Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 427

 

2020 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 221/МА2020/0427

Улаанбаатар хот

 

 

                                                       “Г.Х.А” ХХК-ийн

   нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Сарангэрэл даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Долгорсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна, нэхэмжлэгчийн өмгөөлөгч П.Б, хариуцагч Б.О.А.Ж.Я-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б, М.Т нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 365 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, “Г.Х.А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, А.М.Г.Т.Г.К.Х.Д, Б.О.А.Ж.Я-анд тус тус холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Долгорсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 365 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4, 28 дугаар зүйлийн 28.2, 40 дүгээр зүйлийн 40.2.3, 40.4, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.3-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Г.Х.А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дугаар 2019/06 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” дүгнэлтийг болон А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 420 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан гомдолдоо: “...Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.2 дахь хэсэгт заасныг үндэслэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 365 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

Нэхэмжлэгчээс “А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг хүчингүй болгуулах, Байгаль орчин, аялал жуучлалын яамны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/06 дугаар дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан.

Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт:

1. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “Гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”, 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид нь дээрх зохицуулалтуудын дагуу сонсох ажиллагаа хийгээгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь нэхэмжлэгч “Г.Х.А” ХХК нь олборлолт явуулаагүй байх тул нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол, гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай зэрэг сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдол үүсээгүй, мөн сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй ба үүнийг нотлох баримтаа хариуцагчид шүүхэд ирүүлээгүй болно” гэжээ.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “Гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол” гэж заасны дагуу төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй юм.

Төрийн захиргааны байгууллага тухайн тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчинд хортой нөлөө үзүүлж, орон нутгийн иргэд, малчдын эрүүл амьдрах орчин нь хязгаарлагдан, мал уух усгүй болж бэлчээр, улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж мал их хэмжээгээр хорогдох байсан.

Дээрх гарцаагүй байдлын улмаас нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай байсан тул төрийн захиргааны байгууллага сонсох ажиллагаа хийхгүйгээр шийдвэр гаргасан. Иймд төрийн захиргааны байгууллага нь сонсох ажиллагааг хийгээгүй шалтгааны талаар нотлох баримтыг шүүхэд хүргүүлэх боломжгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Нотлох баримт цуглуулах үүргийг Захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ” гэж заасан байна.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ашиг малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д заасан дүгнэлт гаргах Ажлын хэсэг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2.6, 15 дугаар зүйлийн 15.1.1, Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5 дахь заалт болон Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг тус тус үндэслэн дүгнэлт гаргасан. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр “Г.Х.А” ХХК-д холбогдох дүгнэлтийг Уул уурхай, хүнд үйлдвэрийн яаманд хүргүүлснийг Ашигт малтмал, газрын тосны газарт ирүүлсний дагуу А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэрийг гаргасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална” гэж заасан ба 56.1.5-д зааснаар тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан бол Ашигт малтмал, газрын тосны газар тусгай зөвшөөрлийг цуцлах зохицуулалттай.

Анхан шатны шүүхийн Үндэслэх хэсэгт:

2. “Нэхэмжлэгчийн хүчингүй болгуулахаар маргаж буй 2019/06 дугаар “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” ажлын хэсгийн дүгнэлтийн үндэслэл нь тодорхойгүй, ерөнхий шинжтэй буюу “Г.Х.А” ХХК нь тус ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлэн авснаас хойш хэрхэн, тодорхой ямар байдлаар байгаль орчинд хортой нөлөө учруулж буй талаар уг дүгнэлтэд тодорхой заагаагүй, хэрхэн, ямар байдлаар хортой нөлөө учруулж буй болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдохгүй байна” гэжээ.

Шүүгч ашиг малтмалын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг орон нутгийн байгаль орчны улсын байцаагчийн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа нутгийн иргэдээс гэрч оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үзлэг, шалгалтыг хийгээгүй нь хууль хэрэглэх, нотлох баримтыг шинжлэн судлах зарчмуудыг зөрчиж байна.

Иймд дээрх хуулийн агуулга, хэм хэмжээг зөрчсөн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс давж заалдах журмаар гаргасан гомдлыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гомдлын хүрээнд хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, дараах үндэслэлээр гомдлыг хангахгүй орхилоо. 

А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 420 дугаар шийдвэрээр Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5, 28 дугаар зүйлийн 28.1.1, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 01/5820 дугаар албан бичгээр ирүүлсэн 2019/06 дугаар дүгнэлтийг үндэслэн нэхэмжлэгч “Г.Х.А” ХХК-ийн эзэмшлийн MV-004174 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалсан.  

Маргаан бүхий 420 дугаар тушаалын үндэслэл болсон Б.О.А.Ж.Я-ны 2019/06 дугаар дүгнэлтэд “...Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6, 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1,  Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5-д тус тус заасныг баримтлан Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 02/975 дугаар албан бичгийг үндэслэн “Г.Х.А” ХХК-ийн эзэмшдэг MV-004174 дугаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалт хийхдээ тухайн компани нь байгаль орчинд хортой нөлөө учруулж буй тул тусгай зөвшөөрлийг цуцлуулах нь зүйтэй...” гэжээ.  

Уг дүгнэлтийн үндэслэл болсон Архангай аймгийн Засаг даргын 02/975 дугаар албан бичигт “... MV-004174 дугаар “Г.Х.А” ХХК-ийн үйл ажиллагаа нь Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасны дагуу байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа...” гэсэн байна. 

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2019 оны А/425 дугаар тушаалаар байгуулагдсан Ажлын хэсэг нь Б.О.А.Ж.Я-ны дээрх 2019/06 дугаар дүгнэлтийг гаргахдаа Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 15 дугаар зүйлд зааснаар бодит нөхцөл байдал, үндэслэл, шаардлагыг бүрэн тодруулах боломжтой бөгөөд үүрэгтэй байсан.

Гэрч Ж.Э-йин “... Би 30 жил шахуу байцаагчийн ажлыг хийж байгаа. “Г.Х.А” ХХК-ийн хувьд олборлолт явуулаагүй, байгаль орчинд учруулсан янз бүрийн хохирол байхгүй” гэх, гэрч Г.Л-ийн “... Би Архангай аймагт 29 жил амьдарч байна. Энэ компанийн хувьд үйл ажиллагаа явуулаагүй, бичиг баримтын бүрдэл хангаагүй, гэрээ байгуулаагүй байсан, хяналт шалгалт явуулсан танилцуулга байхгүй” гэх, гэрч Архангай аймгийн Мэргэжлийн хяналтын газрын Геологи, уул уурхайн улсын байцаагч Ч.О-ны “...тус компанийн тусгай зөвшөөрөл дөнгөж шилжээд үйл ажиллагаа явуулах гээд ирээд байж байхад нь манайхаас үйл ажиллагааг нь зогсоочихсон. Тэгээд ямар ч үйл ажиллагаа явагдаагүй, манай зүгээс санал дүгнэлт гарч байгаагүй” гэх мэдүүлгүүд, Ашигт малтмалын газрын тосны газрын 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 4/2494 дугаар албан бичиг зэргээс үзэхэд “Г.Х.А” ХХК нь Ашигт  малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 486 дугаар шийдвэрээр MV-004174 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг шилжүүлж аваад үйл ажиллагаа явуулаагүй болох нь тогтоогдож байна.

Гэтэл “Г.Х.А” ХХК нь бодит байдалд MV-004174 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулах эрхтэй эсэх, тухайн талбайд ашиглалтын үйл ажиллагаа явуулсан эсэх, ашиглалт хийхдээ байгаль орчинд хортой нөлөөллийг үзүүлж байгаа эсэх талаарх нөхцөл байдлыг бүрэн шалгаж тогтоохгүйгээр 2019/06 дугаар дүгнэлтийг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх бөгөөд уг үндэслэлээр маргаан бүхий дүгнэлтийг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна.

2019/06 дугаар хууль бус дүгнэлтийг үндэслэн гарсан А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын 420 дугаар шийдвэрээр нэхэмжлэгч компанийн эзэмшлийн MV-004174 дугаар ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцалснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдөж, өөрийн эзэмшлийн талбайд ашиглалтын болон бусад шаардлагатай үйл ажиллагааг явуулах боломжгүй болсон тул анхан шатны шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож байж нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрх сэргээгдэх боломжтой гэж дүгнэн 420 дугаар шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр биелэгдэх боломжтой байх, шударга ёсны зарчимд нийцжээ гэж шүүх дүгнэв.

Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Дараах тохиолдолд сонсох ажиллагаа хийхгүй байж болно”, 28.1.1-д “Нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөхөөр бол”, 28.1.2-т “Гарцаагүй байдлын улмаас, эсхүл нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай бол”, 28.2-т “Энэ хуулийн 28.1-д заасан сонсох ажиллагааг хийгээгүй шалтгаанаа захиргааны байгууллага нотлох үүрэгтэй” гэж тус тус заасан.

“Г.Х.А” ХХК нь олборлолт явуулаагүй, тус компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарласан бөгөөд энэ тохиолдолд нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлөх, гарцаагүй байдлын улмаас, нийтийн ашиг сонирхлын үүднээс хойшлуулшгүй ажиллагаа явуулах шаардлагатай зэрэг сонсох ажиллагаа хийхгүй байх тохиолдол үүсээгүй байх тул “...сонсох ажиллагаа хийхгүйгээр шууд шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй... гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн  “...тусгай зөвшөөрлийг цуцлаагүй бол байгаль орчинд хортой нөлөө үзүүлж, орон нутгийн иргэд, малчдын эрүүл амьдрах орчин нь хязгаарлагдан, мал уух усгүй болж бэлчээр улмаар экологийн тэнцвэрт байдал алдагдаж мал их хэмжээгээр хорогдох байсан” гэх гомдол нь бодит байдалд нийцэхгүй, магадгүй ирээдүйд бий болох эрсдэлийг хийсвэрлэн дүгнэжээ гэж үзэхээр байна.

Өөрөөр хэлбэл, ашиг малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох талаар Ашигт малтмалын хуульд заасан урьдчилсан нөхцөл байдал бүрдээгүй байхад нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдсан нь захиргааны эрх мэдлийг хэрэгжүүлэх аливаа үйл ажиллагаа нь хуульд үндэслэх, хууль дээдлэх зарчимд нийцээгүй байна гэж шүүх дүгнэлээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д “Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч өөрийн шаардлага ба татгалзлаа үндэслэж байгаа, шүүх хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан арга хэрэгслээр олж авсан бодит нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” гэж заасан бөгөөд маргаан бүхий тусгай зөвшөөрлийн талбайд шүүхээс үзлэг хийснээр “Г.Х.А” ХХК-ийн чухам ямар буруутай үйл ажиллагааны улмаас байгаль орчинд хортой нөлөөлөл учирсан болохыг тогтоох боломжгүй бөгөөд ач холбогдолгүй.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзэж маргааны үйл баримтыг тодруулахаар холбогдох албан тушаалтнуудыг гэрчээр асуун тэдний мэдүүлгийг үнэлсэн нь  Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1-д “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлэх” гэж заасантай нийцсэн байна.

Иймд “...шүүгч ашиг малтмалын үйл ажиллагаанд өдөр тутам хяналт тавьж ажилладаг орон нутгийн байгаль орчны улсын байцаагчийн гэрчийн мэдүүлгийг үнэлээгүй, эрх ашиг нь хөндөгдөж байгаа нутгийн иргэдээс гэрч оролцуулаагүй, хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох үзлэг, шалгалтыг хийгээгүй нь хууль хэрэглэх, нотлох баримтыг шинжлэн судлах зарчмуудыг зөрчиж байна” гэх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “Төрийн захиргааны байгууллага тусгай зөвшөөрлийг дараахь үндэслэлээр цуцална”, 56.1.5-д “Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгаль орчинд хортой нөлөөлж байгаа, эсхүл нөхөн сэргээх, байгаль орчны менежментийн төлөвлөгөөнд заасан үүргээ биелүүлээгүй талаар нутгийн захиргааны байгууллагын саналыг харгалзан байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дүгнэлт гаргасан” гэж тус тус заасан.

Энэ маргааны хувьд нутгийн захиргааны байгууллага, байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага болон Ашигт малтмалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага  нь хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөх нөхцөлд холбогдох хууль тогтоомжид заасан өөрсдийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж, аливаа шийдвэрийг хуулийн дагуу гаргах нь эрх зүйт төрийн хуульд үндэслэх, зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, үндэслэл бүхий байх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн, хөндөгдөж болзошгүй шийдвэр гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд тусгайлан заасан урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зэрэг захиргааны үйл ажиллагааны зарчимд нийцэх юм.

Тодруулбал, хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х.Д “Г.Х.А” ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгохдоо Ашигт малтмалын тухай хуульд заасан тусгай зөвшөөрлийг хүчингүй болгох нөхцөл байдал бодитоор тогтоогдсон эсэхийг нягталж шалгалгүй, шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгч компанийн оролцоог хангахгүйгээр зөвхөн  Б.О.А.Ж.Я-ны 2019/06 дугаар дүгнэлтийг үндэслэсэн нь эрх зүйн зөрчилтэй, хууль  бус  захиргааны акт гаргахад хүргэжээ. 

Дээрхээс дүгнэхэд маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байх боловч шийдвэрийн Тогтоох хэсэгт хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралгүй хуулийг баримталсныг зөвтгөсөн өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 1232 дугаар захирамжаар хамтран хариуцагчаар татсан Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 2019/06 дугаар дүгнэлтийг гаргасан ажлын хэсэг нь уг маргаанд бие даасан хариуцагч байхааргүй боловч Б.О.А.Ж.Я-наас итгэмжлэгдсэн төлөөлөгчийг томилж, нэхэмжлэлийн хувийг гардан авч, хариу тайлбараа шүүхэд ирүүлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэхээргүй байгааг тэмдэглэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 365 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Ашигт малтмалын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 6-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Г.Х.А” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б.О.А.Ж.Я-ны 2019 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн “Ашигт малтмалын тусгай зөвшөөрлийг цуцлуулах тухай” 2019/06 дугаар дүгнэлт,  А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын 2019 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн “Тусгай зөвшөөрөл цуцлах тухай” 420 дугаар шийдвэрийг тус тус хүчингүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч А.М.Г.Т.Г.К.Х.Д-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

        ШҮҮГЧ                                                                А.САРАНГЭРЭЛ

 

                   ШҮҮГЧ                                                                Г.БИЛГҮҮН

 

                   ШҮҮГЧ                                                                Н.ДОЛГОРСҮРЭН