Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 05 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/01098

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Н.Оюунтуяа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 197/ШШ2026/08036 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

Хариуцагч: “*******” ХХК-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: үүргийн гүйцэтгэлд 9,008,437 төгрөг гаргуулах тухай үндсэн, алдангид 15,840,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******/цахим/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анужин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч “*******” ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 9,008,437 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шаардлагын үндэслэлээ “...ажил гүйцэтгэгч 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр барилгын ажлыг бүрэн гүйцэтгэж хүлээлгэн өгсөн, захиалагч барилгын ажил гүйцэтгэх гэрээний 4.1-д заасны дагуу нийт 40,037,500 төгрөг төлөх байснаас 34,031,875 төгрөг төлсөн ба үлдэгдэл төлбөр буюу гэрээний нийт дүнгийн 15 хувь болох 6,005,625 төгрөг, мөн тус гэрээний 7.2-т заасны дагуу гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн алдангид 3,002,812 төгрөг, нийт 9,008,437 төгрөг гаргуулна...” гэж тодорхойлсон.

2.1.Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...гүйцэтгэгч нь гэрээнд зааснаар ажлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл нийт 31 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөх үүрэг хүлээсэн боловч уг хугацааг 336 хоногоор хэтрүүлсэн, мөн ажлын үр дүнг акт үйлдэж хүлээлгэн өгөөгүй тул үлдэгдэл төлбөрийг төлөхгүй...” гэж маргаж, улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэгчид холбогдуулан нэхэмжлэгчийг барилгын ажлын үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг нийтдээ 336 хоногоор хэтрүүлсэн үндэслэлээр талуудын байгуулсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д заасныг баримтлан гэрээний нийт үнийн дүнгээс тооцож алдангид 15,840,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан ба сөрөг нэхэмжлэлийг нэхэмжлэгч эс зөвшөөрч маргажээ.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон зохигчийн тайлбарыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.“*******” ХХК нь “*******” ХХК-тай 2023 оны 06 дугаар сарын 29-ний өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, уг гэрээгээр ажил гүйцэтгэгч буюу “*******” ХХК нь Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэгт байрлах “Мишээл Сити” төвийн дотор байршилтай, үйлчилгээ, дэлгүүр, худалдааны зориулалттай талбайн гадна фасад угсралт, заслын ажил болон тус гэрээний хавсралт үнийн саналд заасан бусад ажлыг гэрээнд заасан хугацаанд, чанарын түвшинд хийж гүйцэтгэх, захиалагч “*******” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, түүнд ногдох ажлын хөлс буюу ажлын хөлсийг тодорхой хуваарийн дагуу хэсэгчлэн төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 11-20 дугаар тал/

Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

3.2.“*******” ХХК нь Худалдаа хөгжлийн банк дахь өөрийн эзэмшлийн ******* тоот данснаас 2023 оны 06 дугаар сарын 30-ны өдөр “ГЭРЭЭНИЙ ҮНЭ ******* ХХК” гэх гүйлгээний утгатайгаар 28,026,250 төгрөг, 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “ЗАСЛЫН АЖИЛ УРЬДЧИЛГАА ******* ХХК” гэх гүйлгээний утгатайгаар 6,005,625 төгрөг, нийт 34,031,875 төгрөгийг “*******” ХХК-ийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн, уг үйл баримтад зохигч  маргаагүй. /хх-ийн 25-27 дугаар тал/

 

4.Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.2-т тус тус зааснаар ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь гэрээнд заасан ажлыг гүйцэтгэж, ажлын үр дүнг захиалагчид хүлээлгэн өгөх, захиалагч “*******” ХХК нь гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон ажлын хөлсийг төлөх үүрэгтэйгээс гадна гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна.

Талууд хэдийгээр ажлын үр дүнг акт үйлдэж хүлээлцсэн талаар баримт хэрэгт авагдаагүй байх боловч нэхэмжлэгчийн гүйцэтгэсэн ажлыг хариуцагч 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсан агуулгаар тайлбар гаргасан тул нэхэмжлэгчийг гэрээ болон Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т заасан үүргээ биелүүлсэн гэж үзнэ. /хх-ийн 36-37, 92 дугаар тал/

Иймд анхан шатны шүүх хариуцагч “*******” ХХК-аас гэрээнд заасан ажлын хөлсний үлдэгдэлд 6,005,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д нийцсэн байх тул хариуцагчийн төлөөлөгчийн “...нэхэмжлэгч нь ажлын үр дүнг хүлээлгэн өгсөн гэдгээ нотлоогүй, хэрэгт ажлын үр дүнг хүлээлцсэн талаарх нотлох баримт авагдаагүй байхад анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэх агуулгаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

5.Харин анхан шатны шүүх “талуудын хооронд байгуулагдсан барилгын ажил гүйцэтгэх гэрээний хугацаа талуудын хүсэлтээр сунгагдсан” гэж буруу дүгнэсний улмаас хариуцагч “*******” ХХК-аас алдангид 3,002,812 төгрөг гаргуулсан нь үндэслэл бүхий болоогүй байна.

5.1.Учир нь, ажил гүйцэтгэх гэрээгээр талууд гүйцэтгэх ажлын хэмжээ, хугацааг тохиролцсон байх ба ажил гүйцэтгэгч “*******” ХХК нь гэрээнд заасан ажлыг 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрөөс эхлэн 2023 оны 08 дугаар сарын 03-ны өдрийг хүртэл, хуанлийн 31 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөхөөр тохиролцсон.

Гэвч нэхэмжлэгч “*******” ХХК нь ажлын үр дүнг 2024 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээлгэн өгсөн, үүнд хариуцагч “*******” ХХК-ийн буруутай үйл ажиллагаа болон хүндэтгэн үзэх шалтгаан нөлөөлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул нэхэмжлэгчийг гэрээгээр тогтоосон хугацааг хэтрүүлсэн гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Өөрөөр хэлбэл, үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч “*******” ХХК нь уг талбайн гадна фасад, заслын ажлыг гэрээнд заасан хугацаанд хийж гүйцэтгэн хүлээлгэн өгөөгүй, үүрэг гүйцэтгэхээр тогтоосон хугацааг өөрөө хэтрүүлсэн байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т зааснаар алданги шаардах эрхээ алдана.

5.2.Мөн талууд харилцан тохиролцож ажил гүйцэтгэх хугацааг сунгаж байсан, хариуцагчийн хүсэлтээр ажлыг зогсоож байсан талаарх баримт хэрэгт авагдаагүй, нэхэмжлэгч тал энэ талаар гаргасан татгалзал, тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлоогүй. Энэ талаарх хариуцагчийн төлөөлөгчийн “гүйцэтгэгч барилгын ажил хийж гүйцэтгэх, үр дүнг хүлээлгэн өгөх хугацааг хэтрүүлсэн, захиалагч нь ажил гүйцэтгэх хугацааг сунгаж байгаагүй ба ямар баримтад үндэслэн захиалагч гэрээний хугацааг сунгаж ирсэн байна гэж шүүх дүгнэсэн нь ойлгомжгүй” гэх агуулгаар гаргасан гомдол үндэслэлтэй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар хариуцагчаас алдангид 3,002,812 төгрөг шаардах эрхгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас алдангид 3,002,812 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

6.Сөрөг нэхэмжлэлийн шаардлагын тухайд, нэхэмжлэгч “*******” ХХК-аас алдангид 15,840,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “*******” ХХК-ийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл нь зөв байх боловч давж заалдах шатны шүүхээс энэ талаарх шүүхийн дүгнэлтийг залруулан, доорх байдлаар өөрчилж дүгнэлээ.

6.1.Ажил гүйцэтгэх гэрээний 7.1-д “Гүйцэтгэгч энэхүү гэрээний 5.1-д заасан хугацаанд барилгын ажлыг эцэслэн дуусгаагүй бол гэрээний нийт үнийн дүнгийн 0,5 хувиар хоног тутам тооцож алдангийг захиалагчид төлөх буюу захиалагч гэрээний төлбөрөөс суутган тооцно.” гэж заасан алдангийн талаарх тохиролцоо нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д нийцээгүй байна.

Тодруулбал, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д “Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ.” гэж заасанд нийцүүлэн талууд алдангийг гэрээний нийт үнийн дүнгээс бус хугацаа хэтрүүлсэн талын гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгээс алдангийг тохиролцон, тогтоох учиртай.

6.2.Түүнчлэн, хариуцагч “*******” ХХК нь төлбөр төлөх үүргээ бүрэн биелүүлээгүй атлаа нэхэмжлэгчээс алданги шаардсан нь Иргэний хуулийн 224 дүгээр зүйлийн 224.2.3-т заасантай нийцээгүй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь гэрээ болон хуульд заасан үүргээ бүрэн биелүүлээгүй нөхцөлд дээрх зүйлд зааснаар гэрээний хариуцлага болох алданги шаардах эрхээ алдана.

Иймд дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлын сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангуулах хэсгийг хүлээн авахгүй.

7.Ийнхүү анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад хариуцагч “*******” ХХК-аас ажлын хөлсний үлдэгдэлд 6,005,625 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх алдангид 3,002,812 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна. Үүнтэй холбоотойгоор шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад улсын тэмдэгтийн хураамжийн хуваарилалтад мөн зохих өөрчлөлт орно.

 

8.Дээрх үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 197/ШШ2026/08036 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтын “...9,008,437...” гэснийг “6,005,625” гэж, “...олгосугай.” гэснийг “олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,002,812 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж,

 

2 дахь заалтын “...56.1...” гэснийг “56.2” гэж, “...159,085 төгрөг гаргуулж...” гэснийг “111,040 төгрөг гаргуулж” гэж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчийн төлөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 282,193 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН

 

                      ШҮҮГЧИД                                    Н.ОЮУНТУЯА

 

                                                                                                   Ч.МӨНХЦЭЦЭГ