Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 5628

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ  УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

 

Баянгол дүүргийн  22 дугаар хороо, Зүүн наран 17 дугаар гудамжны 94 тоотод оршин суух, эрэгтэй, регистрийн дугаар ШГ 56020111, Боржигон овогт Өлзийбаярын Одсүрэнгийн  хүсэлттэй

 

Ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

Шүүх хуралдаад: хүсэлт гаргагч Ө.Одсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга   Э.Отгончимэг  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Ө.Одсүрэн шүүхэд гаргасан хүсэлтэндээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Би 1974 оны 5 дугаар сарын 17-ны өдөр цэрэгт татагдаад  1975 оны 3 дугаар  сарын 1-ний өдөр өвчний учир цэргийн албанаас халагдаж биеэ эмчлүүлж эдгэрээд худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны нэгдлийн хүнсний баазад 1976 онд ачигчаар орж 1977 оны 2 дугаар сарын  5-ны өдөр хүртэл харуул хийж, энэ байгууллагад 1980 он хүртэл ажиллаж байсан.Одоо тэтгэвэрт гарахад бөөний худалдаанд орсон тушаал байгаа боловч ажлаас гарсан тушаал нь олдохгүй шалтгаанаар тэтгэвэрээ тогтоолгож чадахгүй байна.Иймд намайг худалдаа бэлтгэлийн яамны  бөөний худалдааны нэгдэлд  1976 оноос 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү гэв.

 

           Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад  ҮНДЭСЛЭХ нь:

 

Ө.Одсүрэн худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны нэгдэлд 1976 оноос 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл  ажиллаж байсан ажилласан байдлаа  тогтоолгох тухай хүсэлт гаргасан байх бөгөөд түүний хүсэлтийн заримыг хангаж  шийдвэрлэх боломжтой  байна.

 

Ө.Одсүрэн 1977 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны нэгдэлд харуулаар ажиллаж байсан болох нь Худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны нэгдлийн даргын 1987 оны 2 дугаар сарын 5-ны өдрийн 24 дугаартай ажилд авах шилжүүлэх тухай тушаал, гэрч Д.Бямбажав, П.Дорлиг нарын шүүхэд гаргасан тодорхойлолт, мэдүүлэг, гэрэл зураг зэрэг баримтуудаар  нотлогдож байна.

Худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны нэгдэлд гэрч Д.Бямбажав 1976 оны 7 дугаар сарын 10-ны өдрөөс1978 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл, гэрч П.Дорлиг 1974 оны 6 дугаар сарын 7-ны өдрөөс 1985 оны 3 дугаар сарын 1-ний өдөр хүртэл  тус тус ажиллаж байсан болох нь тэдний хөдөлмөрийн дэвтэрт хийгдсэн бичилтээс харагдаж байх тул Ө.Одсүрэнгийн бөөний худалдааны нэгдэлд харуулаар ажиллаж байсан байдлыг мэдэх боломжтой гэрчүүд байна гэж үзлээ.

 

Харин түүний 1976 оноос 1977 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны  нэгдэлд  харуулаар ажиллаж байсан гэх хугацаа нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдоогүй байх тул энэхүү хугацааг сэргээн тогтоох боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүд, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан Боржигон овогт Өлзийбаярын Одсүрэнгийн 1977 оны 2 дугаар сарын 5-ны өдрөөс 1980 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны  нэгдэлд  харуулаар ажиллаж байсныг сэргээн тогтоож, 1976 оноос 1977 оны 2 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл Худалдаа бэлтгэлийн яамны бөөний худалдааны  нэгдэлд  харуулаар ажиллаж байсан хугацааг сэргээн тогтоолгох тухай хүсэлтийг  хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-д зааснаар Ө.Одсүрэнгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр  үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг  дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэрийг зохигч гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

 

 

 

 

         ДАРГАЛАГЧ. ШҮҮГЧ                    З.ДОРЖНАМЖИН