Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2026/00278

 

 

 

*******, *******нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09092 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, *******нар,

 

Хариуцагч: *******, ******* нарт холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 7,711,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, *******, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч *******ийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.*******нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны замд Тоёота альфард маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явж байхад иргэн ******* нь Тоёота приус 20 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчиж зам тээврийн осол гаргасан.

1.2.Уг осол гаргасан Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл нь жолоодож явсан *******ын төрсөн эх *******ийн өмчлөлд байх тул түүнийг хамтран хариуцагчаар татсан. “*******” ХХК-ийн үнэлгээгээр тээврийн хэрэгсэлд 11,502,000 төгрөгийн эвдрэл гэмтэл тогтоогдсон.

1.3.Иймд үнэлгээгээр тогтоогдсон 11,502,000 төгрөг, үнэлгээний төлбөр 765,000 төгрөг, журмын хашааны төлбөр, Морингийн даваанаас Улаанбаатар хот хүртэл ачилтын хөлс 274,000 төгрөг, журмын хашаанаас оношилгоо хүртэл ачилтын төлбөр 120,000 төгрөг, “*******” оношилгооны төлбөр 50,000 төгрөг, нийт 12,711,000 төгрөг, үүнээс даатгалаас авсан 5,000,000 төгрөгийг хасаад 7,711,000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагч *******ийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Миний хүү ******* нь 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр ажлаа тараад гэр рүүгээ харих замдаа зам тээврийн осолд орж хүнд бэртэл авч, түргэнээр эмнэлэгт хүргэгдэж 10 гаруй хоног эмнэлэгт ухаангүй байсан. Миний хүү ухаан орж сэргэсэн боловч биеийн байдал хүнд хэвээр, биеийн баруун тал мэдээгүй, ой санамж гүйцэд сэргээгүй байгаа тул үргэлжлүүлэн эмчилгээ хийлгэж, эмчийн хяналтад байна.

2.2.Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд бидний зүгээс 12,711,000 төгрөгийг төлөх боломжгүй. Тухайн үед машинд сууж явсан нэхэмжлэгч талын хүргэн Д.Гантулга нь осолд орсны дараа төрсөн дүү н.*******тээ “...хадмуудтайгаа явж байгаад осолд ороод үхэх дөхлөө, ...хүргэн нь машиныг барьж явсан, манай ах, хүргэн хоёр нь хоёулаа архи уучихсан байсан” гэж хэлсэн байсан. Тэгэхээр машиныг нэхэмжлэгч *******барьж яваагүй, эрэгтэй хүн жолоодож явсан.

2.3.Миний бие өрх толгойлсон 5 хүүхэдтэй хүн. Том хүү минь осолд орж асаргаанд орсон. Надад даатгалаас авсан 5,000,000 төгрөгөөс өөр мөнгө өгөх ямар ч боломж байхгүй. Миний бие 10 гаруй хоног хүүхдээ эмнэлэгт сахиад хэцүү нөхцөлд байхад нэхэмжлэгч нь мөнгөө нэхэж залгадаг байсан. Нэхэмжлэгч нарыг хүнлэг байгаасай гэж хүсэж байна гэжээ.

 

3.Хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

3.1.Хариуцагч *******ын биеийн байдал хүнд байсан. Гэмтлийн дараа тархины эдийн няцралтай байсан. Шимэгдээд шимэгдээд эдгэхгүй байгаа. ******* тухайн үед жолоо барьж явсан. Өөрийнхөө амь насыг эрсдүүлэх үйлдлийг хийгээгүй. Зөвхөн *******ыг буруутгасан дүгнэлт гаргасанд гомдолтой байгаа. *******ыг зам тээврийн осолд буруугүй гэж үзэж байна. Хэргийн үнэн зөв, бодит байдлыг тогтоогоогүй. Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******биш эрэгтэй, согтуу хүн барьж явсан байх магадлалтай.

3.2.Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

4.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч *******аас гэм хорын хохиролд 3,855,500 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэл, хариуцагч *******т холбогдох *******ын нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 218,326 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 76,638 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож шийдвэрлэжээ.

 

5.Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

5.1.Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэхэмжлэгч *******д хариуцуулсан 3,855,500 төгрөгт холбогдох хэсгийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Жолооч *******нь гэм буруутай нь тогтоогдоогүй учраас хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан. Өөрөөр хэлбэл, тухайн гэм хор учрахад хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн талаарх баримт хэрэгт авагдаагүй, тус зөрчлийг хянан шийдвэрлэсэн прокурорын тогтоол болон холбогдох зөрчлийг шалган шийдвэрлэсэн материалд энэ талаар огт тусгагдаагүй байна. Гэтэл анхан шатны шүүх түүний гэм буруу тогтоогдоогүй байхад нотлогдоогүй үйл баримтын талаар замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, жолооч *******д хохирлыг 50 хувиар хариуцуулах дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

5.2.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй.” гэж, 499.4-т “Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй.” гэж тус тус заасан.

Шүүх хуралдаанд хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийг өөрөө худалдан авч банк бус санхүүгийн байгууллагын зээлийг төлж дуусгасан болон өөрийн хүү ******* нь түүний зөвшөөрлөөр тухайн тээврийн хэрэгслийг жолоодон явсан талаар тайлбар гаргасан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэртээ тээврийн хэрэгслийн өмчлөгч нь ******* байх талаар дүгнэсэн атлаа “хариуцагч *******ийг гэм хорын хохиролд гэм буруугүй” гэж дүгнэж, түүнд холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн дээрх зохицуулалтыг зөрчсөн.

5.3.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6.Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

6.1.Хариуцагч ******* нь тээврийн хэрэгслийн өмчлөгч биш болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогддог. Тухайн үед тээврийн хэрэгслийн эзэмшигч нь ******* байсан. ******* нь энэ хэрэгт хамааралгүй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын гомдол үндэслэлгүй.

6.2.Тухайн асуудлыг эрх бүхий байгууллага тогтоож, хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан тогтоол хэрэгт авагдсан. Тухайн үед ******* нь тархиндаа хүнд гэмтэл авч, амь насанд нь аюултай байдалд орсон байсан. Тэрээр эрүүгийн болон зөрчлийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөл байдалд байсан. Гэтэл *******ыг оролцуулахгүйгээр эдгээр хэрэг шалган шийдвэрлэх ажиллагаа явагдсан байдаг. Нэг талын ажиллагаагаар хийгдсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг үндэслэж хууль зүйн дүгнэлт хийх боломжгүй. Мөн шүүхээс нэгэнт тогтоосон үйл баримт биш бөгөөд мөн нийтэд илэрхий баримт биш юм.

6.3.Хуульд буруугүй болохоо нотолсон тохиолдолд хариуцлагаас чөлөөлөхөөр заасан бөгөөд “хуульд зааснаас бусад тохиолдолд” гэж нэмэлт нөхцөлтэй байдаг. ******* нь хуульд заасан субъект биш.

6.4.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, *******нар нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан гэм хорын хохиролд 12,711,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар даатгалаас 5,000,000 төгрөг төлөгдсөн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа 7,711,000 төгрөг болгон багасгажээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ “....******* тухайн үед жолоо барьж явсан. Өөрийнхөө амь насыг эрсдүүлэх үйлдлийг хийгээгүй. Зөвхөн *******ыг буруутгасан дүгнэлт гаргасанд гомдолтой байгаа. *******ыг зам тээврийн осолд буруугүй гэж үзэж байна. Хэргийн үнэн зөв, бодит байдлыг тогтоогоогүй. Тээврийн хэрэгслийг нэхэмжлэгч *******биш эрэгтэй, согтуу хүн барьж явсан байх магадлалтай...” гэх агуулгаар тайлбарласан байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмын дагуу үнэлээгүй, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлаж хэрэглэсний улмаас хариуцагч *******т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжтой гэж үзлээ.

 

4.Хэрэгт авагдсан баримт болон талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдсон байна. Үүнд:

4.1.2024 оны 06 дугаар сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэр, Морингийн давааны замд *******ын жолоодож явсан Тоёота приус 20 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл *******гийн жолоодож явсан Тоёота альфард маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж зам тээврийн осол гарчээ.

 

4.2.Уг ослын талаарх гомдол, мэдээллийн дагуу Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулаад тухайн зам тээврийн осол нь Тоёота приус 20 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан *******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс шалтгаалж гарсан болохыг тогтоосон боловч Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэх гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 989 дугаар тогтоолоор хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзаж, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа хийлгэхээр Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтэст шилжүүлсэн байна. /хх-ийн 85-91, 101-102-р тал/

 

4.3.Ийнхүү Хан-Уул дүүргийн Замын цагдаагийн хэлтсээс хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулаад Тоёота приус 20 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.10-т “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.” гэж заасныг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан болохыг тогтоож, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0840663 дугаар шийтгэлийн хуудсаар *******ад Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар нэг зуун нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /хх-ийн 49-50, 54-55-р тал/

 

4.4.“*******” ХХК-ийн 2024 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлангаар *******ын эзэмшлийн Тоёота альфард маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эвдрэл, хохирлын үнэлгээг 11,502,000 төгрөгөөр үнэлжээ. /хх-ийн 92-97-р тал/

 

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.” гэж заасан ба уг хэсэгт зааснаар хариуцлага хүлээлгэхийн тулд гэм хор учруулсан этгээдийн буруутай үйлдэл, эс үйлдэл, түүний улмаас учирсан хохирол нарын хооронд шалтгаант холбоотой байхыг шаардана.

 

Хэрэгт авагдсан 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Зам тээврийн осол дээр тогтоосон акт, Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, 2024 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, 2024 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1226 дугаар Мөрдөгчийн магадалгаа, Тээврийн прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн 989 дугаар Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоол, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн Эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 0840663 дугаар Хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулах тухай шийтгэлийн хуудас зэрэг баримтаар уг зам тээврийн осол *******ын замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдлээс болж гарсан болох нь тогтоогдсон байна.

 

Хариуцагч *******ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч *******ын эзэмшлийн Тоёота альфард маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үүссэн хохирлыг 11,502,000 төгрөгөөр үнэлсэн, “*******” ХХК-аар үнэлгээ хийлгэсэн төлбөр 765,000 төгрөг, журмын хашааны төлбөр, Морингийн даваанаас Улаанбаатар хот хүртэл ачилтын хөлс 274,000 төгрөг, журмын хашаанаас оношилгоо хүртэл ачилтын төлбөр 120,000 төгрөг, “*******” оношилгооны төлбөр 50,000 төгрөг, нийт 12,711,000 төгрөгийн зардал гарсан, үүнээс даатгалаас төлсөн 5,000,000 төгрөг төлсөнд зохигч маргаагүй байна. 

 

Бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх болохыг Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зохицуулсан.  

 

Иймд хариуцагч *******ын буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгчид эд хөрөнгийн хохирол учирсан байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасны дагуу гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

6.Хариуцагч тал нь *******ын жолоодож явсан Тоёота приус 20 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр бүртгэлтэй байгаа талаар тайлбарлаж байгаа боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

 

Мөн хариуцагч ******* нь тухайн тээврийн хэрэгсэл түүний эзэмшилд бүртгэлтэй байж байгаад банк бус санхүүгийн байгууллагад барьцаалж зээл авсан, уг зээлээ төлж дуусгасан талаар тайлбарласан буюу түүний банк бус санхүүгийн байгууллагатай байгуулсан зээлийн гэрээний харилцаанаас дүгнэхэд ******* тухайн тээврийн хэрэгслийг эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдож байх тул хариуцагч ******* нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д зааснаар нэхэмжлэгчид учирсан гэм хорыг хамтран хариуцна.

 

Хариуцагч *******ын жолоодож явсан Тоёота приус 20 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь *******ийн өмчлөлд бүртгэлтэй байсан талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн боловч Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсний улмаас хариуцагч *******ийг гэм буруугүй үндэслэлээр үүргээс чөлөөлж, түүнд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь буруу болсон байна.

 

Иймд дээрх хуулийн зохицуулалтуудыг баримтлан хариуцагч *******, ******* нар нь нэхэмжлэгч *******ын хохирол нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хамтран хариуцах үүрэгтэй тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт хариуцагч *******, ******* нараас гэм хорын хохирол гаргуулсан өөрчлөлт оруулна.

 

7.Уг зам тээврийн осол гарахад хариуцагч ******* буруутай байгаа боловч Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д зааснаар хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн болгоомжгүй үйлдэл, эс үйлдэл нөлөөлсөн бол шүүх гэм хорын хэмжээг багасгах боломжтой бөгөөд энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн.

 

Өөрөөр хэлбэл, прокурорын болон цагдаагийн байгууллагын мөрдөн шалгах ажиллагааны явцад *******нь зам тээврийн осол гарахад буруугүй буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй болохыг тогтоож аливаа хариуцлага хүлээгээгүй байгаа боловч тэрээр Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна.” гэж, 12.2-т “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна.” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэж тус тус заасныг биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй байна.

 

Ийм учраас энэ нөхцөл байдал болон нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд учирсан хохирлын хэмжээг харгалзан анхан шатны шүүх Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг баримтлан гэм хорын хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгахгүй.

 

Энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын “...Гэтэл анхан шатны шүүх түүний гэм буруу тогтоогдоогүй байхад нотлогдоогүй үйл баримтын талаар замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчсөн гэж дүгнэлт хийж, Иргэний хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, жолооч *******д хохирлыг 50 хувиар хариуцуулах дүгнэлт хийсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна...” гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

8.Хэрэгт авагдсан тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр Тоёота альфард маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн эзэмшигчээр ******* нь бүртгэлтэй байх тул нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т нийцсэн. Тодруулбал, уг тээврийн хэрэгслийн эзэмшигчээр бүртгэлтэй этгээд болох ******* нь тээврийн хэрэгсэлд учирсан хохирлыг шаардах эрхтэй. /хх-ийн 6-р тал/

 

9.Иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд ирээгүй байх тул зохигчийн зөвшөөрлөөр иргэдийн төлөөлөгчийн эзгүйд шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.8-д нийцсэн байна.

10.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 3,855,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,855,500 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн өөрчлөлтийг оруулна.

 

11.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч талын гаргасан гомдлын зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 192/ШШ2025/09092 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

 

1 дэх заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 3,855,500 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 3,855,500 төгрөгт холбогдох хэсэг болон нэхэмжлэгч *******гийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 76,638 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Т.БАДРАХ

 

                              ШҮҮГЧ                                      Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                        Ч.МӨНХЦЭЦЭГ