Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 144

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч Ч.Энхжаргал,

Шүүгдэгч П.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн П.Ч-д холбогдох 1926002850146 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:                                                                             

Монгол Улсын иргэн, улсаас  авсан гавьяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 139 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-т заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, ******* овгийн П.Ч

 Үйлдсэн хэргийн талаар:                                                                                         

 Яллагдагч П.Ч нь “2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай салсан эхнэр Ц.Б-г гараар цохиж, үснээс нь зулгааж, газар чирэх зэргээр зодож, хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүгдэгч П.Ч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”... Мэдүүлэг өгөхгүй. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. ” гэв.

Хохирогч Ц.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 05-р сарын 08-ны өдөр 22 цагийн үед би ажил дээрээ байхад манай нөхөр Ч над руу залгаад хүнтэй хардсан маягтай утсаар яриад байсан. Учир нь 24 цаг 75 дугаар салбарт гарчихаад, ахиж 24 цаг 83 дугаар салбарт улирч гарахаар болсон чинь Ч миний ажлыг ойлгохгүй намайг хардаад эхэлсэн. 2019 оны 05-р сарын 09-ний өглөө ажлаасаа буугаад нэг газар ажилладаг, тухайн үедээ манай хашаанд Х эгчийнх байсан тул хамт гэртээ ирцгээсэн. Х эгч манай гэрт ороогүй, бид хоёр өөр, өөрсдийн гэр лүүгээ орсон. Намайг гэртээ ороход манай нөхөр Ч гэртээ ганцаараа, манай 2 хүүхэд хичээлдээ явчихсан байсан. Ч намайг 2 өдөр ажиллана гэж юу байдаг юм гэж хэлээд бид хоёр хоорондоо маргалдсан. Би Ч-тай маргалдаад гэрээс гартал Х эгч хашаанаас гараад явж байгаа харагдсан. Яг хаашаа явж байгааг нь би асуугаагүй. Буцаад гэртээ ортол Ч намайг 48 цаг ажилласныг ойлгохгүй хүнтэй хардсан үг яриад байхаар нь уурлаад Ч-н зүүн хацарт нь нэг удаа алгадаж, хөл рүү нь 2 удаа өшиглөсөн.  Ч-тай хэрэлдэж байгаад нэг хашаанд байдаг Х эгчийнд ороод гэрийнх хаалгыг нь дотроос нь түгжээд нойр авах санаатай хэвтсэн чинь Ч миний араас ирээд гэрийнх хаалгыг эвдэлчих гээд байхаар нь гэрийнх хаалгыг нь онгойлгосон чинь Ч намайг янз бүрээр доромжилж байснаа Х эгчийн гэрээс чирч гараад хашаан дотор толгой руу гараараа нэлээн хэдэн удаа цохиод, үснээс зулгаагаад байхаар нь би хашаан дотор байсан мод аваад Ч-н толгой хэсэг рүү нэг удаа цохьсон.Тэгээд л зодохоо больсон, Ч хэл амаар доромжлоод байсан.Би цагдаад дуудлага өгсөн.Ч цагдаа дуудсаныг мэдээд хэвтээд өгсөн.Тэгээд цагдаа нар ирээд Ч-г аваад явсан. Би 2006 онд Ч-тай танилцаад 2008 оны 08-р сарын 06-ны өдөр албан ёсоор гэр бүл болоод тусдаа гарсан. 2008 ондоо гэрлэлтээ батлуулсан. 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Өвөрхангай аймгийн сум дундын шүүхээр гэрлэлтээ цуцлуулсан. Тэрнээс хойш 4-5 сар тусдаа амьдарч байгаад буцаад 1 жил гаран хамтран амьдарсан. 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр зодуулснаас болж тусдаа амьдарч байгаа. Ахиж хамтран амьдраагүй байгаа. Ч салснаас хойш цохиж зодож байгаагүй. Ч-г агсам согтуу тавьж байхад нь цагдаад нэлээн хэдэн удаа дуудлага өгч байсан.Урьд нь цохиж зодож байгаагүй. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн мэдүүлэг /х-ийн 21-23 хуудас/,

Гэрч Ж.Х-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Б нь манай ээжийн төрсөн дүүгийн хүүхэд байгаа юм.Ч-г Б-н нөхөр гэдгээр л мэднэ. 2019 оны 5 дугаар сарын эхээр яг өдрийг нь санахгүй байна. Б 48 цаг Сод Монголын ШТС-д ээлжинд гарчихаад манайх тухайн үед Ч-н хашаанд байсан тул эхлээд Б бид хоёр манай гэрт орсон. Ч нь Б-г 48 цаг ээлжинд гарсныг ойлгохгүй хардаад байсан. Б, Ч нар нь хоорондоо маргалдаад байхаар нь би банк явах ажилтай байсан тул яваад өгсөн. Банк орчихоод буцаад гэртээ иртэл Бийн нүүр нь хавдсан, зүүн нүд нь хавдчихсан, уруул нь хавдчихсан байхаар нь юу болсон талаар асуухад Ч зодохоор нь цагдаад дуудлага өгөөд цагдаа аваад явчихлаа гэж хэлсэн. Б, Ч 2 хоорондоо маргалддаг гэж сонссон. Ч эрүүл байсан.” гэсэн мэдүүлэг /х-ийн 24-25 хуудас/,

 Гэрч П.Ч-н мөрдөн байцаалтанд өгсөн ”... 2019 оны 05-р сарын 06-ны өдөр ******* суманд базынхаа ямааг самнах гээд явах үед эхнэр Б ажил дээрээ ээлжтэй гээд гарч байсан. 2019 оны 05-р сарын 03-ны орой аймгийн төвд ирээд 21 цагийн орчим гар утас руу нь залгахад Б ээлжинд гарч байна гэхээр нь Өвөрхангай аймаг дахь Сод монгол группийн 76 дахь салбар дээр очиход Б ээлжинд гараагүй байсан. Гар утас нь холбогдохгүй байхаар нь ээлжинд гарч байсан түгээгчээс нь Бийг асуухад ээлжнээсээ буусан, хаашаа явсныг нь мэдэхгүй гэсэн. Би тэр өдрөө гэртээ хоносон. 2019 оны 05-р сарын 09-ний өглөө Б 10-11 цагийн орчим гэртээ ирэхээр нь Бийг хаашаа яваад ирсэн талаар асуухад ажил дээрээ хоночихоод ирлээ гэсэн. Бийг урьд орой нь гэртээ ирэхгүй байхаар нь Б руү хаагуур яваад байгаа юм гээд хардсан утгатай мессеж бичсэн байсан. Б би ажлаасаа ирж байхад намайг хүнтэй хардлаа гэж хэлээд миний явуулсан мессежнээс болж надтай маргалдаж эхэлсэн.Б хэрэлдэж байгаад нүүр гарны алчуураар миний нүүр рүү 10 гаран удаа цохьсон, миний зүүн хацарт нэг удаа гараараа алгадахаар нь би Бийн зүүн хацар руу нь зөрүүлээд нэг удаа алгадсан. Б зөрүүлээд миний нүүрийг гараараа маажихаар нь би Бт уур хүрээд зөрүүлээд зүүн хацар хэсэг рүү гараараа 3 удаа алгадсан. Бид 2 2008 оны 07 дугаар сарын 06-ны өдөр гэр бүл болсон. Хоёр хүүтэй. 2017 оны 4 сард гэрлэлтээ цуцлуулсан. Одоо хамтран амьдрагч гэж явдаг. Бт цохиулснаас гэмтэл шарх учраагүй.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 28-29 хуудас/,

Шүүгдэгч П.Ч-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй. Би Б-г цохиж зодсон гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 39 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №299 дугаартай:

1. Үзүүлэгч Ц.Б-н биед тархи доргилт, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор зүүн хэсэг, доод уруулын дотор зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал. Доод эрүүний зүүн доод хэсэг, хүзүүний ар доод, цээжний зүүн хэсэгт, хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун, зүүн гарын хуруунд зулгаралт гэмтэл  тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 33 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 1926002850146 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 37 хуудас/,

Шүүгдэгч П.Ч-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 12 дугаар багийн Засаг даргын 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 59 дугаартай тодорхойлолт /хх-56/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-57/, Ч.М, ******* нарын №0000603276, №0196700/320 дугаартай төрсний гэрчилгээний хуулбар /хх-58/,  Өвөрхангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 145/ШШ2017/00195 дугаартай шийдвэрийн хуулбар /хх-61-62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-63/,

Хохирогч Ц.Б-н шүүхэд гаргасан “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй”  гэсэн  хүсэлт зэрэг болно.

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч П.Чд холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Чнь “2019 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 9 дүгээр багийн 9 дүгээр гудамжны 9 тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн буюу хамтран амьдрагч Ц.Б-г цохих, үснээс нь зулгаах, газар чирэх зэргээр зодож, эрүүл мэндэд нь  “тархи доргилт, зүүн чамархай, зүүн хацрын төвгөр, зүүн нүдний доод зовхи, дээд уруулын дотор зүүн хэсэг, доод уруулын дотор зүүн хэсэгт цус хуралт, зөөлөн эдийн няцрал. Доод эрүүний зүүн доод хэсэг, хүзүүний ар доод, цээжний зүүн хэсэг, хөхөлбөр өнгийн цус хуралт, баруун, зүүн гарын хуруунд зулгаралт” бүхий  хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Ц.Б /хх-21-22/, гэрч Ж.Х /хх-24-25/ нарын мэдүүлгүүд, шүүгдэгч П.Ч-н  яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-39/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн №299 дугаартай дүгнэлт /хх-33/, шүүгдэгч П.Ч-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

Шүүгдэгч П.Ч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлгээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д зааснаар гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн гэдэгт “эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд” гэж хуульчилжээ.

Хохирогч Ц.Б, шүүгдэгч П.Чнар нь гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс буюу хамтран амьдрагч нар болох нь хавтаст хэрэгт авагдсан №0000603276, №0196700/320 дугаартай хүү Ч.М, Ч.М нарын төрсний гэрчилгээний хуулбар /хх-58/, шүүгдэгчийн мөрдөн байцаалтанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна.

Шүүгдэгч П.Ч-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ч нь бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Ц.Б-н “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч П.Чд холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна. 

Шүүгдэгч П.Ч-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч П.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч П.Ч-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр  тогтоох шаардлагагүй гэж үзлээ.

Шүүгдэгч П.Ч-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч П.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн П.Ч-г хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь   хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн П.Ч-г зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу зургаан зуун мянган төгрөгөөр торгох төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ч-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч П.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Чд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай. 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Ч-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.