Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00627

 

 

 

“*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй

 иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Ж.Лхагвасүрэн, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/02243 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “*******” ХХК,

 

Хариуцагч: *******т холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: зээлийн гэрээний үүрэгт нийт 12,365,727 төгрөг гаргуулах тухай тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******т холбогдуулан үндсэн зээлд 9,752,982 төгрөг, зээлийн хүүд 2,473,463 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 139,282 төгрөг, нотариатын зардалд 18,500 төгрөг, нийт 12,384,227 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба шүүх хуралдааны явцад нотариатын зардалд 18,500 төгрөг гаргуулах тухай шаардлагаасаа татгалзаж, зээлийн гэрээний үүрэгт нийт 12,365,727 төгрөг гаргуулахаар шаарджээ.

2.1.Хариуцагч ******* нь түүнд холбогдуулан гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар мэдсэн боловч “танилцах шаардлага байхгүй” гэж шүүхэд ирж нэхэмжлэлийг гардаж аваагүй, улмаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т заасан хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

 

3.Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон байна. Үүнд:

3.1.“*******” ХХК болон ******* нарын хооронд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр зээлдүүлэгч “*******” ХХК нь 19,000,000 төгрөгийг жилийн 34.8 хувийн, сарын 2.9 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч ******* нь зээл, зээлийн хүүг хуваарийн дагуу буцаан төлөх, ийнхүү төлөөгүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-ийн 11-15-р тал/

Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, уг гэрээ хүчин төгөлдөр талаар зөв дүгнэжээ.

3.2.Мөн талууд 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах фидуцийн гэрээ байгуулж, ******* нь өөрийн худалдан авсан Toyota Prius-XW30 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг “*******” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэхээр тохиролцсон байна. /хх-ийн 16-18-р тал/

3.3.Зээлийн мөнгөн хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн, мөн зээлдүүлэгчийн нэр дээр тээврийн хэрэгсэл шилжиж бүртгэгдсэн болох нь хэргийн баримтаар тогтоогдсон, уг үйл баримтад талууд маргаагүй.

 

4.Зээлдэгч ******* нь гэрээ байгуулснаас хойш үндсэн зээлд 9,247,018 төгрөг, зээлийн хүүд 11,496,394 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 651,542 төгрөг, нийт 21,394,954 төгрөг төлсөн болох нь хэрэгт авагдсан зээлийн тооцооллоор тогтоогдож байна. /хх-ийн 19, 20-21-р тал/

 

5.Хэрэгт авагдсан “зээлийн гэрээний мэдээлэл” гэх зээлийн эргэн төлөлтийн баримтаас харахад зээлдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөөгүй үүргийн зөрчил гаргасан байх ба үүргийн зөрчлөө арилгах талаар зээлдүүлэгч “*******” ХХК нь зээлдэгчид мэдэгдсэн боловч үр дүн гараагүй учраас зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д нийцжээ.

 

6.Талууд зээлийн эргэн төлөлтийн хуваариар зээлийн эргэн төлөлтийг тэнцүү төлөлттэйгөөр төлөхөөр тохиролцсон, хариуцагч ******* нь гэрээ байгуулснаас хойш 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацаанд эргэн төлөлтийн хуваарийн хугацааг удаа дараа хэтрүүлж, зээлийн эргэн төлөлтийг дутуу хийсэн, улмаар нэхэмжлэгч “*******” ХХК нь 2025 оны 06 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон зээл, зээлийн үндсэн хүү, нэмэгдүүлсэн хүүг тооцсон зээлийн тооцоолол нь үндэслэлтэй байх тул анхан шатны шүүх хариуцагч *******ийг зээлийн үүргээ биелүүлээгүй үндэслэлээр хариуцагчаас 12,365,727 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “*******” ХХК-д олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т тус тус нийцсэн байна.

Түүнчлэн хариуцагч ******* нь шүүхийн мэдэгдэх хуудсыг хүлээн авч, түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн тухай мэдсэн атлаа шүүхэд ирж нэхэмжлэл гардаж авах, улмаар хуульд заасан хугацаанд хариу тайлбар гаргах, өөрийн тайлбар, татгалзлаа нотлох байдлаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоогүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3-т тус тус зааснаар хэргийг шийдвэрлэсэн нь зөв.

Иймд анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж, хэргийн үйл баримт, маргааны зүйлийг зөв тогтоож, хэргийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хянан шийдвэрлэсэн байх тул хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7.Хариуцагч ******* нь нэхэмжлэлийн шаардлагатай холбоотойгоор анхан шатны шүүхэд хариу тайлбар гаргаагүй боловч давж заалдах гомдолдоо тооцооллын талаар маргасан буюу тооцооллыг зөвшөөрөхгүй байгаа талаар “өөрийнх нь төлсөн мөнгийг оролцуулан бодит тооцоолол гаргуулах” гэх агуулгаар гомдол гаргасан.

Дээр дурдсанчлан, нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагч *******ийн зээлийн төлбөрт төлсөн 21,394,954 төгрөгийг үндсэн зээлээс 9,247,018 төгрөг, зээлийн хүүгээс 11,496,394 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгээс 651,542 төгрөгийг тус тус хасаж тооцсон болох нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн зээл, зээлийн хүүгийн эргэн төлөлтийн тооцооллын баримтаар тогтоогдсон, уг зээлийн тооцоолол нь 2023 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Монголбанкны Ерөнхийлөгч, Санхүүгийн зохицуулах хорооны даргын хамтарсан А-106/298 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Мөнгөн хадгаламж, зээлийн хүүгийн хэмжээг бодох тооцоолол”-ын дагуу хийгдсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч ******* нь нэхэмжлэгч “*******” ХХК-ийн гаргасан зээлийн тооцооллыг эс зөвшөөрсөн агуулгаар гомдол гаргасан боловч ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа нь тодорхойгүйгээс гадна хариуцагчийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан тооцооллыг няцаасан тооцооллыг шүүхэд гаргаж өгөөгүй. Өөрөөр хэлбэл, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэх өөрийн тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

8.Харин нэхэмжлэгч “*******” ХХК нь хариуцагчтай байгуулсан зээлийн гэрээний дагуу шаардлага гаргасан байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийг фидуцийн гэрээнээс татгалзсан талаар шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад дурдсан нь буруу болжээ. Тодруулбал, нэхэмжлэгч нь фидуцийн гэрээтэй холбоотой шаардлага гаргаагүй буюу нэхэмжлэгч фидуцийн гэрээнээс татгалзсан агуулгаар гаргасан тайлбар нь нэхэмжлэлийн шаардлага биш учраас тогтоох хэсгийн 1 дэх заалтыг хассан өөрчлөлт оруулна. Үүнтэй холбоотойгоор тогтоох хэсгийн заалтуудын дугаарлалтыг өөрчилнө.

 

9.Мөн нэхэмжлэгч “*******” ХХК нь зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж, цуцлах хүртэлх хугацааны үүрэг шаардсан байхад анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримталсан нь буруу болсон байгааг залруулан уг заалтыг хасаж, харин нэхэмжлэгч зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлаад зээлийн төлбөрийг шаардсан учир мөн хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д заасныг баримталсан өөрчлөлт оруулах нь зүйтэй.

 

10.Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 197/ШШ2026/02243 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг хасаж,

2 дахь заалтыг “1” гэж дугаарлан, уг заалтын “...453 дугаар зүйлийн 453.1...” гэснийг “225 дугаар зүйлийн 225.1” гэж өөрчилж, “3, 4” гэсэн дугаарлалтыг “2, 3” гэж дугаарлан, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 212,802 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Д.НЯМБАЗАР

 

                            ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                                                                                                    Ч.МӨНХЦЭЦЭГ