Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 11 сарын 16 өдөр

Дугаар 1886

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

ХХ-ны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ш.Оюунханд даргалж, шүүгч Э.Золзаяа, Т.Туяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/04816 дугаар шийдвэртэй,

 

ХХ-ны нэхэмжлэлтэй, ХХХ-т холбогдох худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, уг гэрээний зүйл болох эд зүйлийг өөрийн  өмчлөлд шилжүүлэх тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч ХХХХ,

Хариуцагч ХХХ,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ХХХХ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Янжинлхам нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

2013 оны хавар миний охин Х “ХХХХ” дунд сургуулийн ахлах ангид сурч байсан. Тухайн үе эхнэр бид хоёр ял эдэлж байсан тул охин маань уулзалтаар ирэхдээ сургалтын төлбөр нэхэгдэж байгааг хэлсэн. Манай гэр бүл “Пайнт болл” төв ажиллуулдаг байсан учраас нэг нь 150 долларын үнэтэй 20 ширхэг хийн буу байсны 10 ширхэгийг зараад сургалтын төлбөрөө төлөхийг би зөвшөөрсөн.

Харин компрессор нь 8 000 000 орчим төгрөгийн үнэтэй тул битгий зараарай гэж хэлсэн. 2014 онд эхнэр ХХХ шоронгоос суллагдаж, 2015 оны хавар “Пайнт болл” төвийн үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх гэтэл компрессор олдоогүй. Охин маань ХХХ-т компрессороо түрээслүүлэхээр өгсөн гэхээр нь эхнэр маань ХХХтай очиж уулзахад “Би компрессорыг худалдаж авсан” гэсэн байсан.

Миний охин Х хариуцагчтай аман гэрээ байгуулах үедээ насанд хүрээгүй байсан. Иймд ХХХын охин Хтэй амаар хийсэн худалдах, худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусад тооцуулж, компрессорыг миний өмчлөлд шилжүүлж өгөхийг даалгаж өгнө үү.

Нэхэмжлэлд дурдсан үйл явдал нь 2013 оны 7 дугаар сард болсон. Х 1997 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн бөгөөд хэлцэл хийх үед Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасан эрх зүйн бүрэн бус чадамжтай байсан ба ийм этгээдтэй хэлцэл хийхдээ бичгээр өгсөн зөвшөөрлийн үндсэн дээр гэрээ хэлцэл хийхийг хуульд заасан байдаг. Эрх зүйн бүрэн бус чадамжтай этгээд нь Иргэний хуульд зааснаар өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл хийж болдог. Гэтэл тус компрессор нь ахуйн чанартай хэрэглэгдэхүүн биш учраас Хгийн хариуцагчтай хийсэн хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлтэй гэжээ.

 

Хариуцагч болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тухайн үед маргаж буй компрессорыг надад худалдсан Х өвөө эмээтэйгээ 10 ширхэг спортын буу худалдаж байсан. Тэгэхэд эмээ, өвөө нь түүнийг их сургуулийн 2 дугаар курсын оюутан буюу насанд хүрсэн хүн гэж танилцуулж байсан. Өөрөө утсаар ярьж Солонгост байгаа ааваасаа миний дэргэд ярьж зөвшөөрөл авсан. Насанд хүрээгүй гэдгийг би мэдээгүй ч надтай компрессор худалдах гэрээ хийснийг гэр бүлийнхэн нь бүгд мэдэж зөвшөөрсөн. Энэ тухай Хгийн ээж болох ХХХ компрессорыг худалдан авсны дараа надтай уулзаж хүлээн зөвшөөрч байсан.

ХХХ нь нэхэмжлэл гаргах эрхгүй субьект юм. Учир нь Хгийн аав мөн эсэх нь эргэлзээтэй буюу нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд байдаг. Тухайн үед дээрх компрессор эвдэрхий байсан тул 800 000 төгрөгөөр худалдсан, би 600 000 төгрөгөөр Орос улсаас сэлбэг авчирч засаж янзалж ажилладаг болгосон. Хд 800 000 төгрөгийг нь төлчихсөн. Бидний хооронд ямар ч маргаан байхгүй. Нэгэнт хийгдээд дуусчихсан худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хуулийн үндэслэлгүй. Нэхэмжлэгч ХХХ нь уг гэрээтэй огт хамааралгүй этгээд тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Нэхэмжлэгчийн хувьд хэдэн сарын хэдэнд, хэн хэний өмчлөлийн, юуг, хэнээс, шаардаж байгаа нь тодорхойгүй байна. Гэрээний хувьд авч үзвэл Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.1.2-т зааснаар хөөн хэлэлцэх хугацаа дуусчихсан. Нэхэмжлэгч тал огт тодорхойгүй зүйлийг шүүхээс шийдвэрлэхийг шаардаж байна. Нэхэмжлэл гэж хэлэх боломжгүй. Хариуцагчийн хэлснээр сургалтын төлбөрөө төлөх гээд хүүхэд гуйгаад ирэхээр нь компрессорыг худалдан авсан байдаг. Хэлцлийг 2013 оны хавар хийсэн тухай тайлбар өглөө. Мөн өмгөөлөгч нь Хг оюутны сургалтын төлбөр төлөх гэж байсан гэдгээрээ түүнийг оюутан байсныг нотолж байна гэжээ.

 

Шүүх:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 243 дугаар зүйлийн 243.1. дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ХХХ-т холбогдох “ХХХ, Х нарын хооронд хийгдсэн худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулж, компрессорыг ХХХХ-ны өмчлөлд шилжүүлэхийг даалгах тухай” ХХХХ-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгч давж заалдах журмаар гаргасан гомдолдоо:

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 16 дугаар зүйлийг буруу тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т заасныг дурдаад маргаан бүхий хэлцлийг байгуулах насанд хүрээгүй иргэн нь хэлцлийн үр дагаварыг ойлгох боломжтой байсан, эцэг эхийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийх хэлцэл болохыг нотолж чадаагүй гэж дүгнэсэн.

Мөн хуулийн 16.3 дахь хэсэгт зааснаар эцэг эхийн зөвшөөрөл шаардлагатай гэж нотлогдохгүй бол бие даан хэлцэл хийхийг зөвшөөрсөн тухай зохицуулалт огт байхгүй. Түүнчлэн хуулийг энэ утгаар тайлбарлах нь Иргэний хуульд нийцэхгүй. Тухайлбал Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т насанд хүрээгүй иргэн хуулиар зөвшөөрснөөс бусад хэлцлийг хууль ёсны төлөөлөгч /эцэг, эх, харгалзан дэмжигч/-ийн бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийнэ гэж заасан.

Гэтэл охин Хдээ хариуцагчтай маргаан бүхий хэлцлийг байгуулах бичгэн зөвшөөрлийг эхнэр бид хоёрын аль нь ч өгч байгаагүй бүр амаар ч зөвшөөрөл өгөөгүй байсан. Хуульд ийнхүү тодорхой заасан байтал шүүх бичгээр олгосон зөвшөөрлийн үндсэн дээр хийгдэх хэлцэл болохыг нотолж чадаагүй байна гэж үзсэн нь үндэслэлгүй.

Түүнчлэн хэргийн оролцогчийн нотлох үүрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1.1-д зааснаар нотлох баримтаа гаргаж өгөх үүрэгтэйг илэрхийлдэг байтал шүүх Иргэний хуулийн 16 дугаар зүйлийг тайлбарлан хэрэглэж хууль хэрэглээний асуудлыг нэхэмжлэгч нотлож чадаагүй гэж шийдвэртээ тусгасан нь үндэслэлгүй.

Иймд маргаан бүхий хэлцэл нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.3.2-т зааснаар насанд хүрээгүй иргэний хувьд бие даан байгуулахыг зөвшөөрдөг “өөртөө хохиролгүй бөгөөд хиймэгц биелэх ахуйн чанартай хэлцэл” мөн эсэхийг нарийвчлан шалгах ёстой байсан. Хуулийн энэ заалтыг тайлбарлавал эрх зүйн зарим чадамжтай иргэний хийсэн хэлцэл нь өөрт хохиролгүй буюу хэлцлээс үүдсэн үүрэг хүлээлгээгүй эрсдэл үүсгэхгүй, цаашилбал бусдад буюу гуравдагч этгээдэд хохиролгүй байх, хиймэгц биелэх ахуйн чанартай буюу өдөр тутамд хийгдэж байдаг бага үнийн дүнтэй жижиг хэлцэл байхыг шаардаж байна.

Эндээс дүгнэвэл миний охин Х нь 7-8 сая төгрөгийн үнэтэй компрессорыг хариуцагч ХХХ-т худалдсан байгаа нь Иргэний хуулийн 16 дугаар зүйлийн 16.2, 16.3, 56 дугаар зүйлийн 56.5 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл юм. Ийм хүчин төгөлдөр бус хэлцлийг анхан шатны шүүх хүчин төгөлдөр гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэснийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй гэж үзэж байна. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангана уу гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч ХХХ нь хариуцагч ХХХ-т холбогдуулан насанд хүрээгүй Хтэй хийсэн худалдах-худалдан авах хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулж, гэрээний зүйл болох компрессорыг өөрт буцаан шилжүүлэхээр шаардсаныг, хариуцагч эс зөвшөөрч “Хг өвөө эмээ нь насанд хүрсэн, оюутан гэж танилцуулсан, миний дэргэд ааваасаа утсаар зөвшөөрөл авсан, уг гэрээг хийхийг гэр бүлийнхэн нь мэдэж байсан” гэх үндэслэл заан маргажээ.

 

Хариуцагчийн хүсэлтээр шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Х нь “ХХХ ах над руу залгаад, ах нь сардаа 100 000 төгрөгөөр буунуудаа хийлүүлдэг, чи компрессороо түрээслүүлэх үү, 100 000 төгрөгөөс бага мөнгөөр түрээслүүлээч гэсэн санал тавьсан. Надад мөнгө хэрэгтэй болсон үед 5000, 10 000, 20 000 төгрөг өгдөг байсан, зарахгүй гэдгийг хэлсэн, компрессорыг худалдаагүй, түрээслэсэн” гэж мэдүүлсэн байна.

 

Хэрэгт авагдсан баримтуудаар Х болон хариуцагч ХХХ нарын хооронд эрх зүйн ямар харилцаа, хэдийд үүссэн буюу хэргийн үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад шүүх хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, Х, ХХХ нар маргааны зүйл болж буй эд зүйлийг худалдах, худалдан авах хэлцэл хийсэн, эсхүл эд хөрөнгө түрээслэх гэрээний харилцаа үүссэн, уг хэлцэл хийгдсэн цаг хугацаа тодорхой бус, үүнээс үүдэн хэлцэл хийгч Хгийн хувьд насанд хүрсэн байсан эсэх зэрэгт дүгнэлт хийх боломжгүй юм.

 

Түүнчлэн тухайн эд хөрөнгийн үнэ, чанар, шинж байдлын талаар зохигчид зөрүүтэй тайлбар хийсэн, нэхэмжлэлийн шаардлага болон түүний үндэслэл, хэргийн үйл баримт хоорондоо тохирохгүй байгааг шүүх тодруулах шаардлагатай байжээ.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 8 дугаар сарын 05-ны өдрийн 102/ШШ2016/04816 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Ш.ОЮУНХАНД

                                                                       

                        ШҮҮГЧИД                                                       Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                Т.ТУЯА