| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Дашдоржийн Цэцэгээ |
| Хэргийн индекс | 173/2019/00131/э |
| Дугаар | 140 |
| Огноо | 2019-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | У.Анхжаргал |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 140
Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,
Улсын яллагч У.Анхжаргал,
Шүүгдэгч Ч.Б, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овгийн Ч.Б-д холбогдох 1926002060127 дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Ч.Б.
Үйлдсэн хэргийн талаар:
Шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн иргэн Д.Т-н гэрийн гадаа Д.Б толгойн тус газар нь шилэн стеканаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүгдэгч Ч.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Д.Т-д очсон чинь хүмүүс архи, пиво ууж байсан. Тэгээд би тэрнээс нь уусан. Удалгүй Т.Б, Д.Б хоёр ирсэн. Сумын төв яваад өгөөч гэхээр нь би сумын төв явж өгсөн. Бид 2 юунаас болж маргаснаа санахгүй байна. Нэг харсан чинь Д.Б толгойноос цус гарсан байсан. Д.Б-с болон гэр бүлийнхнээс нь уучлалт гуйж байна.” гэв.
Хохирогч Д.Б мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой 21 цагийн үед Д.Т гэдэг айлд өөрийн мотоцикльтой очиход гэрт нь Д.Т, эхнэр Д.Г, Ч.Б, Ш.Б, Т.Б нар пиво уугаад сууж байсан. Тэгээд 2.5 л “Нийслэл” нэртэй 3 сав пиво уучихаад Ч.Б, Т.Б бид гурав Т.Б-н “Портер” маркийн машинаар шөнийн 00 цагийн орчимд сумын төвийн урд гуанз ороод 1 шил архи, “Нийслэл” нэртэй 2 том пиво аваад Д.Т гэх айлд буцаж очоод архи, пивоо ууцгаасан. Би согтоод дотор муухайраад байхаар нь пивоноос уулгүй гэрийн зүүн талд нь газар унтаад өгсөн. Тэгээд шөнийн 02 цагийн үед би яах гэж явснаа мэдэхгүй байгаа юм. Нэг мэдсэн чинь миний толгойноос цус гараад байсан. Тэгээд л сэргэсэн чинь гүйцээчихье гээд Ч.Б-н дуу байх шиг байсан. Тэгээд цус гараад тогтохгүй байхаар нь сумын төвийн эмнэлэг рүү Т.Б-н “Портер” маркийн машинаар Ш.Б бид гурав явсан. Батжаргал эмч ирж үзээд 5 оёдол тавьсан. Тэгээд эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлээд гарсан. Ч.Б бид 2 хэрэлдэж маргалдсан зүйл байхгүй. Юунаас болоод цохьсон талаар сайн мэдэхгүй байгаа. Тухайн үед би согтуу байсан. Хүмүүсийн ярианаас сонсоход шилэн аягаар цохьсон гэж байсан. Бид хоёр нөхөрлөөд 20 гаран жил болж байна. Энэ хугацаанд хэрэлдэж маргалдаж байсан зүйл байхгүй. Одоогоор миний толгой хэсгийн оёдол тавиулсан хэсэгт жирвэлзэж өвдөнө. Өөр зовиур байхгүй. Би зүгээр байж байгаад толгой хэсэгтээ гэмтэл авсан болохоор гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Эмчилгээнд гарсан зардлаа нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 5-6 хуудас/,
Хохирогч Д.Б-н мөрдөн байцаалтанд дахин өгсөн “... Би Ч.Б-с эмчилгээний зардал болох 3000000 төгрөгийг нэхэмжилж байна. Би Өвөрхангай аймгийн ******* сумын хүн эмнэлэгт 7 хоног эмчилгээ хийлгэсэн. Өөр эмчилгээ хийлгээгүй. Харин Улаанбаатар хотын 3 дугаар эмнэлэгт 2 удаа явж үзүүлсэн. Тэгж явахдаа 1000000 орчим төгрөг зарцуулсан. Баримт байхгүй бүрдүүлээгүй. Намайг эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад бэлэн мөнгө өгөөгүй. Харин дусал, шингэн авч өгсөн. Хэдэн төгрөг болсныг нь мэдээгүй. Би гомдолтой байна. Хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. Миний бие зүгээр байж байгаад гэнэт өвдөөд ямар нэгэн байдлаар хагалгаанд орох болон эмчилгээ хийлгэх болсон тохиолдолд цаашид гарах зардлыг гаргуулан авах баталгаа гаргуулж авмаар байна. 2019 оны 08 дугаар сард дахин эмнэлэгт үзүүлнэ. Одоо мотоцикль болоод ширүүн донсолгоотой замаар явах үед толгойн зүүн хэсэг хөндүүрлэнэ, өөр зовиур байхгүй. Би шүүх хуралд өөрийн биеэр оролцоно.” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 7-8 хуудас/,
Гэрч М.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнө 03 цаг 50 минутын орчим эмнэлгийн сувилагч Г “толгойгоо хагалуулсан хүн ирээд цус нь тогтохгүй байна, та ирээд үзээч” гэсний дагуу ирэхэд Д.Б-н духны хэсэгт 4 см орчим урттай хурц ирмэгтэй зүйлээр зүсэгдсэн байж болзошгүй шарх үүсэж тус шархнаас гарч байгаа цус тогтохгүй, их хэмжээгээр урсаж, даралттай гарч байсан. Мөн 0.3-0.5 см хэмжээтэй өнгөц шарх 3 ширхэг үүссэн байдалтай, цус бага зэрэг гарч байсан. Том шарханд 4 ширхэг оёдол, жижиг шарханд 1 оёдол тавьж цусыг тогтоож даралттай боолт хийсэн, артерийн даралт 120/80, пульс 102 байсан, өөр шарх сорви байхгүй байсан. Д.Б өөрөө согтуу байсан, ухаан алдаж шоконд орсон зүйл байгаагүй, босгоод явуулахад хөлийн тэнцвэр алдаж гуйвж байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж архи үнэртэж байсан. Д.Б-н биеийн байдал дунд зэрэг ухаан саруул, орчиндоо хэвийн харилцаатай, асуултанд зөв тодорхой хариулна. Хөл гарын булчингийн тонус хэвийн, мэдэрхүй хэвийн байна. Толгойн өвдөлт ихтэй, зүүн нүд бүрэлзэж хараа сул харагдана. Зүүн нүд хавдартай, зовхи бүрэн нээгдэхгүй байгаа. Духны зүүн дээд хэсэгт үүссэн шарх нь судас тасарсан байсны улмаас цус ихээр гарч байсан. Дан судсанд оёдол тавиагүй. Духны урагдсан арьс булчинг битүүлж оёсоноор цус тогтсон. Д.Б-н хувьд 4-5 хоног хэвтрийн дэглэм сахиж биеийн байдал ажиглаж эмчилгээ явуулах шаардлагатай. Цаашид тархины KTГ-н зураг авахуулах шаардлагатай. Д.Б гэмтэл авснаас хойш намайг үзэх хүртэл 40 минут орчимд цус байнга гарч байсан ба намайг үзэх үед гарч байгаа цус нь их хэмжээгээр урсан гарч өмсөж явсан хувцас цусаар бохирлогдож, тарианы өрөөний шалан дээр цус их хэмжээтэй тунасан, эмнэлгийн шат, хана цусаар бохирлогдсон байсан. Оёдол тавих үед цус тогтохгүй гарч байсан учраас цус их хэмжээгээр алдсан байх магадлалтай ба цусыг хэмжих боломжгүй, цус алдалтын 1 дүгээр зэрэг байна гэж үзсэн. Түүнээс цус алдалтаас болж шокийн байдалд ороогүй. Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. Ярьсан зүйл бүгд үнэн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 11-12 хуудас/,
Гэрч Т.Бын мөрдөн байцаалтанд өгсөн ”...Д.Т гэх айлд буцаж очоод архи ууж байтал Ш.Батсайхан унтаад өгсөн. Тэр үед Ч.Б Д.Б-нг “чи яагаад худлаа унтаад байгаа юм бэ” гэсэн чинь Д.Б босож ирээд Ч.Быг мөр хэсэгт нь толгойгоороо мөргөх шиг болсон. Тэгтэл Ч.Б архи уух гээд барьж байсан шилэн бариултай стаканаар толгой хэсэгт нь нэг удаа цохих шиг болсон. Өөр цохиогүй. Тэгтэл Д.Б-н зүүн гар талын хөмсөг хэсгээс цус гараад тогтохгүй болохоор нь Ш.Б бид хоёр Өвөрхангай аймгийн ******* сумын эмнэлэгт үзүүлэхэд толгой хэсэгт нь хэд хэдэн оёдол тавьж байсан. Тэгээд Д.Б-нг эмнэлэгт хэвтүүлээд Ш.Б бид 2 хөдөө гэр рүүгээ үүр цайхын алдад харьцгаасан. Д.Б, Ч.Б нар нь юунаас болж маргалдсан гэдгийг би сайн мэдээгүй. Ярианаас нь сонсож байхад Д.Б-н дүүгийнх нь малд нэг ямаа байсныг хэлээгүй гээд түүнээс болж маргаан үүссэн байх. Д.Б Ч.Быг цохиогүй. Тухайн үед Д.Т эхнэртэйгээ унтаж байсан. Зодоон болох үед сэрээд юу болсон гээд байсан. Д.Т согтуу, эхнэр нь эрүүл байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн13-14 хуудас/,
Гэрч Ш.Бгийн мөрдөн байцаалтанд өгсөн ”...Д.Б Д.Тын гэрийн зүүн хойд талд нь газар унтаж байсан ...Гэтэл шөнийн 02 цагийн орчимд Д.Б гэрийн зүүн хойноос босож ирээд гэрийн баруун талаар тойроод баруун урд талын хатавчинд сууж байсан Ч.Быг “чи яагаад байгаа юм” гээд бариад авах шиг болсон. Гэгтэл Д.Б-н толгой хэсгээс цус гараад тогтохгүй байхаар нь Т.Бын машиныг жолоодоод Б хамт Д.Б-нг аваад шууд Өвөрхангай аймгийн ******* сумын төвийн эмнэлэг дээр ирсэн. Тухайн үед Ч.Быг Д.Б-н толгой хэсэгт юугаар цохьсон талаар мэдээгүй. Дараа нь хүмүүсийн ярианаас мэдсэн. Хэрүүл маргаан болох зүйл байгаагүй. Би архи уусан байсан болохоор сайн санахгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16-17 хуудас/,
Гэрч Д.Г-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Д.Б манай гэрийн зүүн хойно газраар унтаад өгч байгаа бололтой байсан. Ш.Б, Ч.Б, Т.Б гурав архи уугаад сууж байсан. Тэгээд би ч унтаад өгсөн байсан. Нэг мэдсэн Д.Б амандаа үглээд босоод гэрийн баруун талаар тойроод Ч.Быг бариад авах шиг болсон. Тэгтэл барилцаад босч ирээд түс, тас гээд чимээ гараад явчихаар нь юу болоод байна гээд босоод иртэл бариултай шилэн стакан хагарчихсан, Д.Б-н толгой хэсгээс цус гараад байсан. Би та хэд эмнэлэг яв гээд Ш.Б, Т.Б хоёртой Д.Б-нг явуулсан юм. Д.Б Ч.Быг цохиж байхыг хараагүй. Хэрүүл маргаан болохоор зүйл болоогүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 18 хуудас/,
Гэрч Д.Т-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр “ Шаварт” гэх газраас отроор нүүгээд “Нарийны ташхай” гэх газар буугаад гэрээ барьж дуусаад мал руугаа явж тууж гэртээ ирсэн. Тэгсэн Алтанхуяг, Эрдэнэсайхан хоёр 4 том пиво аваад ирсэн. Тэгээд тэр пивонуудыг уугаад байснаа санаад байгаа юм. Би түүнээс хойш тасраад унтаад өгсөн байсан. Маргааш өглөө нь сэрсэн чинь манай эхнэр Ч.Б, Д.Б нар шөнө ирээд хоорондоо зодоон хийгээд Д.Б эмнэлэг явсан гэж ярьж байсан. Болсон үйл явдлын талаар надад мэдэх зүйл байхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 19 хуудас/,
Шүүгдэгч Ч.Б-н мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн ”...2019 оны 04 дүгээр сарын 28-ны орой 23 цагийн орчим би Д.Т гэх саахалт айлынд буугаад гэрт нь байж байхад Д.Б ирсэн. Дараа нь Т.Б ирээд Д.Б, Т.Б хоёр намайг сум ороод архи, пиво аваад ирмээр байна гэхээр нь би эрүүл байсан болохоор Т.Бын “Портер” маркийн машиныг унаад Өвөрхангай аймгийн ******* сумын төвийн урд гуанз ороод Пагам гэх айлаас 2.5 литрийн гурван сав “Нийслэл” нэртэй пиво, 0.5 литрийн нэг шил “Соёрхол” нэртэй архи аваад Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “Нарийны ташхай” гэх газар саахалтын Д.Т гэдэг айлд 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 01 цагийн үед очоод архи, пивоо уусан. Д.Б гэрийн зүүн хойд хэсэгт унтаж байсан, би гэрийн баруун хойд хэсэгт Т.Б, Ш.Б хоёртой архи, пиво угаад сууж байсан чинь 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн үед Д.Б босож ирээд “чи яасан том гөлөг вэ” гээд над руу дайраад мөргөх гэхээр нь би баруун гартаа барьж байсан архитай шилэн стаканаар толгой хэсэгт нь цохьсон чинь Д.Б-н толгой хэсгээс цус гараад хагарсан байсан. Миний барьж байсан аяга хагараад миний баруун гарын алга хэсэгт шигдсэн байсан. Д.Б-н толгойноос цус нь гоожоод тогтохгүй байхаар нь сумын төв рүү эмнэлэгт үзүүл гээд Д.Б, Т.Б, Ш.Б гурвыг явуулсан, сумын төвийн эмнэлэгт 6 ширхэг оёдол тавиулсан гэж байсан. Д.Б бид хоёрт ямар нэг өс хонзон, өр авлага болон хувийн таарамжгүй харьцаа байхгүй. Өөрийн үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрч байна. Миний буруу. Дотны найзынхаа толгой хэсэгт стаканаар цохиж гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Д.Б-нг эмнэлэгт хэвтэж байхад нь эмчилгээнд нь шаардлагатай гэсэн шингэн болон эм тариа 80000 гаран төгрөгөөр авч өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 31-34 хуудас/,
Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн №263 дугаартай:
1. Үзүүлэгч Д.Б-н биед дух, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн нүдний дээд
зовхи, зүүн хацарын товгор хэсэгт шарх, зулгаралт, баруун, зүүн ухархай ясны хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтлүүдийн дух, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын төвгөр хэсэгт шарх, зулгаралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Баруун, зүүн ухархай ясны хугарал нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсээгүй хуучин гэмтэл байх боломжтой.
4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 хуудас/,
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 1926002060127 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 26-27 хуудас/,
Шүүгдэгч Ч.Бын хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 79 дугаартай тодорхойлолт /хх-35/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-36/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-37 хуудас/,
Өвөрхангай аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төвд хохирогч Д.Б-н хэвтэж эмчлүүлсэн №93/20 дугаартай өвчний түүх /хх-ийн 63-70 хуудас/,
Хохирогч Д.Б-н шүүхэд ирүүлсэн “...Гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Сайн дураараа эвлэрсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан эм тарианы мөнгө өгсөн. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэсэн хүсэлт” зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.
Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Б нь согтуурсан үедээ 2019 оны 04 дүгээр сарын 29-ний шөнийн 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн “*******” гэх газар оршин суух Д.Тын гэрт Д.Б-н толгойн тус газар нь шилэн аягаар цохиж, эрүүл мэндэд нь “дух, зүүн хөмсөг, зүүн чамархай, зүүн нүдний дээд зовхи, зүүн хацрын товгор хэсэгт шарх, зулгаралт бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Б /хх-5-8/, гэрч М.Батжаргал /хх-11-12/, Т.Б /хх-11-12/, Ш.Б /хх-16-17/, Д.Г /хх-18/ нарын мэдүүлгүүд, Ч.Бын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-31-34/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн №263 дугаартай дүгнэлт /хх-28/, шүүгдэгч Ч.Б-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, шүүгдэгч Ч.Б-н дээрх үйлдэл нь эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг мөн бөгөөд мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч Ч.Б нь хохирогч Д.Б-н толгойн тус газар нь шилэн стаканаар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээж мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь хохирогч Д.Б, гэрч М.Батжаргал, Т.Б, Ш.Б, Д.Г нарын мэдүүлэг, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 263 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар давхар нотлогдож байна.
Шүүгдэгч Ч.Бт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Шүүхээс шүүгдэгч Ч.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн гэсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүгдэгч Ч.Бт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр тогтоох шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Ч.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,
Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овгийн Ч.-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Ч.Б-г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу таван зуун мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.Бт шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Ч.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсуай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.