд бас хүзүүний гинж, бөгж хоёрыг нь ломбарданд тавьсан гээд ломбардны бичиг гаргаж өгсөн байсан. ...Надад одоо нэхэмжлэх зүйл байхгүй, би Ц.Э-с хохирол төлбөрөө барагдуулж авсан. Ээмэг бөгжөө хосоор нь 430000 төгрөгөөр 2017 оны 05 дугаар сард худалдаж авч байсан. Тэр үнээрээ үнэлнэ. Хүзүүний монетон гинжээ бас 2017 оны 05 сард 298000 төгрөгөөр худалдаж авч байсан авсан үнээрээ үнэлнэ. ...Би Энхцэцэгээс хохирол төлбөрөө барагдуулж авсан, сайн дураараа эвлэрсэн, надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12, 15 хуудас/,
Гэрч Б.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос ******* суманд гэртээ ирсэн юм. Намайг гэртээ ирэхэд манай эхнэр монетон ээмэг, бөгж, гинжээ алдсан байсан. Тэдгээр эд зүйлсийг Ц.Э гэдэг манай хамаатны хүн авсан гэж манай эхнэрт хэлсэн байсан. Би маргааш нь буюу 2018 оны 11 дүгээр сарын 15-ны өглөө Ц.Э-тэй хамт гэрээсээ гараад эмнэлэг орсон. Ц.Э хүн хүлээж байна гээд байхаар нь би эмнэлгээс гарч утсаар ярьчихаад 5 орчим минутын дараа эргээд эмнэлэгт орж иртэл Ц.Э манай эхнэрийн ээмгийг барьчихсан, хүнээс авчихлаа гээд зогсож байсан, бас надад ломбарданд тавьсан бичиг өгсөн. Тэгээд би эхнэртээ ээмэг, ломбарданд тавьсан бичгийг нь өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 15 хуудас/,
Гэрч Ч.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр намайг *******ийн 5-р баг Хүнс барааны захын “Хатагтай” худалдааны төвийн 1 давхарт байрлах “*******” ломбарданд байх үед гаднаас нэг жирэмсэн болов уу гэмээр саарал куртиктэй охин орж ирээд монетон гинж, монетон бөгж зэрэг эд зүйлийг 150000 төгрөгөөр барьцаанд тавиад явсан юм. Тэр охины бичиг баримт нь Ц.Э гэсэн нэртэй, гэсэн регистрийн дугаартай, гэсэн утастай байсан. Би тухайн үед хулгайн эд зүйл гэж мэдээгүй. 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр миний хулгайд алдсан эд зүйлс гээд Ө.У гэсэн бичиг баримттай хүн ирээд ломбардны бичгийг нь үзүүлээд аваад явсан. ...Тухайн эд зүйлийг авахдаа 150000 төгрөгийг өгөөд аваад явсан тул надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Шүүгдэгч Ц.Э-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 43 хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ, төслийн “ЛЭНДС” ХХК-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/34 дугаартай “...Монетон гинж 210000 төгрөг, монетон ээмэг 280000 төгрөг, монетон бөгж 210000 төгрөг, нийт 700000 төгрөг” гэсэн үнэлгээний тайлан /хх-ийн 21-24 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1826005160138 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 39-40 хуудас/,
Шүүгдэгч Ц.Э-н хувийн байдлыг тодорхойлсон иргэний үнэмлэхийн лавлагаа, Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн тодорхойлолт, хүү Э.А, Э.Х нарын төрсний гэрчилгээний хуулбар, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37, 53-54, 57-58 хуудас/,
Хохирогч Ө.У-н шүүхэд ирүүлсэн “Ц.Э-с монетон ээмэг, бөгж, гинж зэргийг буцааж авсан. Цаашид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт,
“*******” ломбардны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 240 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-ийн 6 хуудас/,
2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 7-9 хуудас/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж шүүгдэгч Ц.Э-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүгдэгч Ц.Э нь 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр баг 82 дугаар гудамжны 01 тоотод оршин суух иргэн Ө.У-н эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ө.Урангуагийн монетон ээмэг, бөгж, гинжээ хулгайд алдсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-11-13/, гэрч Б.А-н “хохирогч Ө. У монетон ээмэг, бөгж, гинжээ алдсан талаар болон Ц.Эээс монетон ээмэг, ломбардны бичиг зэргийг авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-15/, гэрч Ч.Ч-н “Ц.Э нь ******* ломбарданд монетон бөгж, гинж 150000 төгрөгөнд тавьсан, уг гинж, бөгжийг Ө.У буцааж авсан талаар мэдүүлсэн мэдүүлэг /хх-16-17/, монетон ээмэг, бөгж, гинж нь нийт 700000 төгрөгийн үнэлгээтэй болохыг тогтоосон Хөрөнгийн үнэлгээ, төслийн “Лэндс ХХК”-ийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 11/34 дугаартай үнэлгээний тайлан /хх-21-24/, Ц.Э-н үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрсөн талаар мөрдөн байцаалтанд яллагдагчаар, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, “*******” ломбардны 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 240 дугаартай барьцаат зээлийн гэрээний хуулбар /хх-6/, Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 1826005160138 дугаартай “эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-39/, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл / хх-7-9/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ц.Э-н дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ц.Э-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч Ц.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 700000 төгрөгийн үнэ бүхий 1 хос монетон ээмэг, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинжийг буцаан өгсөн болох нь хохирогч Ө.Урангуагийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, шүүхэд ирүүлсэн “ монетон ээмэг, бөгж, гинж зэргийг буцаан авсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн эд зүйл түр хураан авч үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл, шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг зэргээр тус тус тогтоогдож байх тул бусдад төлөх төлбөргүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилжээ.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Ц.Э-н тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж хохирлоо нөхөн төлсөн гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, гэм тэхрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан үзэж, түүнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж шийдвэрлэлээ.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Ө.У-н алдагдсан эд зүйл болох 700000 төгрөгийн үнэ бүхий 1 хос монетон ээмэг, 1 ширхэг монетон бөгж, 1 ширхэг монетон гинжийг буцааж өгсөн, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй,
Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овгийн Ц.Э-г бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг шүүгдэгч ******* овгийн Цэрэндолгорын Энхцэцэгт оногдуулахгүйгээр зургаан сарын хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч Ц.Эт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөхдөө хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч Ц.Э-г бүртгэж, түүний засрал хүмүүжлийн байдалд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Э нь тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
6. Шүүгдэгч Ц.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Эт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шйдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.