Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2026/00629

 

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Лхагвасүрэн даргалж, шүүгч Т.Гандиймаа, Ч.Мөнхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10349 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нар,

 

Хариуцагч: *******д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: 66,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Мөнхцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Минжин нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга:

1.1.Нэхэмжлэгч *******, ******* нар нь “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцнаас хямд үнээр авахаар шийдэж, нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 25,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 11,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөгийг хариуцагч *******д шилжүүлсэн. ******* нь нэхэмжлэгч нарын өмнөөс хариуцагчтай харилцаж байсан бөгөөд нэхэмжлэгч нарт хариуцагчтай харилцсан чат, мессежийг үзүүлж, мэдээлэл өгч байсан.

1.2.Ингээд тохиролцсон хугацаа болох 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр ******* нь хариуцагч *******тай холбогдож асуухад хариуцагч нь “Нийслэлийн орон сууцны корпорацад шалгалт орсон учраас хөнгөлөлттэй авч байгаа та нарын орон сууц хойшлогдохоор болчихлоо, цагаан сарын дараа оруулна” гэж хэлсэн. Хариуцагч ******* нь ******* руу нотолгоо болгож “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд оруулсан өөр бусад хүмүүсийн бичлэг, гарсан байрны гэрчилгээ, хүмүүсийн гэрчилгээний хураамж төлсөн банкны зарлагын баримт зэргийг удаа дараа явуулж байсан боловч эцэст нь хариуцагчийн хэлсэн, ярьсан зүйлс худал болох нь тодорхой болсон.

1.3.Хариуцагч ******* нь “өөрөө хүнд залилуулсан” гэж нэхэмжлэгч нарт хэлж, өнөөдрийг хүртэл шилжүүлж авсан 66,000,000 төгрөгийг өгөхгүй байна. Энэхүү маргааны хувьд “мөнгөн хөрөнгө эзэмшилд нь байгаа этгээдийг хөрөнгө олж авсан этгээд” гэж ойлгох бөгөөд нэхэмжлэгч нар болон хариуцагч ******* нарын хооронд гэрээний харилцаа үүсээгүй, нэхэмжлэгч нар нь орон сууц авах зорилгоор хариуцагчид мөнгө шилжүүлсэн боловч бүтэхгүй болсон.

1.4.Иймд хариуцагч ******* нь 66,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн тул хариуцагчаас 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д, 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д тус тус гаргуулж өгнө үү гэжээ.

 

2.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

2.1.Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. Учир нь хариуцагч ******* нь өөрөө тухайн орон сууцыг худалдахаар гэрээ байгуулаагүй. Нэр бүхий хүмүүс “орон сууцыг хөнгөлөлттэй нөхцөлөөр түрээслүүлээд ашиглуулах нөхцөлөөр олгоно” гээд ойролцоогоор 60-аад хүмүүсээс *******д шилжүүлсэн 2-3 тэрбум төгрөгийг *******, н.*******, ******* зэрэг хүмүүс рүү шилжүүлсэн. ******* эдгээр хүмүүсийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан цаашаагаа өгсөн учраас хариуцагч биш, өөрөө мөн хохирсон тул цагдаагийн байгууллагад гомдол гаргасан.

2.2.Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст *******, н.*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Мөн бусад хүмүүсээс *******д холбогдуулан гаргасан гомдлын дагуу мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа ба нэхэмжлэлд дурдсан үйл баримт нь эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл юм.

2.3.Иймд татгалзлын үндэслэлийг шүүх хуралдаанд дэлгэрэнгүй тайлбарлан мэтгэлцэж, тогтоолгох тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч *******гаас 66,000,000 төгрөгийг гаргуулж, үүнээс 30,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д, 36,000,000 төгрөгийг нэхэмжлэгч *******д тус тус олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645,900 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 645,900 төгрөгийг гаргуулж, үүнээс 307,950 төгрөгийг нэхэмжлэгч *******д, 337,950 төгрөгийг нэхэмжлэгч ******* нарт олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Анх *******, н.*******, *******, ******* нар нь иргэдэд “Буянт-Ухаа 2” хорооллоос хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц олгож буйтай холбогдуулан миний бие 100 гаруй сая төгрөгийг *******гийн дансанд шилжүүлсэн. Энэ талаар ******* мэдэж, надаас асуухад нь дээрх хүмүүс “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцанд хөнгөлөлттэй нөхцөлөөр оруулж байгаа гэдгийг хэлсэн бөгөөд үүнийг сонссон ******* нь *******тай биечлэн уулзаж, асууж тодруулсны эцэст “Буянт-Ухаа 2” хорооллоос хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалан авахаар мөнгөө төлсөн. Ингэхдээ ******* нь орон сууц захиалгын төлбөрийг *******ын хэлсний дагуу миний дансанд шилжүүлсэн бөгөөд миний бие уг төлбөрийг мөн *******ын хэлснээр цааш *******гийн дансанд шилжүүлсэн.

4.2.Үүний дараа ******* нь “Буянт-Ухаа 2” хорооллоос хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууц захиалсан тухай *******, ******* нарт хэлснээр нэхэмжлэгч нар мөн адил орон сууц захиалахаар шийдэж, төлбөрөө миний дансаар дамжуулан *******д төлсөн бөгөөд миний бие нэхэмжлэгч нарын мөнгийг мөн *******гийн дансанд шилжүүлсэн.

4.3.Миний бие нэхэмжлэгч нарын мөнгөнөөс аваагүй, нэхэмжлэгч нарт, эсхүл нэхэмжлэгч нарын өмнөөс орон сууцны захиалга хийгээгүй. Энэ талаар ******* нь нэхэмжлэгч нарт хэлж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгч нар нь надтай огт уулзаж байгаагүй. Миний бие нэхэмжлэгч нартай орон сууц худалдах хэлцэл хийгээгүй бөгөөд нэхэмжлэгч нарт худалдах орон сууц надад байхгүй. Энэ талаар ******* ч мэдэж байсан. *******, н.*******, *******, ******* нар нь нэхэмжлэгч нарт орон сууц худалдах гэж байсан тул мөнгийг нь тэд нар авсан. Гэтэл “намайг орон сууц захиалгын гэрээ байгуулж, нэхэмжлэгч нарын мөнгийг авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж 66,000,000 төгрөг шаардсан нь хууль бус.

4.4.Түүнчлэн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдааныг товыг надад хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдээгүй бөгөөд хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэв намайг шүүх хуралдаанд оролцуулсан бол миний бие энэ талаар тайлбарлах байсан боловч мэтгэлцэх боломж олгоогүй.

4.5.Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

5.Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга:

5.1.“Хариуцагчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэсэн” гэх агуулгаар гомдол гаргасан нь үндэслэлгүй. ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд оролцож, 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 08:30 цагт товлон хойшлуулсан шүүх хуралдааны товтой танилцаж, гарын үсэг зурсан хэр нь 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Иймд миний бие хариуцагчийн эзгүйд шийдвэрлүүлэх хүсэлт гаргасны дагуу шүүх хуралдаан үргэлжилж, хэргийг шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн.

5.2.“Нэхэмжлэгч нарын өгсөн мөнгийг цааш дамжуулан өгсөн байхад хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй” гэж гомдолдоо дурдсан. Нэхэмжлэгч ******* 30,000,000 төгрөг, нэхэмжлэгч ******* 36,000,000 төгрөг, нийт 66,000,000 төгрөгийг “Буянт-Ухаа 2” хорооллын орон сууцнаас худалдан авахаар хариуцагч *******гийн дансанд шилжүүлсэн. Хариуцагч ******* нь *******гаар дамжуулан “тус хорооллын орон сууцнаас сарын дотор худалдаж авч өгнө” гэж хэлсэн бөгөөд уг үйл баримттай талууд маргаагүй. “Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

5.3.Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2.Нэхэмжлэгч *******, ******* нар нь хариуцагч *******д холбогдуулан үндэслэлгүй хөрөнгөжсөн үндэслэлээр 66,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хариуцагч ******* нь өөрөө тухайн орон сууцыг худалдахаар гэрээ байгуулаагүй, эдгээр хүмүүсийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан *******, н.*******, ******* зэрэг хүмүүс рүү шилжүүлж өгсөн учраас хариуцагч биш, өөрөө мөн хохирсон, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтэст *******, н.*******, ******* нарт холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3.Нэхэмжлэгч ******* нь 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данснаас 18,000,000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн Хас банк дахь ******* тоот данснаас 7,000,000 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 11,000,000 төгрөг, нийт 36,000,000 төгрөгийг, нэхэмжлэгч ******* нь 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өөрийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот данснаас 20,000,000 төгрөг, мөн өөрийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банк дахь ******* тоот данснаас 10,000,000 төгрөг, нийт 30,000,000 төгрөгийг тус тус хариуцагч *******гийн эзэмшлийн Хаан банк дахь ******* тоот дансанд шилжүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, уг үйл баримтад талууд маргаагүй.

 

4.Анхан шатны шүүх хэргийн үйл баримтыг зөв тогтоож, хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

4.1.Хариуцагч ******* нь Нийслэлийн орон сууцны корпорацаас хэрэгжүүлж буй “Буян-Ухаа 2” хорооллын хөнгөлөлттэй орон сууцны төсөлд хамруулж өгнө” гэсний дагуу нэхэмжлэгч *******, ******* нар нь орон сууцтай болох зорилгоор 66,000,000 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь талуудын тайлбар, гэрч *******гийн мэдүүлгээр тогтоогдсон байна.

4.2.Хариуцагч ******* нь Нийслэлийн орон сууцны корпорацын хэрэгжүүлж буй төслийн орон сууцтай холбоотой харилцан гэрээ байгуулах эрх бүхий этгээд биш болох нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл, орон сууц шилжүүлэхтэй холбоотой хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хууль зөрчиж хийсэн. Энэ талаар анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

4.3.Иймд талуудын хооронд хийгдсэн хэлцэл нь хожим хүчин төгөлдөр бус болсон байх тул хариуцагч *******гаас 66,000,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д нийцсэн. Энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй.

4.4.Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч татгалзлын үндэслэлээ “...хариуцагч ******* нь тухайн орон сууцыг худалдахаар гэрээ байгуулаагүй, эдгээр хүмүүсийн мөнгийг өөрийн дансаар дамжуулан *******, н.*******, ******* зэрэг хүмүүс рүү шилжүүлж өгсөн учраас хариуцагч биш, эдгээр хүмүүст холбогдох эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна...” гэх агуулгаар тайлбарласан байгаа боловч уг тайлбар, татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар нотлох үүргээ биелүүлээгүй.

 

5.Хариуцагч *******гийн “...шүүх хуралдааны товыг надад хуульд заасан арга, хэлбэрээр мэдэгдээгүй, хариуцагчийг оролцуулалгүйгээр шүүх хуралдааныг хийж, хэргийг шийдвэрлэсэн...” гэх агуулгаар гаргасан гомдлыг хангах үндэслэл хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

Хариуцагч ******* нь 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх хуралдаанд биечлэн оролцож, тус өдрийн шүүх хуралдааныг 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрөөр товлон хойшлуулсан баримттай танилцаад гарын үсэг зурсан, улмаар 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас гаргасан тайлбар болон бусад баримт нотолгоог үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасанд нийцсэн.

 

6.Дээрх үндэслэлээр хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 191/ШШ2025/10349 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 645,900 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ЛХАГВАСҮРЭН

 

                    ШҮҮГЧИД                                   Т.ГАНДИЙМАА

 

                                                                                                Ч.МӨНХЦЭЦЭГ