| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намжилсүрэн Оюунтуяа |
| Хэргийн индекс | 197/2025/32270/И |
| Дугаар | 210/МА2026/00654 |
| Огноо | 2026-03-25 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 03 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00654
2026 03 25 210/МА2026/00654
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч С.Энхбаяр, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18299 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй
Хариуцагч: *******д холбогдох,
Хохирол 285,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******д холбогдуулан хохирол 285,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ ...Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж тээврийн хэрэгслийг мөргөж хохирол учруулсан гэж тодорхойлсныг хариуцагч эс зөвшөөрч, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд хохирол учраагүй, Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлд торгуулийн арга хэмжээ авагдсан гэж маргажээ.
3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт тус тус заасан журмын дагуу үнэлж, эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.
4. Хэрэгт авагдсан баримтаар, хариуцагч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 27-ны өдөр ****** улсын дугаартай Toyota prius маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 1.3, 10.1 дэх заалтуудыг тус тус зөрчиж, нэхэмжлэгч ******* жолоодож явсан ******* улсын дугаартай Honda маркийн тээврийн хэрэгслийг мөргөж гэмтэл учруулсан, уг зөрчилд *******д 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн ******* дугаар шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулсан байна. /хх-16-24х/
5. Хариуцагч ******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гаргасан гэм буруугийн талаар маргаагүй боловч ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд гэмтэл учраагүй гэх үндэслэлээр хохирлыг хариуцахгүй гэж маргасан.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж заасан.
5.1. *******-ийн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Автомашин техникийн үнэлгээний тайлан-аар нэхэмжлэгч ******* ******* улсын дугаартай Honda Acty маркийн тээврийн хэрэгслийн урд буфер зурагдаж халцарсан, зүүн урд булан гулзайсныг засварлахад 285,600 төгрөгийн зардал гарахыг тогтоосон. /хх-25-26х/
5.2. Хэрэгт авагдсан зам тээврийн ослын акт, хэмжилтийн бүдүүвчээр, хариуцагч нь нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн зүүн урд хэсгийг мөргөсөн, үнэлгээний тайлангаар нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийн буферын зүүн урд хэсэг зурагдаж халцарсан, зүүн урд булан гулзайсныг тогтоосон, мөн нэхэмжлэгч ******* нь замын цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөлдөө ...миний машины буруу талыг мөргөснөөс машины буруу талын дугуй дуугараад байгаа... гэж мэдүүлсэн зэргийг харьцуулан дүгнэхэд зам тээврийн ослын улмаас нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлд дээрх эвдрэл гэмтэл учирсан гэж үзэх үндэслэлтэй байна.
5.3. Анхан шатны шүүх хариуцагч *******гийн осол гаргасан буруутай үйлдлийн улмаас ******* тээврийн хэрэгслийн урд буфер зурагдаж халцарсан, зүүн урд булан гулзайсны зардал 285,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул хариуцагч *******гийн тээврийн хэрэгслийн дугуйтай холбоотой ямар нэгэн эвдрэл, гэмтэл учраагүй ... шүүх хэрэгт байгаа нотлох баримтыг бүрэн бодитой үнэлээгүй, өргөдөл, үнэлгээний тайлангийн гэмтэл өөр байхад нотлох баримтыг уялдаа, холбоос талаас нь үнэлээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.
Мөн гомдолд дурдсан хаяг, регистр буруу бичсэн, машины дугаарыг хольж бичсэн гэх техникийн шинжтэй алдаа нь шийдвэрийг хүчингүй болгох хууль зүйн үндэслэл болохгүйг дурьдах нь зүйтэй байна.
6. Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 197/ШШ2025/18299 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч *******гийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 9,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2-т зааснаар магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ
ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР
Н.ОЮУНТУЯА