Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2026/01222

 

 

 

2026 05 27 210/МА2026/01222

 

 

 

******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ч.Мөнхцэцэг, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02701 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: *******ххххэд холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 73,500,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ариунтуяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Цэнгүүн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. *******хххх нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 60,000,000 төгрөг зээлсэн.

1.2. Талууд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Зээлийн гэрээний төлбөр барагдуулах үүрэг амлалт гэрээг бичгээр байгуулсан. Тус гэрээнд 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор 20,000,000 төгрөг, 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор 20,000,000 төгрөг тус тус төлөхөө илэрхийлж, барьцаа хөрөнгөөр Лексус 470 GX маркийн 0017 УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл, Тоёота Хайландер маркийн 2900 УАВ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг өгөхөөр тохиролцсон боловч уг үүргээ биелүүлээгүй.

1.3. Иймд *******ххххээс үндсэн зээлийн төлбөрийн үүрэг 60,000,000 төгрөг, гэрээний 2.3 дахь хэсэгт заасны дагуу 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэлх хугацааны алданги 13,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Бид анх хамтран ажил хийхээр тохиролцсоны дагуу нэхэмжлэгч ****** миний дансанд нийт 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч ажил хийхэд шаардлагатай тусгай зөвшөөрөл авч чадаагүйгээс бидний тохиролцоо цаашид үргэлжлэх боломжгүй болсон. Миний хувьд холбогдох зөвшөөрөл авахад шаардагдах ажиллагааг хийж байсан тул ******аас дансаар хүлээн авсан 28,000,000 төгрөгийг буцаан өгөх үүргээ санхүүгийн боломжгүй байдлын улмаас удаасан болохоор хүлээн зөвшөөрч байна.

2.2 Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдаад байгаа 60,000,000 төгрөгийн зээл болон алдангийн тохиролцоо, харилцаа бодитоор байгаагүй болно.

Иймд, нэхэмжлэлийн шаардлагаас 28,000,000 төгрөгийг хүлээн зөвшөөрөх боломжтой байх тул үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******хххээс 28,000,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******т олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 45,500,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

3.2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 525,540 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******хххээс 297,950 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******т олгож шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүх хэрэгт авагдсан Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ, Баримт, вайбер цахим захидал, банкны шилжүүлгийн баримтуудыг хянан үзсэн боловч вайбер чаттай холбоотой нотлох баримтыг бүрэн үнэлээгүй. Хариуцагч хариу тайлбартаа уг гэрээ огт байгаагүй. Хамт сагс тоглодог найзуудаар дамжуулан шахалтаар гэрээнд гарын үсэг зурсан гэж тайлбар гаргасан боловч нэхэмжлэгч хариуцагчид вайбер чатаар саналыг илгээсэн. Иргэний хуулийн 195 дугаар зүйлийн 195.1 дэх хэсэгт зааснаар ... гэрээ байгуулах санал гэж үзнэ. Хариуцагчийн зүгээс уг саналыг хүлээн аваад гэрээнд ямар нэгэн өөрчлөлт оруулах, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа илэрхийлээгүй ба өнгөрсөн бүх цаг хугацаанд зээлийн төлбөрөө өгөхөө илэрхийлж байсан. Хариуцагчид нэхэмжлэгчийн зүгээс ямар нэгэн шахалт дарамт үзүүлж байгаагүй бөгөөд уг гэрээг Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т зааснаар хариуцагч хүлээн зөвшөөрснөө илэрхийлж гарын үсэг зурж, тухайн 60,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт хоёр тээврийн хэрэгслийг барьцаа болгож өгөхөө гэрээнд тусгасан тул гэрээг хүчин төгөлдөр бус эсхүл энэ гэрээг бодитоор байгаагүй гэж үзэх үндэслэлгүй.

4.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитой, цогцоор нь үнэлээгүй, Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.2-т зааснаар мөнгө шилжүүлсэн нь зээлийн гэрээ байгуулсанд тооцогдох бөгөөд талууд 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн гэрээгээр өмнө үүссэн зээлийн үүргийн тооцоо нийлж, хариуцагч 60,000,000 төгрөгийн өрийг бүрэн хүлээн зөвшөөрсөн. Энэ гэрээ нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлд заасан хэлцлийн гол нөхцлийг хэлэлцэн тохиролцсон хэлцэл бөгөөд хариуцагч өрийг хүлээн зөвшөөрсөн баримт болно. Шүүх уг гэрээг зээлийн харилцааны үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн.

4.3. Хариуцагч 28,000,000 төгрөгийг хамтран ажиллах зорилгоор авсан гэж мэдүүлсэн ч энэ мөнгийг ямар ажилд хамтран ажилласан төлбөр болохыг нотлоогүй. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1-д заасан үндэслэлгүй хөрөнгөжилт гэж үзсэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй.

4.4. Талууд 60,000,000 төгрөгийг өгч авалцсан гэж хүлээн зөвшөөрч бичгээр гэрээ байгуулсан нь баримтаар нотлогдсоор байхад анхан шатны шүүхээс хариуцагч зөвхөн 28,000,000 төгрөгийг авсан 32,000,000 төгрөгийг аваагүй байна гэж нотлох баримтгүйгээр дүгнэсэн алдаатай шийдвэр гаргасан. Талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад гэрээний эрх чөлөөг үгүйсгэсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч *******хххээс 73,500,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Баярбэлэгт олгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн талын шүүх хуралдаанд гаргасан тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгч нь банкны гүйлгээгээр шилжүүлсэн 28,000,000 төгрөг нь тусдаа асуудал, харин нэхэмжилж байгаа 60,000,000 төгрөгийг бэлнээр хүлээлгэж өгсөн гэж тайлбарладаг. ТЗ, тусгай зөвшөөрлийн төлбөр гэх утгатай шилжүүлсэн төлбөрүүд нь талуудын харилцсан вайбер мессенжерт дурдагдаагүй бөгөөд тухайн 28,000,000 төгрөгийг шилжүүлэхдээ дээр дурдсан утгаар шилжүүлсэн байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн өмгөөлөгч энэ талаар тайлбар гаргахдаа вайбер мессенжерт хийсэн үзлэгээр тогтоогдож байгаа гэж буруу тайлбарлаж байна. Дансаар шилжсэн 28,000,000 төгрөгийн тухайд, талуудын хооронд үүссэн хамтран ажиллах харилцаа, мөнгөн хөрөнгийн зориулалт нь банкны гүйлгээний утга болон вайбер мессенжерт хийсэн үзлэгийн тэмдэглэлээр нотлогддог.

Өөрөөр хэлбэл, уг мөнгө нь зээл биш бөгөөд төрийн эрх бүхий байгууллагаас авто замын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авах, холбогдох материалыг бүрдүүлж шийдвэрлүүлэх хамтын ажиллагааны хүрээнд шилжүүлсэн төлбөр болох нь вайбер харилцааны бусад баримтуудаар нотлогдож байна. Үүнтэй холбогдуулан хариуцагчийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх татгалзлаа тодорхой гаргасан. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч нь 60,000,000 төгрөгийг бодитоор шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа ч шилжүүлсэн болохоо баримтаар нотлоогүй. Тооцоо нийлсэн хэлцэл нь өмнө байгуулагдсан гэрээ, үүргийн гүйцэтгэлд үндэслэдэг тул тооцоо нийлсэн хэлцлээр шаардах эрх үүсэхгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******хххэд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 60,000,000 төгрөг, алданги 13,500,000 төгрөг, нийт 73,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хооронд 60,000,000 төгрөг зээлүүлсэн боловч буцааж төлөөгүй, 2024 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Зээлийн гэрээний төлбөр барагдуулах үүрэг амлалт гэрээг бичгээр байгуулж, төлбөрийг хэсэгчлэн төлөх хуваарь, алдангийг тохиролцсон боловч төлөөгүй гэж тодорхойлсон.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч ...нэхэмжлэгчээс 60,000,000 төгрөг зээлээгүй, зээлийн гэрээ хийгээгүй, нэхэмжлэгч нь 28,000,000 төгрөгийг тусгай зөвшөөрөл авах зорилгоор хамтран ажиллахаар шилжүүлсэн тул 28,000,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрнө, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.

 

4. Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

4.1. ******, *******ххх нар нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ээр төлбөр барагдуулагч *******ххх нь 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн зээлийн гэрээний төлбөрийг гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх хүсэлтээ илэрхийлснийг төлбөр хүлээн авагч ****** хүлээн зөвшөөрснөөр 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Зээлийн гэрээ, 2024 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн Зээлийн гэрээний төлбөр барагдуулах үүрэг амлалтаар гэрээний нийт төлбөр 60,000,000 төгрөгийг төлөөгүй болохоо хүлээн зөвшөөрч, 20,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн дотор, 20,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор, 20,000,000 төгрөгийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор төлөх, уг хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-3-4х/

4.2. 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баримт-аар *******ххх нь ******аас 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 2020 оны 05 дугаар сарын 11-ний хооронд 60,000,000 төгрөг зээлдэн авч өнөөдрийг болтол өгөөгүй нь үнэн бөгөөд энэхүү мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөрт багтаан барагдуулахаа энэхүү баримтаар баталгаажуулж, дурдсан хугацаанд уг мөнгийг буцаан өгөөгүй тохиолдолд өөрт ногдох хариуцлагыг бүрэн дүүрэн ухамсарлаж дараах хөрөнгийг барьцаа болгон захиран зарцуулах эрхийг үл маргах журмаар шилжүүлэх болно гээд барьцаа хөрөнгө: Лексус 470GX, 00-17 УНР, Хайландер, ******* /хадмын нэр дээр/ гэжээ. /хх-5х/

4.3. ****** нь *******хххийн /******* Сагс Найзууд/ вайбер чатаар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс харилцсан байх бөгөөд эхлээд төрийн нарийнтай холбоо, мөн хүлээсэн агуулгатай мессэж бичиж, 2023 оны 08 дугаар сарын 26-ны өдрөөс за мөнгөө авъя, 5 жилийн өмнө өгсөн өөрийн мөнгөө буцааж авъя гээд байнга мөнгө шаардсан мессеж бичсэн. /хх-54-125х/

4.4. ******аас *******хххэд дансаар 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр нийт 28,000,000 төгрөгийг ТЗ төлбөр, ТЗ материал, Тусгай зөвшөөрөл материал гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. /хх-43-50/

 

5. Нэхэмжлэгч ****** нь хариуцагчид 60,000,000 төгрөгийг зээлүүлсэн, зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, хариуцагч нь мөнгө зээлээгүй, хамтран ажиллахаар тохиролцсоны дагуу 28,000,000 төгрөгийг шилжүүлсэн гэж, талууд эрх зүйн харилцааны талаар өөр өөр тайлбар гаргасан.

 

5.1. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар хариуцагчийн Хамтран ажилласан гэх үйл баримт тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. Учир нь, хариуцагч нь нэхэмжлэгчийн зээлийн гэрээний харилцаа үүссэн гэх үндэслэлийг няцаах, мөн хамтран ажиллах зорилгоор мөнгө шилжүүлэн авсан гэх байдлаа нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

5.2. Харин анхан шатны шүүх хариуцагчийг нэхэмжлэгчийн өмнөөс тодорхой ажлыг бүтээж өгөхөөр, нэхэмжлэгчийн хүссэн этгээд буюу эрх бүхий албан тушаалтанд мөнгийг шилжүүлэн өгөхөөр хүлээн авсан гэж үзэн Бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүрэг-ийн харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан баримт, талуудын тайлбарт нийцээгүй байна.

Тодруулбал, шүүх хуралдаанд хариуцагч нь 28,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан үндэслэлээ нэхэмжлэгчийн гүйцэтгэх захирал нь байсан Эрчимгэрэл ХХК-д тусгай зөвшөөрөл авахтай холбоотой төлбөр байсан гэж тайлбарласан боловч нэхэмжлэгч ****** нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдрөөс Эрчимгэрэл ХХК-ийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирлаас чөлөөлөгдсөн, мөнгө 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хугацаанд шилжсэн тул хариуцагч тайлбар нь бусад баримтаар эргэлзээгүй тогтоогдоогүй байгааг анхан шатны шүүх анхаараагүй, мөн хариуцагч мөнгийг эрх бүхий албан тушаалтанд шилжүүлэн өгөхөөр хүлээн авсан гэх үйл баримт тогтоогдоогүй.

 

5.3. Талуудын хооронд үүссэн харилцааг эн тэргүүнд талуудын гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхийг үндэс болгон авч үзэхэд хариуцагч нь 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баримт-аар 60,000,000 төгрөгийг зээлсэн хүсэл зоригийг илэрхийлж, талууд зээлийн гэрээний төлбөрийг төлөхөөр Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан байх тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

5.4. Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...шүүх талууд зээлийн үүргийн тооцоо нийлж, хариуцагч 60,000,000 төгрөгийн өрийг бүрэн хүлээн зөвшөөрсөн гэрээг зээлийн харилцааны үндэслэлгүй гэж үзсэн нь Иргэний хуулийн 281, 282 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3, 493 дугаар зүйлийн 493.1 дэх хэсэгт заасан үндэслэлгүй хөрөнгөжилт гэж үзэн шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй гэх давж заалдах гомдлыг хангана.

 

6. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ гэж, мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заасан.

 

6.1. Иргэд хооронд зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлийг хуульд зээлдүүлэгчээс зээлдэгчид мөнгөн хөрөнгийг шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно гэж зохицуулсан тул иргэний эрх зүйн маргаанд нотлох үүргийн хуваариалалтаар зээл аваагүй гэж маргаж байгаа тал бус зээлийг шилжүүлэн өгсөн этгээд нь мөнгийг шилжүүлсэн гэдгээ нотлох үүргийг хүлээх юм.

 

Тайлбарлавал, энэ хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1-д эд хөрөнгө шилжүүлснээр гэрээ байгуулахаар хуульд заасан бол гэрээний гол нөхцөлийн талаар талууд тохиролцож, тухайн эд хөрөнгийг шилжүүлснээр гэрээ байгуулагдсанд тооцно гэж зааснаар зээлдэгчийн хувьд зээлийг буцаан төлөх болон зээлдүүлэгч нь зээлийг шаардах эрх, үүрэг үүсэх гол үндэслэл нь гэрээгээр тохиролцсон мөнгө болон бусад төрлийн шинжээр тодорхойлогдох эд хөрөнгийг шилжүүлсэн байх ёстой.

 

6.2. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******хххэд дансаар 28,000,000 төгрөг шилжүүлсэн болохыг зөв тогтоосон.

 

Нэхэмжлэгч тайлбартаа 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдөр 60,000,000 төгрөгийг бэлнээр өгсөн, мөн хариуцагч *******хххийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баримт-аар 60,000,000 төгрөг зээлж авснаа хүлээн зөвшөөрч төлөхөө баталгаажуулсан саналыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрснөөр 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-г байгуулсан... гэсэн боловч тэрээр мөнгийг хэзээ, хэрхэн хариуцагчид шилжүүлсэн болохоо Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт тус тус зааснаар баримтаар нотлоогүй.

 

Нэхэмжлэгч ****** нь хариуцагч *******хххийн /******* Сагс Найзууд/ вайбер чатаар 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал харилцсан бөгөөд нэхэмжлэгч нь байнга мөнгөө авахыг шаардаж байсан, хариуцагчаас 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баримт-ийг гараар бичиж илгээсэн нь тогтоогдсон боловч талууд зээлсэн мөнгөний тоо хэмжээний талаар дурдаагүй байна. /хх-54-125х/

 

Хариуцагч *******хххийн 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Баримт, талуудын 2025 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ зэрэг нь өмнөх зээлийн төлбөр тооцоог төлөх хариуцагчийн зөвшөөрлийн баримт тул эдгээр баримтыг нэхэмжлэгч зээлийн гэрээний үндсэн үүрэг болох зээлсэн мөнгийг хариуцагчид шилжүүлснийг нотолсон баримт гэж үнэлэх боломжгүй байна.

 

6.3. Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч ******аас хариуцагч *******эд 28,000,000 төгрөгийг шилжүүлэн зээлдүүлсэн, хариуцагч уг мөнгийг буцаан төлсөн талаар баримт гаргаагүй тул хариуцагчаас 28,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох хууль зүйн үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...талууд 60,000,000 төгрөгийг өгч авалцсан гэж хүлээн зөвшөөрч бичгээр гэрээ байгуулсан нь баримтаар нотлогдсоор байхад шүүхээс хариуцагч зөвхөн 28,000,000 төгрөгийг авсан 32,000,000 төгрөгийг аваагүй байна гэж нотлох баримтгүйгээр дүгнэсэн алдаатай шийдвэр гаргасан, талууд хэлцлийн хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй байхад гэрээний эрх чөлөөг үгүйсгэсэн гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Алдангийн тухайд, Талуудын байгуулсан 2025 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн Тооцоо нийлж, төлбөр барагдуулах гэрээ-ний 2.3 дахь хэсэгт Төлбөр төлөгч нь гэрээний 2.2 дахь хэсэгт заасан хугацаанд зээлийн гэрээний төлбөрийг бүрэн төлж дуусаагүй тохиолдолд үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг Төлбөр хүлээн авагчид төлнө гэх тохиролцоо нь Иргэний хуулийн Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.1 дэх хэсэгт Хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тал хууль болон гэрээнд зааснаар нөгөө талдаа төлөх ёстой мөнгөн төлбөрийг анз гэнэ гэж, 232.6 дахь хэсэгт Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус заасантай нийцжээ.

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь зээлийг 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн дотор зохих ёсоор төлөх үүргээ биелүүлээгүй бол хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх үүрэг хүлээсэн байна. 

7.1. Хариуцагчийн зээлийн төлбөр төлөх хугацаа 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр дууссан тул уг өдрөөс нэхэмжлэл гаргасан 2025 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүртэл 45 хоногийн алданги 6,300,000 төгрөг /28,000,000 х 0.5% = 140,000 х 45/ болж байгаа учир хариуцагч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар алдангид 6,300,000 төгрөг төлөх үүрэгтэй.

 

8. Дээрхийг нэгтгээд хариуцагч нь үндсэн зээл 28,000,000 төгрөг, алданги 6,300,000 төгрөг, нийт 34,300,000 төгрөгийн үүргийг биелүүлээгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрт энэ хэмжээгээр нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 02 дүгээр сарын 23-ны өдрийн 191/ШШ2026/02701 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 281 дүгээр зүйл 281.1 дэх хэсэг, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт зааснаар хариуцагч *******хххээс 34,300,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 39,200,000 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтын 297,950 төгрөг гэснийг 329,450 төгрөг гэж тус тус өөрчлөн, бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 385,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

 

 

ШҮҮГЧИД Ч.МӨНХЦЭЦЭГ

 

 

Н.ОЮУНТУЯА