Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 21 өдөр

Дугаар 5489

 

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар    

Нэхэмжлэгч:Баянгол дүүргийн 8 дугаар хороо, 3 дугаар хороолол, Кинова төвд байрлах, регистрийн дугаар 5638062, Пролог Солюши ХХКомпанийн нэхэмжлэлтэй

Хариуцагч:Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Үйлдвэрийн район өөрийн байранд байрлах, регистрийн  дугаар 5038062, АТА Трейд ХХКомпанид холбогдох

Тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний үүргийн гүйцэтгэлд 168 590 081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн Б.Энхбаяр, Ө.Эрдэнэ-Очир, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Отгончимэг нар оролцов. 

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Пролог Солюшн ХХКомпани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Пролог Солюшн ХХКомпани тээвэр зуучийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд манай компани АТА Трейд ХХКомпанитай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр 04/06/2014-тоот “Тээвэр үйлчилгээ үзүүлэх гэрээ” байгуулсан.Тус гэрээгээр манай компани “Ата Трейд” ХХК-ийн ачааг 40 тоннын чингэлэгүүдээр АНУ-аас тээвэрлэн авчрах, “Ата трейд” ХХК тээвэрлэлтийн хөлс болон, гарсан нэмэлт зардлыг хамтад нь төлөх үүргийг тус тус хүлээсэн.Биднийзүгээс гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд ньзохих ёсоор биелүүлж энэ тухайгаа АТА Трейд ХХКомпанид албан бичгээр мэдэгдэж, түүнчлэн итгэлцлийн үүднээс ачааны ихэнхи хэсгийг хүлээн авагчид олгосон болно.Ингээд гэрээний үүргийн дагуу төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж 2014 оны 12  дугаар сарын 31-ний өдрөөр тооцоо нийлэн өр, авлагаа баталгаажуулсан.Гэвч тус компанийн зүгээс тээвэрлэлтийн гэрээний төлбөрийг төлөхгүй хугацаа алдсаар байсан.Тускомпанийн тээвэрлэгдсэн ачааны үлдэгдэл нь Улаанбаатар хотын гаалийн талбайд урт хугацаанд хадгалагдсанаас үүдэн чингэлэг түрээс болон чингэлэг хадгаламжийн нэмэлт зардал одоог хүртэл гарсаар байна.Тооцоо нийлсэн өдрөөс хойш 2016 оны 6 дугаар сарын 06-ний өдрийг хүртэлх “АТА Трейд” ХХКомпани нь үндсэн тээврийн хөлс болох 50,878.59 ам.доллар, чингэлэг түрээсийн зардал 5,953 22 ам долларыг манай компанид төлөх ба нэхэмжлэл гаргах үеийн ханшаар /1984,44/ тооцож 112 779 317 төгрөг, Улаабаатар хотын гаалийн хадгаламжийн төлбөр 5 328 000 төгрөг нийт 118 107 317 төгрөгийг манайд өгөх үүрэгтэй боловч төлөхгүй 2 жил болж байна.Иймд АТА Трейд ХХКомпаниас гэрээний үүргийн үлдэгдэл 118 107 317 төгрөг, алдангид 50 482 764 төгрөг нийт 168 590 081 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Эрдэнэ-Очир шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Нэхэмжлэгч Пролог Солюшн ХХКомпани нь АТА Трейд ХХКомпанитай 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр Тээвэр үйлчилгээ үзүүлэх гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр манайх АТА Трейд ХХКомпанийн 10 чингэлэг ачааг АНУ-аас тээвэрлэн Улаанбаатар хотод авчрах, хариуцагч АТА Трейд ХХКомпани ачааг хүлээн авч, тээврийн хөлс болон нэмэлт зардлыг төлөх үүргүүдийг тус тус хүлээсэн.Эхний 5 чингэлэг ачааг авчирсан, төлбөрийг төлж, хүлээн авсан бөгөөд дараагийн 5 чингэлэг ачааны тээврийн хөлс болон нэмэлт зардлыг нэхэмжилж байгаа ба энэ 5 чингэлэг ачааны 2 чингэлэг ачааг одоо болтол хариуцагч байгууллага хүлээж аваагүй байгаа.АТА Трейд ХХКомпани ачаагаа хугацаанд нь аваагүй учир гаалийн хяналтын талбайд талбайн хадгаламжийн зардал гарсан. Манайх гадаадын өндөр үнэтэй чингэлэгт 11 160 ам доллар төлсөн бөгөөд гадаадын чингэлэгээс Харуутайн Транс ХХКомпанийн чингэлэг болон талбай руу ачааг зөөсөнтэй холбогдож 1 365 000 төгрөгийн зардал гарсан.Чингэлэгийг шилжүүлснээс хойш Харуутай транс ХХкомпанийн чингэлэг болон хадгалалтын үнийг АТА Трейд ХХКомпанид танилцуулахад зөвшөөрсөн байдаг бөгөөд хариуцагч талтай 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тооцоо нийлж акт үйлдсэн.Үүгээр 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны үлдэгдэл 11 820 000 төгрөгийг АТА Трейд ХХКомпаниас авахаар байсан.Тооцоо нийлснээс хойш АТА Трейд ХХКомпани манайд 5 удаагийн гүйлгээгээр нийт 47 600 000 төгрөгийг шилжүүлсэн байгаа.Одоо тээврийн хөлсний үлдэгдэл 50,878.59 ам.доллар, чингэлэг түрээсийн зардал 5,953 22 ам долларыг манай компанид төлөх ба нэхэмжлэл гаргах үеийн ханшаар /1984,44/ тооцож 112 779 317 төгрөг, гаалийн хадгаламжийн төлбөр 5 328 000 төгрөг, алдангид 50 482 764 төгрөг нийт 168 590 081 төгрөгийг нэхэмжилж байна гэв.

Хариуцагч байгууллагын өмгөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа:Би АТА Трейд ХХК-тай байгуулсан Эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээнийий дагуу тус компанид холбогдуулан гаргасан “Пролог Солюшн” ХХК-ийн нэхэмжлэлтэй тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлэх гэрээний төлбөрийн үлдэгдэл болон алдангид нийт 168,590,081 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчөөр оролцож байна.“АТА трейд” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Алтанцэцэг нь “Пролог Солюшн” ХХКомпанийн тус дүүргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг гардан авсан бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч тайлбарыг гаргаж байна. “Пролог Солюшн” ХХК, “АТА трейд” ХХК-ийн хооронд 2014 оны 7 дугаар 21-ний өдөр Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээ байгуулагдаж, талууд гэрээгээр хүлээсэн эрх, үүргийг хэрэгжүүлж ирсэн байна.Тус гэрээнд заасны дагуу “АТА трейд” ХХКомпани нь зохих төлбөрийг гүйцэтгэж ирсэн.Талууд гэрээний төлбөрийн талаар нэг удаа тооцоо нийлж байсан боловч нэхэмжлэгчийн ачаа хадгаламжийн задаргаа, авлагын товчооны тайланг нягтлан тооцоо нийлэх шаардлагатай байна.Мөн түүнчлэн нэхэмжлэгч тал хариуцагчаас тээвэрлэлтийн гэрээний төлбөрт төлсөн төлбөрийг нэмэлт зардал хураамжинд тооцсоноор гэрээний төлбөр, улмаар алдангийн хэмжээ хэтэрхий өндөр үнийн дүнтэй гарсан байна гэж байна.Энэхүү нэхэмжлэлийг гардан авснаас хойшхи хугацаанд “АТА трейд” ХХК- нягтлан бодогч Энхчимэгийн аав нь өвчний улмаас хүнд хагалгаанд орж, биеийн байдал хүнд байсны улмаас маргаантай гэрээнд холбогдох баримтыг бүрдүүлж нэгдсэн тооцоог гаргаж чадаагүй болно.Иймд ойрын хугацаанд “Пролог Солюшн” ХХК, “АТА трейд" ХХК-ийн хооронд байгуулсан Тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний төлбөр тооцооны нэгдсэн дүн, түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ нотолсон баримтуудыг гаргаж өгөх болно гэжээ.

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Пролог Солюшн ХХКомпани хариуцагч АТА Трейд ХХКомпанид холбогдуулан тээврийн зуучийн үйлчилгээний гэрээний үүргийн үлдэгдэл төлбөрийн 100 964 338 төгрөг, чингэлэг түрээсийн төлбөрийн 11 813 371 төгрөг, гаалийн талбай хадгаламжийн төлбөрийн 5 328 000 төгрөг, алдангид 50 482 764 төгрөг нийт 168 590 081 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх боловч дээрх нэхэмжлэлийн үнийн дүнгийн нийлбэр 168 587 486 төгрөг байна.

 

Нэхэмжлэгч Пролог Солюшн ХХКомпани 2014 оны 7 дугаар сарын 21-ний өдөр АТА Трейд ХХКомпанитай тээврийн зуучлалийн үйлчилгээний гэрээ байгуулсан байх бөгөөд нэхэмжлэгч Пролог Солюшн ХХКомпани нь АТА Трейд ХХКомпанийн АНУ-аас авах 10 чингэлэг ачааг тээвэрлэн Улаанбаатар хотод авчирч өгөх үүрэг хүлээж, АТА Трейд ХХКомпани ачааг хүлээн авч, үнийг төлөх үүрэг хүлээсэн болох нь талуудын хооронд байгуулсан тээврийн зуучийн үйлчилгээний гэрээ болон зохигчдын тайлбараар нотлогдож байх бөгөөд энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1-т заасан зохицуулалтад нийцэж байна.

 

Гэрээний дагуу Пролог Солюшн ХХКомпани АНУ-аас 10 чингэлэг ачааг Улаанбаатар хотод авчирсан бөгөөд АТА Трейд ХХКомпани бараагаа цувуулан авч байсан бөгөөд талууд 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дээрх гэрээнээс үүссэн өр авлагын талаар тооцоо нийлж, хариуцагч байгууллага нь 11 820 000 төгрөгийн өртэй байгааг тооцооны үлдэгдлийг баталгаагаар баталгаажуулсан байна.

 

Гэтэл АТА Трейд ХХКомпани гаалийн бүрдүүлэлт хийж ачаагаа бүрэн гүйцэд хүлээж аваагүйн улмаас үлдэгдэл ачааны Улаанбаатар хотын гаалийн талбай хадгаламжийн төлбөрт 5 328 000 төгрөг, чингэлэг түрээсийн төлбөрт 11 810 752 төгрөгийн нэмэлт зардалыг Пролог Солюшн ХХКомпани төлсөн байна.

 

Талуудын хооронд хийгдсэн гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1-т “захиалсан тээвэрлэлттэй холбоотой төлбөр тооцоо болон нэмэлт зардлын хураамжийг тээвэрлэгчид төлөх” 2.2.4-т “зуучийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлс, нэмэгдэл зардлууд болон зуучлалын хөлсийг үнийн саналд заасан хугацаанд төлөх, гэж талууд тохирсон байна.

 

Хариуцагч байгууллага одоо ч гаалийн бүрдүүлэлт хийж нэг чингэлэг барааг аваагүй гаалийн талбайд хадгалагдаж байгаа гэж нэхэмжлэгч тал тайлбарлаж байх бөгөөд гэрээний 2 дугаар зүйлийн 2.2.6-д “үйлчлүүлэгч ачааны гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай хийж, гаалийн бүрдүүлэлт хийх хугацаанд гарсан хадгаламж, тээврийн хэрэгслийн түрээс болон бусад холбогдох зардлыг хариуцан төлөх, 3 дугаар зүйлийн 3.3-т “үйлчлүүлэгч ачааг Улаанбаатар дахь гаалийн хяналтын талбайгаас хүлээн авахаас өмнө төлбөрийг бүрэн барагдуулсан байх” гэж талууд тохирсон байх боловч хариуцагч тал энэхүү гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй болох нь нотлогдож байна.

 

Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч нь зөвхөн тээвэрлэлтийн хөлсний үлдэгдэл 100 964 338 төгрөгт алданги тооцсон гэж тайлбарлаж байх ба талуудын хооронд хийгдсэн гэрээний 3 дугаар зүйлийн 3.4-т “үнийн санал болон захиалга авах хуудасны дагуу тохиролцсон хугацаанд нэхэмжлэлийн үнэ төлөгдөөгүй тохиолдолд үйлчлүүлэгч хэтэрсэн хоног тутамд төлбөл зохих мөнгөн дүнгийн 0,5 хувиар зуучид алданги төлнө” гэж тохирсон байх тул нэхэмжлэгч байгууллагын шаардсан алдангийг хариуцагч тал төлөх үндэстэй байна.

 

Хариуцагч АТА Трейд ХХКомпани хэдийгээр нэхэмжлэгч байгууллагын нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг 2016 оны 6 дугаар сарын 28-ны өдөр шүүхэд өгсөн боловч энэхүү тайлбараа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу баримтаар нотлоогүй байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаанд талуудын хоорондын ачаа хадгаламжийн задаргаа болон авлага, өглөгийн талаар тооцоо нийлэх хугацаа хангалттай байсан гэж үзэхээр байна.

 

Харин нэхэмжлэгч байгууллагын тооцооны алдаанаас илүү нэхэмжилсэн 2595 төгрөгийг нэхэмжлэлийн шаардлагын дүнгээс хасч хариуцагч АТА Трейд ХХКомпаниас 168 587 486 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож шийдвэрлэв.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч нар болон өмгөөлөгчид нь шүүх хуралдааны товыг мэдэгдсэн байх бөгөөд тэд шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй байх тул нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагч байгууллагын төлөөлөгч нар болон өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 413 дугаар зүйлийн 413.1, 232 дугаар зүйлийн 232.6-д зааснаар АТА Трейд ХХКомпаниас 168 587 486 /нэг зуун жаран найман сая таван таван зуун наян долоон мянга дөрвөн зуун наян зургаан/ төгрөгийг гаргуулан Пролог Солюшн ХХКомпанид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдсэн 2595 /хоёр мянга таван зуун ерэн таван/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч байгууллагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 006 800 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч АТА Трейд  ХХКомпаниас 1 000 887 /нэг сая найман зуун наян долоон/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Пролог Солюшн ХХКомпанид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                          З.ДОРЖНАМЖИН