Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 08 сарын 01 өдөр

Дугаар 143

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Цэцэгээ даргалж, 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Гандулам,

Улсын яллагч У.Анхжаргал,

Шүүгдэгч Ш.Б, түүний өмгөөлөгч Ч.Алдар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овгийн Ш.Б-д холбогдох 1926002560142 дугаартай  хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, ******* овгийн Ш.Б 

Үйлдсэн хэргийн талаар:

Яллагдагч Ш.Б нь “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б-н толгой, нүүр, цээж, хэвлий хэсэгт нь гараараа цохиж, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүгдэгч Ш.Б нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт ”...Хийсэн хэрэгээ хүлээн зөвшөөрч  гэмшиж байна. Хохирогчид 200000 төгрөг төлсөн. ” гэв.

Хохирогч Э.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутагт явж байгаад урьдны танил ******* гэх хүнтэй таарсан чинь ******* манай хадмын гэрт хамт очъё гэхээр нь *******тай хамт яваад хадмынд нь орсон чинь малгайтай цагаан цамцтай залуу төмпөнтэй гэдэс идээд сууж байсан, бас нэг залуу хажуу талын орон дээр хэвтэж байсан, тэгтэл цагаан малгайтай цамцтай залуу намайг “чи хэн бэ” гэхээр нь би “хэнээр нь чи яах гээд байгаа юм бэ” гээд гэдэс идэж байсан заазуурыг нь булааж авах гэтэл өгөхгүй болохоор нь “өдөөд байвал энүүгээр дүрчихнэ шүү” гээд аяганы шүүгээн дээр байсан хар иштэй хутгыг аваад цээжин дээр нь тулгаж жаахан айлгаж байгаад хутгаа хаячихаад гараад явсан. Тэгтэл орон дээр унтаж байсан залуу араас гарч ирээд намайг “та одоо яв” гээд байсан. Араас нь малгайтай цагаан цамцтай залуу гарч ирээд намайг тонгорч унагаад, өшиглөөд цохиод байсан. Би зугтаагаад өөр айлын хашаа руу ортол намайг буцааж гаргаж ирээд зодоод байсан. Удалгүй цагдаа ирсэн. Тэр малгайтай цагаан цамцтай залуу миний нүүр рүү гараараа цохиод миний хөмсөг сэтэрсэн. Мөн шүд рүү цохиод, бие рүү өшиглөөд байсан. Тухайн үед намайг зодсон малгайтай цамцтай залуу, бас тэр залуутай хамт байсан өндөр залуу, дөрөв тавдугаар ангийн болов уу гэмээр нэг эрэгтэй хүүхэд байсан. Өөр хүн байгаагүй. Сүүлд зодоон болоод дууссаны дараа хоёр эмэгтэй хүн ирсэн. ******* хамт байж байгаад яг зодоон болох үед байхгүй болчихсон байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Хохиролд 200000 төгрөг авсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 4-6 хуудас/,  

Гэрч Ш.П-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 18 цагийн үед би өөрийн нөхөр Д болон найз Ш.Б нарын хамтаар нэг найзынхаа гэрт  байсан. Тухайн үед би болон манай нөхөр Д, Б, С, дүү нь гээд 5 дугаар ангийн хүүхэд байсан. Бид нар 2 ширхэг 2.5 литрийн пиво хувааж уусан. Би С-н хамт усанд явсан. Энэ үед гэрт Д, Б хоёр үлдсэн. Усанд яваад ирэхэд хашааны гадна талд нэг танихгүй хүн ирчихсэн Б-г заамдаад авчихсан байхаар нь би голоор нь орж салгаад хашаа руу авч ороод шууд цагдаа дуудсан. Танихгүй хүн араас хашаа руу орж ирээд дахиж зодолдох гээд байсан. Удалгүй цагдаа нар ирээд аваад явсан. Намайг ирэхэд нэгнийгээ заамдаад авчихсан байсан. Д, Б болон танихгүй ах тэр гурав байсан. Танихгүй ах нүүрэн хэсэгтээ шарх авч гэмтсэн харагдсан. Харин Д болон Ш.Б хоёр гэмтэж бэртээгүй байсан. Д болон Б хоёр согтолт нь гайгүй байсан ба танихгүй хүн их согтчихсон байдал харагдсан. Тэр танихгүй хүн гаднаас согтуу орж ирээд согтуурхаж хутга барьж дайраад байсан гэж Д, Ш.Б хоёр хэлсэн. Би зодоон болоход гэрт байхгүй байсан болохоор хэн нь хэнийгээ цохиж гэмтээсэн талаар мэдэхгүй байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 7 хуудас/,

Гэрч О.А-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Намайг 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр ******* сумын 9 дүгээр багт дэлгүүрийн үүдэнд сууж байсан чинь Б хүрээд ирэхээр нь хамтдаа танил айл болох 9 дүгээр багт байдаг А-д очсон чинь Агэртээ байхгүй байсан. Гэрт нь танихгүй хоёр залуу байсан. Б.А-н гэрт байсан нэг хүнтэй маргалдаад байхаар нь би хэрүүл болох юм байна холхон байя гээд гэж бодоод яваад өгсөн. Намайг явсаны дараа юу болсныг мэдэхгүй. Тэрнээс хойш Э.Б-той уулзалдаагүй. Гэрт ороход цагаан өнгийн малгайтай цамцтай хүн байсан бас нэг залуу байсан санагдаж байна. Нэг жаахан сургуулийн эрэгтэй хүүхэд байсан. өөр хүн байгаагүй. Би Э.Б-г цагаан өнгийн малгайтай цамцтай хүнтэй маргалдангуут нь хэрүүл болвол холхон байя гэж бодоод  яваад өгсөн.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 13 хуудас/, 

Гэрч С.Д-н мөрдөн байцаалтанд өгсөн “...2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр гэрт Б бид хоёр мөн нэг жаахан хүүхэд бид гурав байж байтал гаднаас Б гэх хүн нэг хүнтэй хамт ороод ирсэн. Б Б-тэй маргалдаад заазуурыг нь барьчихаад “би чамайг ална шүү, би 111-т 14 хоноод өнөөдөр гарч ирлээ” гээд Б рүү дайраад байсан. Б заазуурыг нь булаагаад авсан чинь тухайн хүн буцаж гүйж гараад хар иштэй хутга барьж орж ирээд Б-тэй хоорондоо зодолдсон. Би ямар нэгэн байдлаар зодож цохьсон асуудал байхгүй. Хоорондоо л зодолдоод байсан. Хэн нь хэнийхээ биед ямар гэмтэл учруулсан талаар сайн мэдэхгүй байна. Намайг харахад Б-н нүүр, амнаас нь цус гарчихсан байсан. Б цохиод миний нүүрийг ийм болгочихлоо гэж Б хэлж байсан. Гэхдээ би Б Б-г цохиж байхыг хараагүй.” Бид гурав дунд зэргийн согтолттой байсан. Би саарал өнгийн нимгэн цамц, хар өнгийн савхин хүрэмтэй байсан харин Б цагаан өнгийн малгайтай цамц, цэнхэр өнгийн жинсэн өмд, хромон гуталтай байсан.”гэсэн мэдүүлэг /хх-ийн 11, 15 хуудас/, 

Насанд хүрээгүй гэрч З.О-н мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр эгч С хамт байж байтал гаднаас Сарангоо эгчийн найзууд болох П, Д, Б нар гаднаас орж ирсэн. Тэгтэл С эгч П эгч хоёрыг ус авах гээд худаг руу явсан байх хойгуур гаднаас Б ах орж ирсэн. Б ах нэлээн согтуу байх шиг байсан. Б ах Б ахтай юунаас болсныг мэдэхгүй маргалдаад байсан. Б ах хутга бариад Б ах руу дайрч байгаад хутгаа хаячихаад гараад явчихсан. Араас нь Б ах гараад явсан. Гадаа зодолдоод байх шиг байсан. Би гарч хараагүй. Гадаа юу болсон талаар би мэдэхгүй. Хоорондоо  маргалдаад зодолдоод байх шиг байсан.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, 

Гэрч Ш.Б-н мөрдөн байцаалтанд өгсөн ”...Би 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр хүргэн дүү болох Д-тай 2.5 литрийн пиво гурвыг хувааж уучихаад хүргэн дүү Д, түүний найз охин П нарын хамт Д-н найз С-н гэрт очсон юм. П С хамт худаг руу усанд явсан. Гэрт нь Д бид хоёр хамт үлдсэн. Тэгтэл гаднаас хоёр танихгүй хүн ороод ирсэн. Тэр хоёр хүний нэг нь орж ирэнгүүтээ мэнд ус байхгүй шууд ална шүү гээд байсан. Хамт явж байсан өндөр нуруутай ах нь гараад явсан. Би дуугүй сууж байтал миний мах идэж байсан заазуурыг надаас булааж аваад ар тал буюу иргүй хэсгээр нь хоолойд тулгаад чамайг аллаа шүү гээд байсан. Тэгэхээр нь би гар руу нь цохиход заазуур нь газар унахаар нь орон доогуур түлхээд холдуулсан. Тэгтэл гаднаас хар иштэй богинохон хутга барьж орж ирсэн. Би зугтаагаад орны хөндий рүү орсон чинь хутгаа миний цээж рүү тулгаад чамайг ална гээд байсан. Тэгээд би хутга барьж байгаа гар руу нь цохьсон чинь хутгаа алдчихсан. Би хутгыг нь авах гэтэл надаас түрүүлж хутгаа авчихаад дахиад цээж рүү тулгаад ална гээд байсан. Би баривчилгаанаас өнөөдөр гарч ирлээ, цагдаа надад үйлчлэхгүй гээд байсан. Тэгтэл тэр айлд байсан 5 дугаар ангийн жижигхэн эрэгтэй хүүхэд араас нь татсан чинь надаас холдоод гадаа үүдэнд гараад хаалга онгойлгочихоод хутгаа бариад миний хутганы үзүүр цус болоогүй байна, эргэж орж ирээд чамайг ална гээд байсан. Гадаа Дтай барилцаж аваад байхаар нь би араас нь гартал Д-н нүүр рүү хоёр удаа гараа зангидаж байгаад цохьсон. Би хажуугаас нь очоод тэр хоёрын дундуур нь орж салгаад баруун гараараа тэр хүний толгой руу нь нэг удаа, цээж рүү нь нэг удаа, шүд рүү нь нэг удаа, зүүн хөмсөг рүү нь нэг удаа цохьсон. Тэгтэл урд талын айлын хашаа руу гүйгээд орчихоор нь би араас нь ороод өөрөө гаргаж ирээд хэвлий рүү нь нэг удаа өвдөглөсөн. Тэгээд барилцаад зогсож байсан чинь цагдаа нар ирсэн юм. Хохирогчид 200000 төгрөг төлсөн.” гэсэн мэдүүлэг  /хх-ийн 9-10 хуудас/,

Шүүгдэгч Ш.Б-н мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би гэрчээр өгсөн мэдүүлэгтээ бүх зүйлээ ярьсан тул өөр нэмж ярих зүйл байхгүй. Э.Бид 200000 төгрөг бэлнээр өгч гомдол саналгүй болгосон. Би Э.Б-г зодож, цохьсон гэ буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 хуудас/,

Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №298 дугаартай:

1. Э.Б-н биед тархи доргилт, доод эрүүний үүдэн 1 шүдний хугарал, буйлны шарх, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний алим, дээд, доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, цээж, баруун хөлийн шагайнд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл, дух, баруун нүдний гадна булан, баруун шанаа, хамар, зүүн, баруун чих, хүзүү, зүүн, баруун тохойнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл хатуу мохоо хүчин зүйлийн 3 дээш удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой.

3. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 

5. Амь насанд аюулгүй гэмтэл байна. 

6. Дээрх 1 шүдний хугарал нь цаашид энгийн хөдөлмөрийн чадварыг тогтонги 5% алдагдуулна. 

7. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэсэн дүгнэлт /хх-ийн 22 хуудас/,

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2019 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 1926002560142 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 27 хуудас/, 

Шүүгдэгч Ш.Б-н хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ******* сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 62 дугаартай тодорхойлолт /хх-49/, иргэний үнэмлэхийн хуулбар /хх-48/, гэрлэлт бүртгэлгүйн лавлагаа /хх-50/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-46 хуудас/,

Хохирогч Э.Б-н “Б-тэй сайн дураар эвлэрсэн бөгөөд надад гомдол санал байхгүй тул хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” гэсэн  хүсэлт зэрэг болно. 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад дүгнэлт хийж, шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Б нь “2019 оны 06 дугаар сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн ******* сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт иргэн Э.Б-г толгой, нүүр, цээж, хэвий, шүд рүү нь цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь  тархи доргилт, доод эрүүний үүдэн 1 шүдний хугарал, буйлны шарх, баруун хөмсөгт шарх, зүүн нүдний алим, дээд доод зовхинд зөөлөн эдийн гэмтэл цус хуралт, цээж, баруун хөлийн шагайнд цус хуралт зөөлөн эдийн гэмтэл, дух, баруун нүдний гадна булан, баруун шанаа, хамар, зүүн, баруун чих, хүзүү, зүүн, баруун тохойнд зулгаралт бүхий хөнгөн хохирол  учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Э.Б /хх-4-6/, гэрч Ш.Пүрэвсүрэн /хх-7/, О.******* /хх-13/, С.Д /хх-11, 15/, насанд хүрээгүй гэрч З.Одгэрэл /хх-17-18/ нарын мэдүүлгүүд, Ш.Бгийн яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-9-10, 30/, Өвөрхангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн №298 дугаартай дүгнэлт /хх-22/, шүүгдэгч Ш.Б-н шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн байцаалтын үед гүйцэтгэвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна. 

Шүүгдэгч Ш.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч нарын мэдүүлэгээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол хор уршгийн хувьд маргаагүй болно. 

Шүүгдэгч Ш.Б-д холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч Ш.Б нь хохирогчид 200000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь хохирогч Э.Бийн “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт, шүүгдэгчийн мэдүүлэг зэргээр  тогтоогдож байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу  шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн,  прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул шүүгдэгч Ш.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.  

Шүүгдэгч Ш.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлсөн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.4-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, прокурорын ялын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Ш.Б-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-д “Ялтан торгох ял оногдуулсан шийдвэрт өөрөөр заагаагүй бол тухайн шийдвэрийг хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор, хэрэв хэсэгчлэн төлөхөөр тогтоосон бол тогтоосон хугацаанд биелүүлэх үүрэгтэй.”, 160.2-т “Энэ хуулийн 160.1-д заасан хугацаа дуусгавар болоход ялтан торгуулийг төлөөгүй бол шийдвэр гүйцэтгэгч торгуулийг төлж барагдуулаагүй шалтгаан нөхцөлийг судалж, ахлах шийдвэр гүйцэтгэгчийн зөвшөөрснөөр шийдвэрийг сайн дураар биелүүлэх хугацааг 30 хүртэл хоногоор сунгаж, ялтны саналыг харгалзан уг хугацаанд торгуулийг төлж барагдуулах хуваарь тогтоож болно” гэж тус тус хуульчилсан байх тул шүүх торгох ялыг хэсэгчлэн төлөхөөр  тогтоох шаардлагагүй гэж үзлээ. 

Шүүгдэгч Ш.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Э.Бид 200000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул бусдад төлөх төлбөргүй,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 2, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5, 6, 7, 8, 9, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овгийн Ш.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овгийн Ш.Б-г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу дөрвөн зуун тавин мянган төгрөгөөр торгох ялаар  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Б-д шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1, 160.2-т заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч Ш.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 200000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар  зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч  нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.  

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.