Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 001/ХТ2018/00409

 

Ц.У, Ц.У нарын

 нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

          Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   Ц.Амарсайхан, П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

          2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00288 дугаар шийдвэр,

     Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 

          2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2256 дугаар магадлалтай,

          Нэхэмжлэгч: Ц.У

          Нэхэмжлэгч: Ц.У

          Хариуцагч: Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө нарт холбогдох

    Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

          Хариуцагч нарын төлөөлөгчийн гаргасан гомдлоор шүүгч Б.У илтгэснээр хянан хэлэлцэв.

        Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ц.У, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Г.И, хариуцагч нарын төлөөлөгч Б.О, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

          Нэхэмжлэгч нар шүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2004 онд ээж н.Цэцэгдэлгэр, эгч Ц.У нарын хамт Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот байрыг тухайн үед тус салбарын эрхлэгч Ж.Дайриймаа гэгч хүн байх үед Багахангай дүүрэг дэх салбар болох Улаанбаатар хотын банкнаас худалдаж авсан. Худалдан авч гүйлгээ хийсний дараа эрхлэгч Ж.Дайриймаад үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар банкинд хүсэлт гаргахад С.Батхүрэлтэй холбоо тогтоогоод нэрээ шилжүүлээд авчих гэсэн хариу өгсөн болно. Үүний дагуу С.Батхүрэлтэй холбоо тогтоогоод үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг шилжүүлэн авах талаар хэлэхэд удахгүй шилжүүлж өгнөө гэж хэлсээр өнөөдрийг хүртэл тус байрны үл хөдлөх хөрөнгийн эрхийн гэрчилгээг бидэнд шилжүүлж өгөхгүй зардал чирэгдэл учруулсан. Би эгчийн хамт худалдан авснаас хойш өнөөдрийг хүртэл амьдарч байгаа бөгөөд 2004 оноос хойш бид байрны бүх л зардлыг төлж ирсэн. Багахангай дүүрэг дэх салбар болох Улаанбаатар хотын банк нь 2004 онд татан буугдсан байдаг. С.Батхүрэл , Б.Б нар нь тус салбарын эрхлэгч Ж.Дайриймааг гуйж тус байрыг Улаанбаатар хотын банкинд худалдаж бид тухайн үед Ж.Дайриймаа нь бидэнд худалдсанаа гэрчийн мэдүүлгээр шүүхэд гэрчилсэн болно. Үл хөдлөх хөрөнгийг өнөөдрийг хүртэл яагаад шилжүүлээгүй вэ гэхээр хариуцагч тал 4 хүүхэдтэй, эхнэр болох Б.Б, нөхөр С.Батхүрэл гэх хүмүүс олуулаа энэ байрны гэрчилгээнд нэр нь байдаг. С.Батхүрэлтэй нэхэмжлэгч нар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлж өгөх талаар байнгын холбоотой байсан. С.Батхүрэл нь би хүүхдүүдээ ирэхээр шилжүүлээд өгье гэдэг байсан. Гэтэл С.Батхүрэл 2016-02-16-ны өдөр нас барсан. Нас барснаас хойш эдгээр хүмүүс орон сууцнаас албадан гаргуулах нэхэмжлэлийг энэ шүүхэд гаргасан.  Энэ хүмүүс 12-13 жилийн дараа яагаад шүүхэд хандах болсон бэ гэхээр С.Батхүрэл  нас барсан өдрөөс хойш  шүүхэд гаргасан байдаг. Ц.У, Ц.У нар энэ байранд 12-13 жилийн хугацаанд амьдарсан. Амьдрах хугацаандаа ус, цахилгааны төлбөрөө төлөөд амьдарч байсан гэх баримтуудыг хавсаргаад бид шударга өмчлөгч гэдгийг тогтоолгохоор шүүхэд хандаж, орон сууцнаас албадан гаргуулах тухай иргэний хэргийг түдгэлзүүлсэн. Түмэнбаяр бол Ц.У, Ц.У нарын хамаатан юм. Тухайн үед энэ хүн байранд байсан учраас эдгээр хүмүүс хариуцагчаар Түмэнбаярыг татсан. Мөн өмчлөх эрхийн гэрчилгээ гээд байгаа хавтаст хэрэгт авагдсан цэнхэр дэвтрийг эх хувиар нь Улаанбаатар хотын банкинд С.Батхүрэл, Б.Б нар өгсөн байдаг. Уг өмчлөх эрхийн гэрчилгээг нэхэмжлэгч нарт мөн Улаанбаатар хотын банк хүүхдүүд нь ирэхээр та нарын нэр дээр шилжүүлээд өгнө гэж тайлбарлаж байсан. Тэрнээс хойш С.Батхүрэлтэй олон удаа холбогдож ярьж байсан гэж нэхэмжлэгч нар хэлдэг. Энэ байранд 12-13 жил ус, цахилгааны төлбөрийг төлөөд амьдарч байсныг Сугар, Баярсайхан, Даариймаа, Эрдэнэхорол нар мэднэ. Эх хувиар нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх үүргээ биелүүлээгүй. Худалдах-худалдан авах тухай гэрээг энэ хүмүүс амаар хийж 500 000 төгрөгийг шилжүүлэн өгсөн талаар 2003 онд Дайриймаа санхүүгийн тайлан балансдаа тусгасан. 2004 онд нэхэмжлэгч талд тус байрыг зарахдаа ч мөн адил санхүүгийн тайлан, балансдаа тусгасан гэж мэдүүлээд байхад үүнийг Улаанбаатар хотын банк гаргаж өгөхгүй байна. Энэ хүмүүсийн эрх ашиг сонирхол өнөөдөр зөрчигдөж байна. Иймд шударга өмчлөгчөөр тогтоолгож өгнө үү гэжээ.

       Хариуцагч нар хариу тайлбартаа: Маргаж байгаа орон сууц нь С.Батхүрэл , Б.Б, Б.А, Б.А, Б.С, Б.Ө гэсэн 7 хүний өмчлөлийн байр юм. С.Батхүрэл нь 2016-02-09-ний өдөр нас барсан. Нас барахаас өмнө С.Батхүрэл, Б.Б нар нь уг байрыг  Ж.Дайриймаа гэх хүнд түрээслэхээр өмчлөх эрхийн гэрчилгээг өгч үлдээсэн. Түрээсэлснээс хойш С.Батхүрэл  уулзах гэсэн боловч Ж.Дайриймаа  олдохгүй  байрыг давхар түрээсэлсэн байсан. С.Батхүрэл, Б.Б нар нь  байрыг хариуцагч нараас худалдаж авсан гэдэг. Тухайн үед байрны өмчлөгч  6 хүн бүгд насанд хүрсэн байсан. Энэ байрыг зарсан гэдгийг Б.А, Б.С, Б.А, Б.Ө нар мэдээгүй. Нэхэмжлэгч нар   байрыг ээж н.Цэцэгдэлгэрийн хамт С.Батхүрэлээс худалдаж авсан гэж ярьж байгаа ч  бусад өмчлөгч нартай  уулзаж байгаагүй. С.Батхүрэл гэж хүний нэрийг барьж яриад байдаг. Орон сууцыг өмчлөгч нар худалдаагүй. Үл хөдлөх хөрөнгө худалдах-худалдан авахад насанд хүрсэн гишүүдийн зөвшөөрлийг авсан байх, бичгээр гэрээ хийж нотариатаар батлуулах зэрэг шаардлагуудыг хангах ёстой. Гэтэл өнөөдөр Ж.Дайриймаа гэх хүнээс 500 000 төгрөгөөр худалдаж авсан гэж яриад байгаа ч  Баярсайхан худалдаж авсан ч юм шиг ярьдаг. Би худалдаж аваад н.Цэцэгдэлгэрт өгсөн гэх мэдүүлэг, мөн н.Сугар нь манай нөхөр 700 000 төгрөгөөр худалдаж авч байсан гэх мэдүүлгийг өгч байгаагаас харахад энэ байрыг хэн хэнтэй уулзаад хэдэн төгрөгөөр зарсан нь тодорхой бус байна. Ж.Дайриймаагаас худалдаад авсан гэж маргаж байгаа боловч Ж.Дайриймаагийн нэр дээр энэ үл хөдлөх хөрөнгө байгаагүй. Үл хөдлөх хөрөнгийн цэнхэр өнгөтэй гэрчилгээ нэхэмжлэгч нарт байгаа боловч энд Ж.Дайриймаа гэсэн нэр огт байхгүй байхад хүний эд хөрөнгийг хүнээс дамжуулж авчхаад худалдаж авсан гээд шударга өмчлөгчөөр тогтоолгоно гэж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Ц.У, Ц.У нар орон сууцыг 2004 онд худалдаж авсан гэдэг боловч 2016 онд албадан нүүлгэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийг гаргатал эргүүлж орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож өгөөч гэсэн нэхэмжлэлийг гаргасан. Үл хөдлөх эд хөрөнгөтэй холбоотой асуудлын хөөн хэлэлцэх хугацаа 6 жил байдаг. Гэтэл 2004 онд энэ байрыг авчхаад 2016 он хүртэл ямар нэгэн өмчлөлийн асуудлыг өнөөдрийг хүртэл шийдүүлээгүй, шийдүүлэх талаар ямар нэгэн арга хэмжээ аваагүй явж байгаа байдал нь энэ хүмүүс хууль ёсны бөгөөд худалдаж авсан гэдэг нь тогтоогдохгүй, нотлогдохгүй байна. Банк тайлан балансдаа тусгасан хөрөнгөө бүртгэхгүй байна гэж байхгүй, Ж.Дайриймаа хувьдаа аваад ашигласан юм уу, банк руу мөнгө хийсэн бол тэр баримтыг гаргахгүй байна.  Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

       Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00288 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, 101 дүгээр зүйлийн 101.1, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө нарт холбогдох Багахангай дүүргийн 1 дүгээр хороо, 4-05 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай Ц.У, Ц.У нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 174 950 төгрөгийг улсын орлогод хэвээр шийдвэрлэсэн байна.

       Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2256 дугаар магадлалаар Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 104/ШШ2017/00288 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж шийдвэрлэжээ.

        Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунбилэг хяналтын гомдолдоо: “...Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхийн журмаар нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг 2017-08-07-ны өдрийн 104/Ш32017/00871 дүгээр захирамжаар шийдвэрлэж хүсэлтийг хангасан. Шүүхийн захирамжийн дагуу Улаанбаатар хотын банк 2 удаа тоотоор хариу өгсөн тул анхан шатны шүүх хэргийг хэлэлцэж шийдвэрээ гаргасан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

           Ц.У нь Б.Б, Б.А, Б.С, Б.А, Б.Ө нарт холбогдуулан 2016 оны 08 дугаар сарын 30-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, Багахангай дүүргийн 1-р хороо, 4-р байр, 5 тоот орон сууцны өмчлөлгчөөр тогтоолгохыг шаардсан байна. 

        Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаажээ.

        Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Шүүх хэрэг хянан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн өмгөөлөгч нотлох баримт бүрдүүлэх хүсэлт гаргасныг шүүгчийн захирамжаар хангаж шийдвэрлэсэн атлаа уг захирамжийн заалт биелэгдээгүй байхад хэргийг шийдвэрлэсэн нь  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт нийцээгүй байна.   

        Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн байх тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.2-т нийцэх юм.    

        Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

        1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 2256 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дүгээр зүйлийн 57.4, 172 дугаар зүйлийн 172.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 174.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                  ШҮҮГЧ                                                        Б.УНДРАХ