Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2026/00655

 

 

 

 

 

 

 

 

 

2026 03 25 210/МА2026/00655

 

 

 

******* нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Нямсүрэн даргалж, шүүгч Э.Энэбиш, Н.Оюунтуяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00729 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч:*******-д холбогдох,

 

Даатгалын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Оюунтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Урангоо, Э.Энхзол, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Оюунбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Миний бие *******-иас 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр автомашины лизингийн зээл авсан бөгөөд гэрээний үүргийн гүйцэтгэлд өөрийн Toyota Kluger V-XU70 маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг шилжүүлэн, "******* "Тэгш-4" авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулсан. Тус даатгалын гэрээний хураамжид 1,035,000 төгрөгийг төлж, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрөөс 2025 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд түвшин гэх төрлөөр нь даатгуулсан.

1.2. Би 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр 06 цаг 40 минутын үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгслээ жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад 1 тооны адуу дайрч, зам тээврийн осол гаргасан. Тухайн өдөр *******-д ослын талаар мэдэгдсэн бөгөөд 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр нөхөн төлбөрийн хүсэлтийг гаргахад нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

1.3. Зам тээврийн осол гарсан нь ослын газрын үзлэгийн тэмдэглэл, шийтгэлийн хуудас, тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байхад нөхөн төлбөр олгохоос татгалзсан тул Санхүүгийн зохицуулах хороонд гомдол гаргахад нөхөн төлбөр олгохгүй гэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байх тул даатгуулагчид нөхөн төлбөрийг олгохоор шийдвэрлэж *******-д албан бичгийг хүргүүлсэн боловч нөхөн төлбөрийг олгоогүй. Иймд *******-иас авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээний дагуу зам тээврийн ослын хохирлын улмаас үүссэн даатгалын тохиолдлын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* нь ******* 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр авто тээврийн хэрэгслийн даатгалын гэрээг байгуулсан. Тус гэрээнд даатгалд хамрагдахгүй нөхцөлүүд хэсгийн 4.21-д заасны дагуу даатгуулагч нь зам тээврийн осол тохиолдсон даруй цагдаагийн байгууллагад энэ талаар мэдэгдэх үүрэгтэй.

2.2. ******** нь осол болох үед цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй ба нөхөн төлбөр авахад шаардлагатай баримтуудыг хуурамчаар бүрдүүлсэн байх үндэслэлтэй тул нөхөн төлбөр олгохоос татгалзсан. Учир нь Булган аймгийн Цагдаагийн газар, Булган аймгийн Прокурорын газраас тус тус *******-д 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Булган аймгийн Рашаант сумын нутаг дэвсгэрт ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа 1 тооны адууг мөргөсөн гэх ослын талаарх гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна гэх тодорхойлолтыг ирүүлсэн. Хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материалын эхэлсэн огноо, 74 дүгээр хуудсанд авагдсан нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан огноо нь тус тус 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр байна. Тус өргөдлийн цагдаагийн байгууллагаас цохолт хийсэн гомдлын олгосон дугаар нь хэргийн 72 дугаар хуудсанд авагдсан баримтын гомдлын дугаартай таарч байна. Иймд ******** зам тээврийн ослын талаар мэдээллийг осол тохиолдсон даруй цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэдэг нь нотлогдож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.1 дэх хэсэгт зааснаар*******-иас даатгалын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөг гаргуулан, нэхэмжлэгч ********д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 305,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 305,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт ...хариуцагч татгалзлын үндэслэлээ гэрээнд заасан үүргээ биелүүлж, цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар үзлэг хийлгэж, акт дүгнэлт гаргуулаагүй гэж тус тус тайлбарлаж байна гэжээ. Гэтэл хариуцагч талаас ийм тайлбарыг гаргаагүй бөгөөд харин нэхэмжлэгч нь гэрээний 4.21-д заасныг зөрчсөн гэж маргасан. Гэтэл даатгуулагч нь осол болсноос 3 сарын дараа цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь ослын үед жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн эсэх, хэт ядарсан байсан эсэх, даатгуулагч тээврийн хэрэгслийг жолоодож явсан эсэх зэрэг нөхцөл байдлыг бодитой тогтоох боломжгүй байдалд хүргэж байна.

4.2. Гэрээний 2.1-д буруутай тохиолдолд хариуцах хувийг 10 хувь гэж заасан бөгөөд даатгалын тохиолдол даатгуулагчийн буруугаас шалтгаалсан бол нөхөн төлбөрөөс 10 хувийг хасч тооцохоор тохиролцсон. Анхан шатны шүүх уг нөхцлийг анхаарч үзээгүй байна.

4.3. Хавтаст хэргийн 43, 44 дүгээр талд авагдсан Булган аймгийн Цагдаагийн газар, Булган аймгийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичгүүдийг шүүх үнэлээгүй. Уг албан бичгүүд 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд энэ өдрийг хүртэл ослын талаар мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй байсныг илтгэнэ.

Хавтаст хэрэгт авагдсан Хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал-д эхэлсэн огноо 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр, дууссан огноо 2025 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр гэж тэмдэглэсэн. Мөн 74 дүгээр талд даатгуулагч ******* бичсэн өргөдөлд огноо 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр гэж бичигдсэн байна. Эдгээрээс үзэхэд ******** анх 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь нотлогдож байна. Иймд анхан шатны шүүх даатгуулагчийг осол болсон даруйд цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

4.4. Мөн шүүхийн шийдвэрт ...*******г Замын хөдөлгөөний дүрмийн 18.3-т заасныг зөрчсөний улмаас осол гарсныг тогтоож, 2025 оны 1 дүгээр сарын 14-ны Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51 дэх хэсэгт зааснаар шийтгэл, оногдуулж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэжээ. гэж дүгнэсэн. Гэтэл хавтаст хэргийн 79 дугаар талд авагдсан эрх бүхий албан тушаалтны магадлагаагаар *******г Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн гэж тогтоосон. Иймд шүүх нотлох баримтад тусгагдаагүй үйл баримтыг үндэслэн дүгнэлт хийсэн байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын гаргасан тайлбарын агуулга:

5.1. Хариуцагч байгууллага осол болсон даруй цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэх үндэслэлээр даатгалын нөхөн төлбөр олгохгүй гэж маргасан. Осол болсон өдөр Булган аймгийн цагдаагийн байгууллагын хэсгийн төлөөлөгч хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл хэрэгт нотлох баримтаар авагдсан. Мөн шүүх хуралдаанд тухайн албан хаагчийг гэрчээр асуусан бөгөөд ослын газарт юу болсон талаар тодорхой мэдүүлсэн. Осол болсон даруй цагдаагийн байгууллагад хандаж, үүргээ биелүүлсэн. Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн албан ёсны баримтууд хэрэгт авагдсан.

5.2. Мөн хариуцагч байгууллага гэрээнд заасны дагуу 10 хувийг суутгана гэж дурдсан. Нэхэмжлэгчийн даатгуулсан даатгалын гэрээнд нөхөн төлбөрийг 100 хувь олгохоор заасан. Шүүх хуралдааны үед нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хариуцагч тал маргаагүй тул 10%-тай холбоотой хэсэг үндэслэлгүй. Цагдаа болон прокурорын байгууллагаас ирүүлсэн албан бичгийг харвал, нэхэмжлэгчийн тээврийн хэрэгсэлийн улсын дугаар буруу бичигдсэн байгаа. Улсын дугаар алдаатай бичигдсэн учраас хэргийн талаар бүртгэгдээгүй гэх агуулга бүхий хариу ирүүлсэн. Даатгалын гэрээнд заасны дагуу даатгалын нөхөн төлбөрийг гэрээнд заасны дагуу хугацаа алдагдалгүй, чирэгдэл учруулалгүй өгөх үүргээ хариуцагч байгууллага биелүүлээгүй бөгөөд 2 жилийн хугацаанд нөхөн төлбөр олгохоос үндэслэлгүйгээр татгалзсан. Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч ******** нь хариуцагч *******-д холбогдуулан даатгалын нөхөн төлбөрт 29,092,590 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, даатгуулагч нь зам тээврийн осол тохиолдсон даруй цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй тул нөхөн төлбөр олгохгүй гэж маргажээ.

 

3. Анхан шатны шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

 

3.1. ******** нь тээврийн хэрэгсэл худалдан авч, 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр *******-иас 34,500,000 төгрөгийг зээлж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидуцийн гэрээгээр өөрийн өмчлөлийн Toyota Kluger маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөх эрхийг *******-д шилжүүлжээ. /хх-101-109х/

 

3.2.*******, ******** нарын хооронд 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 0321086 дугаартай Тэгш 4 автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр даатгуулагч ******* эзэмшлийн ******* улсын дугаартай, Toyota Kluger маркийн тээврийн хэрэгслийг даатгуулж, даатгалын хураамжид 1,035,000 төгрөгийг төлөх, даатгагч******* нь даатгалын тохиолдол бий болоход хохирлыг гэрээнд заасан нөхцлийн дагуу нөхөн төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-6-10х/

Даатгуулагч ******** даатгалын хураамж 1,035,000 төгрөгийг төлсөн талаар зохигч маргаагүй.

4. Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт заасан даатгалын гэрээний үүргийн харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн. Талууд гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар маргаагүй.

 

5. Даатгалын гэрээний хугацаанд даатгуулсан Toyota Kluger маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг даатгуулагч ******** жолоодон явж байхдаа 2024 оны 10 дугаар сарын 31-ний өглөө 06 цаг 40 минутын үед Булган аймгийн Рашаант сумын 1 дүгээр багийн нутагт 1 тооны адуу мөргөж зам тээврийн осол гаргасан болох нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, Булган аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн дэслэгч **************-д гаргасан тодорхойлолт, гэрч ******* мэдүүлэг, Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал зэргээр тогтоогдсон. /хх-54х, 71-89х/

 

Мөн уг ослын улмаас Toyota Kluger маркийн, ******* улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 29,092,590 төгрөгийн хохирол учирсан болох нь Тэнцвэр эстимэйт үнэлгээ ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 01-ний өдрийн Атомашины техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан-гаар тогтоогдсон. /хх-46-53х/

 

5.1. Даатгуулагч ******** нь даатгалын нөхөн төлбөрийн хүсэлтийг даатгагч*******-д гаргахад нөхөн төлбөр олгохоос татгалзаж шийдвэрлэсэн тул энэ талаарх гомдлыг Санхүүгийн зохицуулах хороонд гаргаж, Санхүүгийн зохицуулах хорооны 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 9/1063 дугаар албан бичгээр ...*******-д ...даатгалын гэрээнд заасан эрсдэлийн улмаас үүссэн хохирлын нөхөн төлбөрийг олгох-ыг мэдэгджээ. /хх-19-20х/

 

6. Даатгагч******* нь нөхөн төлбөр олгохгүй үндэслэлээ ...даатгалын гэрээний 4 дүгээр зүйл, Даатгалд хамрагдахгүй нөхцөлүүдийн 4.21-д Цагдаагийн байгууллагад зам тээврийн осол, хулгайн талаар газар дээр нь мэдэгдэж үзлэг шалтгалт хийлгэж акт дүгнэлт гаргуулаагүй... гэж заасныг баримталж, нэхэмжлэгчийг зам тээврийн осол тохиолдсон даруй цагдаагийн байгууллагад мэдэгдээгүй гэж маргасан.

 

6.1. Нэхэмжлэгч ******** нь зам тээврийн осол болсон даруй Булган аймгийн цагдаагийн байгууллагад мэдэгдсэн болох нь 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн Эрх бүхий албан тушаалтны зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-75-76х/, Булган аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн дэслэгч **************-д гаргасан 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн тодорхойлолт /хх-54х/, гэрч ******* мэдүүлэг /хх-117-118х/ зэргээр тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөлөөлөгчийн ...нэхэмжлэгчийг цагдаагийн байгууллагад осол болсон даруй мэдэгдэж, үзлэг шалгалт хийлгэх үүргээ биелүүлээгүй гэх тайлбар, гомдол үндэслэлгүй.

 

6.2. Булган аймгийн Цагдаагийн газрын зохицуулагч, цагдаагийн дэслэгч ******* нь ******* 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн дуудлага мэдээллийн дагуу ослын газарт ирж үзлэг шалгалт хийсэн боловч ослыг гомдол мэдээллийн санд бүртгээгүй, ******* 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн бичгээр гаргасан өргөдлийн дагуу хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулж, шийдвэрлэсэн болох нь түүний мэдүүлэг, Булган аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэсэн материал, Булган аймгийн Цагдаагийн газар, Булган аймгийн Прокурорын газраас ирүүлсэн албан бичгүүд зэргийг харьцуулан дүгнэхэд тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ... Булган аймгийн Цагдаагийн газар болон Прокурорын газрын албан бичгийг үнэлээгүй, ...******** анх 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр ослын талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэн нь өргөдлийг огноогоор нотлогдоно гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

6.3. Талууд Тэгш 4 автотээврийн хэрэгслийн даатгалын гэрээний 2.1-д Даатгуулагч жолоо барих үеийн зам тээврийн ослын эрсдлийг 100 хувь гэж, мөн 3.2-т Даатгуулагч тээврийн хэрэгслээ зах зээлийн үнээр бүрэн даатгуулсан тохиолдолд учирсан хохирлыг даатгалын үнэлгээнд багтаан 100 хувь нөхөн төлнө гэж тус тус заасны дагуу даатгалын зүйлд учирсан хохирлын хэмжээгээр нөхөн төлбөр гаргуулсныг буруутгах үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь анхан шатны шүүхэд нөхөн төлбөрөөс 10 хувийг хасч тооцох талаар тайлбар гаргаагүй, энэ талаар зохигч маргаагүй тул хариуцагч талын ...даатгалын тохиолдол даатгуулагчийн буруугаас үүдэн гарсан бол нөхөн төлбөрөөс 10 хувийг хасч тооцох нөхцлийг шүүх анхаарч үзээгүй гэх давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад даатгалын үндсэн үүргийг зохицуулсан заалтыг баримталсан нь зөв боловч шаардах эрхийг зохицуулаагүй Даатгалын тухай хуулийн даатгалын нөхөн төлбөр олгох нөхцөл болон даатгуулагчийн эрх үүргийн заалтыг давхар баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй байна. Иймд шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.1 заалтыг тус тус хассан өөрчлөлтийг оруулна.

 

8. Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 192/ШШ2026/00729 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтаас Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 10 дугаар зүйлийн 10.1.1 гэснийг хасаж, шийдвэрийг бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 305,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.5, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.НЯМСҮРЭН

 

ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ

 

Н.ОЮУНТУЯА